Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00619

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 27 210/МА2024/00619

 

 

Н.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/00442 дугаар шийдвэртэй

Н.С-ийн нэхэмжлэлтэй, Х ХХК, Д.Х нарт холбогдох,

4,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

ажлын хөлс 5,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.Б нь өрхийн хэрэгцээний зориулалтаар худаг гаргуулахаар н.У, Д.Х нартай уулзан 219 диаметртэй буюу өргөн трубагаар оросын УКС 22 худгийн өрмөөр нийт 9,000,000 төгрөгөөр худаг гаргуулахаар тохиролцсон.

1.2. Худгийн урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Н.С-ийн ХААН банк дахь хххххх тоот данснаас хариуцагч Д.Хын ХААН банк дахь ххххх тоот данс руу худгийн урьдчилгаа 99ххххх гэх утгаар, мөн 2021 оны 6 дугаар сарын 08-ны 2,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хариуцагч Д.Х нь гэрээний хавсралтад заагдсан иргэний үнэмлэх, компанийн тусгай зөвшөөрөл, мэргэжлийн инженерийн үнэмлэхийг өгөөгүйн улмаас бичгээр гэрээ хийгдээгүй. Хариуцагч Д.Х нь урьдчилгаа мөнгө авснаас хойш 7 хоногийн дараа ажилчидтайгаа ирж өрөмдсөн боловч ус гарахгүй байна гээд явсан.

1.3. Манайх Төв аймгийн Аргалант сумын Засаг даргаас худаг гаргуулах албан тоот гаргуулж, шаардлагатай бичиг баримтыг Төв аймгийн байгаль орчны мэргэжилтэн н.Оюуннаран руу и-мэйлээр явуулсан. Хариуцагч Д.Х нь худгийн компанийн хайгуулын дүгнэлт, цооног өрөмдөх тусгай зөвшөөрлийн хамт хавсарган холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны дараа худгийн өрөмдлөг хийх байсан ч худаг гаргах хайгуул хийх, дүгнэлт зөвшөөрөл авалгүйгээр өрөмдлөг хийсэн ч ус гаргаж өгөөгүй.

Иймд хариуцагч Д.Х нь ажлаа хийгэээгүй тул худгийн урьдчилгаанд өгсөн 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Х-ын татгалзал, тайлбарын агуулга:

Би Төв аймгийн байгаль орчны мэргэжилтэн н.Оюуннаран руу тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ явуулсан. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах гэтэл өөрсдөө гэрээнд гарын үсэг зурахгүй хойшлуулсан. Худаг гаргуулах газар дээр очиж хугацаандаа ажлаа эхлүүлсэн. Газар нь чулуутай байсан тул эхний 20 метр газар ухсаны дараа чулуу тээглэн өөр хийн цохилтод ухаж доош 100 метр гүн ухсан боловч ус гараагүй. Дээрх ажил нь урьдчилгаанд өгсөн төлбөрөөс давсан. Худгийг ухахад урьдчилгаанд 4,500,000 төгрөг авсан ухсан зардалд тооцогдсон. Худгийг ухсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Х ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Х ХХК-ийн гидрогеологич Д.Х нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Д.Х-ын тогтоосон газарт өрөмдлөгийн ажил хийж, улмаар Төв аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/125 дугаар худаг гаргах зөвшөөрөл авсан. Уг газарт нь шинжээчийн дүгнэлтийн дагуу 58 метр урт худаг ухсан байдаг.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.  Хариуцагч Д.Х-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Өрөмдлөгийн худгийн өртгийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК гаргахдаа эхний 200 мм өрөмдсөн 14 тууш метрийг 180,000 төгрөгөөр, 165 мм өрөмдсөн 44 тууш метрийг 170,000 төгрөгөөр, нийт 10,000,000 төгрөг болсон. Иймд шинжээч гаргасан 10,000,000 төгрөгнөөс урьдчилгаа 4,500,000 төгрөгийг хасч үлдэх ажлын хөлс 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Сээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

5.1. Х ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гидрогеологийн цооног өрөмдөх гэрээнд гарын үсэг зураагүй. Манай компанийн гидрогеологич Д.Х-оор ахлуулсан баг гэрээгээр тохирсон галзуу хар гэх газарт очиж цооног өрөмдөх ажлыг гүйцэтгэх явцад ус гарахгүй, том чулуу таарсан тул том өрөм авчирч өрөмдсөн.

5.2. Бид гэрээгээр 9,000,000 төгрөг гэж тохирсон боловч 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр цооногийг 58 м гүн ухсан нь тооцооллоор 10,000,000 төгрөгийн ажил хийснийг нотолж байх тул хийсэн ажлын зөрүү 5,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй тул 5,500,000 төгрөгийг Н.С-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Бид анх өрхийн хэрэгцээнд худаг гаргуулахаар зарын дагуу Д.Х-той холбогдон 219 диаметрийн өргөн трубагаар тууш метрийг 180,000 төгрөгөөр худаг гаргуулахаар тохиролцсон тул худгийн хайгуул хийж усны таамаг нөөц гаргаж хайгуулын дүгнэлт гаргах, өрөмдлөг хийж, 219 диаметрийн өргөн труба суулгах, гүнээсээ хамаарч тоо ширхэг гарна, усны ган, РУС хоолой суулгах, тросс, цахилгааны утас, худгийн ус гарсны дараа худгийн насос суурилуулалт тус тус ажлын хөлсөнд багтана. Уг ажлаас 14 тууш метрийг өрөмдсөнөөс бусад ажлыг гүйцэтгээгээгүй худаг гаргаагүй тул 5,500,000 төгрөг төлөх үндэслэлгүй.

6.2. Д.Х нь технологи алдаж хайгуулаа хийгээгүй дурын газар ухсан. Худгийн өрөмдлөг хийхээс өмнө хайгуул хийж, дүгнэлт гаргаж, худаг гаргуулах зөвшөөрөл авч байж худгийн цооног ухахыг Усны тухай хуульд заасан.

6.3. Би шаардлагатай бичиг баримтыг Төв аймгийн Байгаль орчны газарт и-мэйлээр хүргүүлсэн. Д.Х нь хайгуулын дүгнэлт, худаг өрөмдөх тусгай зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэхийг өгөөгүйгээс худаг өрөмдөх зөвшөөрөл гараагүй. Д.Х нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэчихээд уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчээс 5,500,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Хоос 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Х ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Ст холбогдох ажлын хөлсөнд 5,500,000 төгрөг гаргуулах хариуцагч Д.Х, Х ХХК-иудын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөг, хариуцагч Д.Х-оос төлсөн 102,950 төгрөг, Х ХХК-иас төлсөн 102,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагч Д.Х-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1.Шүүх хуралдаанд Х ХХК-ийн төлөөллийг оролцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдлүүлээгүй.

8.2. Худгийг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гаргах хуулийн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгч нь Х ХХК-тай гэрээ байгуулж эрх зүйн харилцаанд орсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд нэхэмжлэгч тал гарын үсэг зураагүй нь хууран мэхэлсэн, итгэл эвдсэн гэж үзэхээр байна.

8.3. Нэхэмжлэгч нь усны хайгуул хийлгэсэн баримт өгч худаг гаргах газрыг заасан. Уг баримт хэрэгт авагдсан байхад гэрээний нэг тал биш гүйцэтгэгчийн ажилтанг буруутгах үндэслэлгүй. Х ХХК-ийн гэрээний дагуу 50 метр газар өрөмдөх газарт 100 тууш метр өрөмдөж бодит зардал гаргасан байхад нэхэмжлэгч ажлыг дуусгалгүйгээр явуулсан. Машин механизмыг нь барьцаалж авахыг оролдсон тул техникээ шөнийн цагаар авч явсан.

Нэхэмжлэгч өөрөө буруутай байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Одоо усны түвшин 31 метрт байгаа бага зэргийн ажил хийхэд худаг бэлэн ажиллахаар байгаа. Худгийг ажилд оруулахад хэдэн төгрөгийн зардал гарах, насос тавиад ажиллуулах боломжтой эсэхийг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлүүлэх шаардлагатай. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготой байсан. Учир нь гүйцэтгэсэн ажил ямар хэмжээтэй явагдсан, худаг гарах эсэх талаар Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээч томилуулахаар очиход хариуцагч шинжээчийн зардлыг төлөхгүй гэх үндэслэлээр шинжээч томилохоос татгалзсан бичгээ шүүхэд гаргаж өгсөн. Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд ус хэрэглэгчид олгох зөвшөөрлийн талаар заасан. Д.Х нь хайгуулын дүгнэлтээ өөрөө хийж ус гарах эсэхийг тооцон үйл ажиллагаагаа явуулах ёстой байтал хийгээгүй.

9.2. Иргэн н.Ганбаяр нь хэрэгт хамааралгүй жилийн өмнө манай компанийн зүгээс ус гарах эсэхийг тодруулж байсан. Аймгийн байгаль орчны газраас зөвшөөрөл авахгүйгээр ажлаа эхлүүлсэн байсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасан ажлын үр дүн гэх зүйл байхгүй бөгөөд 2-3 хоног ажилласан боловч доороо чулуу тээглэн зогссон, худгийг ашиглах боломжгүй, газар далий ухагдсан байгаа. Мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1 дэх хэсэгт заасны дагуу доголдолгүй үр дүнг хүлээлгэн өгөөгүй учир анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Х-ын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Х ХХК, Д.Х нарт холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ажлын хөлс 5,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Д.Х-ыг тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

 

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.С, хариуцагч Д.Х нарын хооронд болон нэхэмжлэгч Н.С, хариуцагч Х ХХК-ийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэх, хэрэв эрх зүйн харилцаа үүссэн бол ямар эрх зүйн харилцаа үүссэнийг тодорхойлоогүй байхаас гадна энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, Н.С гидрогеологийн цооног өрөмдөх гэрээг иргэн Д.Х-той эсхүл Х ХХК-тай байгуулсан эсэхийг тодруулах шаардлагатай байна.

 

3.2. Мөн нэхэмжлэгч Н.С-ийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Х ХХК-ийг татан оролцуулсан боловч ийнхүү оролцуулах болсон үндэслэл нь тодорхой бус байна. Тодруулбал, хамтран хариуцагчаар татагдсан Д.Х нь нэхэмжлэлийн шаардлагын аль хэсгийг ямар үндэслэлээр хариуцах, эсвэл хариуцагч Х ХХК-тай ямар үндэслэлээр хамтран хариуцах талаар мэтгэлцүүлэх учиртай.

 

3.3. Түүнчлэн, талууд гидрогеологийн цооног өрөмдөх тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгэсэн талаар маргаагүй боловч уг ажлыг цаашид ашиглах боломжтой эсэхийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 

3.4. Хариуцагч Х ХХК, Д.Х нараас нэхэмжлэгч Н.С-т холбогдуулан хийсэн ажлын хөлс 5,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин нэхэмжлэгч Н.С нь Х ХХК, Д.Х нарыг хариуцагчаар тодорхойлсон атлаа шүүх хуралдаанд хариуцагч Д.Хтой эрх зүйн харилцаа үүссэн гэж тайлбарласан. Гэтэл хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэл хоорондоо зөрчилтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар хариу тайлбартаа нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаа үүсээгүй гэсэн боловч сөрөг нэхэмжлэлдээ гүйцэтгэсэн ажлын хөлс шаардаж буй нь ойлгомжгүй байгааг тодруулах шаардлагатай байна.

 

3.5. Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт цооног өрөмдөх ажлыг усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэхээр заасан бөгөөд энэ гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой байна. Өөрөөр хэлбэл, гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэвэл гэрээний үүргийг шаардаж буй эсэх, харин тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ажлыг гүйцэтгээгүй бол хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн хэлцэлд хамаарах эсэхийг шийдвэрлэх учиртай. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан хэргийн шийдэл болон хууль хэрэглээ өөр өөр болно.

 

4. Түүнчлэн, хариуцагч Х ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх давж заалдах гомдлыг шүүхэд гаргах эрхтэй. Харин хариуцагч Д.Хоос хариуцагч Х ХХК-ийн өмнөөс гомдол гаргах эрхийг эдлэхгүй тул энэ талаар гаргасан түүний гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/00442 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Хын улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ