Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00760

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00760

 

ххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/00188 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххх ХХК, хххххх ХХК, хххххх ХХК-д тус тус холбогдох,

 

хххх ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 36,840,000 төгрөг, хххххх ХХК-аас 172 ширхэг ийнгл буюу барилгын хэв шахмал гаргуулж 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч хххх ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч хххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани хххх ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ххххх аймгийн хххххх сумын хх дугаар багт баригдах ххххх хороолол, ххххх театрын барилгын уурын зуухны ажлыг гүйцэтгэхээр болсон.

1.2. Гэрээгээр хххххх театрын барилгын уурын зуухны барилгын суурын угсралтын ажил, дүлий хана, шороон дүүргэлт хийх, шал цутгалтын ажил, 1, 2 дугаар давхрын карказ угсралт, 3 ширхэг уурын зуухны тогтоо тавих, тогтоо тойрсон багана, дам нуруу хийх ажлуудыг нийт 190,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон.

1.3. хххх ХХК нь бараа материалаар хангах үүргээ биелүүлэхгүй хугацаа хоцроож байсан. Тойрсон аяган сууриа хийж байтал материалгүй болоод ажил 1 сар зогссон.

1.4. 2022 оны 8 дугаар сарын 20-ны үеэр 2 захирал ирээд 18,000,000 төгрөг өгсөн, өмнөх ажлын хөлс 18,840,000 төгрөг дутуу байсан. Би өөрөөсөө 20,000,000 төгрөг гаргаж, дүлий ханаа хийж дуусгасан.

1.5. Бүх ажлууд м.кв аар тохирсон бөгөөд ажлууд тодорхой байсан. Бид хийсэн ажлаа фото зургаар баталгаажуулсан бөгөөд хххххх ХХК-д хүлээлгэж өгсөн.

Хариуцагч компанийн захирал нь ирэхгүй алга болсон, бид ажлаа үргэлжлүүлэхээр хххххх ХХК-д хэлсэн боловч ажлын хөлсийг өгөх боломжгүй гэсэн учир гэрээ цуцлагдсан.

1.6. Манай хийсэн ажлын үнэлгээний тухайд энэ хугацаанд суурийн угсралтын ажил /аяга болон хундага суур нийт 1248 м.кв талбай, дүлий хана 1248 м.кв талбай/ ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ажлын хөлс нь 94,000,000 төгрөг болсон. Үүнээс 57,160,000 төгрөг авсан учир үлдэг 36,840,000 төгрөгийг хххх ХХК-аас гаргуулж өгнө үү.

1.7. Хариуцагч хххххх ХХК-аас 172 ширхэг ийнгл буюу барилгын хэв хашмал булан төмрүүдийг гаргуулж, учирсан хохиролд 15,000,000 төгрөг нэхэмжилж байна.

Манай компани 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэн ххххххтэй түрээсийн гэрээг 2 сарын хуагцаатай байгуулж, 1 сарын түрээсийн төлбөрийг 1,932,000 төгрөгөөр тохирч, 172 ширхэг ийнгл буюу барилгын хэв хашмалын булан төмрүүдийг түрээсэлж, барилгын ажилд хэрэглэхээр авчирсан. хххххх ХХК нь хххх ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан, үндэслэлээр хэв хашмалуудыг битүүмжлэн хохироож байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

2. Хариуцагч хххх ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Тухайн ажил ямар үнэлгээтэй, уг ажлыг хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй.

Гэрээгээр ажлын хөлсийг гүйцэтгэлийн актаар тогтоож, өгөхөөр харилцан тохиролцсон.

Ийм акт байхгүй, нэхэмжлэгч нь яг ямар ажлын төлбөрийг төлөөгүй гэдгээ нотлох ёстой. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч хххххх ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Манай компани ххх ХХК-тай ямар ч гэрээ байгуулаагүй, талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Тухайн барилгын ажлыг хххх ХХК нь тусдаа гэрээ байгуулсан хийлгэж байсан нь үнэн.

хххх ХХК-тай шүүхийн шийдвэрийн дагуу авлагатай байгаа тул тухайн барилга дээр ашиглаж байсан 172 ширхэг буюу барилгын хэв хашмалын булан төмрүүдийг битүүмжилж, хураасан нь үнэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч хххх ХХК-аас ажлын хөлс 36,840,000 төгрөгийг, хариуцагч хххххх ХХК-аас 172 ширхэг ийнгл буюу хэв хашмалын булан төмрүүдийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ххх ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч хххххх ХХК-аас хохирол 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ххх ХХК, хариуцагч хххххх ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар үйлийн 57.1, 60.1, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ххх ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640,150 төгрөгөөр 575,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч хххх ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 342,150 төгрөгийг, улсын төсвөөс улсын тэмдэгттйн хураамжид илүү төлсөн 71,050 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ххх ХХК-д олгож, шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч хххх ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч болон хххх ХХК нарын хооронд тооцоо нийлсэн акт байхгүй, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг үнэлсэн шинжээчийн дүгнэлт айхгүй, фото зурагт тусгагдсан обьектод үзлэг хийлгүйгээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг үндэслэлгүйгээр 94,000,000 төгрөг гэж үзэн манай компаниас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн.

5.2. Шүүх хэргийг зөвхөн нотлох баримтад үндэслэн хуульд нийцүүлэн шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотолсон баримт гаргаагүй байхад зөвхөн түүний өгсөн фото зургийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг газар дээр нь очиж танилцах, эсхүл уг гүйцэтгэсэн ажлыг үнэлүүлэн шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа хэргийг шийдвэрлэх ёстой байсан.

5.3. Шүүх шийдвэртээ ямар хэмжээтэй ажил гүйцэтгэсэн талаар тодорхой дүгнээгүй.

Мөн хххх ХХК-ийг нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй талаар дүгнэсэн боловч нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлаа хариуцагчид хүлээлгэн өгөх үүргээ хэрхэн биелүүлсэн талаар дүгнээгүй.

Нэхэмжлэгч ажлаа хүлээлгэн өгөөгүй байхад хариуцагч хүлээн авах боломжгүй. Шүүх нэхэмжлэгчийн хүлээлгэн өгөөгүй үр дүнг хариуцагч компани хүлээн авах үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

5.4. Мөн шүүх нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгааг харгалзаж үзнэ үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх зохигчдийн мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангаж олон удаа шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагчийн эрхийг хангаж байсан хэдий ч хариуцагч тал үүргээ биелүүлээгүй буюу шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцсон боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт, хүсэлт, хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу хариуцагч тал нотлох үүргээ биелүүлээгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

6.2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага болон хийсэн ажил, төсвийн санхүүжилт дутуу олгосон зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэлдээ хавсарган шүүхэд гаргаж өгсөн. Мэтгэлцэх зарчим гэдэг нь нотлох баримтын хүрээнд явагдах ёстой атал хариуцагч тал нотлох үүргээ биелүүлээгүй учир хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Ажил хүлээлцсэн акт байхгүй гэж хариуцагч тал маргадаг. Гэтэл ажил хүлээлцэж, тооцоо хийе гэх саналыг нэхэмжлэгч тал удаа дараа гаргадаг боловч хариуцагч тал ажил хүлээлцдэггүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан захиалагчийн үүргээ хариуцагч тал биелүүлээгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч нь 3 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт заасны дагуу тухайн сонгосон хариуцагчийн хаягийн дагуу нэхэмжлэл гаргасан тул харьяалал зөрчсөн асуудалгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч хххх ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч ххх ХХК нь хариуцагч хххх ХХК, хххххх ХХК, хххххх ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан. ж, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хххххх ХХК-аас татгалзаж, хариуцагч хххх ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 36,840,000 төгрөг, хариуцагч хххххх ХХК-д холбогдуулан 172 ширхэг барилгын хэв хашмал гаргуулж, хохиролд 15,000,000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцсон байна.

 

Хариуцагч хххххх ХХК нь ажлын үр дүнгээ актаар хүлээлгэж өгөөгүй, гүйцэтгэсэн ажлын хэмжээ тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж, хариуцагч хххххх ХХК нь хариуцагч хххх ХХК-аас авлагатай учир тухайн барилга дээр ашиглаж байсан 172 барилгын хэв хашмал, булан төмрүүдийг битүүмжилж, хураасан гэж тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд маргажээ.

 

3. ххх ХХК, хххх ХХК нар 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 05 дугаартай ххххх аймаг, хххххх сумын хх дугаар баг баригдах, ххххххх хороолол, хххххх театрын барилгын уурын зуухны барилгын ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч ххх ХХК нь ххххх аймгийн хххххх сумын хх дугаар багт баригдах уурын зуухны угсралтын ажлыг хийж гүйцэтгэх захиалагч хххх ХХК нь ажлын хөлсөнд 190,000,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-10-15/

 

Мөн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр талууд дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ажлын хөлсийг гүйцэтгэлийн актаар хүлээн авсны дараа олгох, нийт ажлын хөлс 190,000,000 төгрөг, гүйцэтгэл хүлээлцэх акт үйлдэхэд холбогдох баримт бичиг бүрэн гүйцэт үйлдсэн байхаар харилцан тохиролцжээ. /хх-16/

 

4. Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

5. Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан үйл баримтад маргаангүй байна. Харин ажил гүйцэтгэлийн хэмжээ, ажлын хөлс шаардах эрхтэй эсэх талаар маргаж буй тохиолдолд хариуцагч нь гэрээний дагуу ямар ажил хийж гүйцэтгэх ёстой байсан, үүнээс ямар ажлыг нь хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын хэмжээ нь нэхэмжлэлд дурдсан үнийн дүнтэй нийцэж байгаа эсэх талаар талуудыг мэтгэлцүүлж хэргийг шийдвэрлэх байжээ.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/00188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч хххх ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД