Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/01063

 

Б.Э ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 сарын 14-ний өдрийн 138/ШШ2017/00440 дүгээр шийдвэртэй,

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201/МА2017/00023 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Б-т холбогдох,

19 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч А.Б-ын  гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч А.Б

 нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхрийн хамт 2010 оноос хойш 3 жилийн хугацаанд А.Б-тай тохиролцон байрыг түрээслэж байсан. Ингээд дээрх байрыг худалдах эсэхийг асуухад худалдана гэсний дагуу бид хоёр авахаар тохирсон. Бид нар гурван удаа гэрээ байгуулсан. Анх 8000000 төгрөгөөр, дараа нь 2011 оны 12 сарын 20-нд гэрээ байгуулж 14000000 төгрөг болсон. Энэ хугацаанд мөнгөө төлж чадаагүй учир 2012 оны 07 сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ хийсэн. Хамгийн сүүлд 2013 оны 10 сарын 13-ны өдөр 19000000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийж хугацаандаа мөнгөө төлөхгүй бол хугацаа хэтэрсэн алданги тооцно гэсэн. Тухайн үед А.Б-ын  байрны үнэ байнга нэмэгдэж байсан. Бидний хувьд үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байсан учир авахаар тохиролцсон байсан. Ингээд би өөрийн ах, дүү нараасаа мөнгө зээлж мөнгийг бүрдүүлэн 10 сарын 18-ны өдөр 19000000 төгрөгийг А.Б-ын  дансанд хийсэн. Тухайн үед гэрчилгээ гараагүй байсныг мэдэж байсан. Гэхдээ худалдаж авснаас хойш 3-4 жил боллоо. А.Б-аас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ нэхэхээр энд ярьж байгаа зүйлээ л ярьдаг. Гэрчилгээгүй болохоор ямар үйл ажиллагаа явуулах юм бэ. Барьцаанд тавьж болохгүй эдийн засгийн эргэлтэд ч оруулах боломжгүй байна. А.Б-ын  надад өгсөн зүйлийг бариад үл хөдлөх хөрөнгийн газар очиж гэрчилгээгээ гаргуулах гэхэд гэрчилгээ гаргахад хамааралгүй гэсэн. Баасанжавт энэ талаар хэлэхээр гэрчилгээ гаргаж өгнө гэдэг. Олон жил боллоо. Өөр хүний нэр дээр байгаа газар дээр обьект барьсан байсныг мэдээгүй. Анхнаасаа л бидний хооронд хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл учир 19000000 төгрөгөө нэхэмжилсэн. А.Б-ын  яриад байгаа байр обьект нь гэрчилгээ баримттай байж наториатаар батлуулж үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох байсан энэ асуудлыг хийгээгүй учир хүчин төгөлдөр бус юм. Баасанжав нь гэрээ хийгээд өөрийнхөө компаний тамгыг дараад байсан нь уг байр гэрчилгээгүй байсных юм. Би анх авахдаа гэрчилгээг удаахгүй гаргаж өгнө гэж байсан учир гэрээ хийсэн. Гэтэл ийм олон жил гэрчилгээгээ гаргаж өгөөгүй учир өгсөн 19000000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч А.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэцэцэг нь нөхөр Сувданборын хамт манай СМУ-гийн 27-р байрны зүүн талд орших 2 давхар 25м2 талбайтай байрыг 3 жил түрээсэлж, түрээсийн төлбөр төлж байгаад өөрсдийн хүсэлтээр худалдан авъя гэсэн тул тэдэнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж өгсөн. Тухайн үед өөр хүний нэр дээр газрын гэрчилгээ байгааг, нэрээ шинээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах боломжтойг, холбогдох бүх бичиг баримтыг хуулбарлан авсаны үндсэн дээр шийдсэн байх. Миний хувьд нуусан зүйл байхгүй. Би 2000 онд уг газар дээр байшин барьсан. Газрын гэрчилгээ эзэмшигч Өлзийсайхан нь хаана байгаа нь олдохгүй байснаас өөрийн нэр дээрээ шилжүүлж чадахгүйгээс болж асуудал үүссэн юм. Би 2014-2017 оны өнөөдрийг хүртэл хугацаанд ГХБХБГ, аймгийн Засаг дарга, хөгжлийн бодлого знэх мэт газарт хандан нийт 10 удаа, 6 удаа захиргааны хэргийн шүүхээр Засаг дарга Бадамсүрэн, ГХБХБГ-ын дарга Дамдинбазар нарыг өгч шийдүүлсэн. Газрын гэрчилгээ миний нэр дээр гарах шийдвэр гарсан, шийдвэр гүйцэтгэлд байгаа. Энэ асуудал хуулийн дагуу явагдаж байгаа. Энэ асуудлыг Эрдэнэцэцэг, нөхөр Сувданбор нар мэдэж байгаа. Бидний хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 4.4-т зааснаар хүлээсэн үүргээ бүрэн биелэгдэж дуустал үргэлжилнэ гэсний дагуу гэрчилгээ гартал хүчинтэй байгаа. Газрын гэрчилгээ гарах асуудал миний зүгээс шалтгаалаагүй. Газрын алба болон Засаг даргын үйл ажиллагаанаас болсон учир иргэний хуулийн 249.2-т заасны дагуу миний хувьд үүргээ зөрчсөн асуудал байхгүй, Эрдэнэцэцэг нь гэрээнээсээ татгалзаж болохгүй. Бид харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийсэн. Иргэний хуулийн 56.1.1-д огт хамаагүй, хуурч мэхлээгүй, хууль зөрчөөгүй. Хугацаа алдсан нь миний үйл ажиллагаанаас болоогүй учир Иргэний хуулийн 222.2 дахь заалтыг барьж байна. Иймээс гэрчилгээ нь гарах учир 19000000 төгрөг төлөхгүй гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 138/ШШ2017/00440 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Агвааны А.Б-аас 19000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б аас 252950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож ... шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201/МА2017/00023 дугаар магадлалаар Хариуцагч А.Б-ын  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 138/ШШ2017/00440 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 208 дугаар зүйлийн 208.2, 208.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б аас 19000000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эт олгосугай“ гэж өөрчилж, Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч А.Б  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийн үндэслэлгүй магадлал гаргаж, гэрээг буруу, дутуу богож, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Болзол нь биелээгүй байхад буруу тайлбар, буруу ойлголтоор шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Үүнийг хууль зүйн дагуу зөвөөр залруулж өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүх хурал болсон ба Н.Сувданбор болон ҮХХ-ийн гэрчилгээний асуудал бодитойгоор шийдэгдэж байгааг мэдэж байсан. Хугацааг давхцуулж буруу шийдвэрлэсэн. Бусдын өмч хөрөнгийг эзэмшиж ашиглачихаад зохих төлбөрийг нь төлөхгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Гэрээнээс татгалзаж анх төлсөн 19 000 000 төгрөгөө буцаан авах нэрийдлээр нэмж 8 800 000 төгрөгийн ашиг олдог байсан, 44 сар үнэгүй, хууль бусаар ашигласан, би ийм гэрээ хийгээгүй, миний олж байсан орлогыг завшсан байна. Гэтэл нэхэмжлэгч өөрийгөө хохирсон мэтээр тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд хууль зүйн дагуу хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.Э нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 19 000 000 төгрөгийг хариуцагч А.Б аас буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, өмчлөх эрх шилжүүлэх асуудал захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж удсан, шүүхээр газар эзэмших эрхийн маргааныг шийдвэрлүүлсэн, энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд одоо шилжүүлэхэд бэлэн болсон гэж маргажээ.

Хоёр шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөхийн тулд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг сонгосон нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, зохигчдын байгуулсан гэрээний агуулга онцлог нөхцөл, талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн гүйцэд дүгнэхгүйгээр зөвхөн гэрээний хэлбэрийн шаардлагыг анхаарсан нь учир дутагдалтай болсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзжээ. Хэргийн баримтаас үзвэл Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-гийн 27 дугаар байрны зүүн талд байрлах 2 давхар барилгын 2 дугаар давхарт 25 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зориг зохигчдын аль алинд байсан, худалдагч гэрээний зүйлийг шилжүүлсэн, худалдан авагч буюу нэхэмжлэгч эд хөрөнгийн үнийг төлж, 2013 оноос хойш хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтыг зохигчид маргаагүй байна.

Гэрээний 4.4.-т “Гэрээ, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болж, хүлээсэн үүрэг бүрэн биелэгдэж дуустал үргэлжлэнэ” гэж заажээ. Шүүх гэрээний дээрх тохиролцоог тодруулж, өмчлөх эрхийг шилжүүлэх талаар талууд хэрхэн хэлэлцэж тохиролцсон, хариуцагч үүргээ зөрчсөн эсэх, үүрэг гүйцэтгэхэд саад болсон нөхцөл байдал байсан эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.

Мөн нэхэмжлэлийн үндэслэл болсон Б.Э,  А.Б  нарын хооронд байгуулсан 2013 оны 10 сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэг талыг зөвхөн Эрдэнэцэцэг бус түүний нөхөр Н.Сувданбор байсан гэж хариуцагч маргасан бөгөөд зохигчид нь гэрээний зүйлийн талаар хэд хэдэн удаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж байснаас үзвэл гэрээний нэг талд нь Б.Эээс гадна Н.Сувданбор оролцсон эсэх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар түүнтэй тохиролцож байсан эсэх ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ. 

Иймд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй тул хэргийн бодит үндэслэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 138/ШШ2017/00440 дүгээр шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 201/МА2017/00023 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА