Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00657

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00657

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 01 210/МА2024/00657

 

 

Г.Н-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00484 дугаар шийдвэртэй

Г.Н-ийннэхэмжлэлтэй, Э ХХК-д холбогдох

Тушаал хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, холбогдох шимтгэл, татварыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би Э ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан мэдээлэл технологийн инженерийн ажилд орсон. Гэтэл Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29 дугаар тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан миний ажиллаж байсан ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Гэтэл миний ажиллаж байсан ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох үндэслэл болсон ажлын байр хасагдсан зохицуулалтанд хамаарахгүй. Мөн Э ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй, компанийн үйл ажиллагааны дийлэнх хэсэг мэдээллийн технологи, программ хангамж дээр суурилж явддаг тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг бүхэлдээ хасагдах боломжгүй. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо миний ажиллаж байсан ажлын байр хэрхэн хасагдсан талаарх үндэслэл бүхий тайлбар гарган тушаалыг надад танилцуулаагүй.

1.2. Э ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаснаар 2023 оны 3 сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцээд ажил олгогчийн төлөөлөл эвлэрэн хэлэлцэх боломжгүй болохыг тодорхойлж хуралдааны тэмдэглэл гарсан. Мөн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргахад ажил олгогч нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж өмнө ажиллаж байсан ажилтнуудаа сонгон шалгаруулалтанд оролцохыг зөвлөн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрсөн. Комиссын бүрэлдэхүүн ажлаа хийж байсан ажилтнуудаа бүтцийн өөрлөлт нэрээр халж, сонгон шалгаруулалт хийсэн нь хуульд нийцэж байгаа эсэхийг дахин харах шаардлагатай, мөн талууд харилцан тохиролцож эвлэрэх боломжгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн.

Иймд Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор Э ХХК-ийг нэгдлийн хэмжээнд төрийн өмчит компаниудын толгой компаниар томилон төрийн өмчийн төлөөллийг Э ХХК хэрэгжүүлэх, менежментийн чиглэлийн үйл ажиллагаа явуулна гэсэн үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулаад дүрмийг нь шинэчлэн баталсан. Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 56 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан. Дээрх тогтоолуудад үндэслэн Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, улмаар мэдээлэл технологийн инженерийн ажлын байрны орон тоо хасагдсан.

2.2. Орон тоо хасагдсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Г.Н-д 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/980 тоот албан бичгээр 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдсэн. Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлын хүрээнд Э ХХК-ийн нийт 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болсон тул нээлттэй зарласан ажлын байрнуудаас тавигдах шаардлагыг хангаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжийн талаар тус мэдэгдэлд дурдсан. Хэрэгт авагдсан мэдэгдэлд Э ХХК-ийн нийт 88 ажлын байранд Засгийн газрын шийдвэрээр сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул тавигдах шаардлагад нийцсэн ажлын байранд сонгон шалгаруулалтад оролцох боломжтой талаар дурдсан. Бүх ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан учраас тухайн сонгон шалгаруулалтад оролцоод тэнцвэл ажилд авах талаар хэлсэн нь ажлын байр санал болгосон нэг хэлбэр үзэж байна.

2.3. Г.Н нь тус компаниас нээлттэй зарлагдсан өөр ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан боловч оролцоогүй, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн хэлцлийн 1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авахаар ажил олгогчтой харилцан тохиролцсон. Ажил олгогч нь Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тодорхой шалтгааны улмаас зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Г.Н-ийн ажиллаж байсан мэдээлэл технологийн инженерийн ажлын байр хасагдсан, тухайн чиг үүрэгтэй орон тоо тус компанид байхгүй. Мэдээллийн технологийн инженер болон техник хангамжийн инженер гэсэн ажлын байрууд нь зорилго, зорилтын хувьд ч гэсэн өөр байдаг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Э ХХК-д холбогдох тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 32,397,338.28 төгрөг гаргуулах, холбогдох татвар шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Г.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Г.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Г.Н-ид 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн боловч Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан Э ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу өөрийн чиг үүрэгт хамаарах ажлын байрны сонгон шалтаруулалтанд оролцох, сонгон шалгаруулалтанд тэнцээгүй, оролцоогүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгохыг мэдэгдэж байна гэсэн.

Гэтэл шүүхийн шийдвэрт ...хариуцагч Э ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Г.Н-ид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдлийг гардуулж, нэхэмжлэгч Г.Н хүлээн авч гарын үсэг зурсан. Харин уг мэдэгдэлд Э ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журмын дагуу өөрийн хариуцсан чиг үүрэгт хамаарах ажлын байрны сонгон шапгаруулалтанд оролцох талаар дурдсан нь уг мэдэгдлийг хуульд нийцээгүй гэх үндэслэл болохгүй гэснээс өөр үндэслэл дурдаагүй. Нэхэмжлэгчид ирсэн мэдэгдэлд ажлын байр хасагдсан гэж дурдаагүй, чиг үүрэг өөрчлөгдсөн гэж дурдсан нь хуульд заасан үндэслэл бий болоогүйг харуулж байна.

Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгох гэж байгаа бол тухайн тодорхой ажлын байран дээр мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсоны дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл бий болно. Харин тэнцэхгүй болсон нь тогтоогдсон болон ажилтанд мэргэжил ур чадвараа дээшлүүлэхийг шаардахад түүнийг биелүүлээгүй талаар баримт байдаггүй. Мэдэгдэл нь ажил олгогчийн ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, тухайн ажилтан мэргэжил, ур чадвар, гүйцэтгэлийн хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг үндэслэлүүдийн аль үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож буй нь тодорхойгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад шүүхээс хэлбэрийн шаардлага хангасан гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.2. Шүүх хуралдааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан бөөнөөр халах үйл явц мөн болохыг хүлээн эөвшөөрдөг. Ажил олгогч нь өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тодорхой шалтгааны улмаас зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргах эрхтэй хэдий ч ийнхүү ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл, хамрагдах ажилтны нэр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох өдрийн тухай мэдэгдэж, бөөнөөр халах асуудлаар хийх хэлэлцээгээр ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж хуульд заасан.

Гэтэл шийдвэрт ажил олгогчийг төлөөлж С.Б, Б.Г, Б.П, ажилтнуудыг төлөөлж О.Т, А.Б, Б.Т, Б.Ц, Г.Э, Л.М нар Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан халагдах ажилтны тоог багасгах, тухайн аж ахуйн нэгж, байгүуллагад байгаа сул орон тоонд ажилтан шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлаар хэлэлцээр хийсэн болох нь ажилтны төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хэлэлцээрт Г.Н оролцоогүй байхаас гадна уулзалтад ажил олгогч шууд ажлаас чөлөөлсөн тул тэтгэмжийн асуудлыг хэлэлцэнэ, ажилтнуудын тавьж буй бусад асуудлыг хэлэлдэхгүй гэж хариу өгч, өөрсдийн саналыг тулгасан байхад шүүх хэлэлцээр хийсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

Ажил олгогч нь хуульд заасан үүргээ биелүүлсэн болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлоогүй, хэлэлцээр хийсэн талаар баримт байхгүй. Хуулиар хүлээсэн хэлэлцээр хийх үүргээ ажил олгогч гүйцэтгээгүй болохыг шүүхээс хийсэн мэтээр өрөөсгөл дүгнэсэн, мөн ажлаас халах мэдэгдэл хүргүүлэх үедээ сонгон шалгаруулалтанд ороорой гэсэн мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсэгт заасан Ажил олгогч бөөнөөр халснаас хойш нэг жилийн дотор шинээр бий болсон, эсхүл нэмэгдсэн ажлын байранд энэ хуулийн 81.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь цуцлагдсан хүн тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд түүний хүсэлтээр эхний ээлжид авч ажиллуулна гэсэн үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй. Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 /13 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр хапамж, үйлчилгээний хэлтэст болон Монголын үйлдвэрчний эвлэлд жагсаалтанд дурдсан 47 ажилтныг хөдөлмөрийг гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр сарын 81.6-т бөөнөөр халах шийдвэр гаргасан өдрөөсөө хойш 30 хоногийн дотор харъяа байгууллагад бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Г.Н-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр 2023 оны 2 дугаар сарын 08-ний өдөр гарсан байдаг бөгөөд үүнээс хойш ажил олгогчийн зүгээс хуульд заасан үүргээ биелүүлж мэдэгдэл хүргүүлсэн нотлох баримт байхгүй. Уг маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий үйл баримт, энэ талаарх баримтыг дутуу буюу үнэлээгүйд гомдолтой байна. Мөн Геологи уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн 2.1 дэх заалтад Ажилтнуудыг бөөнөөр халах, хөдөлмөрлөх нөхцөл байдлыг дордуулахад нөхцөл байдал үүссэн тохиолдолд аж ахуй нэгж, байгууллага нь 45 хоногийн өмнө холбогдох үйлдвэрчний эвлэлийн байгууллагад урьдчилан мэдэгдэж, ажилтны хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хангах, нийгмийн хамгааллын талаар тусгай гэрээ байгуулж, орон нутгийн хөдөлмөр зохицуулалтын албанд бичгээр мэдэгдэнэ. Ажил олгогч ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтны хууль ёсны эрхийг хамгаалах байгууллага болох Үйлдвэрчний эвлэлийн хооронд албан ёсоор мэдэгдэнэ гэсэн байдаг. Э ХХК нь Монголын үйлдвэрчний эвлэлийн байгуулагад бүртгэлтэй үйлдвэрчний эвлэлттэй хамтын гэрээ байгуулсан. Тус хамтын гэрээгээрээ бөөнөөр халах үйл явц болвол ажил олгогч үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээр хийнэ гэдэг зохицуулалтыг оруулсан. Гэтэл хариуцагч болох Э ХХК энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй.

4.3. Ажилтныг ажлаас халсан үндэслэлээ ажил олгогч нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрыг хасах болсон үндэслэлээ баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Мэдээлэл технологийн инженерийн ажлын байрны чиг үүрэг нь нэршлийн хувьд Техник хангамжийн инженер болж өөрчлөгдөн тухайн ажилтан байрны тодорхой чиг үүргүүд тусгагдсан талаар ажлын байрны зорилго тус бүрээр шүүх хуралдааны явцад тайлбарлан өгч харьцуулалт хийсэн атал шүүгч нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хасагдсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

Учир нь шүүхийн шийдвэрт нэхэмлслэгч Г.Н нь Мэдээллийн технологийн инженер ажлын байранд компанийн мэдээллийн системийн программ хангамж, хэрэглээний программ хангамж, техник хангамжийн тохиргоонуудыг хиих, компъютерын сүлжээ болон түүнтэй холбооотой орчинд засвар үйлчилгээ хийх, засварлах, оношлох, асуудлыг шийдвэрлэх талаарх сүлжээний хэрэглэгчид хамтран ажиллах, сервер комьпютерын сүлжээнд нэвтрэх, ашиглалтыг хариуцан ажиллах зорилгын хүрээнд программ хангамж, техник хэрэгсэл, системийн асуудлуудыг оношлох, засварлах, компанийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааныг хангах, ашиглалтыг хариуцах, Компани, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжинд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 16 чиг үүрэгийг хэрэгжүүлэн ажиллаж байсан болох нь Мэдээллийн твхнологи, олон нийттэй харилцах хэлтсийн Мэдээллийн технологийн инженерийн ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдсон.

Харин шинэчлэгдсэн бүтцээс батлагдсан Мэдээллийи технологийн хэлтсийн Техник хангамжийн инженерийн ажлын байранд компанийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж систем техник болон программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах, ажилтнуудад программ, техник хангамжийн зааварчилгаа, зөвлөгөө өгөх, компанийн мэдээллийн технологийн талаар баримтлах нэгдсэн бодлого, чиглэл төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай мэдээллийн систем, программ хангамжийг нэвтрүүлэх техник хангамжийн бэлэн байдлыг хангах зорилгыи хүрээнд мэдээллийн технологийн гэрээ байгуулах, хянах, үр дүнг тогтоох, мэдээллийн технологийн орчны хэвийн ажиллагаа, үндсэн суурь системүүд, виртуал сүлжээний орчны хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн технологийн бодлого, аюулгүй байдлыг судалгаа хийх, шинэ технологи нэвтрүүлэх, энэ чиглэлээр дүрэм, журам боловсруулах, шинэчлэх мэргэжил арга зүйгээр хангах, компани нэгжийн үйл ажиллагаанд дэмжэг үзүүлэх, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд 27 чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар Мэдээллийн технологийн хэлтсийн техник хангамжийн инженерийн албан тушаалын тодорхойлолтод заасан.

Гэтэл шинээр батлагдсан орон тоо гэх техник хангамжийн инженерийн хэрэгжүүлж байгаа чиг үүргүүд нь нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд хийгдэж байсан Хэрэглээний программ хангамж болон техникийн програм хангамжийн тохиргоо, компьютерийн сүлжээ түүнтэй холбоотой орчинд засвар үйлчилгээ хийх, шаардлагатай тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсгүүдийг шинэчлэх ажлыг зохион байгуулах, 2 дугаар зорилтын хүрээнд Компанийн сервер, компьютерийн сүлжээнд нэвтрэх, ашиглалтын ажлыг хариуцан ажиллах, вирусээс хамгаалах программ хангамж, цахим хаягийн программ хангамжийг хадгалах, тохируулах хянаж ажиллах, системд шаардлагатай тохируулгыг хийж, сүлжээний гүйцэтгэлд хяналт тавих, программ хангамж, компыотерийн техник хангамж, үйлдлийн системийн программ хангамжийг тохируулах, ажлыг хариуцан ажиллах зэрэг чиг үүргүүдийн хэрэгжүүлэлтийн илүү нарийвчлан дэлгэрүүлж бичсэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр шууд нэхэмжлэгчийн ажлыг байр хасагдсан байна гэж нотлох баримтыг буруу дүгнэсэн.

Иймд шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Э ХХК-ийн ТУЗ-ийн тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан тушаалд Г.Н-ийнмэдээллийн технологийн хэлтсийн чиг үүрэг өөрчлөгдөж ажлын байр хасагдсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн чиг үүргийг Э ХХК хэрэгжүүлэн 30 хоногийн өмнө дээрх ажилтанд мэдэгдлийг гардуулсан. Ажилтнуудаас төлөөлөл дундаас төлөөлөгчөө томилж, хэлцэл байгуулагдсан. 19, 20-ны өдрийн 2 удаагийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Мөн дүүргийн болон Үйлдвэрчний эвлэлд хуульд заасан шаардлагын дагуу мэдэгдлийг хүргүүлсэн. Ажлын байр, орон тоо хасагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч талаас Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг оролцуулаагүй гэж ярьдаг. Э ХХК анх 2018 онд хамтын гэрээ байгуулж, Үйлдвэрчний эвлэлтэй болсон. Түүнээс хойш Үйлдвэрчний эвлэлд сонгогдож хүмүүс ажиллаж байсан боловч 2022 оны байдлаар Үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаа явуулаагүй. 2022 оны 07 дугаар сард Улсын бүртгэлээс Э ХХК-ийн Үйлдвэрчний эвлэл сүүлийн 7 жил үйл ажиллагаа явуулдаггүй тул хасалт хийсэн. Тухайн үед Үйлдвэрчний эвлэл Э ХХК-д байхгүй байсан тул ажил олгогчийн зүгээс та нар хүчээр эвлэлдэн нэгдээд Үйлдвэрчний эвлэлээс төлөөллөө томил гэх шаардлагыг тавих боломжгүй. Энэ бүхнийг ажилтнууд мэдэж байсан тул дундаасаа төлөөллөө томилоод хэлцлүүдийг хийгээд, ажилтнуудад өгөх тэтгэмж хамтын гэрээнд заасны дагуу 3 сар нэмэгдэж олгосон.

5.2. Г.Н-ийнажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг нь ажилтнуудын компьютерыг засах, сүлжээ эвдрэх юм бол сүлжээ засах гэх мэт техникийн шинтэй ажлуудыг хийдэг байсан. Э ХХК нь 30 охин компанитай болоод нэгдлийн зохион байгуулалттай ажилладаг болсноос хойш Г.Н-ийнхийж гүйцэтгэж байсан ажлын байр хасагдсан. Техник хангамжийн инженерийн хийдэг байсан ажлуудыг Мобиком корпораци ХХК, Юнител групп ХХК эсхүл мэргэжлийн мэдээлэл технологийн компанитай сар бүр гэрээ хийж, мэргэжлийн компаниар хийлгэдэг болсон. Өмнө нь Э ХХК-д мэдээллийн технологийн системүүд нэвтрээгүй байсан тул нэхэмжлэгч төрөл бүрийн жижиг деталь ажлуудыг хийдэг байсан. Э ХХК нэгдлийн хэмжээнд систем, үүлэн технологи нэвтэрснээр мэдээллийн технологийн хэлтсийн Г.Н-ийнхийж гүйцэтгэж байсан ажлын байр хасагдсан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа ажлын байрны чиг үүргийн хувьд төстэй байна гэж маргадаг. Энэ бол нэгдлийн хэмжээнд цахим хөгжил, харилцаа холбооны яаманд бодлого тодорхойлдог бодлогын шинжтэй чиг үүрэг хэрэгжүүлдэг ажлын байр юм. Мэдээллийн технологийн ажил нь программист гэвэл бүгдийг нь хийнэ гээд нарийн мэргэжлийн ажлуудыг хооронд нь хольж чиг үүрэг нь байх ёстой гэж тайлбарладаг. Э ХХК өмнө нэгдлийн зохион байгуулалттай менежментийн үйлчилгээ хийх чиг үүрэг батлагдахаас өмнө Г.Н нь Гашуун сухайт авто зам ХХК гэх охин компанийн Эрдэнэс таван толгой ХК-ийн нүүрсийг дамжуулж тээвэрлэдэг, зам дээр бүх хараа хяналтыг тавьдаг байсан. Э ХХК зөвхөн Компанийн тухай хуульд заасан ТУЗ-ын үйл ажиллагаа болон хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлдэг болсноор тус ажлын байр хасагдсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 32,397,338 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд нэхэмжлэгчийн ажлын байр бодитоор хасагдсан эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн эсэх, бөөнөөр халах үйл явцыг хуульд болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан журмын дагуу явуулсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

3. Хэргийн баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29 дүгээр тушаалаар Г.Н-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон мэдээлэл технологийн инженерийн ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. /хх-ийн 4, 8-14/ 

 

3.2. Г.Нийг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Э ХХК-ийн дүрмийн 7.7.10, 7.7.12 дахь заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоол, Хөдөлмөрийн гэрээний 9.2.2.7 дахь заалтыг баримталж ...мэдээлэл технологийн инженерийн орон тоог хассан... гэх үндэслэл заажээ. /хх4/

 

3.3. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор Э ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан байх бөгөөд уг дүрмийн 5.12.6-д толгой компанийн зохион байгуулалтын бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, мөн дүрмийн 7.7.9-т толгой компанийн бүтэц, зохион байгуулалтын талаар санал боловсруулж, баталсан орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасан байна. /хх 55-62/

 

3.4. Дээрх тогтоолыг үндэслэн Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор компанийн нийт орон тооны дээд хязгаарыг 2 дугаар хавсралтаар нийт 91 байхаар баталсантай холбоотойгоор Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталжээ. /хх 41-45/

 

3.5. Ажил олгогч Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/145 дугаар тушаалаар Э ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журмыг баталж, Мэдээлэл технологийн хэлтсийн техник хангамжийн инженерийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлажээ. /хх 109-117/

 

3.6. Улмаар ажил олгогч Э ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/980 дугаартай мэдэгдлээр компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцож болохыг мэдэгдэж, сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцээгүй, оролцоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, хөдөлмөрийн гэрээний 9.2.2.7, 9.2.2.8-д зааснаар ажилтан Г.Нтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгджээ. /хх-30/

 

3.7. Э ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/13 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандан ... компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж зарим газар хэлтсийг татан буулгах, нэгтгэх, зарим ажлын байр, орон тоог хасах шийдвэр гаргасантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6 дахь хэсэгт заасны дагуу компанийн гүйцэтгэх захирлын шийдвэрээр 47 ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх ажилтны жагсаалтыг хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд нэхэмжлэгчийн нэр орсон байна. /хх-ийн 97/

 

3.8. Улмаар ажил олгогчийг төлөөлж Э ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Н болон нэхэмжлэгч Г.Н нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 19 дугаартай хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцэлд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийг цуцалсны тэтгэмжийн хэмжээг ажил олгогчийн зүгээс нэмэгдүүлж, 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байна. /хх-29/

 

3.9. Э ХХК-ийг буюу ажил олгогчийг төлөөлж, С.Б, Б.Г, Б.П, ажилтнуудыг төлөөлж О.Т, А.Б, Б.Т, Б.Ц, Г.Э, Д.М нар оролцон 2023 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 80.3 дахь хэсэгт заасан Бөөнөөр халагдах ажилтны тоог багасгах, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтан шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлаар хэлэлцээр хийсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх172-179/

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

 

4.1. Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдийн А/61 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтсийг хэлтсийн дарга-1, мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн-1, мэдээлэл технологийн инженер-1, өгөгдлийн шинжээч-1, олон нийттэй харилцах мэргэжилтэн-1 байхаар орон тоог тогтоосон. Харин Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар дээрх тушаалыг хүчингүйд тооцон, Мэдээлэл технологийн хэлтсийг мэдээлэл технологийн хэлтсийн менежер-1, системийн инженер-1, техник хангамжийн инженер-1, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн-1 байхаар орон тоог өөрчлөн тогтоосон. /хх-ийн 41-49/

 

4.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тус тус үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Учир нь хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар тушаалаар баталсан мэдээлэл технологийн инженерийн ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар баталсан техник хангамжийн инженер ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан дүгнэхэд албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг агуулгын хувьд адил байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар ...ажлын байр хасагдсан... гэх үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, мэдээлэл технологийн инженерийн ажлын байрны тодорхойлолтыг техник хангамжийн инженерийн ажлын байрны тодорхойлолт болгон нэршлийн хувьд өөрчилсөн, тодорхойлолтод заасан чиг үүргийг нэмэгдүүлж тусгасан гэж үзэхээр байна.

 

4.3. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байр бодитоор хасагдсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

4.4. Иймд анхан шатны шүүх мэдээлэл технологийн инженерийн ажлын байр хасагдсан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон тул нэхэмжлэгч Г.Н-ийг ажлаас чөлөөлсөн Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Н-ийг Э ХХК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн техник хангамжийн инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

5. Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан түүнд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 103 дугаар зүйлийн 103.1.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Ажилтны дундаж цалин, хөлс тодорхойлох журам-ын 2.3-т тус тус заасныг баримтлан сүүлийн 3 сарын цалин, хөлсний дундажаар тооцон хариуцагч Э ХХК-аас 32,397,338 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Н-ид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00484 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-ийг Э ХХК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн техник хангамжийн инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Э ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 32,397,338 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Нид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын дурдсугай гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 319,937 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ