Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00620

 

 

 

 

2024 03 27 210/МА2024/00620

 

 

 

Ц.А....ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/03500 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.А....ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.И....д холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад зардалд 13,374,314 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ц.И... нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ миний биед халдаж биеийн баруун дунд чөмөгт ясны хүзүүний хугарал гэмтэл учруулсан.

1.2. Уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/499 дугаар шийтгэх тогтоолоор Ц.И...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдэл буруутайд тооцож, торгох ял шийтгэсэн.

1.3. Миний бие Ц.И....д зодуулсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ба эмчилгээ, эм тариа, хагалгаа, бензин тосны зардалд нийт 8,785,871 төгрөг, өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг, машины буцааж зээлсэн 3,300,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх урсгал зардал 3,000,000 төгрөг, нийт 17,374,314 төгрөгийн зардал гарснаас шийтгэх тогтоолоор Ц.И...аас гаргуулахаар шийдвэрлэсэн 3,090,686 төгрөгийг хасаж, 13,374,314 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

 

2.1. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэргийн шүүх хурал болж, Ц.И...аас хохирогч Ц.А....од 3,090,686 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн ба уг хохирлыг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн эгч Ц.А...д 1,500,000 төгрөгийг данс руу шилжүүлж нийт 7,680,000 төгрөг төлж хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Нэхэмжлэлийн шаардлага үнийн дүнгийн задаргаа байхгүй ямар эмчилгээг аль эмнэлэгт хийлгэсэн гэх мэтчилэн нотлох баримт байхгүй. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан баримтуудыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давхардуулан ашиглаж байна, мөн дансны хуулгаар гарсан зардлууд нь эмчилгээний зардалд гарсан гэж харагдахгүй байна.

2.3. Мөн өмгөөлөгчийн хөлсийг гэм хор учруулсантай холбоотойгоор гарсан зардал гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.И...аас 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,374,314 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,000 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугар зүйлийн 116.2-д заасан "хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэх хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримттай нийцээгүй гэж үзлээ.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт:

"... 12. Нэхэмжлэгчийн хохирлын тооцоо зөрүүтэй, баримт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангаагүй, Ц.А...ын эмчилгээ, эм тариа, хагалгаа, бензин тосны зардалд нийт 8,785,871 төгрөг болсон гэх боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хэргийн 145-154 дугаар талд авагдсан баримт нь эрүүгийн журмаар хохирол гаргуулахад тооцогдсон, эмчилгээ, хагалгаа, эм тарианы зардалд хариуцагч нь нийт 6,554,686 төгрөгийг төлсөн байх ба хариуцагчийн төлсөн мөнгөнөөс илүү гарсан хохирлын хэмжээ, мөнгөн дүн нь тодорхойгүй, баримт нь байхгүй байна.

13.... Хэргийн 61-64 дугаар талд авагдсан шатахууны болон утасны төлбөр, эмийн сангийн баримтууд нь шийтгэх тогтоолоос хойшхи баримт байх ба уг төлбөрийг нэхэмжлээгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх тул тухайн баримтаар хохирлын хэмжээг тооцоогүй болно.

15. ...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,374,314 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв" гэжээ. Энэхүү дүгнэлтийг үндэслэлгүй болжээ гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч Ц.А... нь хариуцагч Ц.И...д зодуулж хүндэвтэр гэмтэл авсны улмаас өнөөдрийг болтол эрүүл мэндээр хохирсон. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/499 дугаартай Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ц.И... гэм буруутай гэж тогтоогдож, гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан байдаг. Гэтэл шүүх бүрэлдэхүүн Ц.А...ын эрүүл мэндийн эмчилгээний зардал болох 12,374,314 төгрөгийн хавтаст хэрэгт авагдсан баримтыг огт хэлэлцүүлэлгүй хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

4.2. Эрүүгийн хэргийн хохирогч Ц.А... нь шүүгдэгч Ц.И...д 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө зодож дунд чөмөгт ясны хүзүүний хугарал гэмтэл учруулсаны улмаас эмчилгээ, сувилгаа, эмнэлэгт очиж үзүүлэх зэрэгт ихээхэн зардал гарах шаардлагатай болсон. Ц.А... нь Ховд аймгийн харъяат, бичиг үсэг мэдэхгүйн улмаас түүний эмчилгээ, сувилгаа, эмнэлэгт очих, эмчид үзүүлэх, тээвэрлэх зэрэг бүхий л зардал чирэгдэлийг түүний төрсөн эгч Ц.А... хэд хэдэн удаа тэтгэврийн зээл авах, ах дүү нараас нь шилжүүлж байсан мөнгөөр төлж барагдуулан энэхүү бодит зардал нь 17,374,314 төгрөг болсон. Учир нь хариуцагч Ц.И... нь өөрөө зээлтэй төлбөрийн чадваргүй байна гэх мэт шалтаг хэлж би таны хохиролыг төлчихнө та урьдчилаад зээл аваад эмчилгээ, сувилгааны зардлыг төлж байгаач гэх мэт хууран мэхэлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А...аар хэд хэдэн удаагийн тэтгэврийн зээлийг авахуулсан, мен хохирол төлж барагдуулна гэж мэхэлж 11,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүртэл байгуулсан байдаг.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс эмчилгээний зардал болон эм тариа, өвчтөнг тээвэрлэсэн зэрэг зардлын баримтыг гаргаж өгсөнийг нотлох баримтаар огт үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн.

4.3. Мөн эрүүгийн хэргийг хэлэлцэх явцад хохирогчид төлсөн гэх 3,000,000 төгрөг нь эргэлзээтэй тэр талаар нотлох баримтыг нягталж тогтоогоогүй байдаг нь эрүүгийн хэргийг хэлэлцсэн хурлын тэмдэглэлээс тодорхой харагддаг.

Энэ талаархи нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хэргийн материалд тусгалгүй, нотлох баримтын талаархи тайлбарыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авалгүй оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаж, өмгөөлөгч хэрэгтэй танилцсан гэх шалтагаар хэргийн материалтай танилцуулалгүй Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна. 

4.4. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А...ийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон М.И... нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн МТ/06 тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй болсон.

Энэ нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А....ийн хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигдөж талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчим алдагдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан "Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ" гэх заалтыг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурдсан нөхцөл байдлаар хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.И...г өмгөөлөх эрхгүй этгээд байсан эсэхийг хариуцагч тал анхан шатны шүүх хуралдааны үед мэдэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А... нь тухайн эрхийн талаар тодруулан мэдэх бүрэн боломжтой байсан хэдий ч тухайн эрхийн талаар өмнө дурдсан зүйл байдаггүй. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцохдоо М.И... нь өмгөөллийн эрхтэй байсан. Хэрэв үнэхээр өмгөөлөх эрхгүй этгээд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэж байгаа бол үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагад нь гомдол гарган учирсан хохирлоо нэхэмжлэх бүрэн эрх нь нэхэмжлэгч талд нээлттэй. Иймд дээрх асуудал нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий гараагүй гэж үзэх мөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн хар дэвтрийг анхан шатны шүүх нотлох баримтаар хүлээн авсан нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн дэвтрийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн талаар тусгасан байдаг. Тиймээс тухайн дэвтрийг хэрэгт хавсаргаагүй, нотлох баримтаар шинжлэн судлаагүй гэх гомдол нь үндэслэлгүй.

5.3. Хэргийн материалтай танилцуулаагүй гэх гомдлын хувьд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах, нотлох баримтаа бүрэн гаргаж өгөх бололцоогоор хангасан бөгөөд шүүгчийн туслах нотлох баримт гаргаж өгөх талаар эрх үүрэгтэй нь танилцуулан гарын үсэг зуруулсаны дагуу шүүх хуралдаанд өөрөө оролцсон тул дээрх гомдол үндэслэлгүй.

5.4. Нэхэмжлэгчийн хувьд хүндэвтэр хохирол учирсан боловч тухайн хэрэг нь шийдэгдэж хариуцагч талаас гэм хор учруулсан хохиролд 7,890,686 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэм хор учруулсан хохиролд 17,374,000 төгрөгийг нэхэмжилдэг. Гэтэл нэхэмжилж буй төлбөрийн баримтууд нь Эрүүгийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн шинжлэн судлагдсан буюу 3,090,688 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байхад тухайн судлагдсан баримтуудыг Иргэний шүүхэд өгөн дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн эдгээр баримтаас бусад нэхэмжилж буй баримт нь гэм хор учруулсан үйл явдал болсноос хойш хагас жилийн дараа гаргаж өгсөн дэлгүүрийн болон шатахууны баримт байдаг. Гэм хорын хохиролд тухайн этгээдийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан эмчилгээний болон сувилалын зардлыг гаргуулсан атлаа хагас жилийн дараах ямарч тооцоо, баримтгүй дэлгүүрийн болон шатахууны баримтууд гаргаж ирсэн.

Мөн 17,000,000 төгрөгийг яаж тооцоолсон нь тодорхойгүй, Эрүүгийн хэргээр шинжлэн судлагдсан баримтуудыг гаргаж өгөн удаа дараа гомдол гаргаж мөнгө нэхэмжилдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ц.А... нь хариуцагч Ц.И...д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад зардалд 13,374,314 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргасан хохирлын баримтыг давхардуулан гаргаж хохирол нэхэмжилсэн, шүүхийн шийдвэрт заасан хохирлыг бүрэн барагдуулсан, дансны хуулгаар гарсан зардлууд нь нэхэмжлэгчийн эмчилгээнд зарцуулсан гэж харагдахгүй байна гэж маргажээ.

3. Ц.И... нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.А...той үл ялих зүйлээс болж маргалдан биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/499 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 5-8 дугаар тал/

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хариуцагч Ц.И...ы гэм бурууг тогтоосон уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг зааснаар дахин нотлохгүй. 

5. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа хохирогчийн эрхийг өмнөх байдалд сэргээх, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлөх зарчимтай.  

6.  Нэхэмжлэгчийн хийлгэсэн гэх эмчилгээний зардал, түүнтэй холбогдох зардал нь хариуцагчийн учруулсан гэм хортой шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ нь тус тус баримтаар тогтоогдсон байх учиртай.   

7. Шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор Ц.А...ын хохирол төлбөрт шаардсан 17,000,000 төгрөгөөс баримтаар тогтоогдсон 3,090,686 төгрөгийг Ц.И...аас гаргуулахаар шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ш.О...ы данснаас 3,090,686 төгрөгийг шилжүүлсэн, үүнийг нэхэмжлэгч хүлээн авсан асуудлаар маргаагүй. /хх-ийн 42 дугаар тал/

Дээрх хохирлын хэмжээ шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүйгээс гадна шүүх шийдвэрлэсэн асуудлыг дахин хэлэлцэхгүй.

Иймд дээрх хохирлын хэмжээг эрүүгийн хэргийг хэлэлцэх явцад нягталж тогтоогоогүй, эргэлзээтэй талаарх тайлбар болон нотлох баримтыг анхан шатны шүүхээс хүлээж аваагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

8. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 13,374,314 төгрөг шаардсан.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой зааж, хариуцагчаас 1,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.  

9. Хэргийн 61-64 дүгээр талд авагдсан баримтыг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой. Эдгээр 2022 оны 11, 12 дугаар сарын эмийн сангийн 1 ширхэг баримт, шатахууны болон үүрэн утас хэрэглэгчийн худалдан авалтын баримтуудаар тухайн зардлууд нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой гарсан хохирол гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэж  хариуцагчаас 1,000,000 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,374,314 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийн агуулга, шаардлагад нийцнэ. 

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан дараах давж заалдах гомдлыг мөн хангахгүй орхино.

11.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг хэргийн материалд тусгалгүй, өмгөөлөгч хэргийн материалтай танилцсан гэх шалтгаанаар хэргийн материалтай танилцуулаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А... хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргаагүй байх ба мөн өдрийн хэрэг танилцуулсан тухай баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан байна.

11.2. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.И...н өмгөөлөх эрхийг шалгасан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхаас гадна тухайн үед өмгөөлөгчийн эрхгүй байсан нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянасан учир шүүх хуралдаанд гаргасан хар дэвтрийн талаарх тайлбарт дүгнэлт өгөхгүй орхино.

12. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 244,822 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

13. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/03500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,822 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА