Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 240

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

             

 

 

  

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч Л.Амартогос

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18050062008000 тоот, 2 хавтас хэргийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Баянхонгор аймаг, Баянхонгор сум 3 дугаар баг, Дуурсахын 27 дугаар гудамж, 00 тоотод оршин суух,

ял шийтгэл: 1. 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн албадлагын арга хэмжээ авагдсан,

2. 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,

3. 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сум дундын 3 дугаар шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,

4. 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 003 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил хорих ялаар шийтгүүлсэн,

дугаарын регистртэй, А-овогт М-ын Э-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М.Э- 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, хохирогч Х.Х-гийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн зурагт, гар утас, угаалгын машин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-13 дугаар байранд үйл ажиллагаа явуулах “Г” дэлгүүрээс зөөврийн компьютер, гар утас, үнэртэй ус, эрэгтэй хувцас, гар цүнх зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 997.000 төгрөгийн хохирол,

2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулах “М” ХХКомпаний уурхайн ажилчдын байрнаас хохирогч Ч.Э-ийн эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий Ми маркийн гар утас, хохирогч Н.П-ын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий Ми маркийн гар утас, хохирогч Б.З-ын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий Мicheal кors маркийн бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг дахин өгөхгүй. Бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх болно гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Х-гийн Х- “… би Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 48 тоотод хашаа байшин түрээслэж амьдардаг. Би 2017 оны 10 сараас 2018 оны 1 сар хүртэл Солонгос улсад байсан. Намайг Солонгос улсад байх хугацаанд хүргэн Нэргүй гэрт чинь хулгай орж зурагт алга болсон байна гэж хэлсэн. Манай зурагт 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байсан гэж манай айлын Найманжин хэлсэн. Би Найманжинд манай гэрийг харж байгаарай гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийг өгсөн юм. Зурагт нь Самсунг маркийн 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт байсан. Зурагтын 4 жилийн өмнө Некст электрониксоос 700.000 төгрөгөөр авч байсан. Би зурагтаа 500.000 төгрөгөөр үнэлнэ. Харин гар утсаа 2017 оны 3 дугаар сард Тэди төвөөс 300.000 төгрөгөөр авч байсан, одоо 300.000 төгрөгөөр, угаалгын машинаа 400.000 төгрөгөөр тус тус үнэлж байна.

Миний хувьд өөрийн зээ болох Э-ийг сэжиглэж байгаа. Учир нь манай зээ гэрт хулгай орохын өмнөх өдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр миний фэйсбүүк хаяг руу өөрийнхөө хаягнаас орж “сайн уу эмээ, та хэзээ ирэх юм, бие хаа нь сайн уу” гэсэн утгатай мессеж сэжигтэй байдлаар бичсэн. Би хариу бичээгүй. Гомдолтой байна, алдагдсан зүйлсээ Э-өөр төлүүлж авах хүсэлтэй” /1 дүгээр хх-н 14-15/ гэж,

гэрч Сайнбуянгийн Н “... 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед манай төрсөн дүү Солонго утсаар над руу залгаад танай хадам ээжийн гэрт орох гэтэл хаалга нь онгойхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл хаалганы ард нь хөргөгч тээглүүлээд тавьчихсан онгойхгүй байсан юм билээ. Тэгээд цагдаа нар ирээд хаалгыг онгойлгож ороход манай хадам ээж Х-гийн гэрээс 32 инчийн зурагтыг хулгайлсан байсан. Манай хадам ээжийн байшин нь модон цонхтой, нэг цонхных нь гадна талын цонх авагддаг, тэр цонхыг нь аваад дотор талынх нь цонхыг хагалаад зурагтыг нь авч явсан юм шиг байна лээ” /1 дүгээр хх-н 18/ гэж,

хохирогч Цолмонгийн Д “... 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 21 цагийн орчимд манай найз залуу Бат-Эрдэний найз гэх Э-өд би ажлын газрын түлхүүр болох 3-13 дугаар байрны “Гоёл” шөнийн дэлгүүрийн түлхүүрийг өгсөн. Тухайн үед Э- нь куртикээ угаана гээд аваад үлдсэн. Тэгээд би тэр шөнө гэртээ очоод хоносон. Өглөө ажилдаа ирээд буцаад эмийн сан орох гээд явж байтал захирал Энхтүвшин залгаад бараануудаа “Баян” худалдааны төвд аваад ир гэж хэлсэн” /1 дүгээр хх-н 86-87, 88-89, 159, 160-161/ гэж,

гэрч Батбаярын У “... 2017 оны 11 сард манай эгч Баянзул нь миний HP маркийн note book аваад ажил болох Орхон аймаг Баянөндөр сум Уурхайчин баг 3-13 дугаар байрны Байгаль салонд 2018 оны 2 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө үлдээсэн байсан чинь алга болсон байна. Иймд би өөрийн эд зүйл болох зөөврийн компьютерээ буцаан авах хүсэлтэй байна. Миний зөөврийн компьютер ямар нэгэн сэв зураасгүй шинэ байсан. 2014 онд Нидерланд улсаас 800 еврогоор худалдан авч байсан. Түүнээс хойш бараг ашиглаагүй. HP брэндийн 17 инчийн хар хүрэн өнгийн зөөврийн компьютер байгаа, ямар нэгэн онцлох содон шинж тэмдэггүй” /1 дүгээр хх-н 169-170/ гэж,

гэрч Бямбасүрэнгийн Б“... 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр манай найз Э- гэх залуу манай ажил дээр байж байгаад найз охин Дулмаагийн 3-13 дугаар байрны “Гоёл” шөнийн дэлгүүрийн түлхүүрийг аваад хувцсаа угаана гээд явсан. Тэгээд тэр шөнөдөө ирж хоноогүй. Өглөө 10 цагт Дулмаа ирээд Э- ирээгүй юм уу гэж асуусан. Өдөр 12 цагийн орчим Дулмаагийн ажил дээр очсон чинь хувцас алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд яасан юм бол гэж бодоод Э-өд түлхүүрээ өгсөн гэж санаад Э-ийг сэжиглэсэн юм. Тэгээд энэ талаар Дулмаа бид хоёр ярилцаж байгаад гаднаас үл таних хүн орж ирээд дээрэм хийсэн юм шиг болгоё гэж ярилцаад “Гоёл” шөнийн дэлгүүрийн дотор байрлах эд зүйлийг сүйтгэж газар унагаасан юм. Унжсан байсан хяналтын камерыг би аваад нуусан. Өөр ямар нэгэн зүйл авч яваагүй. Тэгээд байж байгаад орой 20 цагийн үед залгасан чинь цагдаа нар ирсэн байсан. Куртик, цахилгаантай цамц, 2 жинсен өмд, нимгэн цамц 3 ширхэг, хувцас хийдэг хар ногоон өгнөтэй том цүнх 1 ширхэг, энэ бүгд дандаа эрэгтэй хүний хувцас байгаа юм. Эмэгтэй хүний 3 ширхэг гар цүнх бас алга болсон байсан. Энэ бүгдийн Дулмаа өөрөө санаачилсан. Дулмаа өөрөө өөрийгөө цохисон. Ийм байвал үнэн юм шиг харагдана гэж хэлж байсан” /1 дүгээр хх-н 171/ гэж,

гэрч Сурмаагийн Э “... 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр дэлгүүрт хулгай орсон талаар сайн мэдээгүй. Сүүлд Дулмаагаас сонсоход Дулмаа өөрөө найздаа дэлгүүрийн түлхүүрийг өгөөд нөгөө найз нь манай дэлгүүрээс гарахдаа бэлэн хувцас, эмэгтэй хүний гар цүнх зэрэг эд зүйлүүд болон дээрээс нь манай дэлгүүрийн лангуу түрээслэж байсан Баянзул гэх эмэгтэйн дүүгийнх нь зөөврийн компьютерийг ажил дээрээс алдсан. Дулмаа нь өөрийн буруутай үйлдлээс болж Баянзул бид хоёрт хохирол учруулснаа хүлээн зөвшөөрөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд Дулмаа нь найз гэх хүнээсээ хохирлыг барагдуулна гэж бодож байна” /1 дүгээр хх-н 173/ гэж,

хохирогч Чулуунхүүгийн Э “... 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Мак компаний уурхайн ажилчдын байрнаас тус компаний ойн баярын үеэр надад бэлэглэсэн Ми брэндийн рэдми 5А гэдэг нэртэй гар утсаа хулгайд алдсан. 2018.7.18-ны өдөр би өглөө 05 цаг өнгөрч байхад ажилдаа яваад орой 20 цагийн үед буцаж ирээд чемоданаа нээгээд үзэхэд утас маань алга болчихсон, зөвхөн хайрцаг цэнэглэгч хоёр нь үлдсэн байсан. MI брэндийн redmi 5А маркийн 420.000 төгрөгийн гар утас байсан. Ажилчдын байрны дотор коридорт манай өрөөний хаалганы зүүн дээд хэсэгт камер байдаг. Тэр камеранд манай өрөөнд орж гарч байгаад хөдөлгөөн огт буудаггүй харагддаггүй. Учир нь камерын байрлал манай өрөө рүү тусаагүй өөр чигт харсан байдаг юм. Харин гадаа байдаг харуулын байшингаас ажилчдын байр руу харсан хяналтын камер байдаг. Тэр камерт Э- гэдэг залуу манай өрөөний түлхүүрийг аваад явж байгаад бичлэг байна лээ. Тэр түлхүүрийг буцааж тавиагүй тэр чигээр нь аваад явсан байна лээ” /2 дугаар хх-н 30-31/ гэж,

хохирогч Баярхүүгийн З “... 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Мак компаний ажилчдын байранд өөрийн байрлаж байсан өрөөнөөсөө Micheal kors брэндийн бугуйн цагаа алдсан. Тухайн үед би цагаа цүнхэндээ хийгээд тавьсан байсан. Тэр өдрийн орой 20 цагийн үед ажлаасаа бууж ирээд хүмүүс цүнхнээсээ юмаа алдсан байна гэж хоорондоо ярилцахыг сонсоод өөрийнхөө цүнхийг нээгээд үзсэн чинь бугуйн цаг маань алга болсон байсан. Би цагийг 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 450.000 төгрөгөөр авч байсан” /2 дугаар хх-н 33-34/ гэж,

хохирогч Нарангийн П “... 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн өглөө би ажилдаа яваад орой 19 цаг 30 минутын үед ажил тараад Гурвантэс суманд байрлах Мак компаний ажилчдын байранд өрөөндөө очоод байж байсан чинь хамт нэг өрөөнд байдаг Эрдэнэбилэг чемоданд байсан утас алга болчихсон байна гэж хэлэхээр нь чемоданаа нээгээд өөрийнхөө утсыг үзсэн чинь мөн адил алга болчихсон гадна хайрцаг цэнэглэгч, сим нээдэг зүү гэсэн зүйлүүд нь үлдсэн байсан. Мак компаний ойн байрын үеэр надад бэлэглэсэн MI брэндийн Redmi 5A нэртэй, 420.000 төгрөгийн үнэтэй утас байсан. Би Э- гэж хүнийг танихгүй. Уг хүн нь 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр манай Мак уурхайд шинээр ирж манай өрөөнд 7 хоночихоод гарсан” /2 дугаар хх-н 36-37/ гэж тус тус мэдүүлжээ.

Нэр бүхий хохирогч, гэрчүүдийн дээрх мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-н 8-9/ болон бичгийн бусад баримтууд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгч М.Э-ийн гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

Тухайлбал “хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарна.

 

Иймд А-овогт М-ын Э-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Э-өд ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлөгдсөн эсэхийг тус тус харгалзав.

 

“Хулгайлах” гэмт хэрэг буюу энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ял нь сонгох санкцгүй, зөвхөн “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчлагдсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч М.Э- урьд өмнө нь 4 удаа “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг”-т ял шийтгүүлж байсан нь түүний хувийн байдлыг тодорхойлсон баримт гэж үзнэ.

 

Харин түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан эдлэх хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Шүүгдэгч М.Э- “хулгайлах” гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул түүнээс нийт 2.797.000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Х-д 900.000 төгрөг, хохирогч Ц.Дулмаад 997.000 төгрөг, хохирогч Ч.Э-т 300.000 төгрөг, хохирогч Н.П-т 300.000 төгрөг, хохирогч Б.З-д 300.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Э-ийн цагдан хоригдсон 196 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Шүүгдэгч М.Э-өд холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан Redmi 5 A гэсэн бичиглэлтэй, улаан өнгийн хайрцаг 2 ширхэгийг, гар утасны 2 ширхэг цэнэглэгчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  

          1. А-овогт М-ын Э-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.Э-ийг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. М.Э-өд оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. М.Э-ийн цагдан хоригдсон 196 /нэг зуун есэн зургаа/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Э-өөс нийт 2.797.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Х-д 900.000 төгрөг, хохирогч Ц.Дулмаад 997.000 төгрөг, хохирогч Ч.Э-т 300.000 төгрөг, хохирогч Н.П-т 300.000 төгрөг, хохирогч Б.З-д 300.000 төгрөг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан Redmi 5 A гэсэн бичиглэлтэй, улаан өнгийн хайрцаг 2 ширхэгийг, гар утасны 2 ширхэг цэнэглэгчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Э-ийг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ