Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2016/0169

 


Д.Энхбат, Л.Нэргүй, Ж.Ганбаатар, Я.Гэрэлчулуун,

Т.Баярсайхан нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Энхбат, Ж.Ганбаатар, Я.Гэрэлчулуун, Т.Баярсайхан, нэхэмжлэгч Д.Энхбатын өмгөөлөгч Б.Анхбаяр, нэхэмжлэгч Ж.Ганбаатарын өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нэргүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанхуяг нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 189 дүгээр магадлалтай, Д.Энхбат, Л.Нэргүй, Ж.Ганбаатар, Я.Гэрэлчулуун, Т.Баярсайхан нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Ж.Ганбаатар, Д.Энхбат, Л.Нэргүй нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Энхбат, Л.Нэргүй, Ж.Ганбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргаж буй иргэд нь өөрийн Сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3932 дугаар захирамжийг мөн оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авлаа. Уг захирамжид “...нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07/2101 дугаар албан бичгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны А/151 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн гэж үзэхээргүй байна” гэсэн бөгөөд бид дахин хандахад урьд нь шийдвэрлэсэн гэж амаар хариу өгч байх учир дээрх иргэд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэлээ гаргаж байна.

1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-т “Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байхаар хуульчилсан боловч Улсын Дээд шүүх 1996 онд албан бичгээр “Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж болно” гэж хариу өгчээ. Иймд иргэн бид Сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтад байгаа газарт хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан гражийн барилгыг албадан буулгасан захиргааны хууль бус акттай холбоотой асуудлаар холбоогоороо дамжуулан нэхэмжлэлээ гаргах эрхтэй гэж үзэж байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1140 тоот захирамжаар Сууц өмчлөгчдийн холбоо газар эзэмшсэн. Тус Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах уг газарт иргэд бид гражийн газрыг хууль ёсоор эзэмшин, зохих төлбөрөө Газрын албанд тушаагаад 10-аад жил болж байна.

3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 9 дүгээр 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох тухай шийдвэр гарсан ба тус шийдвэртэй уялдан нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/644 дүгээр захирамжаар зөрчил бүхий газар эзэмшигч, ашиглагчийн судалгааг гарган хүчингүй болгох ажлын хэсэг гарсан ба энэхүү зөрчил бүхий аж ахуйн нэгжийн судалгаанд манай Сууц өмчлөгчдийн холбооны эзэмшил газарт байгаа авто зогсоол хамаарахгүй болно.

Гэтэл дээрх хууль ёсны шийдвэр, үйл ажиллагааг далимдуулан Засгийн газрын Авто баазын удирдлага болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга нар удаа дараагийн хууль бус үйлдлүүд гарган тус 61 дүгээр байрны оршин суугчдын хууль ёсны өмч хөрөнгөнд халдаж, хохироосоор ирлээ.

4. Дүүргийн Засаг даргын А/151 дүгээр захирамжийн 1 дэх хэсэгт “...гражийн барилгын орц, гарцан дээр зөвшөөрөлгүй баригдсан 21 авто машины гражийг албадан нүүлгэсүгэй” гэжээ. Гэтэл тухайн 61 дүгээр байрны оршин суугчдын эзэмшиж, өмчилж байсан гражууд нь ямар ч орц, гарц хаагаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасантай хамааралгүй болно. Мөн албадан буулгах ажиллагааг хэрэгжүүлэхдээ захиргааны байгууллага нь урьдчилан мэдэгдэх үүрэгтэй боловч иргэдэд ямар ч мэдэгдэл өгөлгүй албадан буулгасан ба эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах бололцоо ч олгоогүй байна.

5. Иргэд шат шатны байгууллагад удаа дараа гомдол, хүсэлтээ гаргасан боловч эцэст нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ханд гэсэн хариу авч, Сууц өмчлөгчдийн холбоогоороо дамжуулан өмнө нь хандсан ба ийнхүү өөрсдөө дахин хандаж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамж нь хууль болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгож, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Баярсайхан, Я.Гэрэлчулуун нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хорооллын 62 дугаар байрны хашаанд “Шилтгээн” СӨХ-д ашиглалтад олгосон газар дээр 2009 онд эгнээ 21 авто граж баригдсаныг иргэд худалдан авч ашиглаж байгаа билээ. Эдгээрээс иргэн Гэрэлчулуун 3 тоот, иргэн Баярсайхан 21 тоот гражийг эзэмшдэг юм. Анх баригдсан цагаас нь дүүргийн Газрын албанаас зөвшөөрөлгүй хэмээн мэдэгдэж, буулгахыг шаардаж байгаагүй, харин гражийн газрын төлбөр төлөхийг шаардсан мэдэгдлүүдийг наасан байсны дагуу граж эзэмшигчид төлбөрийг жил болгон төлж ирсэн.

Гэтэл эдгээр гражийг буулгах тухай дүүргийн Онцгой комиссын даргын албан даалгаврыг биелүүлнэ хэмээн дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 6 дугаар хорооны Засаг даргад утсаар мэдэгдлээ гэсний дагуу граж эзэмшигчдийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн Онцгой комисс дээр 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр очиход хэдэн баримт бичгүүдийн хуулбарыг гаргаж өгсөн бөгөөд тэдгээрийг үзэхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/151 тоот захирамжид “...төр захиргааны үйлчилгээний Авто баазын 400 авто машины гражийн барилгын аюулгүйн орц, гарцан дээр зөвшөөрөлгүй баригдсан 21 авто машины гражийг албадан нүүлгэж газрыг чөлөөлсүгэй” гэж заасан байх юм.

Граж эзэмшигчид анх 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасанд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4200 тоот захирамжаар “дүүргийн Засаг даргын захирамжид харьяалах дээд шатны Засаг даргад гомдлоо гарган шийдвэрлүүлсний үндсэн дээр... нэхэмжлэлээ тус шүүхэд дахин гаргах эрхтэй” болохыг зааж нэхэмжлэлийг буцаасан болно. Ингээд нийслэлийн Засаг даргад гомдол гаргасанд нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 5/5452 тоотоор асуудлыг судлан шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгасан.

Дүүргийн Өмч, газрын харилцааны алба 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 989 тоотоор “Эдгээр гражууд нь Засгийн газрын Авто баазын 1 дүгээр гражийн аюулгүйн орц, гарцыг хааж, Газрын тухай хуулийн 21.2.3 дахь заалт, холбогдох журмыг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй баригдсан юм. Иймд Газрын тухай хуулийн 57.3, 57.4 дэх заалтын дагуу 21 гражийн газрын албадан чөлөөлөх тухай Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны А/151 дүгээр захирамж гарсан бөгөөд тухайн газрын албадан чөлөөлөх болно” гэсэн хариу өгснийг миний бие 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гардан авсан болно.

Засгийн газрын Авто баазын удирдлага нь дүүргийн Газрын албаны хэсэг албан тушаалтнуудтай үгсэн, албан тушаалаа ашиглан, иргэдийг айлган сүрдүүлж гражуудыг нь буулган газрыг нь булаан авах гэсэн оролдлого гэж бид гэж үзэж байна. Цаашид хэрэв нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 397 тоот захирамж, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 4.3.6-д заасан “Замын байгууламж, нүхэн гарц, газар доорх болон олон давхар авто зогсоолуудыг жил бүр төлөвлөн барьж байгуулах” арга хэмжээний хүрээнд орон сууцны хорооллуудад дээрээ хүүхдийн тоглоом, амралтын талбай бүхий газар доогуурх давхар автомашины гражууд нэгдсэн журмаар төлөвлөгдөж баригдсан үед нь тэдгээрт сольж зогсоол авч, зайлшгүй шаардлагатай бол дээрх 21 авто гражийг эзэмшигчид нь өөрсдөө буулган нүүлгэн шилжүүлэх болно.

Иймд эрх бүхий байгууллагын хууль ёсны ямар ч дүгнэлт, зайлшгүй шаардлагад үндэслээгүй, ач холбогдлоо нэгэнт алдсан байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/151 тоот захирамжийн 1 дэх заалтын 21 авто гражид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Онон, М.Базарсүрэн, М.Нэргүй нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төр засгийн үйлчилгээний Авто баазын газар эзэмших эрх нь нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1051 тоот захирамжаар олгогдсон байна. Тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төр засгийн Авто баазын шинээр баригдах 400 авто машины гражийн барилгын төлөвлөлтийн талбайд маргаан бүхий 21 айлын граж орсон. Мөн шинээр баригдах гражийн орц, гарцыг чөлөөлөхөөр дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр “Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” захирамж гарсны дагуу 21 айлын авто машины гражийг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг дүүргийн Өмч, газрын харилцааны алба, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Засгийн газрын Авто бааз, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс хамтран гүйцэтгэсэн болно.

2009 онд “Баярс констракшн” ХХК нь тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 62 дугаар байрны хойд талд Засгийн газрын Авто баазын 1 дүгээр гражийн аюулгүйн 2 хаалга, орц, гарцыг хааж, болзошгүй гал түймэр, гамшиг ослын үед ашиглах боломжгүй болгож, галын аюулгүйн норм стандарт болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дэх заалтыг зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 21 айлын авто граж барьсан. Авто граж барьж эхлэх үеэс эхлүүлэн дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас хууль бус үйлдлээ зогсоохыг сануулж, удаа дараа шаардах хуудас өгч байсан боловч хэрэгжүүлээгүйгээр авто гражийг барьж дуусгасан байдаг.

Дээрх хууль зөрчсөн авто гражуудыг албадан буулгах тухай нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2/4224 тоот албан бичиг ирүүлснийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны А/151 дүгээр захирамж, дүүргийн Онцгой комиссын даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар албан даалгавар тус тус гарч, 62 дугаар байрны ард “Баярс-Констракшн” ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан 21 айлын авто гражийг албадан буулгах ажлыг хэрэгжүүлэхийг дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгасан боловч уг ажил 2 удаагийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран өнөөг хүртэл хэрэгжээгүй байна.

Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1-д Сууц өмчлөгчдийн холбоонд газрыг ашиглуулах талаар заасан ба нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажин нийтийн эдэлбэрийн буюу төрийн өмчийн газрыг хянах, хамгаалах, тохижуулах, гэрээнд заасан зориулалтаар зөвхөн ашиглах үүрэгтэй буюу энэ үүргийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.5-д тусгайлан заасан ба тухайн газарт барилга, байшин, түр объект барих эрх олгогдоогүй юм. Дээрх 21 гражийг буулгах асуудал нь “Шилтгээн-21” СӨХ-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох асуудал биш бөгөөд харин ч Газрын тухай хууль зөрчсөн аливаа асуудлыг төрийн байгууллагатай хамтран таслан зогсоох үүрэгтэй байгууллага юм.

Дүүргийн Онцгой комиссын даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05 тоот албан даалгавар нь хуулийн дагуу шийдвэр бөгөөд заавал биелэгдэх ёстой албан даалгавар юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Засгийн газрын Авто баазыг төлөөлж тус баазын захирал Т.Нямдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл хотод барилга, байгууламж барих ерөнхий төлөвлөгөөний дагуу Засгийн газрын Авто баазын шинээр баригдсан 400 авто машины гражийн техникийн аюулгүй ажиллагаатай холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга А/151 тоот захирамж гаргаж, зөвшөөрөлгүй баригдсан хувийн 21 ширхэг авто гражийг албадан буулгах шийдвэр гарган, Засгийн газрын авто баазын 400 авто машины гражийн барилга, байгууламж барих техник, аюулгүй ажиллагааны шугам, орц, гарцтай холбоотой газрын асуудлыг шийдвэрлэсэн юм.

Эдгээр 21 гражийг цаг тухайд нь буулгаагүйгээс 400 авто машины граж барих ажил 3 сараар саатаж, дүүргийн Өмч, газрын харилцааны алба, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс хамтран 2013 оны 7 дугаар сард албадан буулгаж, газар чөлөөлөх ажиллагаа явуулсан бөгөөд дээрх 21 гражийг буулгаж, газар чөлөөлөхөд гарсан зардал болох 45 сая төгрөгийг барьсан компаниар гаргуулах тухай Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 206 тоот албан тоот ирсэн болно. Манай байгууллага энэхүү 45 сая төгрөгийг гаргуулах талаар Сүхбаатар дүүгийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон юм.

Үүний учир шалтгаан нь “Баярс констракшн” ХХК зөвшөөрөлгүй барьсан гражуудаа Д.Энхбат, Л.Нэргүй, Ж.Ганбаатар нарын гурван иргэн ба бусад иргэдэд худалдсан байна. Дээрх гурван иргэн Захиргааны хэргийн шүүхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргатай холбогдуулан гомдол гаргасан байгаа нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д “...зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан байх ба мөн хуулийн 117 зүйлийн 117.1-д “...65.1.7-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн Засгийн газрын Авто бааз УТҮГ-ын нэхэмжлэлтэй “Баярс констракшн” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж үзсэн.

Иймд аль буруутай этгээдийг тогтоож, улсын төсвийн хөрөнгөд учраад байгаа ихээхэн хэмжээний бодит хохирол болох 45 сая төгрөгийг нөхөн төлүүлэх болно гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 441дүгээр зүйлийн 441.1, 441.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Энхбат, Л.Нэргүй, Ж.Ганбаатар нарын гаргасан нэхэмжлэлийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ”Албадан буулгаж газар чөлөөлөх тухай” А/151 дүгээр захирамжийн “Төр захиргааны үйлчилгээний авто баазын 400 авто машины гражийн барилгын аюулгүйн орц, гарцан дээр зөвшөөрөлгүй баригдсан 21 авто машины гражийг... албадан нүүлгэж газрыг чөлөөлсүгэй” гэсэн хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Гэрэлчулуун, Т.Баярсайхан нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 189 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг “1. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энхбат, Л.Нэргүй, Ж.Ганбаатар нарын “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Албадан буулгаж газар чөлөөлөх тухай” А/151 дүгээр захирамжийн “Төр захиргааны үйлчилгээний авто баазын 400 авто машины гражийн барилгын аюулгүйн орц, гарцан дээр зөвшөөрөлгүй баригдсан 21 авто машины гражийг... албадан нүүлгэж газрыг чөлөөлсүгэй” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Я.Гэрэлчулуун, Т.Баярсайхан нарын нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамжийн 1 дэх заалтын 21 авто гражид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ганбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 189 дүгээр магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...харин орон сууц өмчлөгч нийт иргэдийн хуулийн дээрх заалтын дагуу хамтран ашиглах зориулалтын талбайд цөөн иргэдээс авто машины граж барих замаар газрын тодорхой хэсэгт эзэмшлээ тогтоосныг хууль ёсны буюу Сууц өмчлөгчдийн холбооны газрыг авто машины зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа гэж үзэхгүй. Иймд хэдийгээр “Шилтгээн-61” Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн ч гэсэн иргэн Д.Энхбат, Л.Нэргүй, Ж.Ганбаатар нарын граж барих замаар газар эзэмшиж байгааг хууль ёсны гэх боломжгүй” гэж үзээд “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “...тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарах талаар хуульчилсан.

Давж заалдах шатны шүүх “...орон сууц өмчлөгч нийт иргэдийн хуулийн дээрх заалтын дагуу хамтран ашиглах зориулалтын талбайд цөөн иргэдээс авто машины граж барих замаар газрын тодорхой хэсэгт эзэмшлээ тогтоосныг хууль ёсны буюу Сууц өмчлөгчдийн холбооны газрыг авто машины зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа гэж үзэхгүй...” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэл гаргасан иргэдийн эзэмшиж байгаа гражууд нь... авто машины зогсоол буюу тэдгээртэй адилтгах байгууламж гэдэгт хамаарч байгаа. Засаг даргын захирамжид орц, гарцыг хаасан учраас албадан нүүлгэж газрыг чөлөөлөх талаар заасан. Бодит байдал дээр орц, гарц хаасан гэх зүйл огт байхгүй юм.

Магадлалын тогтоох хэсэгт “...Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан...”, “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчдийн эзэмшиж байсан гражууд ямар ч орц, гарц хаагаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 57.3-т заасан зохицуулалттай хамааралгүй юм. Мөн хариуцагч Газрын тухай хуулийн 57.4-т заасан арга хэмжээг хуульд нийцүүлэн хийсэн гэж үзэж түүнийгээ хууль зүйн үндэслэл болгож магадлалд заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь хариуцагчийн зүгээс иргэдэд мэдэгдэл өгөлгүй албадан буулгасан бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах бололцоо олгоогүй юм. Ийм учраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаас гарсан 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 189 тоот магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Д.Энхбат, Л.Нэргүй нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 189 дүгээр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. “Шилтгээн-61” СӨХ болон Засгийн газрын Авто баазын ашиглаж, эзэмшиж байгаа газрууд нь давхцаагүй талаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн, хэргийн оролцогчид уг асуудлаар маргаагүй болно.

Анх Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.5-д заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжаар “Шилтгээн-61” СӨХ-д 5950 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглуулах гэрээ байгуулан, улмаар 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1140 дүгээр захирамжаар ашиглуулах эрхийн хугацааг сунгасан. Үүнээс үзэхэд “Шилтгээн-61” СӨХ нь газар ашиглах зориулалт, эрх, үүргийг тодорхойлсон гэрээг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Газрын албатай байгуулсан, түүнийг зөрчсөн талаар гэрээ байгуулсан этгээдээс гэрээний зориулалтыг зөрчсөн талаар дүгнэлт, ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй байхад доод шатны Засаг даргаас “газрыг гэрээний дагуу ашиглаагүй” гэж тухайн гэрээний биелэлтийг дүгнэж, улмаар гражийг буулган, газрыг чөлөөлсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “...хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина” гэж заасан нь газар ашиглуулах шийдвэрийг гаргах эрх бүхий нийслэлийн Засаг даргад хамаарахаас дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй. Хариуцагчаас дээрх байдлаар хууль бус шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс “Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд газрыг чөлөөлсөн” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн маргаж байгаа 21 граж нь 1999 онд баригдсан бөгөөд улсын комиссоос 61 дүгээр байр болон гражийн барилгыг холбогдох стандарт, норм дүрмийг хангасан гэж үзэн хүлээн авсан.

Гэтэл үүнээс хойш буюу 2013 онд Засгийн газрын Авто баазын 400 авто машины гражийн барилгыг төлөвлөхдөө орц, гарцыг өмнө нь баригдаж, газар ашиглагч этгээд болох Сууц өмчлөгчдийн холбооны зөвшөөрлийн үндсэн дээр тухайн холбооны гишүүд ашиглаж байсан гражуудтай давхцуулан төлөвлөснийг зөвтгөх боломжгүй байна. Гэвч түүнийг үндэслэн нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр “Авто баазын өөрийнх нь хашааны орц, гарц байгаа болох” нь тогтоогдсон байна.

Үүнээс үзэхэд нэгэнт орц, гарц байсаар байхад өмнө нь баригдсан газар ашиглагчийн зөвшөөрөлтэй байгууламжийг нурааж, газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан нь иргэдийн эрхийг зөрчсөн тул хүчингүй болгох нь зүйтэй гэж маргаан бүхий актыг хүчингүй болгож зөв шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамжаар “...Төр захиргааны үйлчилгээний автобаазын 400 машины гражийн барилгын аюулгүйн орц, гарцан дээр зөвшөөрөлгүй баригдсан 21 автомашины гражийг албадан  нүүлгэж газрыг чөлөөлсүгэй” гэж заасныг үндэслэн “Тод гарам” ХХК  нь  2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын автобаазтай байгуулсан “барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу орон сууцны 61 дүгээр байрны хойд талд байрших 21 гражийг гэрээгээр тохиролцсон хөлстэйгээр 8 дугаар сард буулгаж, газрыг нь чөлөөлсөн байна.

1. Нэхэмжлэгч Д.Энхбат, Л.Нэргүй, Ж.Ганбаатар нараас “...эзэмшиж, өмчилж байсан гражууд ямар ч орц, гарц хаагаагүй, Газрын тухай хуулийн 57.3-т заасныг зөрчөөгүй, урьдчилан мэдэгдэл өгөлгүйгээр хүчээр албадан буулгаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны А/151 дүгээр захирамжийн 21 гражид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Энхбат, Л.Нэргүй, Ж.Ганбаатар нар нь орон сууцны 61 дүгээр байрны оршин суугчид ба “албадан буулгагдсан” 1, 7, 12 дугаар гражуудыг эзэмшдэг, эдгээр граж нь уг орон сууцтай хамт баригдаж “Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах комисс”-ын 1999 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай актаар ашиглалтад оруулсны дагуу иргэд худалдан авч эзэмшсэн, гражийн доорх газрыг “нийтийн зориулалттай орон сууцны орчны газар”-ын зориулалтаар нийслэлийн Засаг даргын 2006 оны 561, 2013 оны А/1140 дүгээр захирамжуудаар “Шилтгээн-61” СӨХ-д ашиглуулсан зэрэг нь тогтоогджээ.

Түүнчлэн энэ хэргийн гуравдагч этгээд “Засгийн газрын автобааз” төрийн өмчит үйлдвэрийн газар нь өөрийн эзэмшлийн газарт байрших 2, 3 дугаар гражуудыг буулгаж, шинээр 400 автомашины граж барих болсон, уг барилга нь урд зүг рүү гарах 2 аврах зам, гарцтай байхаар төлөвлөгдсөн, барилгын ажлыг 2013 оны 4, 5 дугаар сарын үеэс эхлэн гүйцэтгэх явцад орон сууцны 61 дүгээр байрны хойд талд байрших гражууд нурах эрсдэл үүссэн, төлөвлөгдсөн аврах зам, гарцыг байгуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь 2013 оны А/151 дүгээр захирамжийг гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар мөн тогтоогдсон байна.

Газрын тухай хуулийн 3.1.5-т ““газрыг чөлөөлөх” гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг”, 57 дугаар зүйлийн 57.3-т “зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заажээ.

Харин нэхэмжлэгч нар нь дур мэдэн зохих зөвшөөрөлгүйгээр граж барьж газрыг эзэмшсэн гэдэг нь тогтоогдоогүй, дээр дурдсанаар “Баярс констракшн” ХХК-ийн барьж, ашиглалтанд өгсөн гражийг хууль ёсоор эзэмшсэн, 1998 онд баригдсан үл хөдлөх хөрөнгийг ирээдүйд буюу 2013 онд  баригдах барилгын орц, гарцад саад учруулсан гэх буюу гуравдагч этгээдийн газрын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Үүний зэрэгцээ шүүхээс хийсэн үзлэгээр шинээр баригдсан 400 автомашины гражийн барилгын аюулгүйн зам, гарцын харалдаа Засгийн газрын автобаазын хашаанаас урд зүгт гарах өмнө байсан орц, гарц нь хэвээр байгаа нь тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь “21 гражийг албадан нүүлгэж, газрыг чөлөөлөх” уг шийдвэрийг гаргахдаа маргаан бүхий газарт граж хууль ёсоор эзэмшиж байгаа эзэмшигч нартай урьдчилан тохиролцоогүй атлаа хууль бусаар эзэмшигч гэж үзэж, албадан нүүлгэх захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, нотлох баримтыг хуулиар тогтоосон журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч Д.Энхбат, Л.Нэргүй, Ж.Ганбаатар нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Үүний зэрэгцээ хэрэгт авагдсан нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээр “Шилтгээн-61” сууц өмчлөгчдийн холбоонд орон сууцны орчны газрын зориулалтаар ашиглуулсан нэгж талбар, “Засгийн газрын автобааз” улсын төсөвт үйлдвэрийн газарт аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн газрын нэгж талбар давхцалгүй нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг” гэж зааж, 12 дугаар зүйлийн 12.4.8-д “холбооны нэрийн өмнөөс орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг ашиглах тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд заасны дагуу зохих шатны Засаг даргад гаргах, газар ашиглах гэрээ байгуулах” гэж сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тодорхойлж, сууц өмчлөгчдийн холбоонд орчны газрыг ашиглуулах харилцааг Газрын тухай 441.1 дүгээр зүйлд зохицуулжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл орон сууцны 61, 62 дугаар байрыг харьяалах “Шилтгээн-61” СӨХ-д дээрх хуулиудад заасан нөхцөл, журмын дагуу “орчны газрыг” анх 2006 онд ашиглуулсан байх бөгөөд тус холбоонд ашиглуулах орчны газарт нэхэмжлэгч нарын буулгагдсан гражийн газар орсон болох нь тогтоогдсон байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулсан газрыг нэхэмжлэгч нарыг “граж” барих замаар эзэмшиж байгаа мэтээр баримтаар нотлогдоогүй, маргааны зүйлд хамааралгүй буюу СӨХ-ны газар ашиглах эрх, үүрэгтэй холбоотой өөр асуудлаар хийсэн дүгнэлтээр маргаан бүхий захиргааны актыг зөвтгөж, нэхэмжлэгч нарын хууль ёсны шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ.

2. Нэхэмжлэгч Я.Гэрэлчулуун, Т.Баярсайхан нар нь “...Чингэлтэй дүүргийн Өмч харилцааны албаны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 989 дугаартай албан бичгээр Засгийн газрын автобаазын 1 дүгээр гражийн аюулгүйн орц, гарцыг хааж барьсан гэх үндэслэлээр бидний эзэмшлийн гражийг буулгаж, газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн” гэж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны А/151 дүгээр захирамжийн 21 гражид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна.

Шүүх Я.Гэрэлчулуун, Т.Баярсайхан нарын нэхэмжлэлтэй хэргийг Д.Энхбат нарын нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасантай нийцсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Я.Гэрэлчулуун, Т.Баярсайхан нар нь орон сууцны 62 дугаар байрны хойд талд 2009 онд баригдсан 21 гражийн 3 ба 21 тоот гражийг худалдан авч эзэмшсэн, эдгээр гражуудыг Засгийн газрын автобаазын 1994 онд баригдсан 50 автомашины багтаамжтай 1 дүгээр гражийн аврах 2 зам, гарцыг хааж барьсан, БНбД 30-01-04-ийн “Тээврийн хэрэгслийн үйлчилгээ, гражийн байгууламжийн төлөвлөлт”-д заасны дагуу 4 гарцтай баригдсан гэх уг 1 дүгээр гражийн аврах 2 зам, гарцыг чөлөөлүүлэх, гамшиг, ослын үед ашиглах боломжоор хангаж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас тус баазын захиргаанд удаа дараа “мэдэгдэл”, “заавал биелүүлэх албан шаардлага” өгч байсан, үүнийг биелүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцаанаас албанаас “газар чөлөөлөх” шаардах хуудсыг нэхэмжлэгч нарын эзэмшлийн гражуудад наасан, уг үйл ажиллагаанд гаргасан нэхэмжлэгчийн гомдолд “...2013 оны А/151 дүгээр захирамжийг хэрэгжүүлж газрыг албадан чөлөөлөх”-өө 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 989 дугаартай албан бичгээр мэдэгдсэн зэрэг нь тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгч нараас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг буруутгах боломжгүй, “газар чөлөөлөх” захиргааны байгууллагын албан шаардлага нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны А/151 дүгээр захирамжтай шууд холбоотой болох нь дээрх баримтаар тогтоогдсон боловч уг актыг биелүүлсэн, өөр 21 гражид хамааруулж хэрэгжүүлэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул анхан шатны шүүх тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээрх байдалд үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Энхбат, Л.Нэргүй, Ж.Ганбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.

Харин анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Д.Энхбат, Л.Нэргүй, Ж.Гэрэлчулуун нарын шаардлагаар маргаан бүхий захиргааны актын 21 гражид холбоотой хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, уг актын улмаас эрхээ зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаагүй этгээдийн эрхийг хамгаалсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.3-т заасантай нийцэхгүй байх тул шийдвэрийн энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 189 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...21 автомашины гражийг...” гэснийг 1, 7, 12 дугаар гражид холбогдох” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ