Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00671

 

 

 

 

 

 

 

 

      2024        04            03                                    210/МА2024/00671

 

 

Ж.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/00609 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Т ХХК-д холбогдох,

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, хугацаа хэтрүүлсний алданги 50,830,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн,

Гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 60,996,000 төгрөгийг Ж.А-аар буцаан авхуулахыг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Анх 2019 оны 04 дүгээр сард Т ХХК-тай “Орон сууц захиалан бариулах гэрээ” хийсэн. Гэрээний дагуу төлбөрийн 1,2 дахь төлөлтөө хугацаандаа хийсэн. 3 дахь төлөлтөө байр ашиглалтад орсны дараа хийхээр болсон. Гэрээ байгуулаад эхний төлөлтөө 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 30 хувь буюу 30,450,000 төгрөгийг хийсэн. 2 дахь төлөлтөө карказ дүүргэлт хийгдсэний дараа буюу 6-7 сард хувааж, мөнгөөр болон бартераар дараагийн төлбөрт 30,450,000 төгрөгийг төлсөн. 3 дахь төлөлтийг байр хүлээн авсны дараа төлнө гээд хүлээн аваагүй учраас одоог хүртэл төлөөгүй. Бартерт шилжүүлсэн машины үнэ нь 12,800,000 төгрөг болно. Төгс орчин хотхоны байр нь 2022 оны 09 дүгээр сард ашиглалтад орсон. Манайх байраа хүлээж авъя, тэгээд үлдэгдэл төлбөрөө төлье гэтэл м.кв-ын үнийг 900,000 төгрөгөөр нэмэгдсэн, мөн талбайн хэмжээ нэмэгдсэн, эдгээр төлбөрөө төлөхгүй бол байрыг өгөхгүй гэж хэлсэн. Анхны захиалгын үнэ 1 м.кв нь 1,150,000 төгрөг байсан, гэтэл одоогийн үнэ нь 1,950,000 төгрөг болсон.

Иймд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаар орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, Төгс орчин хотхон, 286 байр б блок 00 тоотхаягт байрлах, 88 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алдангид 50,583,000 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцуулахаар нэхэмжилсэн гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан 101 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ тул ажлын үр дүнг хүлээлгэн өгөх боломжгүй. Мөн хуулийн 220 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй буюу орон сууцны үнийг нэмэхээс өөр аргагүй байгаа тухайгаа дурдаж, гэрээгээ шинэчлэн байгуулах талаар хүсэлт гаргаж байсан. Гэвч Ж.А- нь нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй учир, манай байгууллага гэрээнээс татгалзаж энэ тухай мэдэгдэж байсан. Нэгэнт гэрээнээс татгалзсан тул гэрээнд заасан алданги төлөх, орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг биелүүлэх боломжгүй.

Мөн нэхэмжлэгч Ж.А- нь нэхэмжлэлийн шаардлагадаа 00 тооторон сууцны талаар дурдсан боловч 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 тоот орон сууц захиалан бариулах гэрээнд 54 тоот гэж тусгагдсан байсан. Гэхдээ энэ бол 00 тооторон сууц гэдэгтэй маргахгүй, 54 тоот гэдэг нь техникийн шинжтэй алдаа гэж ойлгоорой. Орон сууцны төлбөрийг 00 тоотгэж нэхэмжлэгч төлсөн. Гэхдээ энэ 00 тооторон сууцыг нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээ цуцлагдсаны дараа Э.Г-д бартерын төлбөрт шилжүүлсэн. Э.Г- нь уг байрыг цааш нь гуравдагч этгээд А.З-д худалдан борлуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл гуравдагч этгээд уг орон сууцанд амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга:

Би энэ байрыг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, 1 м.кв-ыг 2,400,000 төгрөгөөр тооцож, худалдан авсан. Төгс орчин хотхоны 95,14 м.кв талбайтай 14 давхрын 00 тоотбайрыг 100 хувь төлбөрөө төлж, худалдан авсан. 2023 оны 09 дүгээр сараас эхлэн амьдарч эхэлсэн. Миний зүгээс гэрээний дагуу төлбөрөө төлж авсан учраас суллаж өгөх боломжгүй гэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга:

Нийслэлийн газрын алба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тодруулбал, Дулааны шугам сүлжээний угсралтын ажлыг техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэхэд Иргэний нисэхийн ерөнхий газраас зөвшөөрөл авах шаардлагатай болоход авч чадаагүй. Барилгын зураг төслийг батлуулж чадаагүй. Бид барилгыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлэхийн тулд Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Буянт ухаагийн Олон улсын нисэх буудлаас зөвшөөрөл авахын тулд Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан тус ажлыг өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэн 300,000,000 төгрөг зарцуулсан.

Нийслэлийн газрын алба ингэж үүргээ биелүүлээгүйгээс барилга угсралтын ажил удааширч Ковидын нөхцөл байдалтай тулгарсан. Эдгээр нөхцөл байдлын улмаас барилгын ажилд шаардлагатай гол түүхий эд, бараа материал, ажиллах хүчний үнэ огцом өссөн. Улмаар орон сууцны 1 м.кв-ын ашиг шингээгүй өртөг үнэ нь 932,000 төгрөгөөр нэмэгдсэн.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасан гэрээ байгуулсан нөхцөл байдал буюу Ж.А-д орон сууцыг 1,150,000 төгрөгөөр шилжүүлэх нөхцөл байдал өөрчлөгдсөн учир хуулийн энэ заалтыг үндэслэн бид гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний төлбөрт төлсөн 60,996,000 төгрөгийг буцаан өгөхөөр дансны дугаар асуухад мөнгөө авахгүй, байраа авна гэж мөнгөө буцааж аваагүй. Иймд түүний шилжүүлсэн 60,996,000 төгрөгийг Ж.А-ыг буцаан авахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

Уг гэрээний 1.1 дэх заалтаар талууд Монгол Улсын Иргэний хуулийн 343-359 дүгээр зүйлийг үндэслэсэн талаар тодорхой заасан бөгөөд уг гэрээгээр тухайн орон сууцны 14 давхрын 54 тоот, 4 өрөө орон сууцыг нийт 101,660,000 төгрөгөөр тохиролцож,  орон сууцыг хүлээн авахаас өмнө гэрээний үнийн дүнгийн 60 хувь буюу 60,996,000 төгрөгийг, орон сууцыг хүлээн авах буюу байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар гэрээний үнийн дүнгийн 40 хувь буюу 40,664,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл орон сууцыг гэрээнд заасан хугацаанаас хоцорч ашиглалтад оруулж гэрээний үүргээ биелүүлээгүй буюу орон сууцыг хүлээлгэн өгөлгүй, гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзаж байна гэдэг тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээ цуцлах тухай холбогдох зохицуулалтыг хуульчилж өгсөн бөгөөд манай зүгээс гэрээний үүргээ ноцтой болон ялимгүй ч зөрчсөн зүйл огт байхгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-д холбогдох Хан-Уул дүүрэг 21 хороо, Төгс орчин хотхоны 286 байр Б блокийн 00 тоот4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 50,583,000 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцуулах тухай нэхэмжлэгч Ж.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т ХХК-аас 60,996,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 552,500 төгрөг, хариуцагч Т ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 398,440 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 221,318 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1. Уг гэрээ нь Ж.А-д ямар ч хамааралгүй түүний зүгээс уг гэрээнд заасан үүргийг Нийслэлийн газрын албаны өмнөөс гүйцэтгэх ямар ч боломжгүй, нөгөө талаар гэрээний үүргээ Нийслэлийн газрын алба биелүүлсэн, эс биелүүлсэн эсэх талаар ямар баримт, нотолгоо, уг гэрээтэй холбоотой маргаан гарсан эсэх талаар баримт хэрэгт байхгүй.

Т ХХК-ийн зүгээс Нийслэлийн газрын алба гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажлын хөлс өөрчлөгдөх нөхцөл бүрдсэн тухай ажил гүйцэтгэх явцдаа буюу үүрэг зөрчигдөж эхэлсэн. Тухайн үед Нийслэлийн газрын алба болон орон сууц захиалсан хүмүүст мэдэгдэж байгаагүй, харин орон сууцаа бүрэн барьж дуусаад үлдэгдэл төлбөр өгөх авах үед буюу орон сууцыг хүлээлгэн өгөх үед гэнэт үнэ өөрчлөгдсөн тухай мэдэгдэж гэрээг цуцлах, дуусгавар болгох тухай асуудлыг ярьж эхэлсэн.

Тодруулбал, Т ХХК-ийн зүгээс гэрээний зарим нөхцөл болох үнийг өөрчлөх болсон шалтгаанаа Нийслэлийн газрын алба үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан. Гэтэл маргаан бол Ж.А- Т ХХК нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой, уг гэрээний нэг тал болох Ж.А- гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, энэ гэрээтэй холбоотой гэрээний нөхцөл өөрчлөгдөх шалтгаан байхгүй, хэрэв Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдсэн гэж үзвэл Т ХХК-ийн тайлбар үндэслэлээр бол Нийслэлийн газрын албатай байгуулсан гэрээний нөхцөл өөрчлөгдсөн гэж үзэхээр, харин Ж.А-тай байгуулсан гэрээний нөхцөл өөрчлөгдөх хууль зүйн үндэслэл байхгүй.

Нийслэлийн газрын албатай байгуулсан гэрээний дагуу гэрээнд оролцогч тал үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээний нөхцөлийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүсэж, Т ХХК-д эдийн засгийн үр ашиггүй нөхцөл байдал бий болж хохиролд орсон бол тухайн асуудлаа Нийслэлийн газрын албатай байгуулсан гэрээний дагуу шийдвэрлэх болохоос орон сууц захиалан, мөнгөө өгч үүргээ бүрэн биелүүлсэн хүмүүсийн гэрээний үнийг өөрчлөх, тулгах, сонголт өгөхгүй байдлаар шахах байдлаар асуудал шийдвэрлэх нь талууд гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлд огт хамааралгүй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйл ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай нарийвчилсан хууль зүйн зохицуулалт байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь гүйцэтгэгч нь өөрийн болон захиалагчийн зардлаар тухайн ажлыг гүйцэтгэж гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй.

Т ХХК-ийн зүгээс үнэ өөрчлөгдсөн тухай мэдэгдэл өгсөн, хугацаа тогтоож өгсөн, энэ хугацаанд тохиролцоонд хүрээгүй буюу хүлээн зөвшөөрөөгүй тул гэрээнээс татгалзсан гэж тайлбарладаг. Уг мэдэгдлийн гол агуулга нь үнэ нэмсэн тухай бөгөөд үндсэн гэрээний тодорхой нэг заалттай холбоотой асуудал, түүгээр зогсохгүй гэрээний үнэ өөрчлөгдөхгүй гэх заалтаа өөрөө зөрчиж хууль бусаар буюу гэрээ зөрчин мэдэгдэл гаргасан асуудал байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анх барилга хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу барилгын өөрийн өртөг үнэ болох 1,150,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон байсан. Гэтэл барилгын өртөг үнэ Ковидын цар тахлын үед м.кв үнэ 936,000 төгрөгөөр нэмэгдэж, м.кв үнэ 2,100,000 орчим төгрөг болсон. Манай компанийн зүгээс м.кв үнийг 300,000 төгрөгөөр нэмж, өөрсдөө 600,000 төгрөгийн алданги хүлээе гэдэг байдлаар мэдэгдэл өгсөн боловч нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөөгүй. Иймд гэрээ цуцалсан талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Э.Г-д маргаан бүхий байрыг худалдсан. Э.Г- 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гуравдагч этгээд А.З-д худалдсан байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр биелэгдэх зарчимтай. Гэтэл одоогийн нөхцөл байдалд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Учир нь энэхүү байр нь худалдагдсан. Нэгэнт нэмэгдсэн үнийн талаар нэхэмжлэгчтэй хэлэлцэх гэхээр хүлээн зөвшөөрөхгүй байсан. Одоо маргаан бүхий байрыг хүлээлгэж өгөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Өмнө шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Ж.А- нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, хугацаа хэтрүүлсний алданги 50,830,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт авсан 60,996,000 төгрөгийг Ж.А-д буцаан авахыг даалгах тухай” сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

1.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.З- нь хариуцагч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дараах үйл баримтуудыг зөв тогтоосон байна.

 

2.1. Нэхэмжлэгч Ж.А- нь хариуцагч Т ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг, Нисэхийн спорт цогцолборын хажууд баригдах Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь уг орон сууцны 14 давхарт 4 өрөө 88 м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 03 дугаар улиралд багтаан барьж ашиглалтад оруулах, нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаар орон сууцны урьдчилгаа төлбөрийн 30 хувь буюу 30,498,000 төгрөгийг, карказ дүүргэлт хийгдсэнээр 30 хувь буюу 30,498,000 төгрөгийг, орон сууц ашиглалтад орж түлхүүр гардуулснаар үлдэгдэл 40 хувь буюу 40,664,000 төгрөгийг, нийт 101,660,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцжээ. /хх6-8/

2.2. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний төлбөрт 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 15,498,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 6,500,000 төгрөгийг дансаар, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 11,100,000 төгрөгийг бэлнээр, 12,898,000 төгрөгт Тоёота приус /Toyota prius/ 30 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчид 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус тус шилжүүлэн, нийт 60,996,000 төгрөгийг төлсөн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт, гэрч Б.Н-ын мэдүүлэг, зохигчийн тайлбараар тус тус нотлогдсон байх ба, мөн талуудын гэрээнд заагдсан орон сууц нь 54 тоот бус, 00 тоотболох талаар талууд хэн аль нь маргаагүй байна. /1хх 14, 15, 16, 2хх 25/

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн дээрх гэрээний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй, мөн маргааны үйл баримттай холбоотой эрх зүйн дүгнэлт алдаатай болсныг залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

3.1. Гэрээний зүйл нь орон сууцны зориулалттай 180 айлын барилгын 4 өрөө орон сууц буюу төрлийн шинжээр тодорхойлогдох ирээдүйд бий болох эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Түүнчлэн, хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүйгээс орон сууцны үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээнээс татгалзах нь маргааны зүйл болжээ.

 

4.1. Нийслэлийн газрын алба /захиалагч/, нөгөө талаас Т ХХК /гүйцэтгэгч/ нарын хооронд 2019.03.04-ний өдөр 219/01 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, Нийслэлийн газрын албаны эзэмшлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн ерөнхий газрын хойд талд байрлах 4,060 м.кв эзэмших эрхтэй газарт Т ХХК маргаан бүхий барилгыг барихаар харилцан тохиролцсон байна. /1хх-ийн 41-43 х/

 

4.2. Гэтэл Нийслэлийн газрын алба нь дээрх гэрээний гол нөхцөл болох барилга барихтай холбогдох эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрөл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дулаан, техникийн нөхцөл, барилгын зураг төслийг батлуулах ажлыг хариуцах, барилга баригдах талбайг барилга угсралтын ажилд бэлэн болгох үүргээ хугацаандаа хэрэгжүүлээгүйн улмаас барилгын ажил хойшлогдсон, “Ковид-19” цар тахал бүхий нөхцөл байдал бий болж улмаар барилгын материалын үнэ өссөн зэргээс шалтгаалан, хариуцагч Т ХХК-аас гэрээний 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсныг нэхэмжлэгч Ж.А-д мэдэгдсэн боловч, нэхэмжлэгч нь уг гэрээний үнэ нэмэх тухай мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 101 тоот гэрээнээс хариуцагч татгалзсан талаарх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3, 220.4 дэх хэсэгт нийцжээ./1хх 50-51/

 

5. Маргаан бүхий дээрх орон сууцыг хариуцагч Т ХХК нь гуравдагч этгээд А.З-тай 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг А.З-ын өмчлөлд шилжүүлсэн болох нь орон сууц захиалах гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдсон байна./2хх 44-48/   

 

5.1. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд А.З-д худалдсан, гуравдагч этгээд нь өмчлөх эрхийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шударгаар олж авсан байх тул уг орон сууцыг хүлээлгэн өгөх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Ж.А-тай байгуулсан өмнөх гэрээнээс татгалзсан тул тэрээр маргаан бүхий орон сууцыг бусдад захиран зарцуулах эрхтэй гэж үзнэ.

 

6. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үндэслэлээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаах үүрэг үүсэх тул хариуцагч Т ХХК-аас гэрээний үнэд төлсөн 60,996,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Ж.А-д олгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл нь дээрх хуульд нийцсэн байна.

 

7. Харин, гэрээ хугацаандаа биелэгдээгүйгээс гэрээний нөхцөл байдал өөрчлөгдөж, хариуцагч тал гэрээнээс татгалзсан явдалд нэхэмжлэгчийн буруу байхгүй тул гэрээ байгуулсан 2020 оны 03 дугаар улирлаас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны алдангид 30,254,016 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            8. Анхан шатны шүүх талуудын төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцон хуваарилсан байх тул зохих өөрчлөлтийг оруулна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн         167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/00609 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 91,250,016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгож, нэхэмжлэгч Ж.А-ын хариуцагч Т ХХК-д холбогдох Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Төгс орчин хотхоны 286 байр Б блокийн 00 тоот4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах болон алдангиас үлдэх 20,328,984 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.А-аас улсын төлсөн 552,500 төгрөгөөс төлбөл зохих 482,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Т ХХК-аас төлсөн 398,440 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 373,710 (дутуу төлсөн 64,490+309,220) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 552,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

 

       ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ