Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 290

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Д.Пүрэвдагва

шүүгдэгч М.П-

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1905010450000 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 2-нд Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 3 дугаар хороолол, 10 дугаар байр, 000  тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Ж- овогт М-ын П-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М.П- 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 100000 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ж.Ш-тай хардалтын улмаас маргалдаж, түүний гарыг цохих, чимхэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Надад нэмж ярих зүйл байхгүй, эхнэртээ гар хүрч цохьсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа энэ тэрийг би ойлгож мэдсэн. Нэгэнт гэм буруугаа ойлгож байгаа учир өмгөөлөгч авах шаардлагагүй. Эхнэр бид хоёр гэр бүл болоод 26 жил болж байна. Манайх 20-26 насны гурван хүүхэдтэй гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Жанчивын Ш- “… 2019 оны 2 дугаар сарын 18-ны өглөө 08 цагт гэрээсээ гараад ажилдаа явсан. Би ажил дээрээ очоод нөхөр П- руу залгаж чи өнөөдөр амардаг өдөр юм чинь Пүрэвцэцэг эгч гэртээ лам авчирч ном уншуулна гэж байна лээ. Чи бас гэрт нь очоод ном уншуулаад заслаа хийлгээрэй гэж хэлсэн. Нөхөр за гэж хэлээд утсаа тасалсан. Би мөн дараа нь охин Энхзаяа руу утсаар залгаад нөхөртэйгөө очоод ном уншуулаарай аав чинь очино гэж хэлсэн. Ингээд орой 17 цагийн үед ажлаа тараад гэртээ харих гээд байж байгаад гэрийн түлхүүр байхгүй байсан болохоор нөхөр П- руу утсаар залгасан чинь утсаа авахгүй байсан. Би 2-3 удаа залгасан. Дахиад утсаар залгасан чинь утсаа аваад чи муу ингэж заваарч явдаг юм биз дээ гээд өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Чи юу яриад байгаа юм бэ би одоо гэртээ харьлаа гээд утсаа таслаад ажлаасаа гараад гэртээ харьсан. Ингээд гэртээ харих үед л нөхөр гэрт ирсэн байсан. Нөхөр 0.75 граммын нэг шил Ерөөл архи аваад гэрт ирсэн байсан. Намайг хараад хэл амаар доромжлоод байсан. Архиа задлаад аяганд хийгээд уусан. Би чи архи уухаа болиоч ээ, эрүүл үедээ ярилцаач гэж хэлсэн. Нөхөр мөн л хэл амаар доромжлоод байсан. Энэ үед охин Энхзаяа гаднаас орж ирсэн. Охин хоолоо идээд усанд орлоо гээд усан орсон. Нөхөр мөн архиа аягаар дүүргээд уугаад байхаар нь би мөн аяганд хийгээд 1 удаа уусан. Гэтэл хэл амаар доромжлоод зүүн гар руу 2-3 удаа цохьсон. Би дандаа чамд дээрлэхүүлж чадахгүй шүү гэж хэлээд ширээн дээр байсан халуун савыг аваад шидсэн. Нөхөр хажууд байсан сандлыг аваад намайг цохих гээд дайрсан. Энэ үед охин Энхзаяа нойлын өрөөнөөс гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэж асуугаад аавыгаа арагдаад зогсож байтал хаалга тогшоод цагдаа ороод ирсэн. Хажуу айл цагдаа дуудсан юм шиг байна лээ. Цагдаа юу болсон талаар асуугаад нөхрийг аваад явна гэхээр нь охин тайлбарлаж хэлээд аваад үлдсэн. Маргааш өглөө нь би нөхөртөө хэлсэн чи одоо болиоч ээ, 50 нас хүрлээ гэж хэлээд ажилдаа явсан. Би 10 цагийн үед нөхрийн эгч Пүрэвцэцэг хүү утсаар залгаад та нар чинь ямар хүнд үзүүлсэн юм бэ би өөр хүнтэй уулзаад явсан удаа байхгүй П- уурлаад бөөн юм боллоо гэж хэлсэн чинь өөдөөс хэл амаар доромжлоод уурлаад байхаар нь утсаа тасласан. Гэтэл мессежээр мөн хэл амаар доромжлоод байхаар нь шууд цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдөл өгсөн” /хх-н 20-22/ гэж,

гэрч П-ийн Э “... аав, ээж хоёр амралтанд яваад ирье гээд хоорондоо юм яриад эвтэй байсан. Би хоол идээд усанд орж байтал хоорондоо хэрэлдээд ээж хашгираад юм авч шидээд эхэлсэн. Би уснаас гарч ирээд болиулаад эргээд усанд орсон. Гэтэл аав, ээж хоёр хоёулаа ойр орчимд байсан эд зүйлсийг авч шидээд хоорондоо хэрэлдэж байтал цагдаа орж ирсэн. Аав нэг жилийн өмнө ээжид гар хүрч байсан. Ээж тухайн үед цагдаад хандаж байгаагүй. Би 00-ын өрөөнөөс гарч ирэхэд аав ээжтэй зууралдсан, гарнаас нь чимхээд байсан” /хх-н 15-16/ гэж,

гэрч Гонгорын Б “... дуудлагын дагуу очиход эхнэр, нөхөр, охин гурвуулаа байсан. Нөхөр нь эхнэртээ агсарсан байдалтай, хоорондоо маргалдаж байсан” /хх-н 17/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Ж.Ш-гийн гэмтэлтэй холбоотойгоор Ж.Ш-гийн биед зүүн шуу, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын чигчий хурууны хумсны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн 2575 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 25/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч М.П-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.П-ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч М.П- бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ж.Ш- “... гомдолгүй, ... бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна. /хх-н 49/

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.П- цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч М.П- шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Ж- овогт М-ын П-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.П-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. М.П- торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. М.П- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Ш- гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.П-ид урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ