Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 283

 

                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Лхамсүрэн хөтлөн,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр

хохирогч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Б.Б холбогдох 1905003910078 дугаартай эрүүгийн хэргийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо Сити 18-р байрны 1-р орцонд иргэн Б. Уянгын эд хөрөнгийн хүч хэрэглэж авахаар довтолсон  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өгсөн. Би хохирогчийг огт танихгүй. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна гэв.

 

 

Хохирогч Б.Уянгын шүүхийн хэлэлцүүлэгт: Би хэрэг болох үед ажлаа тараад гэрлүүгээ явж байсан. Тэгээд гэрлүүгээ орох гээд лифт хүлээгээд зогсож байхад миний хажууд нэг хүн зогсож байсан. Тэгээд миний цүнхийг булаах гэж оролдоод намайг зодож цохисон. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.У мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 сарын 19-ний өдөр гадуур ажилтай явж байгаад 16 цаг 40 минутаас 16 цаг 50 минутын үед өөрийн гэр болох Сити 18-р байрны үүдэнд ирээд кодоо хийгээд орц руугаа орсон. Би орцны хаалгаар ганцаараа явж орсон ба намайг орсноос хойш хаалга их чанга дуугараад эргээд хальт харахад нэг эрэгтэй хүн зогсож байх шиг байсан. Би нэг их юм бодолгүй чигээрээ яваад лифтээ дуудаад бууж ирэхийг хүлээгээд зогсож байсан. Тэр үед нөгөө эрэгтэй хүн миний хойхон талд ирээд зогссон. Би тэр хүнийг лифтээр гарах гэж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд жижиг үүрч явсан цүнхээ нээгээд дотор нь байсан картаа хараад эргээд цүнхээ цоожилсон. Тэгээд байж байтал тэр эрэгтэй хүн маш их хөдөлгөөн хийгээд байсан. Надад жаахан сонин санагдаад байж байтал гэнэт тэр хүн миний хоолойноос боогоод газарт унагаад миний хэвлий тус газарт гараараа 3-4 удаа цохисон. Би тэр үед туслааарай гээд их чанга орилсон. Тэгээд гэнэт цохиж байснаа гараад явсан би ухаан санаа балартаад үлдсэн. Би үнэхээр айж балмагдсан байсан. Тэр хүн тухайн үед надаас ямар нэгэн зүйл аваагүй боловч санаа нь намайг дээрэмдэх гэж байсан гэж би бодож байна. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

хохирогч дахин байцаалтаар”...одоо надад хэргийн талаар хэлээд яриад байх зүйл алга байна. Харин тэр гэмт хэрэг үйлдсэн хүний гэр бүлийн талаар фейсбүүк орчинд тараасан асуудалд би огт хамаагүй. Түүнийг хэн тараасан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би тэр эрэгтэй хүнийг урьд өмнө нь харж байгаагүй, анх удаагаа хальт харсан нь тэр байсан юм. Би тухайн үедээ их айж сандарч байсан. Би Ленд МН банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг 11 хоног ажилдаа яваагүй хугацааны цалингаа нэхэмжилж байна. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Гэрч З.Ариунбаяр мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ фэйсбүүк үзээд байж байтал “Иргэдийн дуу хоолой” нэртэй фэйсбүүк групп дээр нэг эмэгтэй хүн дээрэмдүүлж байгаа бичлэг байсан.Тэгээд би нөгөө дээрэмдэж байгаа хүнийг хартал миний таньдаг хүн мөн байсан. Сэтгэгдлийг нь үзэж байтал хэн гэдэг юун хүн юм гэх мэт сэтгэгдэл байхаар нь би тэр хүнийг таних юм чинь дээр нь шударга бус зүйлтэй тэр дундаа гэмт хэрэгтэй эвлэрдэггүй болохоор коммент хэсэгт нь нөгөө хэрэг хийсэн залуугийн фэйсбүүк болох Bayartsog BTSG гэсэн хаягны нүүр хуудсыг скрийн шот хийгээд байрлуулаад  тэгээд 10 минут орчим болоод л устгасан. Тэр үедээ ойлгохдоо иргэний үүргээ биелүүлж байна л гэж бодсон. Би тэр бичлэг дээр байсан залуутай вакум цонх үйлдвэрлэдэг Метро палст ХХК-д 2015-2016 оны хооронд хамт ажиллаж байсан. /xx-ийн 20/  гэх мэдүүлэг,

Гэрчээр Б.Баярсүх мөрдөн байцаалтанд: Би Бийн төрсөн ах нь юм...өөрийн дүүг минь дээрмийн гэмт хэрэгт холбож шалгаж байгаа гэхээр нь фейсбүүк бичлэг гарсан гэснийг үзэхэд манай дүү Б.Б нь орцонд лифтний үүдэнд нэг танихгүй хүнийг дарж унагаагаад цохиж байгаа бичлэг байсан. Түүнээс эд зүйлийг нь авч байгаа бичлэг байгаагүй. Миний дүү эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа, мэргэжилгүй, бага насаа хөдөө, эцэг эхийн гар дээр хүмүүжиж өссөн. Зан аашийн  хувьд тайван, дөлгөөн ямар нэгэн асуудалд ороод байдаггүй, гэр бүлдээ асралтай, гэр бүлээ гэсэн сэтгэлтэй сайн дүү.  Энэ хэрэгт холбогдсон нь архи ууж өөрийгөө удирдаж чадаагүй учраас ийм хэрэгт холбогдсон байх гэж бодож байна. Түүнээс биш энэ интернэт орчинд байгаа шиг өөр зөндөө олон хэрэг үйлдсэн асуудал байхгүй. /хх-ийн 24/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Т.Хундага мөрдөн байцаалтанд: Би Бийн эхнэр нь байгаа юм. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр...18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь нөхөр маань гэртээ согтуу унтаж байсан би гэртээ хоол ундаа хийгээд тэгээд 19 цаг өнгөрч байхад фейсбүүк орсон чинь нөхрийн орцон дотор эмэгтэй хүн цохиж байгаа бичлэг тавигдаад түүний комментод манай нөхрийн өмнө нь үерхэж байсан Ариука гэх эмэгтэй энэ дээрэм хийж байгаа Б гэдэг хүн гээд манай нөхрийн фейсбүүк хаяг, мөн намайг эхнэр нь гээд фейсбүүк хаягийг тавиад зургыг нь тавьсан байсан. Ингээд би Бийг сэрээгээд бөөн хэрүүл хийгээд энэ юу юм бэ гээд байж байтал 20 цагийн үед байна уу даа манай хаалгыг хүмүүс цохиод би хаалга онгойлгосон чинь манай нөхрийн ах Баярсүхийн найз эмэгтэйн хамт энгийн хувцастай цагдаа нар ирээд шууд нөхрийг маань баривчлаад явсан. Б зан аашийн хувьд уг нь тайван дөлгөөн зодоон цохионы асуудалд ороод байдаггүй,  ах дүү нартаа нэр хүндтэй, гэр бүлээ гэсэн сэтгэлтэй сайн аав байгаа юм. Энэ хэрэгт холбогдсон нь архи ууж өөрийгөө удирдаж чадаагүй учраас ийм хэрэгт холбогдсон байх. /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1608 дугаартай: Б.Уянгын биед баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 30/ дүгнэлт,

Сэжигтнээр Б.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр...Баянгол дүүргийн 6 дугаар хороо Сити 18 дугаар байрны 02 дугаар орц дотор нэг охин зогсож байхаар нь тэр охиныг дарж унагаад гуя руу нь байна уу хөл рүү нь гараараа хэдэн удаа цохисон. Тэгээд орцноос нь гараад гэр рүүгээ очсон..тэр байрны ертөнцийн зүгээр зүүн талаар нь явж байгаад доошоо шатаар буух үедээ Сити 18 дугаар байрны хажууд тамхи татаад зогсож байсан тэгсэн нэг 20 орчим насны хар хувцастай байсан санагдаж байна охин шатны тэнд урд талаас надтай зөрөөд байрны 2 дугаар орц руу орсон. Тэгэхээр нь би араас нь дагаад тэр охины юмыг нь дээрэмдэе гэж бодоод орсон. Тэр охин түрүүлээд орц руу орсон би араас нь хэдэн секундын дараа кодтой хаалгыг нь татаад дотор орсон. Дотор ороход тэр эмэгтэй лифтний наад талд лифт дараад зогсож байсан. Би араас нь дөхөж очоод хажууд нь зогсож байгаад барьж байсан цүнхийг нь авъя гэж бодоод шууд тэр охин руу дайрсан. Би тэр эмэгтэйг хүзүүнээс нь татаад арагш нь савж унагаад дээрээс нь хэд хэд цохисон. Тэгээд сандраад юмыг нь авч чадалгүй зугатаад гарсан. /хх-ийн 41/ гэх мэдүүлэг,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд”...16 цаг 57 минут 00 секундэд гаднаас дээгүүрээ хар өнгийн урт үстэй куртик өмссөн эмэгтэй орж ирээд нааш яваад лифтний үүдэнд ирэхэд хойноос нь 16 цаг 57 минут 11 секундэд хойноос нь хаалгыг эрэгтэй хүн онгойлгоод зогсох ба 16 цаг 57 минут 28 секундэд хохирогчийн хажууд зогсов. Зогсох үедээ дотор байсан малгайтай цамцаа толгой дээгүүрээ өмсөж ирж зогсов. Ингээд зогсож байгаад 16 цаг 57 минут 40 секундэд хохирогчийг хойноос нь боож унагаж баруун талын гуян тус газарт 2 удаа цохиж, хэвлийн тус газарт 1 удаа цохиод буцаж босч ирээд цааш гүйж орцны хаалгаар 16 цаг 57 минут 57 секундэд гарч явлаа...”  гэсэн тэмдэглэлийг хөдлөнгийн гэрчүүд оролцуулан мөрдөн байцаагч тэмдэглэл болгон үйлдсэн байна.  /хх-ийн 6/

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судлав.

 

Мөн шүүгдэгч Б.Бын хувийн байдалтайгаар холбоотойгоор:

Боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 71/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 72/, чадамжийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 73/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн  75, 76/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/  зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. 

 

Б.Бод холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо Сити 18 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн Б. Уянгыг гэртээ орох гэж цахилгаан шат хүлээж байхад нь Б.Б түүнийг боож унаган цохисон үйл баримт камерийн бичлэгт бичигдсэн байна.

 

Энэ байдал нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Б.Уянгын”...тэр хүн миний хоолойноос боогоод газарт унагаад миний хэвлий тус газарт гараараа 3-4 удаа цохисон. Би тэр үед туслаарай гээд их чанга орилсон...намайг дээрэмдэх гэж байсан гэж би бодож байна...” /хх-ийн 13/, гэрч З.Ариунбаярын”...эмэгтэй хүн дээрэмдүүлж байгаа бичлэг байсан.Тэгээд би нөгөө дээрэмдэж байгаа хүнийг хартал миний таньдаг хүн мөн байсан...”/xx-ийн 20/, гэрч Б.Баярсүхийн”...орцонд лифтний үүдэнд нэг танихгүй хүнийг дарж унагаагаад цохиж байгаа бичлэг байсан...”/хх-ийн 24/ гэж мөрдөн байцаалтанд тэдгээрийн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6/,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1608 дугаартай /хх-ийн 30/ дүгнэлт  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.   

Б.Бийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

Шүүгдэгч Б.Бийн дээрхи үйлдлийн улмаас Б.Уянгын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч  “Б.Уянгын биед баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” үүссэн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Өөрөөр хэлбэл бусдын бие махбодид хор уршиг бодитоор учраагүй ч Б.Б нь хохирогч Б.Уянгын хоолойг боож унагаж дээрээс нь цохисон идэвхитэй үйлдлүүд нь гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн шинжид хамаарах бөгөөд Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авч чадсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж довтолсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой.

Нэгтгэн дүгнэвэл Б.Бийн дээрхи үйлдэл нь шунахайн сэдэлтээр гэм буруугийн санаатай хэлбэрээр Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан гэж үзнэ.

Иймд улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүхээс шүүгдэгч Б.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нар гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан санал дүгнэлтийг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Б.У энэ гэмт хэргийн улмаас 11 хоног ажилдаа яваагүй тул энэ хугацааны цалингаа нэхэмжилнэ гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр шүүх хуралдааны явцад 400.000 төгрөгийг Б.Уд хүлээлгэн өгсөн тухай баримт үйлдэж хэрэгт хавсаргуулав.

      

Энэ үндэслэлээр шүүгдэгч Б.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

     

Харин хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэж мэдүүлэх боловч үндэслэлээ тодорхой тайлбарласангүй. 

 

Түүний энэ талаархи нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон  гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөөнд халдсан байдал болон урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт шүүхээр ял шийтгэгдсэн хувийн байдал зэргийг харгалзаж хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилго болон Шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Эдгээр үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан  “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж заасан хуулийн зохицуулалтыг  хэрэглэж өгнө үү”  гэсэн санал дүгнэлтийг шүүх хүлээж аваагүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж байна.