Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00711

 

 

 

 

 

 

 

 

     2024       04            08                                    210/МА2024/00711

 

 

Х.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/00711 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Х-ийн нэхэмжлэлтэй

Цагаатгалын нөхөн олговорт 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, прокурор Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний авга ах Ц.Т- нь 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47, 48 дугаар зүйлээр дээд хэмжээгээр шийтгэгдэж буудан хороох ял авсан. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 115 дугаар магадлалаар цагаатгажээ. Иймд авга ах Ц.Т-гийн цагаатгалын нөхөн олговорт 1,000,000 төгрөгийг гаргуулна. Архиваас олон хүний хэрэг шүүгээд гарч ирэхгүй байна гэх шалтгаанаар хугацаа их алдсан. Ээжийн маань дүү хорт хавдар тусаад бид дүүгээ харж хандсаар энэ асуудлыг хөөцөлдөхөө больж, 2020 оноос өмнө нэхэмжлэл гаргаж чадаагүй өнөөг хүргэсэн гэжээ.

 

2. Прокурорын тайлбарын агуулга: Хэлмэгдэгч Ц.Т- цагаатгагдсан тухай нотлох баримт хэрэгт авагдсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т ямар хүмүүст нөхөн олговор олгохыг хуульчлан зааж өгсөн. Нэхэмжлэгч нь хэлмэгдэгчтэй төрөл садны холбоотой нь хүн амын тооллогоор харагддаг боловч төрсөн ах дүүсийн хамаарал байхгүй. Тус хуулийн 10.1.4-т хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ нөхөн олговор авахаар заасан. Үүнээс үзэхэд Х.Х- нөхөн олговор гаргуулах нэхэмжлэх гаргах эрх бүхий этгээд биш, өөрөөр хэлбэл, хэлмэгдэгч нь нэхэмжлэгчийн авга ах нь болох нь тогтоогдож байна. Мөн цагаатгалын нөхөн олговор гаргуулах хуулийн хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь хэлмэгдэгч Ц.Т-тэй садан төрлийн холбоотой нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч болон хэлмэгдэгч нар нь нэг гэр бүлийн ах дүү болох нь хүн амын тооллогоос харагддаг. Нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээ дээр эх Х-гээр овоглосон байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар нөхөн олговрыг олгохоор заасан. Гол асуудал нь нэхэмжлэгч хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй. Хуулийн хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг шүүх тогтоовол нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой. Улсын дээд шүүхийн 62 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах, нөхөн олговор авах эрхтэй этгээд мөн байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Х-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Ц- Х-гийн Х- миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ц- Т-гийн зээ билээ. Өөрөөр хэлбэл, хэлмэгдэгч Ц.Т-гийн төрсөн дүү Х-гийн төрсөн охин. X.Х- би эрүүл мэндийн шалтгааны улмаас сүүжний ясаа солиулсан тул хэвтрийн дэглэмтэй байдаг. Иймээс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан үндэслэлээр тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн.

5.2. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулж үзээгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд прокуророос гаргасан тайлбарын агуулга:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах эгч, дүү, ач, зээ нар нь нөхөн олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээдүүд байна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Х.Х- нь хэлмэгдэгчийн нагац дүү байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт нэхэмжлэх эрх хэзээ үүсэх, нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусах талаар тодорхой зааж өгсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Х.Х- нь цагаатгалын нөхөн олговорт 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

2. Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолоор Ц- Т-, улс төрийн хилс хэрэгт хуулийн дээд хэмжээгээр ял шийтгүүлж, улмаар 1990 онд цагаатгагдсан болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 115 дугаар магадлал, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08/3107 дугаар лавлагаа зэргээр тогтоогдсон байна. /хх5,11/

 

3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 104 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Ц- Г эрэгтэй, 30 настай, ах Ц- Т- 59 настай, лам, ах Ц- Н 60 настай, дүү Ц- Н- 33 настай, дүү Т-ийн Д 6 настай, эх Ц- Ө 87 настай, дүү Ц- Х- 56 настай, дүү Ц- А- 37 настай гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний 03-01/4289 дугаар лавлагаа авагдсан байна. /хх7/

 

3.1. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 12 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 156 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Ц- Г 70 настай эрэгтэй, Ц- Х- 67 настай, эмэгтэй, Х-гийн А- 48 настай, эмэгтэй, Х-гийн Д- 17 настай, эрэгтэй, Х-гийн Х- 13 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн болох нь Үндэсний төв архивын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний 03-01/4290 дугаар лавлагаагаар тогтоогджээ. /хх8/

 

3.2. Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Х.Х- нь хэлмэгдэгч Ц.Т-гийн төрсөн дүү Ц.Х-гийн охин байх бөгөөд хэлмэгдэгчийн нагац дүү буюу зээ болох нь дээрх архивын лавлагаа болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

            3.3. Нэхэмжлэгч Х.Х- нь  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн нөхөн олговрыг шаардах эрх бүхий этгээд байна. Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн 1998 оны 62 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд цагаатгалын нөхөн олговрыг олгох дарааллыг тайлбарласан байх ба, 10 дугаар зүйлд “Хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн “Энэ зүйлийн нэг дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно” гэдгийг 10.1.3-т заасан төрсөн болон үрчилж авсан хүүхэд тус бүрт, хэрэв эдгээр хүүхдээс нэг нь ч байхгүй бол 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ нарт дараалал харгалзах зарчмыг нэгэн адил баримтлан тэнцүү хувиар олгохыг ойлгоно” гэж зааснаар шаардах эрхтэй байна.

 

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс Х.Х-ийг нөхөн олговрыг шаардах эрхгүй этгээд гэж үзсэн дүгнэлтийн хэсгийг залруулна.

 

4. Х-гийн Х- нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна.” гэж заасан хугацаанд хандаагүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Х- нь хүндэтгэх үзэх шалтгаанаар шүүхэд хандах хугацаа алдсан гэж тайлбарлаж байх боловч энэ тухайгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

5. Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/00711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ