Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 50

 

Ц.*******гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2016/00233 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газарт хариуцагдах

“Ажилгүй байсан хугацааны цалин 4.516.600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шийтгэлийг төлүүлэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч Ц.*******,

            Хариуцагчийн төлөөлөгч Д.*******,

            Нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.

     Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ******* би аймгийн МХГ-т 2006 оны 2 дугаар сараас эхлэн Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2013 оны 8 дугаар сард хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөө авсан.

Аймгийн МХГ-ын дарга Д.*******д 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заагдсаны дагуу хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж, үндсэн ажилдаа орох тухай өргөдлөө гаргасан боловч 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Орон тоо байхгүй, цомхотгогдсон тул боломжгүй хариу өгөх” гэж өргөдпийг цохсон ба амаар бүтэц өөрчлөгдсөн, газрын байцаагч гэж байхаа байсан, байгаль орчны байцаагчийн орон тоотой болсон, иймд хил дээр очиж ажиллах, нэг бол 6 сарын тэтгэмжээ аваад гар... гэсэн шаардлага тавьсан бөгөөд 2015.09.01-ний өдрийн 307 албан тоотоор Бага насны хүүхэдтэй тул ажил үүргийн шаардлагаар 2014 оны 14 тоот тушаалаар олгосон 3 жилийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуустал ажилд эргэн авах боломжгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг зөрчсөн хариу өгсөн.

 Иймээс МХЕГ-т 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ...миний урьд эрхэлж байсан албан тушаалын орон тоо цомхотгогдсон эсэх, үндсэн ажилдаа эргэн орох үндэслэлтэй эсэхийг тодруулж өгөхийг хүсч өргөдөл гаргасан. МХЕГ-аас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/3146 тоотоор уг ажлын байрны орон тоо цомхотгогдоогүй, хуулиараа ажлын байр хадгалагдаж байгаа, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж, Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй" гэсэн хариуг ирүүлсэн. Энэ хариуг үндэслэн аймгийн МХГ-ын дарга Д.*******д 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үндсэн ажилдаа орох тухай өргөдлөө дахин өгсөн боловч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн төвд улсын байцаагчийн орон тоо байхгүй, хил дээр очиж ажилла гэсэн саналыг дахин тавьсан бөгөөд хариугаа бичгээр авъя гэхэд хариуг албан ёсоор шийдвэрлэж өгөөгүй.

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр МХЕГ-ын ёс зүйн хороо, Төрийн албаны салбар зөвлөлд ...үндсэн ажилдаа эргэн орох үндэслэлтэй эсэхийг тодруулж өгөхийг хүсч өргөдөл гаргасан бөгөөд МХЕГ-аас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/3931 тоотоор “Д.******* даргад үндсэн ажлын байраар хангах арга хэмжээ авч, хариу мэдэгдэх" гэсэн хариу ирсэний дагуу дарга Л ******* нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 467 тоотоор 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс дотооддоо орон тооны зохицуулалт хийж, ажилд авна гэж мэдэгдсэн.

МХЕГ-ын даргын 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 6/06 дугаар тушаалаар Ц.******* миний улсын байцаагчийн эрх олгогдсоноор аймгийн МХГ-ын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 6/04 дүгээр тушаалаар үндсэн ажилд томилох тушаал гарсан.

Д.******* дарга нь өөрийн хянаж баталгаажуулсан 2014 оны 29 тоот Ажилд түр томилох тухай тушаалыг үгүйсгэн, хуулиараа үндсэн ажилдаа эргэн орох эрх нээлттэй байсан миний ажилд орох хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжтой, өөрийн эрх хэмжээний асуудал байхад өргөдөл шийдвэрлэх хугацааг удаа дараа хэтрүүлж, үндэслэлгүй хариу өгч, удирдах дээд шатны байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэхгүй, хууль зөрчсөн шаардлага тавьж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, сэтгэл санааны дарамтанд оруулж, миний оронд түр томилогдсон Э.Ариунтулгыг ...хөдөөнөөс хүн татаж авчирчихаад энэ хүнээ яахын... гэсэн шалтгаанаар чөлөөлж, зохих шийдвэрийг гаргалгүй 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд ажилд аваагүй.

Иймд Ц.******* миний 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Төрийн албаны тухай хуулийн 28.2.2 /төрийн албан хаагчийн цалин хөлс нь төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн...нэмэгдлээс бүрдэнэ/ заалтын дагуу аймгийн МХГ-ын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 6/04 тоот тушаалын хоёрт заагдсаны дагуу буюу Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний T3-6-3 зэрэглэлд хамрагдах үндсэн цалин 613.669 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 10% /11-15 жил/, зэрэг дэвийн нэмэгдлийг 18%-иар тооцож 5 cap, 15 хоногийн цалин болох 4.516.600 төгрөг, мөн тэмдэгтийн хураамжид төлсөн 88.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг хугацаан дахь cap бүр төлөгдөх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу үнэн зөв төлүүлж өгнө үү гэжээ.Хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар /дарга Д.*******/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ц.*******гийн шүүхэд гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 4516600 төгрөг, тэмдэгтийн хураамж 88000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ц.*******гийн өөрийн нь хүсэлтээр үүсгэсэн маргаан болох МХЕГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газар, Төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн хороонд гаргасан өргөдөл, гомдол нь шийдвэрлэгдээгүй байхад аймгийн МХГ-ын даргаас шийдвэр гаргах боломжгүй байсан ба дээд шатны зөвлөл, хорооны шийдвэрийг гарсан дараа ажилд томилох арга хэмжээ авч ажилласан бөгөөд уг шийдвэр гарсан дараа Ц.******* нь жирэмсэн болохоо мэдэгдэж, төрөхийн өмнөх 60 хоногийн эмнэлгийн хуудсыг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсан мөн 2016 онд байгууллагын цалингийн сан хүрэлцэхгүй болсон зэргээс шалтгаалан тухайн хугацааны цалинг тооцож, нөхөн олгох боломжгүй гэж үзэж байна.

Ц.******* нь 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүүхдээ төрүүлж, хүүхэд асрах чөлөөг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хүсэлтээ ирүүлэн авах байтал 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүүхэд асрах чөлөө авах тухай өргөдлийг ирүүлж, зөрчил гаргасан. Мөн энэхүү зөрчлийг арилгуулахаар хүүхэд асрах чөлөөг 2014 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 3 жилийн хугацаатайгаар олгосон байна. Ц.******* нь хүүхэд асрах чөлөөг дуусган ажилд эргэн орох тухай хүсэлтийг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ирүүлж, хуулийн хугацаанд буюу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 307 тоот албан бичгээр хариуг өгсөн. Ц.*******гийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн өргөдлийг бичиг хэргийн ажилтан хүлээн авч, газрын дарга тухайн үед өвчний улмаас Улаанбаатар хотод эмчлүүлж байсан учраас эхний цохолтыг 11 дүгээр сарын 10-ны дотор цохож, орон тооны зохицуулалт хийгдээгүй улмаас өргөдлийн шийдвэрлэлтийн хугацааг 11 дүгээр сарын 27-ны өдөр хоёр дахь цохолтыг хийж, газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн а/42 дугаар тушаалаар өргөдлийг 30 хоногооор нэмж сунгасан. Дээрх өргөдлийг сунгасан талаар Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Э.******* тухайн үед нь утсаар мэдэгдсэн болно. Өргөдлийн хариуг 12 дугаар сарын 24-ний өдөр 467 тоот албан бичгээр хариуг өгсөн. Ц.*******г ажилд эгүүлэн авахаар МХЕГ-ын даргын 2006 оны 325 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу улсын байцаагчийн эрхийг нь олгуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот албан бичгийг МХЕГ-т явуулсанаар улсын байцаагчийн эрх олгосон тухай тушаал МХЕГ-аас 2016 оны 01 дүгээр 21-нд манай газарт ирж, газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25- ны өдрийн 6/04 дүгээр тушаалаар ажилд томилсон. Гэвч тушаал гарсан дараа жирэмсэн болохоо мэдэгдэж, төрөхийн өмнөх 60 хоногийн эмнэлгийн хуудсыг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн учир газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/06 тоот тушаалаар ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгосон юм. 2016 онд байгууллагын цалингийн сан 11%-иар хасагдан батлагдаж, цалингийн сан хүрэлцэхгүй болсон мөн нэхэмжлэлд 5 cap 15 хоног гэсэн нь өөрийнх нь үүсгэсэн маргаан, өргөдөл шийдвэрлэх 30, сунгасан 30 хоног, дээд шатны байгууллагад хандсан хугацааг тус бүр тооцсон, мөн төрөхийн өмнөх амралтыг 2016 оны 1 дүгээр сарын 10-нд авах байтал, 1 дүгээр сарын 25-аас авсан гэх зэргээр хугацааны хувьд үндэслэлгүй, цалингийн сүлжээг T3-6-3 гэж 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарсан хүчингүй болсон тушаалыг баримталсан. Урьд авч байсан цалин нь ТЗ-6-2 шатлалаар цалинжиж байсан.

Ц.*******гийн ирүүлсэн өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хууль-ийн 16 зүйлд заасан хугацаанд хариуг өгч байсан, Төсвийн тухай хууль-ийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасны дагуу ажилтнуудын цалингаас Ц.*******гийн ажиллаагүй байгаа хугацааны цалинг нөхөн олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Ц.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин 4516600 төгрөг, тэмдэгтийн хураамж 88000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна гэжээ.

     Анхан шатны шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 4.516.600 /дөрвөн сая таван зуун арван зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.*******гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 88.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан буцаан олгож, хариуцагч хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 88.000 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Ц.*******гийн гаргасан “Ажилгүй байсан хугацааны цалин 4516600 тэмдэгтийн хураамж 88000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг зөрчин хариуцагчийн эрхийг хангаагүй, шүүхий-өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж, шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, шүүхийн шийдвэрийг гаргасан.  Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь зүйлд зааснаар шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг манай газар мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтуу-хангагдах боломжгүй байна. Иймд Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаагүй байна. Үүнд:

1. Шүүхээс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.*******т эрх үүрэг тайлбарлаж, хэрэг танилцуулсан мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас нотлох баримт гаргуулах шүүгчийн захирамжууд гарчээ. /хэргийн 72-75, 34, 77-78 дугаар тал/ Энэ өдрөөс хойш хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материал танилцуулсан баримт байхгүй байна. Нэг өдөр хийгдсэн ажиллагаануудаас хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 38 дугаар зүйлд заасан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх, эсвэл шүүхээр бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргах зэрэг эрхээ хэрэгжүүлж мэтгэлзэх боломжийг бодитой олгосон гэж үзэхэд учир дутагдалтай, эргэлзээтэй  байна.

2. Э.*******ын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан “Улаанбаатар хотод буюу дээд шатлалын эмнэлэгт онош тодруулах эмчилгээ хийлгэхээр болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтийн дагуу шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШЗ2016/00693 дугаар захирамжаар хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 5 дугаар сарын 16-ны өдөр хийхээр хойшлуулжээ. /хэргийн 87, 89,92-93/

Уг шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Э.*******т 5 дугаар сарын 11-ны өдөр гар утсаар нь мэдэгдсэн баримт байна. /хэргийн 90 дүгээр хуудас/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шаардлагатай тохиолдолд утсаар мэдэгдэж баримтжуулж болох боловч шаардлагатай тохиолдол үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Э.*******т уг баримтаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэхгүй.

Хэргийн болон шүүх хуралдааны оролцогч нарт шүүх хуралдааныг хойшлуулсан  4 дүгээр сарын 29-ны өдрийн шүүгчийн захирамжийг гардуулсан, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа болон ажлын газрын хаягаар мэдэгдсэн баримт хэрэгт байхгүй тул шүүхийг шүүх хуралдааны товыг хүргүүлээгүйгээс хариуцагчид мэтгэлзэх, шүүх хуралдаанд оролцох боломжийг олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

3. Нэхэмжлэгч Ц.*******гийн хариуцагч төрийн байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг үндэслэн шүүх Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар нотлох баримт бүрдүүлэхээр 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 143/ШЗ2016/00660 дугаар захирамж гаргасан боловч уг захирамжийн заалт биелэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан баталгаажуулах гэх ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигчид нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хэргийн оролцогч хамаарах боломжгүй юм.

Хэргийн оролцогч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гаргах үүрэгтэй. Гэтэл шүүх хариуцагчаар оролцож буй Өмнөговь аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын өөрийнх нь “архивын хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулсан Ц.*******гийн ажилд орох тухай өргөдөл, өргөдөлд хариу өгөх тухай мэдээлэл бичигдсэн бичмэл нотлох баримтыг шүүхийн шийдвэр үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журам зөрчсөн бол тэдгээр нь нотлох  чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэнтэй нийцээгүй байна. / хэргийн 84, 83 дугаар тал/    

Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлзэх зарчмуудыг хэрэгжих боломжийг оролцогчдод олгоогүй, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь бодитойгоор, эргэлзээгүй үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Д.******* нь хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрыг албан тушаалын хувьд төлөөлөх эрхтэй ба төлөөлөгчөөр томилсон Э.*******аас татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдсэн тул Э.*******ын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болж, Д.Мөнхтулгыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулсан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

167 дугаар зүйлийн  167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг

удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2016/00233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн Хяналтын газар нь давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ    

                                                                                     Н.НАСАНЖАРГАЛ