| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 143/2016/0077/и |
| Дугаар | 51 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 51
Ж.Мааманхүүгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2016/00235 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ж.Мааманхүүгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Улам-Өрнөхөд хариуцагдах
“Автомашин худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан Улам-Өрнөхөд Ланд-105 машиныг эргүүлэн өгч, 38.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 347.950 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.Мааманхүү
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах
Хариуцагч Б.Улам-Өрнөх
Хариуцагчийн өмгөөлөч Ц.Баярмаа
Нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Мааманхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ханхонгор сумын Батчулууны Улам-Өрнөх гэх хүн Цогтцэций сумын ногоон халуун усны газрын эзэн Цогнэмэхийн Ланд-105 маркийн автомашиныг худалдан авах гэж 2015 оны 11-р сарын сүүлээр хэд хэдэн удаа уулзаж, наймаа хийх гэж байсан боловч үнэ өртөг дээрээ тохирохгүй байсан гэдэг /үүнийг Цогнэмэх гэрчилнэ/. Улмаар Цогнэмэх гэх хүн Цогтцэций сумын Ж.Мааманхүү гэх хүнд өглөгтэй, Мааманхүү гэх хүнтэй уулзаад наймаа хийлгээд би машиныг арай хямд авч болох юм байна гэж Улам-Өрнөх ярьсныг миний хүү М.Ганбат сонсоод надад хэлсэн. Би Улам-Өрнөхтэй утсаар ярихад Улам-Өрнөх надад хэлэхдээ Мааманхүү ах та тэр машиныг надад аваад өгчих гэсэн. Цогнэмэхээс авч чадах нэг шалтгаан байсан нь надад халуун усны барилга худалдаж авсны үлдэгдэл төлбөр болох
28,000,000 төгрөгийн өглөгтэй байсан юм. Би Цогнэмэхтэй уулзаж уг Ланд-105 машиныг
38,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод дахин Улам-Өрнөхтэй утсаар ярьж
38,000,000 төгрөгөөр авахаар тохиролцлоо, чи авах юм уу? гэхэд Улам-Өрнөх болно, би авна гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа чи яг авна биз, ирж машинаа үзэхгүй юм уу? гэхэд Улам-Өрнөх би урьд нь үзсэн, та авчих, тэгээд би очъё гэсэн.
Улмаар би Цогнэмэхийн хүү болох Эрдэнэбаяртай 2015 оны 12-р сарын 15-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ хийж машиныг авсан. Машиныг авчихлаа гэж Улам-Өрнөх рүү ярихад Улам-Өрнөх 3, 4 хүнтэй ирж машин үзээд уначихсан машин байна гэхдээ яахав нэгэнт авна гэсэн юм чинь гээд надад унаж явсан Маяти маркийн машин, 12 цагаантай эмээлээ үлдээгээд зөрүү мөнгийг нь дараа өгөхөөр тохиролцоод явсан. Гэтэл маргааш нь надтай утсаар яриад нэг арга оллоо. Энэ машиныг би авснаа хүнд мэдэгдэхгүй байж байгаад хүнд зараад таны мөнгийг өгөх арга байна, би очлоо. Та барьцаа авах уу? эсвэл надад итгэж байна уу? гэхэд чи бол итгэл хүлээсэн нэр хүндтэй хүнд би итгэлгүй яахав чи өөрөө мэд гэж хэлсэн /учир нь энэ хүн Ханхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүн/. Ингээд Улам-Өрнөх хүрч ирээд урьд хийсэн наймааны Маяти маркийн машин болон 12 цагаантай эмээлээ аваад та миний машиныг гараждаа хийгээд хадгалж бай, би 2016 оны 6-р сарын 1-ний дотор машины мөнгө 38,000,000 төгрөг өгнө гээд машины километрийн заалтыг бичиж 2015 оны 12-р сарын 17-ны өдөр худалдах худалдан авах гэрээг өөрийн гараар бичиж хийгээд гарын үсгээ зураад 1 хувь гэрээгээ аваад явсан. Улам-Өрнөхийг ийнхүү гэрээ хийсэн болохоор Цогнэмэхээс авсан машины үнийн зөрүү болох 10,000,000 төгрөгийн 4,600,000 төгрөгийг нь 2015 оны 12-р сарын 18-нд, мөн 2015 оны 12-р сарын 21-нд 5,000,000 төгрөгийг төлсөн юм. Гэтэл сүүлд утсаар яриад би наад машиныг чинь авахаа болилоо, авахгүй гэж гэрээний үүргээсээ татгалзсан юм. Улам-Өрнөх нь надад гэрээ хийж өгөхийн оронд би энэ машиныг авахгүй гэдгээ хэлчихээд орхиод явсан бол би Цогнэмэхэд 10,000,000 төгрөг өгөлгүйгээр машиныг нь эргүүлэн өгөх бололцоо байсан. Улам-Өрнөх нь миний өөрийн хөрөнгө 38,000,000 төгрөгөөр Цогнэмэхээс Ланд 105 маркийн машин авна гэж авхуулчихаад худалдах-худалдан авах гэрээний үүргээсээ татгалзсан тул би нэгэн адил гэрээнээсээ татгалзаж Улам-Өрнөхөөс машины үнэ 38,000,000 төгрөг мөн тэмдэгтийн хураамж 347,950 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Мааманхүү 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбартаа: Ж.Мааманхүү миний бие анх гаргасан нэхэмжлэлдээ гэрээг цуцлах хүсэлтэй байна гэж бичсэн нь миний буруу ойлголт байжээ. Би ойлгохдоо уг гэрээ 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэж бичсэн болохоор гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан нь миний нэхэмжлэлээс татгалзаж магадгүй гэж гэрээг цуцлах гэж бичсэн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан Б.Улам-Өрнөхөд Ланд 105 маркийн автомашиныг нь эргүүлэн өгч, гэрээнд бичигдсэн 38,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Б.Улам-Өрнөхөөс гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Б.Улам-Өрнөх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би иргэн Н.Цогнэмэхийн Ланд 105 маркийн автомашиныг худалдан авахаар сонирхож байсан бөгөөд Ж.Мааманхүү нь надтай холбогдож Н.Цогнэмэхийн машиныг сонирхож байна уу? би Н.Цогнэмэхээс авлагатай, үнийг нь бууруулаад авч өгч чадна гэж хэлсэн, ингээд Цогт-цэций сум дээр очиж Мааманхүүтэй уулзахад тээврийн хэрэгслийн худалдах-худалдан авах гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Ингэсний дараа машинаа авахаар очоод нүдээр үзээд уг машиныг унаж шалгатал унасан, сэвтэй, битүү замасктай байсан тул ийм машин худалдан авах боломжгүй гэдгээ хэлээд больсон. Ж.Мааманхүү нь Н.Цогнэмэхээс авлагатай тэр авлагыг нь төлдөггүй байсан учраас автомашиныг нь надад зуучлан худалдаж авлагаа авах зорилготой байсан юм. Миний бие уг машиныг худалдан авахаар бол чанар иж бүрдэлийг нь шалгах эрхтэй бөгөөд Ж.Мааманхүүгийн автомашиныг худалдан авахаар тохироогүй. Ж.Мааманхүү нь уг автомашины эзэмшигч биш тул надтай худалдах-худалдан авах гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш юм. Иймд би Ж.Мааманхүүд мөнгө төлөх үндэслэлгүй. Ж.Мааманхүү, Н.Цогнэмэх нарын надад худалдахаар ярьж, үзүүлж байсан ланд 105 маркийн автомашин нь тэр үед 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Капитрон банкны эзэмшлийн нэр дээр байсан бөгөөд Н.Цогнэмэх, Ж.Мааманхүү нар уг машиныг худалдах эрхгүй этгээдүүд байсан юм. Миний бие Ж.Мааманхүүгийн эзэмшлийн автомашиныг худалдаж авахаар гэрээ байгуулаагүй. Харин Ж.Мааманхүү нь хүний машиныг худалдахаар хуурамч гэрээ байгуулсныг мэдэж би өөрөө банкны барьцаанд байсан эвдэрхий машиныг худалдан авахаас сэргийлж чадсанаар хохиролгүй үлдэж чадсан юм. Ж.Мааманхүүг миний өмнөөс үүрэг гүйцэтгэх талаар ямар нэгэн гэрээ байгуулж төлөөлөл хэрэгжүүлэх зөвшөөрлийг Б.Улам-Өрнөх миний бие олгоогүй болно. Иймд автомашин худалдан авахаар ярилцаж байсан нь худалдан авагчийн үүргийг хүлээхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Улам-Өрнөх нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Ж.Мааманхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тайлбар гаргасан байна. Уг тайлбартай танилцаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардалагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь худалдан авах гэсэн машин миний сэтгэл ханамжид нийцээгүй учир худалдан авахаас татгалзсан юм гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Мааманхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчтай эвлэрэх талаар хэд хэдэн удаа ярилцсан боловч эвлэрээгүй. Одоо эвлэрэх боломжгүй. Н.Цогнэмэхийн 105 машин Б.Улам-Өрнөхөд таалагдсан учраас энэ хүн Н.Цогнэмэхтэй хэд хэдэн удаа уулзаж хэлцэл хийсэн байдаг юм. Энэ хүн Н.Цогнэмэхтэй наймаа тохиролцоогүй учраас надаар дамжуулан надаар машин авхуулсан. Энэ нь цагдаад өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдоно. Одоо энэ хүн би машин авахгүй, би тийм зүйл хэлээгүй гэж олон талын худлаа мэдүүлэг өгөөд байгаа. Та бүгд надаар тоглоом тохуу хийж болохгүй. Би 2015 оны 12 дугаар сарын 15-ны орой Н.Цогнэмэхээс машиныг нь авч гэрийн гадаа байрлуулсан. Б.Улам-Өрнөх 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дөрвүүлээ ирж машинаа шалгаж аваад надад маяти машинаа өгч, хавар 2 сая төгрөг нэмж өгнө гэж наймаагаа тохироод гэр лүүгээ явсан. Би маргааш өглөө нь Б.Улам-Өрнөхтэй ярьсан юм. Гэтэл Б.Улам-Өрнөх би нэг арга оллоо. Энэ машиныг авснаа хүнд мэдэгдмээргүй байна. Машинаа танай хашаанд аваачиж тавья, дүү эмээлээ зарахгүй гээд байна. Хавар ноос ноолуур гарахаар будагт оруулж нутгийн 1000 малтай иргэдэд зарчихна. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд танд мөнгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь би эмээл, машин хоёроо авч явахаар болж 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд надад мөнгөө өгч эмээл, машинаа надаас авахаар худалдах худалдах авах гэрээ байгуулж нэгийг нь надад үлдээгээд нөгөө гэрээг нь өөрөө авч явсан. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр энэхүү гэрээг хийсний дараа миний хүнээс авах ёстой байсан мөнгө орж ирэхгүй байж байгаад 10.000.000 төгрөг цуварч орж ирэхэд нь би Н.Цогнэмэхэд машины зөрүү мөнгө гэж өгсөн.
Би тэр машиныг өөртөө аваагүй, энэ хүний хэлснээр авч өгсөн. Энэ хүн машин авах дургүй байгаад авч чадахгүй талаараа үнэнээ хэлсэн бол хоёулаа Н.Цогнэмэх дээр энэ талаар хэлээд машин авахаа болих бүрэн бололцоотой байсан. Тэтгэврийн хөгшин 38,000,000 төгрөгөөр хохирно гэдэг надад үнэхээр хэцүү байна. гэжээ.
Хариуцагч Б.Улам-Өрнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Н.Цогнэмэх гэдэг хүнийг таньдаггүй байсан юм. Би мориныхоо маяти машиныг зарна гэж Болормөнхөд хэлж байсан. Нэг өдөр Болормөнх миний таньдаг нэг ахад сайхан 105 ланд машин байгаа хямд зарна гэж хэлсэн. Нэг удаа найзынхаа морины жүчээн дээр байж байтал нэг танихгүй ах давхиж ирсэн. Тэгээд миний маяти машиныг сонирхож үзье гээд манай гэрт хамт очсон. Тэгээд Н.Цогнэмэх миний маяти машины асааж унаж үзээд авмаар байна гээд надад 105 машин байгаа сонирхож байвал миний машиныг үзэж хараарай гэсэн. Би машиных нь үнийг асуухад 40,000,000 төгрөг гэсэн. Миний маяти машиныг ямар үнэтэй юм бэ? гэхээр нь би ноднин 36,000,000 төгрөгөөр авсан. Одоо 30,000,000 төгрөгөөр зарна гэхэд 10,000,000 төгрөгийн зөрүү гарах юм байна гэж хэлээд Н.Цогнэмэх яваад өгсөн. Намайг Цогтцэций суманд очиход 11-88 улсын дугаартай Ланд 105 улсын дугаартай авто машин дэлгүүрийн гадаа зогсож байсан. Н.Цогнэмэх дотор нь байхаар нь би машинаа яахаар болсон гэж асуусан юм. Тэгэхэд 10,000,000 төгрөг дээр маяти машинаа өгвөл наймаагаа тохирьё гэсэн. Би машиныг нь сайн үзэж хараагүй. Тухайн үед зээлээр наймаа хийх үү? гэхэд үгүй гэж хэлсэн. Н.Цогнэмэх гэрчийн мэдүүлэг өгөхдөө намайг машиныг тойрч үзээд байсан гэж мэдүүлсэн байсан. Би тойрч үзсэн, харсан зүйл байхгүй. Түүний дараа Болормөнх гэж зуучилсан хүн Н.Цогнэмэх ахын машиныг үзсэн үү? гэж асуухаар нь надад үнэрхээд, зээлээр наймаа хийхгүй гээд байна лээ гэхэд одоо хоёулаа очиж үзье гээд манай гэрт давхиад ирсэн. Тэгээд бид Цогтцэций суманд очиж Н.Цогнэмэхийн гэрт очиж уулзахад зөрүү 15,000,000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд би авахгүй гэж бодоод байж байтал нэг орой Ж.Мааманхүү над руу залгаж чи Н.Цогнэмэхийн машиныг сонирхож байсан юм уу? Би машиныг чинь аваад өгье. Надад Н.Цогнэмэх 28,000,000 төгрөгийг өртэй юм. Би зөрүү мөнгийг нь өгөөд машиныг чинь аваад өгье. Чи надад хавар мөнгөө өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь үнэхээр сайн машин байвал авч болно гэдгээ хэлсэн. Сайн машин байна гэхээр нь би авчих гэж хэлж байсан. Би өөрийнхөө аав шиг хүнд итгэсэн юм. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр машин авчихлаа гэж над руу ярихаар нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр найз болон дүүтэйгээ хамт Цогтцэций сум орж машиныг үзэхэд сүрхий царайтай машин байсан. Та ямар муу машин авсан юм бэ? гэхэд Ж.Мааманхүү чи өөрөө ав гэсээр байгаад авхуулсан. Би 10,000,000 төгрөг бэлнээр өгөөд авсан. Над руу уурлаж гэрчилгээг нь шидчихээд явсан. Надад хүчээр шахуу дотор гонсойлгосон машин өгсөн. Унаж явсан маяти машин, эмээл хоёроо Ж.Мааманхүүд өгчихөөд хүчээр Ланд 105 маркийн машиныг нь унаад явсан. Миний сэтгэлд машин нийцээгүй. Тэгээд маргааш өглөө нь манай эхнэр ямар муу машин авсан юм буцааж өг гэж загнасан. Машиныг буцааж аваачиж өгье гэж хэлэхэд Ж.Мааманхүү буцаагаад аваад ир гэсэн. Цогтцэций суманд очоод машиныг нь өгөх гэтэл Ж.Мааманхүү ах хүнд 10,000,000 төгрөг өгүүлчихээд одоо юу яриад байгаа юм. Одоо машинаа чи өөрөө зар гэсэн. Гэрээсээ худалдах, худалдан авах гэрээ гаргаж ирээд гэрээ байгуулж надаар гарын үсэг зуруулсан. Би машины мөнгө гээд байгаа 38,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо бодоход Н.Цогнэмэх, Ж.Мааманхүү хоёр хоорондоо тохиролцоо хийж надад муу машин зарсан байх гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Мааманхүүгийн нэхэмжлэлтэй Б.Улам-Өрнөхөд холбогдох 38,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Мааманхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 /гурван зуун дөчин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2016 оны 03 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаадлагаа өөрчилж гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан Б.Улам-Өрнөхөд Ланд-105 маркийн автомашиныг эргүүлэн өгч, Б.Улам-Өрнөхөөс 38000000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжилж байсан улсын тэмдэгтийн хураамж 347950 төгрөг нэхэмжлэхээс татгалзсан. Анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр “Автомашин худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан Улам-Өрнөхөд Ланд-105 машиныг эргүүлэн өгч, 38000000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 347950 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Шүүх “Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдолыг арилгахад гарсан зардпаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6 дахь хэсэгт “...тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдолыг илрүүлсэн худалдагч авагч энэ хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.” “Дээрх заалтаас дүгнэж үзэхэд худалдан авагч Б.Улам-Өрнөх худалдах худалдан авах гэрээ байгуулах үед эд хөрөнгө /автомашин/ нь доголдол /сэв, замаска/-тойг мэдэж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд худалдах худалдан авах гэрээг цуцлах үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн хэргийг шийдвэрлэжээ. Хариуцагч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэгч, хариуцагч талын хэн аль нь гэрээг цуцлах талаар маргаагүй байхад “Б.Улам-Өрнөх худалдах худалдан авах гэрээ байгуулах үед эд хөрөнгө нь доголдолтойг мэдэж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд худалдах худалдан авах гэрээг цуцлах үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх худалдах худалдан авах гэрээг цуцлах нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа “Иймд нэхэмжлэгч Ж.Мааманхүүгийн хариуцагч Б.Улам-Өрнөхөд холбогдуулж шүүхэд гаргасан худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан Улам-Өрнөхөд Ланд-105 машиныг эргүүлэн өгч, 38000000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 347950 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ’ гэсэн учир дутагдалтай дүгнэлт болжээ. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдсэн “Иргэний хуулийн 251 дүгээр зүйл худалдсан эд хөрөнгийг “гэрээгээр тогтоосон ...чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй" гэж дүгнэсэн заалт, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар дүгнэсэн дүгнэлтүүд нь хоорондоо авцалдахгүй байна. Б.Улам-Өрнөх нь автомашин худалдан авахаасаа өмнө Ж.Мааманхүүтэй гар утсаар маш олон удаа ярилцаж автомашиныг ямар ч байсан үнийг нь бууруулаад аваад өг гэж байсныг нотлохоор гар утасны биллийг гаргаж өгсөн. Гэтэл шүүх “Юнител Цогтцэций -02” гэх дардас бүхий утсаар ярьсан гэх жагсаалт нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байгаа боловч хэрэгт хамааралгүй байна гэж дүгнэсэн байна. Утсаар Б.Улам-Өрнөхтэй олон удаа ярихдаа “юуны тухай” ярилцаж байсан талаар шүүх асууж тодруулаагүй атлаа уг нотлох баримтыг яагаад хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага болох улсын тэмдэгтийн хураамж 347950 төгрөгөөсөө шүүх хуралдааны үед татгалзсаар байхад уг шаардлагын талаар дүгнэсэн нь илүүц болжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Өмнөговь аймагдахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 16-ны өдрийн 235 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Б.Улам-өрнөхөөс гэрээний үүргийн биелэлт 38000000 төгрөг гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй боловч давж заалдах шатны шүүхээс нотлох баримтанд үндэслэн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч Ж.Мааманхүү хариуцагч Б.Улам-өрнөхөд холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 38000000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Б.Улам-Өрнөхөд Toyota Landgruiser-105 маркийн автомашиныг эргүүлэн өгч, 38000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ./хэргийн 01, 30 дугаар тал/
Хариуцагч Б.Улам-Өрнөх худалдан авах гэсэн автомашин миний сэтгэл ханамжинд нийцээгүй учраас худалдан авахаас татгалзсан гэж нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг эс зөвшөөрсөн байна. /хэргийн 80 дугаар тал /
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254.1, 254.6-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч “талууд гэрээ цуцлах асуудлаар маргаагүй байхад гэрээг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэсэн, “Юнител ЦогтЦэций-02” гэх дардас бүхий утсаар ярьсан жагсаалтыг нотлох баримтаар гаргаж өгснийг хэрэгт хамааралгүй гэж үнэлсэн нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Мааманхүү, хариуцагч Б.Улам-Өрнөх нарын хооронд Ж.Мааманхүү нь иргэн Н.Цогнэмэхийн эзэмшил, ашиглалтад байгаа Toyota Landgruiser-105 маркийн автомашиныг 38000000 төгрөгөөр худалдан авах, хариуцагч Б.Улам-Өрнөх нь уг автомашиныг Ж.Мааманхүүгээс худалдан авч, үнийг төлөх хэлцэл амаар байгуулагдсан байна.
Энэ хэлцлийн дагуу Ж.Мааманхүү нь 2015 оны 12 дугаар сарын 15-нд Н.Цогнэмэхийн хүү Ц.Эрдэнэбаяртай худалдах, худалдан авах гэрээ байгуулж автомашиныг хүлээн авсан, 2015 оны 12 дугаар сарын 16-нд уг автомашинаа Б.Улам-Өрнөхөд шилжүүлж, түүнээс Маяти маркийн автомашин, 12 цагаантай мөнгөн эмээлийг авч үнийн зөрүүд 2000000 төгрөгийг хавар өгч авалцахаа тохиролцож арилжиж, харилцан хөрөнгөө шилжүүлж үүргээ гүйцэтгэжээ.
Энэ үйл явдлын маргааш Б.Улам-Өрнөх нь Ж.Мааманхүүгийнд очиж, арилжааны үүргээ худалдах худалдан авах гэрээний үүргээр сольж, гэрээг бичгээр байгуулжээ. Худалдах худалдан авах гэрээгээр худалдан авсан автомашины үнэ 38000000 төгрөгийг Б.Улам-Өрнөх нь 2016 оны 6 дугаар сарын 01-ны дотор Ж.Мааманхүүд төлөхөөр тохирсон. Уг гэрээгээр худалдах худалдан авах гэрээний зүйл болох машин Б.Улам-Өрнөхөд шилжсэн мэт боловч тэд хоорондоо автомашиныг Ж.Мааманхүүд хадгалуулахаар амаар тохиролцож үлдээсэн байна.
Б.Улам-Өрнөхтэй гэрээ байгуулсан тул Ж.Мааманхүү нь иргэн Ц.Эрдэнэбаярт автомашины үнэнд авлага 28000000 төгрөгөө суутгаж, зөрүү 10000000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр цуварган төлсөн үйл баримтууд тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч Ж.Мааманхүү, хариуцагч Б.Улам-Өрнөх нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнийн талаар талууд маргаагүй, харин автомашин унасан, сэв замасктай тул худалдан авагчийн сэтгэл ханамжийн байдалд нийцээгүйгээс худалдан авагч Б.Улам-Өрнөх үнийг төлж, эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзаж, харин худалдагч Ж.Мааманхүү нь уг автомашиныг бусдаас худалдан авах хүсэл зорилгогүй байсан, Б.Улам-Өрнөхийн гуйснаар уг автомашиныг худалдан авсан, тэрээр авахгүй гэсэн бол үнийн зөрүү 10000000 төгрөгийг Цогнэмэхэд төлөхгүй байсан гэж маргажээ.
Шүүх маргааны зүйл болох автомашин нь сэв замасктай буюу биет байдлын доголдолтой байсныг худалдан авагч Б.Улам-Өрнөх мэдэж байсан болох нь зохигчдийн тайлбараар тогтоогдож байгаа гэсэн атлаа гэрээний зүйлийн чанар, гэрээг цуцлах шалтгаан, худалдан авагчийн гэрээг цуцлах эрхийг үгүйсгэх хуулийн зохицуулалт зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр худалдах, худалдан авах гэрээг цуцлах эрхтэй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь маргааны зүйл болох автомашин нь сэв замасктай буюу биет байдлын доголдолтойг худалдан авагч нь гэрээ байгуулахаас өмнө мэдэж байсан нь түүний тайлбараар болон Н.Цогнэмэхийн “Улам-Өрнөхтэй машинаа солилцох гэж байсан, машиныг тойрч харж байсан, миний машин 41000000 төгрөг, энэ хүний машин 31000000 төгрөг, үнийн зөрүүний оронд тэмээ, адуу өгнө гэж би адуу тэмээ авахгүй гэсэн, 4 удаа уулзсан, машиныг сайн ажигласан сольсон дугуйг мэдэж байсан” гэсэн агуулга бүхий мэдүүлэг гэрчийн тэмдэглэлээр нотлогдож байна.
Харин автомашиныг хүлээн авах үед тухайн үед мэдэж байснаас өөр мэдэгдээгүй доголдол илэрсэн талаар хариуцагч шүүхэд тайлбар гаргаж, татгалзаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар мэтгэлзэх зарчим бүх шатанд хэрэгжинэ. Хариуцагч Б.Улам-Өрнөх нь автомашин банкны зээлийн барьцаанд байсан гэж нэхэмжлэлийн хувийг гардан аваад гаргасан хариу тайлбартаа дурддаг, анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд энэ талаар татгалзсан тайлбар гаргадаггүй. Гэхдээ хариуцагч Б.Улам-Өрнөх автомашиныг авахаар сонирхож Н.Цогнэмэхтэй уулзаж, Ж.Мааманхүүтэй гэрээ байгуулж байх үедээ мэдэж байсан нь Ц.Энхцэцэг, Н.Цогнэмэх нарын гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлээр нотлогдож байна. /хэргийн 24, 26 дугаар тал/
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж зохицуулсан. Худалдан авагч Ц.Улам-Өрнөх нь эд хөрөнгийн доголдлын талаар гэрээ байгуулахаас өмнө, гэрээ байгуулах үед, эд хөрөнгийг хүлээн авсан үедээ мэдэж байсан байх тул тэрээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
Мөн худалдагч Ж.Мааманхүү нь эд хөрөнгийн доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан болон үүрэг зөрчсөнөөс гэрээнээс талууд татгалзах нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 255.2, 225.1-т заасан зохицуулалт тухайн маргаанд хэрэглэгдэх боломжгүй байна.
Ж.Мааманхүү, Б.Улам-Өрнөх нар нь 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 16-ны өдрийн хооронд 10 удаа ярьсан нь “Юнител Цогтцэций 02” тэмдэг дарагдсан лавлагаагаар нотлогддог тул Ж.Мааманхүүгийн Н.Цогнэмэхээс автомашин авахтай холбогдон удаа дараа ярьж Б.Улам-Өрнөхтэй тохирч байсан гэдгийг үгүйсгэх боломжгүй, өөрөөр хэлбэл Ж.Мааманхүүг Б.Улам-Өрнөхийн хүсэл зоригийн гадуур автомашиныг Н.Цогнэмэхээс авч, түүнд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч Б.Улам-Өрнөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ нотолж чадаагүй байна. Түүнчлэн амаар байгуулсан арилжааны гэрээний үүргийг худалдах худалдан авах гэрээгээр сольж өөрийн гараар бичсэн, мөн автомашин хадгалуулах зорилгоор үлдээж буй мэт сэтгэгдэл төрүүлсэний дараа гэрээнээс сэтгэл ханамжид нийцээгүй гэж шууд татгалзсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс эрх зүйн маргааныг шийдвэрлүүлэхтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347950 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэсэн, мөн маргаантай эрх харилцааг тодорхойлсон эрх зүйн хэм хэмжээг хэрэглээгүй хууль хэрэглээгүй алдаа гаргасан боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болоогүй гэж үзснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2016/00235 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь “ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 3232Өмө улсын дугаартай, Toyota Landgruiser-105 маркийн автоамашиныг Ж.Мааманхүүгээс хүлээн авч, 38000000 төгрөгийг Ж.Мааманхүүд төлөхийг Б.Улам-Өрнөхөд даалгасугай” гэж, 2 дугаар заалтын “... улсын орлогод...” гэсний дараа “...хэвээр үлдээж, хариуцагч Б.Улам-Өрнөхөөс 347950 төгрөг гаргуулан Ж.Мааманхүүд олгосугай.” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Мааманхүүгийн давж заалдах гомдол гаргахад төлсөн 347950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Н.НАСАНЖАРГАЛ