Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00728

 

 

 

 

 

 

             

    2024          04            10                                       210/МА2024/00728

 

 

ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/00845 дугаар шийдвэртэй,

 

ын нэхэмжлэлтэй

ххххд холбогдох,

 

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч хххх, хариуцагчийн өмгөөлөгч х, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ххххтай 2020 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр охин хххх төрсөн.

 Намайг 7 сартай жирэмсэн байхад хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдахад тэрээр “наадхаа гаргаад надад өгчхөөрэй” гэж хэлээд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хаяж явсан. Охин бид хоёрт анхаарал халамж тавих нь битгий хэл, эмнэлэг дээр ирээгүй, эмнэлгээс гарснаас хойш би түүнээс гуйж байж охины пампарсны мөнгө гэж 180,000 төгрөг, 300,000 төгрөг өгсөн.

хххх 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө намайг зодсон тул би Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин ххххг эх миний асрамжид үлдээж, эцэг ххххгаас 500,000 төгрөгийг өгөх боломжтой гэсэн тул энэ хэмжээгээр тэтгэлэг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ххххг эх ын асрамжид үлдээж,

 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар ххххг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ххххгаас тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 115,236 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ххххгаас 115,236 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. хххх би ххххххххд итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан боловч 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралд оролцоогүй. Шүүх хариуцагч миний тайлбар татгалзлаа нотлох мэтгэлцэх боломжийг олгоогүй.

4.2. Би той хамтын амьдралтай байсан нь үнэн бөгөөд анх танилцахдаа “би хоёр хүүхэдтэй том хүүхдийн эцэг нь автын ослоор нас барсан” гэхэд нь би итгэж аль болох хайр халамж, мөнгө санхүүгээр дутаахгүй сайн эцэг, сайн нөхөр байна гэж итгэж амьдарсан. Гэвч том хүүхдийн эцэг нь амьд сэрүүн байдаг бөгөөд өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болох нь ил болсноос үүдэлтэй маргаан гарч жирэмсэн байхдаа өөрөө намайг хөөж явуулсан. Тухайн үед би олон удаа гуйж эвлэрэх оролдлого хийж байсан ч намайг хүлээж аваагүй, хүүхэдтэйгээ нэг ч удаа уулзуулж байгаагүй.

4.3. Бидний харилцаанд хүүхэд буруугүй, минийх ч бай өөр хүний хүүхэд байсан хамаагүй 18 нас хүртэл нь тэжээн тэтгээд явахад татгалзах зүйлгүй гэж бодож байсан боловч надад “чамаар хүүхдээ овоглохгүй, чиний хүүхэд биш, эцэг нь өөр хүн байгаа чи дахиж миний амьдралд оролцох хэрэггүй” гэж хэлсэн. Үүнээс үзэхэд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх, миний хүүхэд биш бол бусдын хүүхдийг тэжээн тэтгэх үүрэг надад үүсэхгүй гэж үзэж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тайлбар татгалзлаа нотлох, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан.

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэг процессын алдаа гараагүй. ххххгийн зүгээс эцэг тогтоолгох тухай шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Гэвч шинжилгээ өгөх гээд 2 удаа цаг товлосон боловч өөрөө ирээгүй. Мөн шүүх хуралдаанд ирээгүй. ххххх гэх өмгөөлөгчид итгэмжлэл хийж өгсөн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 2 удаа ирээгүй учир хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар бичгээр гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү.

                                   

  ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч ххххд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч , хариуцагч хххх нар хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр охин хххх төрсөн болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, охин ххххг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.

5.1. Анхан шатны шүүх хариуцагч ххххд нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гардуулж өгсөн ба тэрээр шүүхээс тогтоосон хугацаа болох 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дотор тайлбар гаргаагүй.

5.2. Шүүх хариуцагчийн тайлбар гаргах хугацаа дууссанаас хойш 1 сарын дараа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасан.

5.3. Хариуцагч хххх 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ххххххххг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлж оролцуулахаар итгэмжлэл олгосон.

5.4. Шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххххххд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдэгдэж, тэрээр “Шүүх хуралдааны тов мэдэгдэх” баримтад гарын үсэг зурсан байна.

Иймд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдэлсэн, шүүх түүнийг тайлбар гаргах, татгалзлаа нотлох, мэтгэлцэх боломжоор бүрэн хангасан байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болжээ.

 

6. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2023/24490 дугаар захирамжаар хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлэх тухай хариуцагчаас гаргасан хүсэлтийг хангаж, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон байна.

6.1. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13/16 дугаар албан бичгээр “Шинжилгээний дээж өгөөгүй” гэж шинжилгээ хийх боломжгүй талаар мэдэгджээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2024/02088 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж шийдвэрлэсэнг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.8-д зааснаар хүүхдийн эцгийг тогтоох ажилллагаа онцгой ажиллагааны журамд хамаарах тул энэ талаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 5 сар гаруй хугацаагаар үргэлжилсэн, уг ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт зааснаар 90 хоногийн дотор явуулах хугацаа дуусчээ.

 

7. Анхан шатны шүүхээс охин ххххг эх ын асрамжид үлдээж, хүүхдэд тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг ххххгаас гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д тус тус заасантай нийцсэн байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/00845 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,036 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

     ШҮҮГЧИД                                        Э.ЭНЭБИШ                                                                       

                                                   Э.ЗОЛЗАЯА