Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2019/0480

 

 

М.Ц-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч М.Ц нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор М.Ц-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Орхон аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлийн тухай хууль /2003.06.19/-ийн 3 дугаар зүйлийн 3.2, 13 дугаар зүйлийн 13.5.8, 15 дугаар зүйлийн 15.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ц-ын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эрхийг улсын бүртгэлийн Ү-2101002800 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах’’-ыг шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадсангүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 900 дугаартай шийдвэр, Зоос банкны 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02/246 дугаар албан тоот зэргүүдийг үндэслэн 5-1-135 тоот орон сууцыг М.Ц, Э.У, Э.Б нарын нэр дээр шилжүүлэхэд бичсэн өргөдөл, хураамж төлсөн мэдүүлэг, Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан мэдүүлэг, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээгээ хүлээн авсан баримтлан дээр зурсан гарын үсэг зэргүүдийг бичсэн бичвэрүүд гарын үсгүүд нь нэхэмжлэгч М.Ц-ынх мөн эсэх нь эргэлзээтэй байхад үүнд бодит дүгнэлт хийсэнгүй.

          Нэхэмжлэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч дээрх нотлох баримтуудыг бичсэн бичвэр дээр нь зурсан гарын үсэг нэхэмжлэгчийн мөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтээ гаргахад хүлээж аваагүй атлаа барьцаалагчийг гэрээний нэг тал гэж ойлгомжгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

         2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр орон сууцаа Б.Б худалдаж байгаа тухайгаа бичсэн өргөдлийг бичсэн бичвэр, гарын үсэг нь нэхэмжлэгчийнх мөн учраас түүнээс өмнө хийгдсэн бүртгэлийг тогтоолгох нь ямар ач холбогдолтой болох талаар шүүх хурал асууж байсан яг дүгнэлтээ хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

         Банк барьцаалагч учраас нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс түүний нэрийг ашиглан Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авах эрхгүй. Харин барьцааны гэрээгээ бүртгүүлэх эрхтэй юм.

        Иймд дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж өгнө үү’’ гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгч М.Ц-аас Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “...Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ү-2101002800 дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

        Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 900 дүгээр шийдвэрээр Т.Э-аас М.Ц, Э.У, Э.Б нарын өмчлөлд Орхон аймаг, Баян-Өндөр сумын “Уртбулаг” баг, 5 дугаар хороолол, 1 дүгээр байр, 135 тоот орон сууцыг шилжүүлэхээр шийдвэрлэж, энэ шүүхийн шийдвэр болон М.Цын 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан өргөдлийг үндэслэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр уг орон сууцын эрхийн улсын бүртгэлийн Ү-2101002800 дугаарт бүртгэсэн үйл баримт тогтоогджээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлын үндэслэлээ “...5-1-135 тоот орон сууцыг М.Ц, Э.У, Ж.Б нарын дээр шилжүүлэхэд бичсэн өргөдөл, хураамж төлсөн мэдүүлэг зэрэг дээр зурсан бичвэр, гарын үсэг нь нэхэмжлэгчийнх мөн эсэх нь эргэлзээтэй байхад ... нэхэмжлэгчийнх мөн эсэхийг тогтоолгох хүсэлтийг хүлээж авалгүй ... нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болголоо” гэж тайлбарлан маргаж байна.

       Нэхэмжлэгч М.Ц-ын шүүх хуралдаан дээр гаргасан “...Банк нь дээр байхад “Энийг бичээд өг” гэж өргөдөл бичүүлж авсан”[1] гэсэн тайлбараар М.Ц, Э.У, Ж.Б нарын нэр дээр уг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхэд бичсэн өргөдлийн бичвэр, гарын үсэг нь нэхэмжлэгчийнх мөн болох нь нотлогдож байна.

         Хэдийгээр нэхэмжлэгч нь шинжээч томилуулах хүсэлт гаргах эрхтэй боловч уг хүсэлт нь зайлшгүй хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах урьдчилсан нөхцөлөөр хязгаарлагдах учиртай.

         Анхан шатны шүүх “...үзлэг хийх явцад болон тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Ц нь 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргаж өгсөн талаараа тайлбарласан тул уг өргөдлүүдэд зурсан гарын үсгийг М.Ц зурсан эсэхэд шинжээч томилох шаардлагагүй” гэсэн дүгнэлт хийж, шинжээч томилох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

     Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

      Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль...” гэснийг “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүний холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                                  ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

                                   ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 


[1] Хавтаст хэргийн 219 дүгээр тал