Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 029

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Буянт сумын 2 дугаар багийн оршин суугч М.Мартебегийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид болон тус Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан даргалагчид холбогдох,

Буянт сумын иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Багийн Засаг даргад өргөн мэдүүлэх тухай 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг тус сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Муса, хариуцагч Х.Мягмаржав, Б.Батнасан, гуравдагч этгээд Е.Өмирбек, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Мартебе шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал болон багийн Засаг даргаар сонгогдохоор нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдээс Буянт сумын 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэн санал хураалтад оролцсон нийт 5 нэр дэвшигчийн хувьд М.Мартебе 84, Х.Жанылган 24, Т.Сувд-Эрдэнэ 61, Б.Хобдабай 30, Е.Өмирбек 85 санал авч олонхийн санал авсан 2 хүний төлөөдахин санал хураалт явуулж М.Мартебе миний бие 131, Е.Өмирбек 147 санал авсан тул түүнийг олонхийн санал авсан гэж үзээд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад санал болгохдоо Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан ...шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх... гэснийг зөрчсөн байна.

Е.Өмирбек нь зээлийг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байна. Гэтэл тэрээр 2017 оны 01 дүгээр сарын 12-нд үлдэгдэл төлбөр болох 3,693,000 төгрөгийг нэг удаад нь 793,000 дараагийн удаад нь 1,900,000 төгрөгөөр 2 хувааж төлсөн буюу багийн Засаг даргын сонгуулийн дараа төлбөрөө барагдуулжээ.

Мөн Е.Өмирбекийн өртэй болох нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар давхар нотлогдож байгаа юм.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/150 тоот сумын санхүүгийн албанд сум хөгжүүлэх сангаас 2013 онд эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн иргэдийн төлбөрийг яаралтай барагдуулах арга хэмжээ авах тухай албан бичгийг хүргүүлсэн бөгөөд тус сангийн хугацаа хэтрүүлсэн зээлдэгчийн төлбөр тооцооны хуудсанд Е.Өмирбекийн нэр явж байгаа боловч сонгуульд түүнийг нэр дэвшүүлэн улмаар багийн Засаг даргад өргөн мэдүүлж, сумын Засаг дарга түүнийг багийн Засаг даргаар томилсон нь зарчмын хувьд алдаатай, илт хууль бус явдал болно.

Иргэдийн Нийтийн Хурал сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг бүрэн шалгаагүй эсвэл Е.Өмирбектэй хуйвалдаж, сумын Засаг даргатай үгсэн тохиролцож, сонгуулийн зарчмыг алдагдуулж, хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Муса шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Буянт сумын 2 дугаар багийн Засаг дарга болон ИНХ-ын даргыг сонгох санал хураалт явагдсан юм. Багийн ИНХ-ын хуралдааны даргалагчаар Е.Өмирбекийн саналаар Б.Батнасанг сонгож ажиллуулсан байна. Эхний санал хураалт явагдаж дууссаны дараа хоёр дахь санал хураалт явагдаж нийт 208 хүн өрсөлдсөнөөс Е.Өмирбек 147 хүн буюу 51 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Гэтэл Е.Өмирбек нь тухайн санал хураалтын дүнгээр олонхийн санал авсан боловч багийн Засаг даргаар сонгогдох хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж бид нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын Засаг захираа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх гэсэн шаардлагыг хангаагүй.

Үүнийг Е.Өмирбек өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбарт миний бие 3,693,000 /гурван сая зургаан зуун ерэн гурван мянган/ төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан гэж тусгасан боловч шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөргүй байх гэсэн заалтыг би зөрчөөгүй гэж тайлбарлаж байна. Гэвч хугацаа хэтэрсэн өр төлбөрийг 2 хоногийн дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлж барагдуулсан юм. Мөн сумын Засаг дарга захирамж гаргахдаа өр төлбөргүй гэж тайлбар өгсөн ба багийн Засаг даргаар нэр дэвшихдээ хугацаа хэтрүүлсэн өр төлбөргүй байх эсэх асуудлыг хууль шаардаагүй гэсэн байна. Хариуцагч Б.Батнасан нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарт Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан хугацаа хэтэрсэн өр төлбөргүй гэх үндэслэл нь сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.6-д заасан шаардлага хангаагүй тохиолдолд томилох эсэх нь сумын Засаг даргын бүрэн эрх гэж дурдаж, Е.Өмирбек нь зээл авч, хугацаа хэтрүүлж байгаагүй гэсэн тайлбар өгсөн байна. Мөн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хариуцагч Х.Мягмаржавын тайлбарт иргэн М.Мартебегийн нэхэмжлэлийн шаардлага нь хуулинд байгаа боловч сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал, Е.Өмирбек нь зээлийн хугацаа хэтэрсэн гэх үндэслэл нь ойлгомжгүй байна гэжээ. Тухайн өдөр багийн Засаг дарга, багийн ИНХ-ын даргыг сонгох санал хураалт зэрэг явагдахад иргэдийн Нийтийн Хурлын даргаар Х.Мягмаржав сонгогдсон байсан юм. Дараа нь багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахад хурлын хуралдааныг ИНХ-ын даргаар сонгогдсон Х.Мягмаржав удирдан явуулах ёстой байтал удирдаж явуулаагүй нь хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна.

Иймд энэ удаагийн сонгуулийг хүчингүй болгож дахин сонгууль явуулж өгөхийг хүсэж байна. М.Мартебегийн сонгогдох эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна гэв.

Хариуцагч Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан даргалагч Б.Батнасан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Буянт сумын 2 дугаар багийн иргэн Б.Батнсаан миний бие тус багт мал маллаж амьдардаг малчин хүн. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурал зарлагдаж оролцохоор ирсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурал сумын соёлын төвд хуралдаан эхэлж хуралдааныг Хурлын дарга Ш.Бейбит нээж үг хэлсэн бөгөөд өөрөө сонгуульд нэр дэвшинэ гэж хурал даргалахаас татгалзсан. Тухайн хуралд оролцсон нийт иргэдээс тухайн Хурлын хуралдаан даргалагчийг сонгож, томилсон бөгөөд Б.Батнасан миний биеийг нэр дэвшүүлж, хуралдаан даргалагчаар сонгосон.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хууль, дотоод журмын дагуу явагдаж хурлын үйл ажиллагаа үргэлжилсэн. Тус Хурлаар хурлын Тэргүүлэгчид, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, тооллогын комисс батлах зэрэг ажиллагаа дотоод журам дэгийн дагуу явагдсан.

Тухайн сонгуулийн явцад сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг зөрчил маргаан гараагүй бөгөөд сонгуулийн үр дүнгээр олонхийн санал авсан Х.Мягмаржав Хурлын дарга болсон. Харин багийн Засаг даргын сонгуулийн санал хураалт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар 50-иас дээш хувьд хүрээгүй тул Е.Өмирбек, М.Мартебе хоёр нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулсан.

Хоёр дахь санал хураалт явагдаж нийт санал хураалтад 288 хүн оролцсоноор Е.Өмирбек 147 хүний, М.Мартебе 131 хүний санал авч олонхийн буюу 57 хувийн санал авснаар Е.Өмирбек ялалт байгуулсан. Ардчилсан сонгуулийн зарчимд шударга, нээлттэй, олонхийн саналыг хүндэтгэх зарчимд үндэслэх нь эрх зүйт ёсны зарчим мөн.

Багийн нийт иргэдийн олонхийн санал авсан Е.Өмирбекийг томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан хугацаа хэтэрсэн өр төлбөргүй гэх үндэслэл нь сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал бөгөөд хэрэв Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй тохиолдолд томилох эсэх нь сумын Засаг даргын бүрэн эрх юм.

Нэхэмжлэгч М.Мартебегийн нэхэмжлэлд дурдсанаар багийн Засаг даргаар томилогдсон Е.Өмирбек нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1 дэх хэсэгт зааснаар ...шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх... гэсэн бөгөөд Е.Өмирбекийн хувьд банк болон бусад газраас зээл авч хугацаа хэтрүүлж байгаагүй бөгөөд энэ төрлийн маргаан хариуцагчаар оролцож байсан удаа байхгүй болно. Шүүхийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдээллийн сангаас лавлагаа авч болно.

Б.Батнасан миний хувьд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон багийн иргэдийн Нийтийн Хурал хуулийн дагуу ил тод, шударга явагдсан гэж үзэж байна. Энэ утгаараа би хурал даргалагчийн хувьд багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүдэд гарын үсгээ зурж баталгаажуулсан болно.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар багийн Засаг даргыг өргөн мэдүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоол нь хууль ёсны тогтоол мөн учир хүчингүй болгох нь өөрөө хууль ёсыг гажуудуулсан үйлдэл болно. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулах, сонгууль явуулах асуудал нь мөн хууль зөрчиж нийт иргэд сонгогчдын саналыг үл хүндэтгэсэн ноцтой үйлдэл болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батнасан шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Буянт сумын 2 дугаар багийн малчин Б.Батнасан би 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөдөө малд явж байгаад багийн иргэдийн Нийтийн Хурал болно гэдгийг сонсоод хуралдаан хийж байгаа газарт ирэхэд тухайн хуралдаанд оролцож байгаа иргэд олонхийн саналаар намайг хуралдаан даргалагчаар томилсон юм. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан тогтоосон дэг, журмын дагуу явагдсан, ямар нэгэн маргаан гараагүй, багийн Засаг даргад нэр дэвшсэн Е.Өмирбек олонхийн саналыг авсан учраас Засаг даргад томилуулахаар нэрийг нь сумын Засаг даргад дэвшүүлсэн болно. Тухайн өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалт болон багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг зэрэг явуулсан ба санал хураалтын дүнгээр Х.Мягмаржав олонхийн санал авч багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар шууд томилогдсон юм. Харин багийн Засаг даргын санал хураалтын хувьд хамгийн олонхи санал авсан нэр дэвшигчийн санал нийт саналын 50 хувьд хүрээгүй нөхцөлд дахин санал хураалт явуулах журамтай. Нэр дэвшигч Е.Өмирбек 84, М.Мартебе 85 хүний санал авсан боловч олонхийн буюу 50 хувьд хүрээгүй учраас хоёр дахь удаа санал хураалт явуулж оройн 19 цагийн үед дуусгаж дүнгээ гаргасан. Тэгээд Е.Өмирбек 147 хүний санал авсан ба 10 хуудас хүчингүй гарч, үлдсэн саналыг нэр дэвшигч М.Мартебе авсан. Ингээд хувь тэнцүүлж үзэхэд, 51.04 хувийн саналыг Е.Өмирбек авсан тул түүний нэрийг багийн Засаг даргад томилуулахаар өргөн мэдүүлсэн юм. Харин санал хураалтын ажиллагаанд нэр дэвшигч М.Мартебегийн ээж болох К.Гүлнаш түүний ажиглагчаар суусан ба дараа нь ямар нэгэн маргаан гаргаагүй, хурлын тэмдэглэлд гарын үсэг зураад явсан тул санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа гэв.

Хариуцагч Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Буянт сумын 2 дугаар багийн иргэн Х.Мягмаржав миний бие тус багт маллаж амьдардаг малчин хүн. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурал зарлагдаж оролцохоор ирсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурал товлогдсон ёсоор эхэлж хуралдааныг Хурлын дарга Ш.Бейбит нээж үг хэлсэн бөгөөд өөрөө сонгуульд нэр дэвшинэ гэж Хурал даргалахаас татгалзсан. Анхдугаар хуралдаан даргалагчийг тухайн үед шинээр сонгож, хурал даргалуулдаг хуулийн заалт урьд уламжилж ирсэн практик ч байгаа.

Х.Мягмаржав миний бие багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад нэрээ дэвшүүлсэн бөгөөд багийн иргэд мөн дэмжсэнээс гадна багийн Засаг даргад Е.Өмирбекийг дэвшүүлж, дэмжсэн. Иргэдийн Нийтийн Хурлын 6 Тэргүүлэгчийг эхний ээлжид хууль журмын дагуу сонгон баталсан.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хууль, дотоод журмын дагуу явагдаж, хурлын үйл ажиллагаа үргэлжилсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг дарга сонгох сонгуулийн явцад сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн зөрчил маргаан гараагүй бөгөөд сонгуулийн үр дүнгээр олонхийн санал авсан Х.Мягмаржав миний бие Хурлын даргаар сонгогдсон.

Харин багийн Засаг даргын сонгуулийн санал хураалт 2 удаа явагдаж, нийт санал хураалтад 288 хүн оролцсоноос Е.Өмирбекийн төлөө 147 хүн санал өгч тэрээр 1 дүгээрт эрэмбэлэгдэж олонхийн буюу 57 хувийн санал авснаар ялалт байгуулсан.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу олонхийн санал авсан Е.Өмирбекийг багийн Засаг даргаар томилуулахаар 03 дугаар тогтоолоор сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн болно. Иргэн М.Мартебегийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үндэслэл хуульд байгаа боловч сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар багийн иргэдийн Нийтийн Хуралд иргэн шууд оролцоод, нэрээ дэвшүүлж сонгох, сонгогдох эрхээ эдлэх эрхтэй. Хуралд нэрээ дэвшүүлээд иргэд дэмжиж санал өгч сонгогдсон иргэнд хуулийн дагуу шаардлага тавих зохицуулалт үйлчилж байна. Багийн иргэдийн Нийтийн Хуралд ирсэн иргэн хүн бичиг баримт бүрдүүлж өртэй үгүйгээ хэлж, хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцаа дэлгэх үндэслэл, хуулийн зохицуулалт хараахан байхгүй болно.

Мөн багийн Засаг даргаар сонгогдсон Е.Өмирбекийг авсан зээлийн хугацаа хэтэрүүлсэн гэж үзэж байна. Зээлийн хугацаа хэтэрсэн гэх үндэслэл нь ойлгомжгүй байна. Тухайлбал 2013 оны 04 дүгээр сарын 15-нд сум хөгжүүлэх сангаас 3 жидийн хугацаатай зээл авч зориулалтын дагуу төсөл хөтөлбөрт хэрэгжүүлсэн. Мөн зээлийн тодорхой хэсгийг хүүгийн хамт цаг тухайд нь төлж байсан. Зээл олгогчтой харилцан тохиролцож хугацааг сунгасан. Тиймээс энэ нь зөрчилтэй асуудал биш гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч М.Мартебе нь энэ мэт гүтгэлгийн шинжтэй увайгүй зан гаргаж ард түмний сонголтыг үл хүндэтгэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл болжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Х.Мягмаржав шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Миний хувьд бол 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшиж олонхийн санал авч гарсан юм. Мөн тухайн өдрийн санал хураалт шударгаар явагдсан гэж үзэж байна. Учир нь ямар нэгэн маргаан, зөрчил гараагүй, явагдах журмаараа явагдсан байна. Багийн Засаг даргын санал хураалтад Е.Өмирбек олонхийн санал авсан учраас нэрийг сумын Засаг даргад хүргүүлсэн ба дахин сонгууль явуулах боломжгүй гэв.

Гуравдагч этгээд Е.Өмирбек шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч М.Мартебе нэхэмжлэлдээ Буянт сумын 2 дугаар багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хуралд нэр дэвшиж оролцсон М.Мартебе нь санал хураалтад оролцогчдын 131 хүний, Е.Өмирбек намайг оролцогчдын 147 хүний санал авсаныг тус тус хүлээн зөвшөөрсөн боловч Е.Өмирбек намайг тухайн үед Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1-т заасан болзлыг хангахгүй, өр зээлтэй байсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан байна.

Гэтэл Е.Өмирбек миний бие Буянт сумын 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэн сонгуульд өрсөлдсөн. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сум хөгжүүлэх санд төлөх 3,693,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан нь үнэн. Тухайн өр төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлж барагдуулах тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2874 тоот захирамж 2016 оны 11 дүгээр 29-ний өдрийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 502 тоот гэрээ зэргээр батлагдаж байна.

Энэхүү 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2874 дугаар шүүгчийн захирамж, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 502 тоот гэрээгээр бол зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тогтоосон бөгөөд уг зээлийг хугацаанаас өмнө 2017 оны 01 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд төлж барагдуулсан болно.

Е.Өмирбек би Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1-д ...шүүхийн шийдвэрээр болон гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх... гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Учир нь, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 502 тоот Эвлэрлийн гэрээ нь шүүхийн шийдвэр биш бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн 2874 тоот захирамж нь эвлэрлийн гэрээг баталгаажуулсан эрхийн акт юм.

Зээлийн төлбөр болох 3,693,000 төгрөгийг эвлэрэлийн гэрээгээр тогтоосон 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлж барагдуулсан учир хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй байна.

Харин миний нэрийг багийн Засаг даргаар томилуулахад багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолоор дэвшүүлсэн боловч 2017 оны 01 дүгээр сарын 16-нд сумын Засаг дарга захирамж гаргах үед би өр төлбөргүй болсон болно.

Нэр дэвшүүлэх мөчид надад өр төлбөртэй эсэх талаар лавлагаа авч, шалгуур тавиагүй явдалд би буруугүй юм. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д ...багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшин оролцсон үед өр төлбөргүй байх талаар хуульд тусгаагүй..., харин иргэдийн Нийтийн Хуралд оролцож 50 хувиас дээш хувийн санал авсан нөхцөлд нэр дэвших эрхтэй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1-д зааснаар 50 хувиас дээш хувийн санал авсан хүн томилогдох мөчид өр төлбөртэй байхаар хуульчилсан гэж ойлгож байна.

Түүнээс биш багийн иргэдийн Нийтийн Хуралд нэр дэвшүүлж өрсөлдөхөд өр төлбөртэй байх явдлыг хууль шаардаагүй байна.

Нэхэмжлэгч М.Мартебе нь Буянт сумын төвд Бөртеш нэртэй хоршоо ажиллуулдаг бөгөөд Бөртеш хоршоо нь мөн өр зээлтэй болох нь Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/82 тоот албан бичиг, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 501 тоот эвлэрлийн гэрээ, Буянт сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар захирамж, төслийн гэрээ зэргээр батлагдана.

Бөртеш хоршооны эзэн Мартебегийн эцэг Муса ба Мартебе нь уг хоршоог үүсгэн байгуулагч гишүүн юм. Иймд нэхэмжлэгч М.Мартебегийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Е.Өмирбек шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр явагдсан Буянт сумын 2 дугаар багийн ИНХ-д оролцсон ба иргэдээс миний нэрийг багийн Засаг даргад дэвшүүлсэн, эхний санал хураалтын дүнгээр миний бие 85 хүн, нэр дэвшигч М.Мартебе 84 хүний саналыг авсан. Дараа нь хамгийн олон санал авсан хоёр хүнийг хууль журмын дагуу дахин санал хураалтад оролцуулахад миний бие 147 хүний саналыг авч багийн Засаг даргаар сонгогдсон байсан. Нэхэмжлэгч М.Мартебе нь намайг тухайн үед өр төлбөртэй байсан гэж маргаж байгаа бөгөөд тухайн үед өр төлбөртэй байсан нь үнэн. Гэхдээ багийн Засаг даргад нэр дэвшүүлэхэд өр төлбөргүй байхыг хуулиар шаардаагүй, иргэдийн дундаас шууд санал хураалтад орж байгаа. Мөн шүүхийн эвлэрлийн гэрээ байгуулж, өр зээлийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлж өгөх ёстой байсан. Багийн Засаг даргад нэр дэвших үед өр төлбөрийг барагдуулж өрсөлдөх боломжтой байсан боловч хуулийг судалж үзээгүй юм.

Хэрвээ өр төлбөртэй тохиолдолд нэр дэвших боломжгүй гэдгээ мэдсэн бол түүнийгээ барагдуулж оролцох бүрэн боломжтой байсан. Тухайн үед шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өр төлбөр надад байгаагүй, ямар нэгэн зөрчил гаргаж шүүхийн шийдвэр гаргуулж байсан тохиолдол байхгүй болно. Эвлэрэлийн гэрээгээр бол өр зээлийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлөхөөр тогтоосон ба би зээлийг 2017 оны 01 дүгээр сарын 13,14-ний үед төлж барагдуулсан байсан юм. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 9, 10, 11, 12-ны өдрүүдэд 4 багийн сонгууль явагдсан ба бүгд адилхан журмаараа явагдсан. Үүнд бол багийн Засаг даргад нэр дэвшигчид ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэлт хийгдээгүй, ямар нэгэн шалгуур тавигдаагүй болно гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Зулкаш шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болгож байгаа Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн ИНХ-ын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Багийн Засаг даргад өргөн мэдүүлэх тухай 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх боломж байхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч бол нэхэмжлэгчийн шаардлагад багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолоор олонхийн санал авсан Е.Өмирбекийн нэрийг өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1-д заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх гэсэн хуулийн заалтыг нэр дэвшигч зөрчсөн, тухайн үед бол нэр дэвшигч Е.Өмирбек нь Буянт сумын жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас авсан хугацаа хэтрүүлсэн өр зээлтэй байсан гэсэн үндэслэлээр маргаж байна. Гэтэл нэхэмжлэгч бол хуулийг буруу ойлгож тайлбарлаж байгаа гэж үзэж байна. Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэсэн хуулийн заалттай. Тэгвэл нэр дэвшигч Е.Өмирбекийн нэр дэвших эрх хэдийд үүсэж, хэдийд дуусгавар болох вэ гэдэг асуудалд өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариу өгөх шаардлагатай байна.

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Буянт сумын 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалт явагдсан мөчөөс эхлэн нэр дэвшигчээр тодруулахаас ажил эхэлсэн бөгөөд хэдийд Е.Өмирбек нэр дэвшигч болсон вэ гэвэл тухайн санал хураалтын үр дүнгээр нийт оролцсон иргэдийн 147 буюу 51.14 хувийн санал авсан мөчөөс эхлээд багийн Засаг даргад нэр дэвших болзлыг хангаж байгаа. Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолыг гаргасан мөчөөс эхлэн нэр дэвшигчээр тооцогдож байгаа.

Энэ тогтоол өөрөө Е.Өмирбекийн нэр дэвших эрхийг баталгаажуулж байгаа. Харин түүний нэр дэвших эрх нь 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслээд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Е.Өмирбекийг багийн Засаг даргаар томилсон Б/03 дугаар захирамж гарснаараа нэр дэвших эрх нь дуусгавар болж байгаа юм. Е.Өмирбекийн нэр дээр байгаа сум хөгжүүлэх сангаас өгсөн өр зээл нь төлөгдсөн болох нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн сум хөгжүүлэх сангийн мэргэжилтний тодорхойлолтоор нотлогдож байгаа ба үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

Иймээс Е.Өмирбек нь иргэдийн Нийтийн Хурлын санал авах ажиллагаанд оролцох мөчид өр зээлтэй гэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1-д заасан шаардлага тавигдах учиргүй юм. Яагаад гэвэл нэр дэвшигчээр тодруулах эсэх асуудал нь тодорхой бус байгаа. Үүнийг сонгуулийн үйл ажиллагаатай адилтган ойлгож болохгүй, сонгууль бол нэр дэвшүүлэх, бүртгүүлэх зэрэг урьдчилан хэлэлцэх ажиллагаа явагдах хэлбэртэй ба иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлж, санал хураалтын үр дүнгээрээ нэр дэвшүүлж байгаа учир сонгуулиас тэс өөр байна.Ийм учраас нэр дэвшигч бол батлагдах хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.6-д заасан шаардлагуудыг биелүүлсэн байх ёстой болохоос нэр дэвшсэн хүн болгонд энэ шалгуурыг тавихгүй юм. Хуралдааны явцад энэ шаардлагыг тавигдах асуудал хөндөгдөөгүй болохыг хуралдаан даргалагч Б.Батнасан нотлон тайлбарлаж байгаа. Тийм учраас энэхүү хуулийн зохицуулалтыг нэхэмжлэгч буруу ойлгосон гэж үзэж байна. Санал хураалт явуулах ажиллагаа дууссаны дараа энэ асуудал хөндөгдөх учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан шалгуурыг хууль тогтоогч санамсаргүй тавьсан асуудал биш юм.

Хэрвээ сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б/03 тоот захирамж гаргаж томилох мөчид нэр дэвшигч өр төлбөртэй байсан бол Засаг дарга түүнийг татгалзах эрхтэй байсан юм. Энэ талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д татгалзах эрхийг тодорхой заасан байгаа. Иймд нэр дэвшигч багийн Засаг даргад нэр дэвших үед Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.6-д заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгч талын тайлбар өөрөө үндэслэлгүй, Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тоот тогтоол бол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Мартебегээс тус шүүхэд гаргасан Буянт сумын иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Багийн Засаг даргад өргөн мэдүүлэх тухай 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг тус сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчидэд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж үзлээ.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны хуралдуулж, уг хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх санал хураалтын үйл ажиллагааг явуулж, эхний санал хураалтаар Хурлын даргад нэр дэвшигч Х.Мягмаржав олонхийн саналаар сонгогджээ.

Багийн Засаг даргад өрсөлдсөн 5 нэр дэвшигчдээс 50%-иас дээш хувийн санал авсан хүнгүй тул багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас баталсан хуралдааны байнгын дэгийн[1] 3.2-т заасны дагуу хамгийн олон санал авсан эхний 2 нэр дэвшигч буюу нэхэмжлэгч М.Мартебе, гуравдагч этгээд Е.Өмирбек нарыг дахин өрсөлдүүлэн санал хураалт явуулснаар Е.Өмирбек нь 147, М.Мартебе нь 131 хүний саналыг тус тус авч олонхийн буюу 51,04%-ийн санал авсан Е.Өмирбекийг багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлэх тогтоолыг[2] үйлдэж хүргүүлжээ.

Дээрх үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэлээр болон хэргийн оролцогчдын тайлбараар[3] тус тус батлагдаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... нэр дэвшигч Е.Өмирбек нь багийн Засаг даргад нэр дэвшүүлэх үед сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлтэй байсан, өр зээлтэй хүн хууль зөрчин нэр дэвшүүлж олонхийн санал авсан,мөн Засаг даргад нэр дэвшүүлэх 2 дах санал хураалтыг шинээр сонгогдсон Хурлын дарга удирдан явуулаагүй, анх хуралдаан даргалагчаар сонгогдсон Б.Батнасан Засаг даргад өргөн мэдүүлэх тогтоолд гарын үсэг зурсан зэрэг нь нэхэмжлэгчийн Засаг даргад сонгогдох эрхийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

Хариуцагчдын зүгээс болон гуравдагч этгээд нь ... Багийн Засаг даргад нэр дэвшигчидэд тавигдах өр зээлгүй байх шаардлага нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар нэр дэвшүүлж өрсөлдөх үед тавигдах шаардлага биш, санал хураалтын үр дүнгээр олонхийн санал авсан иргэнийг Хурлын тогтоолоор сумын Засаг даргад өргөн мэдүүлсний дараа сумын Засаг дарга шийдвэр гаргах хүртлэх үе шатанд тавигдах шаардлага, иргэдээс хуралдааны үед нэр дэвшүүлэхэд өр зээлтэй байсан талаар мэдэх боломжгүй, нэхэмжлэгч М.Мартебе нь Бөртеш хоршоог ажиллуулдаг бөгөөд уг хоршоо нь хугацаа хэтэрсэнөр зээлтэй тул хоршооны үүсгэн байгуулагчийн хувьд түүнийг бас зээлтэй гэж үзэх боломжтой, мөн шинээр сонгогдсон багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нь сонгогдсоны дараа тамга, тэмдэгээ хүлээж аваагүй байсан тул Засаг даргад нэр дэвшүүлэх 2 дах санал хураалтын ажиллагааг удирдаагүй гэж марган тайлбарласан нь дараах үндэслэлээр хууль бус байна.

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид хууль гэх/ 26 дугаар зүйлийн 26.6-д баг, хорооны Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагуудыг тусгасан, гуравдагч этгээд нь багийн Засаг даргад нэр дэвшигдэх үед хуулийн 26.6.1-д заасан ... шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх шаардлагыг хангаагүй гэж үзлээ. Учир нь,

Гуравдагч этгээд Е.Өмирбек нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Буянт сумын сум хөгжүүлэх сангаас жилийн 3%-ийн хүүтэй, 8.000.000 /найман сая/ төгрөгийг 3 жилийн хугацаагаар зээлээр авч гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул сумын Засаг дарга хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлагчид хандан өргөдөл гаргасан, улмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 502 дугаартай эвлэрлийн гэрээг[4] байгуулсан, гэрээнд үлдсэн төлбөрөө 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тохирсон, уг гэрээг баталгаажуулсан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2874 дүгээр захирамж[5]гарсан, мөн Е.Өмирбек нь үлдсэн зээлээ 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн[6] зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эдгээр үйл баримтаас гуравдагч этгээд нь сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас зээл олгогч шүүхэд хандсан, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авч, төлөх хугацааг тогтоож эвлэрлийн гэрээг байгуулсан, үүнийг баталгаажуулсан шүүгчийн захирамж нь шүүхээс гарсан, өр зээлтэй болохыг тогтоосон эрхийн акт мөн тул багийн Засаг даргад нэр дэвшигдэх үед буюу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, зээлтэй байсан гэж дүгнэлээ.

Хуулийн 17 дугаар зүйлд баг, хорооны Хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгасан, 17.1.2-т ...баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх ... саналыг хэлэлцэн сумын Засаг даргад уламжлах, мөн 26 дугаар зүйлийн 26.2-т ... Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд ... хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдээс багийн Засаг даргад нэр дэвшүүлэх эрхтэй, ийнхүү нэр дэвшигдсэн иргэнийг нэр дэвшигч гэх бөгөөд санал хураалт явуулахаас өмнө хуулийн 26 дугаар 26.6-д заасан шаардлагыг хангасан эсэхийг нэр дэвшигчээс хуралдаанд оролцогчид болон хуралдаан даргалагч асууж тодруулах, нэр дэвшигч үнэн зөвөөр хариулах, шаардлагатай бол баримт бичиг гаргуулах замаар хуулийн заалтыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой тул хариуцагчийн ... хуралдаанд нэр дэвшүүлэх үед өр зээлтэй байсан талаар мэдэх боломжгүй, гуравдагч этгээдийн ...хууль судлаагүй байсан гэсэн тайлбарууд нь үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Буянт сумын сум хөгжүүлэх сангаас түүний эцэг Х.Муса 20,000,000 /хорин сая/ төгрөгийн зээлийг авсан, сумын Засаг дарга түүнд холбогдуулан эвлэрүүлэн зуучлагчид хандан өргөдөл гаргасан, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 501 дүгээр эвлэрлийн гэрээгээр[7] үлдэгдэл хугацаа хэтэрсэн зээлийг Х.Муса төлөхөөр тохирсон байх тул нэхэмжлэгч М.Мартебег шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бусдад төлөх хугацаа хэтрүүлсэн зээлтэй гэж үзэх боломжгүй байна.

2. Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ...Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална, 25.2-т ...Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна гэж хуульчилжээ.

2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаар тухайн Хурлын даргыг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг иргэдийн саналаар Б.Батнасан даргалсан, эхний санал хураалтаар Хурлын даргыг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал зэрэг явагдсан, уг санал хураалтын дүнгээр Х.Мягмаржав нь олонхийн санал авч 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор[8] багийн Хурлын даргаар сонгогдсон, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх 2 дах санал хураалтын үр дүнгээр гарсан 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурах ёстой атал хуралдаан даргалагч гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны багийн Засаг даргад нэр дэвшүүлэх 2 дах санал хураалтын ажиллагаа болон гаргасан тогтоол нь хууль зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгч М.Мартебегийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан ...төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй... гэсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.6.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Мартебегээс Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан даргалагчид болон багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Буянт сумын иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Багийн Засаг даргад өргөн мэдүүлэх тухай 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хэлэлцэх хуралдааныг зарлан хуралдуулахыг тус сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчидэд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 63 дугаар хуудас

[2] Хэргийн 7 дугаар хуудас

[3] Хэргийн 57-60 дугаар хуудас

[4] Хэргийн 42 дугаар хуудас

[5] Хэргийн 43 дугаар хуудас

[6] Хэргийн 6 дугаар хуудас

[7] Хэргийн 48 дугаар хуудас

[8] Хэргийн 66 дугаар хуудас