Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00721

 

 

 

 

 

 

 

 

    2024         04            08                                    210/МА2024/00721

 

 

Ц.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/00102 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М ХХК-д холбогдох,

Барааны тэмдгийг хууль бусаар зөвшөөрөлгүй ашигласны хохиролд 284,565,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний аав Ц- нь 1976 оноос 1995 оныг дуустал ажиллахдаа Панкипсин эмийн бүтээгдэхүүнийг бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлж, одоо энэ бүтээгдэхүүн орсон 6 төрлийн эмийг зах зээлд худалдан борлуулж байна. 2019 онд иргэн Ж.А-, Д.С- нарын хамтаар уг бүтээлийг улсын бүртгэлд бүртгүүлж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасны дагуу шинэ бүтээлийн А/157-тай патентын гэрчилгээ авсан. Аав маань 2000 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нас барж улмаар уг Панкипсин эмийн барааны тэмдгийн гэрчилгээ нь Ц.А- надад өвлөгдөж ирсэн. Үүнээс хойш 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн МУ-ын Оюуны өмчийн газрын даргын А/157 тоот тушаалаар Панкипсин эмийн барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийн гэрчилгээг бидэнд олгосон. Гэтэл М ХХК нь өнөөдрийг хүртэл бидний нэр дээрх барааны тэмдгийг ашиглаж үйлдвэрлэл явуулж байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл юм. Миний хувьд уг бүтээлийн патентыг хууль ёсны дагуу эзэмших этгээдийн хувьд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т заасны дагуу М компанийн удирдлагад Панкипсин эмийн барааны тэмдэгийг ашиглах Лицензийн гэрээ байгуулах талаар удаа дараа утсаар ярьж, хамгийн сүүлд 2022-10 сард албан бичиг мэдэгдэл хүргүүлэхэд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр №143-тай албан бичгээр М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан даруй мэдэгдэнэ гэж хариу ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл лицензийн гэрээ байгуулахгүй хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байна. Иймд 6-н төрлийн Панкисин орсон бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаанд гаргаж ашиг олж барааны тэмдэг эзэмшигчийн эрх ашгийг хохироож тухайн бүтээлийг ашиглаж олсон ашигнаас миний 50 хувьд ноогдох 284,565,400 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Панкипсин гэдэг барааны тэмдэгтэй холбоотой маргаан нь анх Ж.Ц-, Ж.А-, Д.Сувд нар нь М нэгдэл Төрийн өмчит үйлдвэр байхад нь ажиллаж байсан эрдэм шинжилгээний ажилчид юм. Эдгээр хүмүүс нь ажиллаж байх явцдаа 1985 онд нутгийн үйлдвэрийн Богд малын нойр булчирхайнаас ферментийн бэлдмэл буюу Панкипсин гэдэг нэгдлийг гаргаж авах шинэ бүтээлийг бий болгосон байдаг. Энэ нь тухайн үед ажиллаж байсан Төрийн өмчийн М нэгдлийн өмч хөрөнгө, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийн үр дүн нь нэгдлийн өмч байсан. Тухайн үеийн удирдлагуудтай яаж тохирсныг би сайн мэдэхгүй байна. Панкипсин гэдэг нэртэй бүтээгдэхүүнээрээ патентын эрх авахдаа өөрсдийнхөө нэр дээр гаргаж авсан байдаг. Энэ патентыг эзэмшиж эхэлснээс хойш 1984-2004 онын хугацаанд патент эзэмшигч гэдэг эрхийнхээ дагуу М ХХК нь хувьчлагдсанаас хойш лицензийн гэрээ байгуулаад түүндээ тохирох хөлсийг тодорхой авч байгаад патент эзэмших гэрээний хугацаа дуусгавар болох буюу Патентын тухай хуульд зааснаар 20 жилийн хугацаа нь дуусгавар болсон. Тэр хугацаанд ноогдох лицензийн төлбөрөө авсан. Энэ асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. 1,000,000 гаруй төгрөгийн төлбөрөө нэхэмжлэгч Ц.А- авсан. Панкипсин гэдэг бэлдмэл гаргаж авах арга нь өөрөө эмийн бүтээгдэхүүнд ордог, жижиг нэгдэл байдаг. 2018 оноос энэ аргаар гаргаж авахаа болиод Хятад Улсын үйлдвэрээс гаалийн бичгийг нь хэрэгт өгсөн байдаг. Трипсин гэдэг бүтээгдэхүүнээр орлуулан, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ ашигладаг болсон. Үүний шалтгаан нь Монгол Улсын стандарт эм үйлдвэрлэхэд тавигдах ерөнхий шаардлага нь MNS:55242014 2014 онд Үйлдвэрийн туслах материал бусад бэлтгэх материал нь JMP шаардлага хангасан үйлдвэрлэгчийн чанарын сертификаттай итгэмжлэгдсэн лабораториор баталгаажсан байна гэдэг стандарт тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор үнийн Эрүүл Мэндийн Сайдын 2019 оны тушаалаар батлагдсан, эм эмийн түүхий эд биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэх журам гээд батлагдсан. Энэхүү журмын 4.30.4 гэдэг зүйл дээр эмийн үйлдвэрийн JMP-ийн гэрчилгээ, үйлдвэрлэгчийн баталгаажуулсан хуулбарыг заавал хавсаргаж өгч байж, Монгол Улсын эмийн түүхий эд биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд оруулан гэсэн журам батлагдсантай холбоотойгоор шаардлага стандарт хандсан Трипсин гэдэг бүтээгдэхүүнийг Хятад Улсаас М ХХК-нь нийлүүлж, Эрүүл мэндийн яаманд бүртгүүлээд, Трипсин гэдэг эмийн бүртгэлийн гэрчилгээг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр авсан. Патентад дурдагдсан буюу Панкипсин гарган авах арга гэдэг аргыг ашиглаж Панкипсин гэдэг зүйлийг гаргаж авахаа болиод удаж байгаа, үүний оронд Трипсин гэдэг бүтээгдэхүүнийг Хятад Улсаас аваад үйлдвэрийн шаардлага стандарт нийцсэн JMP гэдэг бүтээгдэхүүний чанарын стандарт шаардсан гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг түүхий эд болгон ашиглаад өнөөдрийг хүрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Барааны тэмдэг, газар зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч М ХХК-аас 239,682,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44,883,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,356,360 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

“М” хэмээх төрийн өмчит үйлдвэр байхдаа ч мөн Панкипсин нэртэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байсан.“Монэнзим нэгдэл” төрийн өмчит үйлдвэр байх үед ажиллаж байсан судалгаа, эрдэм шинжилгээний ажилчид Бог малын нойр булчирхайнаас ферментийн нэгдэл Панкипсин гарган авах арга боловсруулан түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, 1985 онд тус бүтээгдэхүүний Патент эзэмшигчээр Ж.Ц-, Ж.А-, Д.Сувд нар бүртгүүлэн гэрчилгээ авсан.

Тус Патентын эзэмшигчдийн нэг болох Ж.Ц- нь 2000 онд нас барснаар түүний патентын эрх нь охин Ц.А-д өвлөгдсөн бөгөөд тус патентын эзэмших эрх нь Патентын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар “Патентын гэрчилгээний хүчинтэй байх хугацааг анхдагч огнооноос эхлэн 20 жил байх”-аар заасан ба дээрх патентын анхдагч огноо нь 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хүчинтэй байсан тул Патент эзэмшигчдийн эрх хуулиар дуусгавар болсон.

М ХХК нь 2002 онд патент эзэмшигчидтэй лицензийн гэрээ байгуулан тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж төлбөр төлж байсан тухай мөн Патентын гэрчилгээний хүчинтэй хугацааг дуусах хүртэл төлбөрийг төлсөн талаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/01878 дугаар шийдвэр хэрэгт авагдсан болно.

Гэтэл шүүх хүчинтэй хугацаа дуусгавар болсон патентын гэрчилгээ нь Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн дагуу өвлөгдөж, 2019 оны 09 сарын 25-ны өдөр Панкипсин барааны тэмдгийг эзэмших онцгой эрхтэй болсон хэмээн үзсэн тул Барааны тэмдэг газарзүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан онцгой эрхийг эдлэн 12.3.4 барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, 12.3.5 ижил төстэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, 12.3.6 энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж үзсэн.

Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Барааны тэмдэг эзэмшигчид учруулсан хохирлыг тооцсон аргачлал нь мөн ямар ч үндэслэлгүй тооцоолол бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Оюуны өмчийн тухай хуулиар Аж үйлдвэрийн өмчид хамаарах барааны тэмдэг буюу биет бус оюуны өмчийг үнэлэх, хохирлыг тооцохдоо Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг батална гэж заасны дагуу батлагдсан тусгай журам аргачлалаар үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий иргэн хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэж тогтоодог журамтай байтал үндэслэлгүй шийдвэр гаргаж, өөрийн дураар үнэлгээ, хохирлын тооцоог гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн эцэг нь  1980 онд Панкипсин гэх нэрийг анх зохиож бий болгосноор патентын эрх авсан. Патентын эрхийг М ХХК ашиглаж байсан гэдгийг хариуцагч үгүйсгэдэггүй. Патентын лицензийн төлбөр төлж явсан гэх агуулгаар шүүх дүгнэлт хийсэн тул үндэслэлтэй. Парисын конвенц, Худалдаанд хамаарах оюуны өмчийн лицензийн талаар хариуцагч ярьж байна. Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн асуудлын хэлэлцээрийг улс орон хоорондоо худалдаа хийхдээ оюуны өмчийн эрхийн асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэх талаар зохицуулсан гэрээ, хэлэлцээр байдаг. Гэрээ хэлэлцээрийн дагуу нэхэмжлэгчийн эрхийг хариуцагч зөрчсөн. Өөрөөр хэлбэл, шударга бусаар барааны тэмдгийг ашигласан. Оюуны өмчийг эзэмшигч өөрөө үнэлэх эрхтэй. Түүнээс гадна Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт хохирлыг хэрхэн, яаж тооцох талаар зохицуулсан. Заавал үнэлгээчнээр тогтоож байж хохирлын асуудал яригдана гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Үнэлгээг өөрөө үнэлэх эрхтэйгээс гадна Монос эмийн сан болон өөрийнх нь гаргаж өгсөн санхүүгийн баримт дээр тулгуурлаж хохирлыг тооцсон. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Ц.А- нь хариуцагч М ХХК-д холбогдуулан барааны тэмдгийг хууль бусаар, зөвшөөрөлгүй ашигласны хохиролд 284,565,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Монгол Улсын Сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын даргын 1996 оны 86 тоот шийдвэрээр 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 647 дугаар өргөдлийн бүртгэлтэй мэдүүлэгт хийсэн магадлан шүүлтийн дүгнэлтийг зөвшөөрч Ж.Ц-, Ж.А-, Д.Сувд нарын сэдсэн /нутгийн үүлдрийн бог малын нойрны булчирхайнаас ферментын бэлдмэл панкипсин гарган авах арга/ нэртэй шинэ бүтээлийг эзэмшигч нарт 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 20 жилийн хугацаатайгаар шинэ бүтээлийн 338 дугаартай патент олгосон байна. /хх9/

 

2.1. Түүнчлэн, Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/157 тоот тушаалаар барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийн гэрчилгээг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2029 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, эзэмшигчийн нэр Ц.А-, Ж.А-, Д.С- нарт “Панкипсин” нэрийн “Барааны тэмдгийн гэрчилгээ”-г олгожээ. /хх8/

 

3. Нэхэмжлэгч Ц.А-, нэхэмжлэлийн үндэслэлээ “Барааны тэмдгийг хууль бусаар зөвшөөрөлгүй ашигласны хохиролд 284,565,400 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан.

 

4. Гэтэл дээрх бараа тэмдгийг эзэмших онцгой эрхийн гэрчилгээний эзэмшигч нь нэхэмжлэгч Ц.А-гаас гадна Ж.А-, Д.С- нар байна. Нэхэмжлэгч  Ц.А-д Ж.А-, Д.С- нараас олгосон итгэмжлэл, мөн нэхэмжлэгч Ц.А- нь Ж.А-, Д.С- нарын нэрийн өмнөөс шаардах эрхтэй гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

5. Нэхэмжлэгчийн шаардаж буй хохирол нь тодорхой бус байх ба хохирлын хэмжээний талаар шүүхээс талуудыг мэтгэлцүүлээгүй, холбогдох баримтгүй байх тул эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

5.1. Тодруулбал, Оюуны өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хөрөнгийн үнэлгээчин нь оюуны өмчийн үнэлгээ хийх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсны үндсэн дээр оюуны өмчийн үнэлгээг хийнэ” гэж,

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6-д “биет бус хөрөнгө болон оюуны өмчийн үнэлгээний журам, аргачлалыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг батална” гэж тус тус заасан байгааг анхаараагүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага тус тус болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/00102 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,341,360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ