Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00658

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 01 210/МА2024/00658

 

 

С.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/00211 дугаар шийдвэртэй,

С.Ц-ын нэхэмжлэлтэй, Г ХХК, ТУЗ тус тус холбогдох,

Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай үндсэн,

2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,326,709 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би 2017 оноос хойш Г ХХК-ийнТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажилладаг байсан. Харин ТУЗ-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.

1.2. Хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, цуцлах тодорхой үндэслэл, нөхцөл байдал бий болсон бол түүнийг тогтоосны эцэст шийдвэрлэх ёстой байхад ийнхүү шийдвэрлээгүй байхаас гадна ТУЗ нь удирдамжийн дагуу асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх журмаа зөрчиж, намайг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл болон Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтыг зөрчсөн. Мөн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.1, 9.2 дахь хэсгүүдэд заасан нөхцөлийг зөрчсөн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосон болохыг нотолж байна.

1.3. Ц.Цолмон нь Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх, Э ХХК-иар хэлэлцэх асуудал, удирдамжгүй, төлөөлөн шийдвэрлэх эрхгүйгээр шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй. Би ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 7 хоногийн ажлын 5 өдөр ажилладаг, компаниас хөдөлмөрлөх орчин нөхцөлийг бүрдүүлж, ажил үүргээ гүйцэтгэх өрөө, ширээ, сандал, зөөврийн компьютер, бичиг хэрэгслийн зүйлс, ажил гүйцэтгэхэд хэрэгцээт зүйлсээр хангагдан ажиллаж байсан.

Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөл томилно гэж заасан. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэнээр ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллах боломжтой бөгөөд уг албан тушаал нь байнгын ажлын байр юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаагүй тул Г ХХК-ийн ТУЗ-д холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, харин Гашуун сухайт авто зам ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох эрх нь Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Э ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.17 дахь хэсэг, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн ажиллах нийтлэг журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тус тус зааснаар ТУЗ болон даргын эрхэд хамаардаг.

2.2. С.Ц нь Г ХХК-ийнТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд томилогдсоноос 6 сарын дараа Э ХХК-ийн охин компани болох Ш ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд давхар томилогдон 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж, цалин авдаг байсан тул хоёр талд байнгын ажлын байранд зэрэг ажиллах боломжгүй.

Иймд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын 09 дүгээр тогтоолоор ТУЗ-ийн нарийн бичгийн дарга С.Ц-ыг гишүүдийн саналыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1.С.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Г ХХК-ийнгүйцэтгэх захирлаар Ц.Б ажиллаж байсан. Тодруулбал, ажил олгогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд болох Ц.Б нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэх захирлаар томилогдон 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан. Гэтэл С.Ц нь Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Г ХХК-ийнТУЗ-ийн гишүүнээр томилогдож, ТУЗ-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор ТУЗ-ийн даргаар томилогдсон, Э ХХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан С.Э-тай Г ХХК-ийннэрийн доор байнгын ажлын байранд хийгддэг хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь эрх зүйн чадамжгүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь С.Э-д 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Г ХХК болон ТУЗ-ийгитгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгогдоогүй.

3.2. Г ХХК-ийндүрмийн 8.5 дахь хэсэгт ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг Компанийн тухай хууль болон Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.13-т зааснаар компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох эрх нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах бөгөөд Төрийн өмчит компанийн хувьд Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 80 дугаар тогтоолын хавсралт Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмын 3.7-д Энэ журмын 3.6-д заасан цалин хөлсний хэмжээг тухайн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, санхүү эдийн засгийн байдлыг харгалзан хувьцаа эзэмшигчдийн хурал тогтооно гэж заасан.

Цалин хөлсний хэмжээ нь хөдөлмөрийн доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна гэсэн зохицуулалт нь ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд хамааралтай ба Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн харьяалалд хамаарах байнгын бус ажлын байр юм. С.Ц нь Г ХХК-ийнТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд томилогдсоноос 6 сарын дараа Э ХХК-ийн охин компани болох Ш ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд давхар томилогдож 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр С.Эрдэнэбулгантай хөдөлмөрийн гэрээ байгуулж өөрийн цалин хөлсийг 2,500,000 төгрөгөөр тогтоолгон 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээг үндэслэж өөрийн цалин хөлсийг сарын 2,100,000 төгрөгөөр ТУЗ-ийн төсөвт суулгуулах замаар 43,558,687 төгрөгийг холбогдох дүрэм, журмыг зөрчин хүлээн авсан.

3.3. С.Ц нь 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Г ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албанд хандан ажлаас чөлөөлөгдсөн, хамрын дайвар хөндийн хагалгаанд орох болсон тул 6 сарын цалин хөлстэй тэнцэх буцалтгүй тусламж хүссэн өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу Г ХХК-ийнгүйцэтгэх захирал асан С.Э 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/73 тоот тушаалаар 3 сарын цалинтай тэнцэх буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасны дагуу 5,326,709 төгрөгийг шилжүүлсэн. С.Ц нь буцалтгүй тусламж хүссэн өргөдөлдөө өөрийн хувийн байдлыг нотолсон эмнэлгийн ямар нэгэн магадлал баримт хавсаргаагүй бөгөөд гүйцэтгэх захирал С.Э нь буцалтгүй тусламж олгосон нь хууль, дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаагүй, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл болсон.

Мөн Хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилтанд олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламж нь гагцхүү Г ХХК-ийн үндсэн ажилтанд хамааралтай зохицуулалт бөгөөд тус журамд өргөдөлд дурдсанчлан хагалгаанд ороход 3 сарын тэтгэмж олгох тухай зохицуулалт байхгүйгээс гадна гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дүгээр тогтоол, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолуудын бүтэц орон тооны задаргаанд Г ХХК-ийнүндсэн ажилтанд нарийн бичгийн орон тоо байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,326,709 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. С.Ц нь 2017 оны 4 дүгээр сараас тус компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхлээд 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн байх бөгөөд хөдөлмөрийн харилцаа үүсгэхгүйгээр ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллах боломжгүй. Мөн С.Ц нь өдөр бүр ажилдаа ирж, цаг бүртгүүлэн, сар бүр цагийн бүртгэлээ нягтлан бодогчид өгч, цалингаа авдаг байсан. Энэхүү нөхцөл байдал нь талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нараас хүлээн зөвшөөрч, чөлөөлөгдөх хүртэл цалинг нь өгч байсан. С.Ц-ыг 4 жил гаруйн хугацаанд ажиллуулж байсан атлаа хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгохоор заасан бөгөөд С.Ц нь Г ХХК-ийнбайрлаж буй оффист ТУЗ-ийн нарийн бичгийн даргын чиг үүргийг ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил олгогчоос хариуцуулж өгсөн техник хэрэгслээр ажлаа хийж сар бүр цалингаа авч, амралтын болон бусад урамшуулал, нэмэлт хөлсийг холбогдох журмын дагуу авч байсан.

4.2. Хариуцагч нарын зүгээс бодит нөхцөл байдлыг шүүхэд өөрөөр тайлбарлаж байх бөгөөд түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Тодруулбал, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын бичлэгийг хариуцагчаас гаргуулахаар хүсэлт гаргахад устсан гэсэн атлаа шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын бичлэгийг гаргаж өгсөн. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ТУЗ-ийн хурал дээр урамшуулал олгох талаар яригдсан бөгөөд 5,326,709 төгрөг нь ТУЗ-ийн тогтоолоор урамшуулал болон амралтын мөнгө гэж орсон.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Гашуун сухайт авто зам ХХК болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай С.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Цт холбогдох 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,326,709 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Гашуун сухайт авто зам ХХК болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдсөн. Учир нь шүүх хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн атлаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон дээр хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.12 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тодруулбал, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл гэх нотлох баримтыг хариуцагч талаас гаргасан бөгөөд уг тэмдэглэлд бичигдсэн зүйлс үнэн зөв эсэх дээр маргадаг. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.12-т Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд хуралд оролцсон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурах бөгөөд тухайн тэмдэглэлийн үнэн зөвийг тухайн хурлын дарга хариуцна гэж зааснаас үзвэл ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд оролцсон бүх гишүүд заавал гарын үсэг зурах ёстой байхад ТУЗ-ийн гишүүдийн гарын үсэггүй нотлох баримтыг үнэлсэн.

6.2. Тус компанийн ТУЗ-ийн дарга Ц.Ц нь Э ХХК-ийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа гишүүн бөгөөд Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмийн 3.1.3-т төрийн өмчийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлж байгаа этгээдээс баталсан удирдамж, заавар, олгосон эрх хэмжээ хүрээнд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх, мөн журмын 5.1-д Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцох төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгч этгээд нь төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчээс өгсөн удирдамж, зааврын дагуу ажиллана 5.2-т Хуульд нийцсэн удирдамж, зааврыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй нь энэ журмын 5.1-д заасан этгээдийн төрийг төлөөлөх эрхийг дуусгавар болгох үндэслэл болно гэж, мөн Э ХХК-ийн төлөөллийг охин болон хараат компанид хэрэгжүүлэх тухай журмын 3.1.3-т Э ХХК-ийн баталсан удирдамж, олгосон эрх хэмжээний хүрээнд төлөөллийг тухайн охин болон хараат компанид хэрэгжүүлэх гэж тус тус зааснаас үзэхэд Ц.Ц нь тухайн ТУЗ-ийн хурлын удирдамжийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд удирдамжид нарийн бичгийн даргыг чөлөөлөх талаар заагаагүй байхад үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль, журмыг зөрчсөн.

6.3. ТУЗ-ийн хуралд оролцсон гишүүдийн гарын үсэг зураагүй нөхцөл байдлыг зөвтгөхдөө Коронавируст халдвар Ковид-19-ийн цар тахалтай холбож дүгнэсэн байдаг бөгөөд уг хурал 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаад хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болсон байхад тэмдэглэлийг хариуцагчаас зөвтгөөгүй нь шүүхийн дүгнэлтийг мөн адил үгүйсгэнэ. Түүнчлэн хурлын ярианы бичлэгт үзлэг хийлгэсэн бөгөөд тус бичлэгт нэхэмжлэгчийг 2 компанид давхар ажиллаж байгааг буруутгасан зүйл яригдаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглоно гэж заасан энэ тохиолдолд дээрх зүйлд заасанд хамаарахгүй. Би тус компаниудад ажилд орохдоо Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг явуулсан бөгөөд хариу ирснээр тухайн албан тушаалд томилогдож байсан.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Г ХХК, ТУЗ тус тус холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,326,709 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гарган маргажээ.

 

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

3.1. Г ХХК-ийнТөлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай тогтоолоор тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд С.Ц-ыг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр томилж, улмаар уг ажил албан тушаал дээр ажиллуулахаар 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр талууд гэрээ байгуулсан. /хх4-7, 45/

 

3.2. Нэхэмжлэгч С.Ц нь Г ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа Ш ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаар тогтоолоор тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс давхар томилогдон ажилласан байх ба тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор нарийн бичгийн дарга С.Ц-ыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх197-198/

 

3.3. Хариуцагч Г ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Г ХХК-ийндүрмийн 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Ц-ыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь мөн чөлөөлсөн. /хх 3/

 

3.4. Улмаар Г ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор ажлын үр дүнг харгалзан ТУЗ-ийн даргын 3 сарын урамшуулалтай дүйцэхүйц хэмжээний мөнгөөр урамшууллыг нэхэмжлэгч С.Ц-т олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хх-ийн 50/

 

Дээрх шийдвэр нь Г ХХК-ийнТУЗ-ийн хуралд Э ХХК-ийн төлөөллийг хэрэгжүүлэгчийн баримтлах удирдамжийн 2.8.2-т заасантай харшлаагүйгээс гадна Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, 80.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

4. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

4.1. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний чиг үүрэг зорилго, гэрээгээр хүлээсэн талуудын эрх үүрэг, гэрээний шинж зэргийг харьцуулан дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ нь байнгын ажлын байранд тогтвортой үргэлжлэх үүрэг үүсгэдгээс гадна цалин хөлс, ажиллах цаг харьцангуй тодорхой байдаг бол хөлсөөр ажиллах гэрээ нь гэрээгээр тохиролцсон үндсэн үүргийн хүрээнд холбогдохоос бусад харилцан хамааралтай шинж байдаггүй буюу өдөр тутамд байнгын хэрэгцээ үүсдэггүй, тодорхой хэрэгцээт ур чадварыг шаарддагаараа хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай.

 

4.2. Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч байгууллагад ажиллах хугацаанд өөр компанид давхар ажил эрхэлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргахгүй байх тул түүнтэй байгуулсан гэрээ нь хөдөлмөрийн гэрээний харьцангуй тогтвортой үргэлжлэх, ажиллах цаг, захирах, захирагдах зэрэг харилцан хараат шинжийг агуулахгүй байна.

 

4.3. Г ХХК-ийнТөлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлаар ...тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Ц-ын Шивээ-Овоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг давхар гүйцэтгэж, цалин хөлс авсан байдлыг танилцуулж, цаашид түүнтэй хамтарч ажиллах талаар санал хураахад Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын саналыг бусад 8 гишүүнээс дэмжиж, улмаар С.Ц-ыг мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. /хх-ийн 83-84/

 

Дээрх шийдвэр хүчин төгөлдөр байхаас гадна Г ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нь Э ХХК-ийн төлөөллийг хэрэгжүүлэгчийн баримтлах удирдамжийн 2.8.2-т заасанд харшлаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

4.4. Учир нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2 дахь хэсэгт Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно гэж заасан. Иймд Г ХХК-ийнТөлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4.5. Мөн Г ХХК-ийнТөлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлын тэмдэглэлд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хурлын болон нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан нь Компанийн тухай хууль зөрчөөгүй байхаас гадна Төлөөлөн удирдах зөвлөлийг ээлжит хурал хийгээгүй гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

5.1. Хариуцагч Г ХХК, ТУЗ-дөөс нэхэмжлэгч С.Цт холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,326,709 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

5.2. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн тул анхан шатны шүүхийн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа хүчин төгөлдөр гэж дүгнэснийг залруулан дүгнэв.

 

5.3. Учир нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийг төлөөлж С.Эрдэнэбулган гарын үсэг зурсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тэрээр хариуцагч байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд болох нь тогтоогдсон боловч нэхэмжлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байдал болон ийнхүү ажиллаж байсан байдлыг байгууллага хүлээн зөвшөөрч ТУЗ-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлаар авч хэлэлцсэн зэргийг анхан шатны шүүх харьцуулан дүгнэж Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзэх тул гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв.

 

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасан үндэслэлд хамаарахгүй.

 

5.4. Харин Г ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч С.Ц-ын ажлын үр дүнг харгалзан ТУЗ-ийн даргын 3 сарын урамшуулалтай дүйцэхүйц хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Хасбанк дахь Г ХХК-ийн ххххххх тоот данснаас ХААН банк дахь нэмжлэгчийн хххххх тоот дансанд 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ТУЗ-н урамшуулал гэх 5,326,709.16 төгрөгийг шилжүүлсэн нь төлбөрийн даалгавар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн хүснэгтээр нотлогдож байна. /2-р хх-ийн 2-3/,

 

5.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг дагуу тус компанийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэбулганы 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар олгогдоогүй, хариуцагчийн энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул мөнгийг буцаан шаардах үндэслэлгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу биш байна. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

6. Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Г ХХК, ТУЗ тус тус холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасан.

 

6.1. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг 74,672,193 төгрөгөөр тооцон улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/00211 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заасныг баримтлан хариуцагч Г ХХК болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай С.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 531,311 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтий хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ