Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 4914

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 49/5-2 тоотод оршин суух, Боржигин овогт Жамцын Хоролсүрэн /РД:НС61082661/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Хоролсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ  нь:

            Хүсэлт гаргагч Ж.Хоролсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Хоролсүрэн миний бие 1961 оны 08 сарын 26-ны өдөр төрсөн. Энэ жил тэтгэвэрт гарах болсон. Миний бие 1981 оны 01 сараас Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдэлд малчин, саальчнаар ажилд орж 1990 оныг дуустал, мөн давхар 1987 оны 05 сараас 1994 оныг дуустал Төв аймгийн Сэргэлэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид мухлагийн худалдагч, агентаар ажилласан. Миний ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтэр дээрх тушаалыг бичээгүй, орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэсэн. Иймд намайг 1981 оны 01 сараас Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдэлд малчин, саальчнаар ажилд орж 1990 оныг дуустал, мөн давхар 1987 оны 05 сараас 1994 оныг дуустал Төв аймгийн Сэргэлэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид мухлагийн худалдагч, агентаар ажиллаж байсан. Иймд намайг Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 01 сараас  1990 оныг дуустал ажиллаж байсан болохыг  тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад 

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Хоролсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

            Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Ж.Хоролсүрэнд 1981 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатар зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1981 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд тус нэгдэлд ажиллаж, цалин авч байсан байдал тогтоогдож байх ба тус нэгдлийн даргын 1982 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 24 дугаартай “нярай хүүхдээ асрах чөлөө олгох” тухай тушаал, 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, Төв аймгийн архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 161 дугаартай лавлагаа  болон Д.Түмэнбаяр, А.Мандах, Д.Бадамсүрэн нарын тайлбар, тодорхойлолт, тэдний  хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар зэрэг бичгийн баримтуудаар хүсэлт гаргагч Ж.Хоролсүрэн нь  1981 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ж.Хоролсүрэн нь  1981 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                                                                                         ТОГТООХ нь:                                                                  

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  хүсэлт гаргагч Ж.Хоролсүрэн нь  1981 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                 Х.ЭНХЗАЯА