Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 030

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Галиягийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох,

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, маргаан бүхий албан тушаалд томилохыг даалгаж, цалин хөлсний шатлалыг ТЗ-9-5-аар тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Галия, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, гуравдагч этээд К.Самархан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Галия нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Акрасын Галия нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тус газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагад тасралтгүй 16 жил ажилласан ба 2015 оны 05 дугаар сард Хөдөлмөрийн яамнаас зарласан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж өрсөлдөгчдөөс өндөр оноогоор шалгаран тэнцэж Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд Хөдөлмөрийн сайдын тушаалаар томилогдсон билээ. Тус албан тушаалын зэрэглэл нь ТЗ-9 шатлалд ордог ба ахлах түшмэлийн ангилалтай.

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийгдэж аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн байгуулагдсан.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д ...төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоон гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө... гэсэн заалтын дагуу миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын албан тушаалд томилогдох нөхцөл болзолыг бүрэн хангаж байна. Миний хувьд төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтны ТЗ-9 дүгээр зэрэглэлээр шалгалт өгч тэнцсэн, удирдах албан тушаал хашиж байсан. Тухайн салбарт удаан жил ажиллаж мэргэшсэн төрийн жинэхэ албан хаагч мөн болно.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын албан тушаал нь ТЗ-8 зэрэглэлтэй ба миний хувьд ТЗ-9 зэрэглэлээр удирдах албан тушаалын шалгалт өгч ажиллаж байсан учир сонгон шалгаруулалтад орохгүйгээр тус албан тушаалд шууд томилогдох боломжтой гэж үзэж байна. Одоогийн байдлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргад гаднаас хүн авч түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байна. Түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон К.Самархан нь төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаагүй, төрийн албаны удирдах албан тушаалд шалгалт өгөөгүй, тухайн байгууллагад урьд нь ажиллаж байгаагүй байна.

Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын томилгоо нь Төрийн албаны тухай хуулийн 17.1 дүгээр заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр тул К.Самарханд холбогдох тушаалыг хүчингүй болгож, төрийн захиргааны удирдах албан тушаалд ажиллаж байсан намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гарсан сул орон тоо болох дэд даргын албан тушаалд томилуулах тухай шийдвэр гаргахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезханд даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлтдээ:

Миний бие Акрасын Галия аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тус газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагад тасралтгүй 16 жил ажилласан ба 2015 оны 05 дугаар сард Хөдөлмөрийн яамнаас зарласан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж өрсөлдөгчөөс өндөр оноогоор шалгаран тэнцэж, Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд Хөдөлмөрийн сайдын тушаалаар томилогдсон билээ. Тус албан тушаалын зэрэглэл нь ТЗ-9-5 ангилалд ордог ба сарын үндсэн цалин 864211 төгрөгөөр тогтоосон ба 2 жил гаруй хугацаанд дээрх шатлалаар цалинжиж ирсэн юм.

Одоогийн ажиллаж байгаа орон тоонд ТЗ-7-4 шатлалаар буюу 698795 төгрөгийн үндсэн цалин авч байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д ...төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын ажлын байраар хангуулах эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно... гэсэн заалтын дагуу цалин хөлсийг урьд авч байсан хэмжээгээр тогтоон томлогдсоноос хойш хугацаанд гарах цалингийн зөрүүг олгож хуулийн хэрэгжилтийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Галия шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь 2015 онд сонгон шалгаруулалтад орж Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдсон ба 2016 оны 08 дугаар 18-ний өдөр намайг хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байсан. Нэгэнт би Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд орж ТЗ-9 зэрэглэлээр ажиллаж байсан учраас хоёр хэлтэс нэгтгэж байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын орон тоонд буюу сул орон тоонд ажиллах тухай хүсэлтээ Б.Сьезхан даргад амаар гаргасан юм. Тэгээд намайг томилохоор хоорондоо тохирсон боловч К.Самарханыг дээд шатны байгууллага, дарга нарын хүсэлтээр томилсон тухай надад тайлбарласан ба миний бие үүний улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж урьд нь би ТЗ-9 зэрэглэлийн 5-р шатлалаар цалинжиж байсан ба одоо ТЗ-7 зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар цалинжиж байгаа учраас одоо цалин хөлс маань 2 шатлалаар буурсан байгаа. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар буюу өөрөөс үл хамаарах шалтгаанаар бүтцийн өөрчлөлт хийгдсэн учраас намайг өөр албан тушаалд шилжүүлэх, өмнө нь авч байсан цалин хөлсийг хэвээр нь олгох хуультай учраас уг хуулийн хэрэгжилтийг хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан юм.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж тодорхой заасан боловч тухайн байгууллагад ажиллаж байгаа миний хувьд бол тухайн албан тушаалыг гүйцэтгэх бүрэн боломжтой байна.

Бусад байгууллагад гэвэл К.Самархан бол 2009-2013 оны хүртэл аймгийн ЗДТГ-т мэргэжилтнээр ажиллаж байсан ба маргаан бүхий орон тоонд томилогдох үеэр холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаагүй болно. Миний хувьд бол нийгмийн хамгааллын салбарт 17 жил ажилласан төрийн захиргааны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт өгч, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр дэд даргын ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа учраас уг орон тоонд томилогдон ажиллах бүрэн боломжтой гэж үзээд энэхүү нэхэмжлэлийг гаргасан байгаа.

Мөн дэд даргын орон тоо бол ТЗ-8 зэрэглэлтэй ба миний бие ТЗ-9 зэрэглэлд шалгалт өгсөн болохоор ТЗ-8 зэрэглэлийн албан тушаалыг гүйцэтгэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбартай танилцаад үүнтэй холбогдуулан шүүхэд тайлбар гаргасан. Газрын даргын Хөдөлмөрийн хэлтсийг татан буугдсан мэтээр тайлбарласан байсан ба бүтцийн өөрчлөлт хийгдэж өөрчлөн байгуулагдсан болохоос гүйцэтгэх чиг үүрэг нь одоо хүртэл хэвээр байгаа. Мөн намайг гомдолтой гэж үзвэл сайдад гомдол гаргах мэтээр тайлбарт дурдсан, тухайн үед миний бие жирэмсэн байсан учраас эрүүл мэндийн шалтгааны улмаас газрын даргад өрсөлдөөгүй. Дэд даргын албан тушаалыг газрын дарга өөрөө томилох учраас ажил олгогч үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр томилох хууль, журамтай болохоос дарга нарын хэлснээр томилох ёсгүй гэж үзэж байна.

Хариуцагч талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга нь зөвхөн халамжийн асуудал хариуцан ажиллаж байгаа мэтээр тайлбарласан. Нэгэнт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга учраас зөвхөн халамжийн асуудал биш хөдөлмөр эрхлэлтийг давхар хариуцан ажиллах чиг үүрэгтэй байна. Тийм учраас ажлын байрны тодорхойлолтод үндсэн ажлын хажуугаар халамжийн ажлыг давхар хариуцна гэсэн үг. Харин миний ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцна гэж оруулсан ба энэ нь миний бие Хөдөлмөрийн хэлтсийн ажлыг гүйцэтгэхээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг давхар хариуцан ажиллана гэсэн үг юм.

Миний бие 2012 онд Хөдөлмөрийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба халамжийн ажил бол миний хувьд цоо шинэ ажил биш, өмнө нь 8 жил ажилласан юм. Урьд нь удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан учраас аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргаар ажиллахад надад харшлах зүйл байхгүй болно. Тухайн ажлын байрны тодорхойлолтод алдаатай зүйлүүд байсан ба уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлын хэсэг боловсруулах ёстой байсан боловч хуучнаар Халамжийн хэлтсийн хяналт, захиргааны албаны дарга А.Павель, мэргэжилтэн С.Еркеш мэт хүмүүсийн боловсруулсан ажлын байрны тодорхойлолтыг ирүүлсэн, үүнийг буруу гэж үзэж байна. Яагаад гэвэл дэд даргын ажлын байрны тодорхойлолтыг шинээр байгуулагдсан газрын 3 хэлтсийн төлөөллийг оролцуулан байж боловсруулах ёстой. Одоо газрын хяналт, захиргааны хэлтсийн даргаар Д.Алтынгүл ажиллаж байгаа, А.Павелийн боловсруулсан ажлын байрны тодорхойлолт хууль зөрчсөн асуудал. Мөн дэд даргын ажлын байрны тодорхойлолтын чухал шаардлагатай гэсэн хэсэгт төрийн удирдлагаар мэргэшсэн байх гэснийг К.Самархан дарга хангахгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл урьд нь төрийн захиргааны удирдах албан тушаалд ажиллаж байгаагүй, сонгон шалгаруулалтанд ороогүй юм.

К.Самарханы материалтай танилцахад дипломын хуулбар байхгүй байсан ба 2009 оны 01 дүгээр сард ажилд орсон мөртлөө 2013 онд Идэр дээд сургуулийг төгссөн байна. Энэ нь 4 жилийн дараа диплом авсан гэсэн үг. Үүнээс үзэхэд К.Самархан дарга урьд нь төрийн байгууллагад дээд боловсролын дипломгүй ажиллаж байсан гэсэн надад сэжиг төрүүлж байгаа, энэ талаар өөрөө тайлбарлах байх гэж бодож байна.

Тухайн үед ямар дипломыг үндэслэн төрийн албаны шалгалт өгсөн бол гэж би гайхаж байна. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох-ыг хориглоно гэснийг К.Самархан зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, тухайн албан тушаалд томилогдсоноос хойш Монгол ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал залуучуудын холбооны тэргүүн гэх улс төрийн сонгуульт ажлыг одоо хүртэл хийж байгаа гэж бодож байна гэв.

Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан шүүхэд гаргасан тайлбартаа:

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор шинээр байгуулагдсан болно. Тус байгууллагын орон тоог Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар 45 орон тоогоор баталсан бөгөөд шинээр хэд хэдэн орон тоо бий болсон юм. Бүтцийн өөрчлөлт хийх албан тушаалд томилгоо хийхдээ хуучнаар Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлэн томилсон болно.

Харин дэд даргын орон тоо нь шинээр бий болсон сул орон тоо бөгөөд төрийн захиргааны 8 дугаар зэрэглэлд ордог албан тушаал юм.

К.Самарханыг дээрх албан тушаалд томилохыг дээд шатны байгууллага болон аймгийн удирдлагын санал болгосны үндсэн дээр томилсон ба тухайн албан тушаалд холбогдох хууль журмын дагуу сонгон шалгаруулалт явуулах ёстой. Уг орон тоонд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн жинхэнэ төрийн албан хаагчаас ажил мэргэжлийн туршилтыг харгалзан сонгон шалгаруулах журмаар томилон ажиллуулах болно гэжээ.

Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагатай холбогдуулан гаргасан нэмэлт тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийг Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор татан буулгаж урьд Засгийн газраас гарсан 2013 оны 8, 67 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосон байгаа. Дээрх 09 дүгээр тогтоол болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б/20 дугаартай тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсантай холбоотой тус Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галияг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс тасалбар болгож даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Сайдын тушаалыг үндэслэж А.Галия нь Улаанбаатар хотын харъяа дүүрэгт нь тушаал гарсан харьялалаар нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байтал гомдол гаргахгүй хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацааг алджээ.

Ажилгүй үлдсэн А.Галияг одоогийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ямар нэгэн ажилд авахыг даалгасан зөвлөсөн, чиглэл өгсөн тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас албан бичиг мөн томилсон тухай тушаал тус газарт ирээгүй. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан би А.Галияг ажилгүй байхад нь тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилж ТЗ-7-4 шатлалаар цалинжуулж 698795 төгрөгийг хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу олгож байгаа.

А.Галияд Хөдөлмөрийн хэлтсийн дарга байсан үеийн цалин хөлсийг болон тэтгэмжийн зөрүү гэх мэтийг тус газар өгөх үүрэг хүлээхгүй бөгөөд хэрэв дарга байсан үеийн цалинг болон тэтгэлгээ авна гэвэл ажлаас чөлөөлсөн сайдын газрын шүүхэд харьяаллаар нь гомдол гаргаж шийдвэрлүүлнэ биз. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч бол аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргаар томилуулах мөн цалингийн зөрүүг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Үүнийг газрын дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүлээж авах боломжгүй гэсэн тайлбар хүргүүлсэн ба энэхүү үндэслэлүүдээ тайлбарлавал:

Монгол Улсын Засгийн газрын 9 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг байх үед хөдөлмөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах Хөдөлмөрийн хэлтсийг бий болгосон ба үүнийг хүчингүйд тооцсон, хүчингүйд тооцсон гэснийг Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан гэсэн утга агуулгаар ойлгох юм. Мөн нэхэмжлэгч А.Галияг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Б/20 тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Энэхүү ажлаас чөлөөлөх тушаал дотор Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсантай холбогдуулан гэж дурдсан байгаа. Түүнээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/126 дугаар тушаалаар А.Галияд 6 сарын тэтгэлэг олгосон. Уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримталсан ба үүнийг нэхэмжлэгч А.Галия хүлээж авсан болох нь газрын ня-бо Ж.Мухибатын тодорхойлолтоор тогтоогдож байна. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тэтгэмж олгох журамд өөрчлөлт орж 3 сарын тэтгэлэг болгохоор зохицуулсан боловч 6 сарын тэтгэмжийг авсан байгаа ба үүнийг өөрөө хүлээн зөвшөөрөх байх.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Б/20 дугаар тушаал, мөн оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/126 тушаалуудыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр уг тэтгэлгийн мөнгийг авсан байгаа гэж ойлгож байна. Хэрэв зөвшөөрөхгүй байсан бол гомдол гаргах ёстой байсан боловч гомдол гаргаагүй. Одоо бол хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Бусад хүмүүс ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж дэд даргын ажлыг авах, цалин хөлсийг гаргуулах гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан гэж үзэж байгаа.

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/72 тоот тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилсон. Тухай үед гомдол гаргаагүй ба Б.Сьезхан даргын гаргасан тушаалыг хүлээн зөвшөөрч одоо хүртэл ажлаа хийж, цалин хөлсийг авч байгаа гэж ойлгож байна. К.Самарханы хувьд бол намын харьяалал байна уу, залуучуудын төлөөлөл байна уу үүнийг газрын даргын шийдвэрлэх эрх хэмжээний асуудал юм. Гэхдээ газрын дэд даргын ажлын байрны чиг үүрэг нь Хөдөлмөрийн хэлтсийн даргын гүйцэтгэж байсан чиг үүрэг биш юм. Хөдөлмөрийн хэлтэс болон бусад хэлтсүүдийн хийж гүйцэтгэх ажил, бүтэц зохион байгуулалтыг баталгаажуулж өгсөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаал байгаа.

К.Самархан бол дээд сургууль төгссөн, төрийн албаны тангараг өргөсөн, төрийн албанд ажиллаж байсан хүн. Энэ талаарх материалууд хангалттай хавтаст хэрэгт авагдсан. Төрийн албад ажиллаж байгаад аймгийн удирдлагууд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт, мөн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезханд өргөдөл, хүсэлт гаргаж холбогдох баримтууд өгсөн учраас дэд даргын ажилд түр томилсон ба одоо ямар нэгэн ажлын алдаа, дутагдалгүй үүрэгт ажлаа хэвийн явуулж байгаа хүн байна. Харин А.Галия нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга, аймгийн удирдлагуудад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын албан тушаалд томилуулах талаар өргөдөл, хүсэлт гаргасан нь тодорхой бус. Дээрх үндэслэлүүдээр А.Галия нь нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй байна. А.Галия нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг үндэслэн тайлбар гаргаж байгаа юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хөдөлмөрийн хэлтсийг татан буулгах тушаал гаргасан учраас түүний нэхэмжлэлийг Төрийн албан тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар шийдвэрлэх үндэслэл байхгүй гэдгийг хэлье гэв.

Гуравдагч этгээд К.Самархан шүүхэд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинээр байгуулсантай холбогдуулан тус аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн шинээр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байгуулсан юм. Тус хоёр хэлтэс нь өмнө нийт 60-аад орон тоотой ажиллаж байгаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалын хавсралтаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог нийт 45 орон тоогоор баталжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан учраас А.Галияг Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. А.Галия нь тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байхад ТЗ-9 шатлалаар цалинждаг, төрийн жинхэнэ албан тушаалын ахлах түшмэл байсан.

Харин К.Самархан миний ажиллаж буй орон тоо буюу газрын дэд дарга нь шинээр бий болсон сул орон тоо ба ТЗ-8-аар цалинждаг юм. А.Галия нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагын даргад маргаан бүхий дэд даргын ажилд ажиллах тухай санал хүсэлт гаргаагүй юм. Тус газарт шинээр бий болсон маргаан бүхий сул орон тоо болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга нь нийгмийн халамжийн асуудал хариуцдаг ажлын байрны тодорхойлолттой юм. Тэгэхээр А.Галия нь өмнөх албан тушаалд хөдөлмөрийн эрхлэлтийн бодлогын асуудал хариуцаж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

А.Галия нь нэхэмжлэлдээ тухайн маргаан бүхий албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу би заавал томилогдох ёстой гэж дурдаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д ...төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө... гэсэн ойлголт нь тухайн байгууллагад сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны зөвлөлд сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар ажлын байрны тодорхойлолтын хамт захиалга явуулсанаар Төрийн албаны зөвлөл холбогдох хууль тогтоомжийн хүрээнд буюу сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах ёстой гэж үзэж байна.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын ажлын байрны тодорхойлолт, А.Галиягийн өмнө хашиж байсан Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоос ялгаатай юм. Иймд нэхэмжлэгч А.Галиягийн маргаан бүхий албан тушаалд зөвхөн би Төрийн албаны тухай хуулийн дагуу давуу эрхээр томилогдох ёстой гэж байгаа нь хууль зүйн үндэслэл муутай учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Одоо ажиллаж байгаа байгууллагын дээд газраас сайдын тушаал гарч, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний бүтэц орон тоог баталж өгсөн байгаа. А.Галиягийн тус газрын дэд даргын орон тоонд томилуулахыг даалгах тухай шаардлагын талаар тайлбарлахад, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоонд дэд дарга нийгмийн халамжийн асуудлыг хариуцна гэж тодорхой бичсэн байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс үндсэн 5 ажлыг гүйцэтгэх чиг үүрэгтэй ба өмнө нь ажиллаж байсан чиг үүргийн дагуу ажиллаж байгаа гэж үзээд байна.

Нийгмийн халамжийн хэлтэс нь халамжийн тэтгэвэр, халамжийн тэтгэмж, алдарт эхийн одонгийн тэтгэмж, жирэмсэн болон амаржсан эхийн тэтгэмж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хүнс тэжээлийн хангамж, ахмадад үзүүлэх үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох тэтгэмж, хүүхдийн мөнгө гэх зэрэг 10 багцаар үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагын Нийгмийн халамжийн хэлтэс нь зөвхөн ахмад настны асуудал хариуцна гэж бүтцэд заасан байгаа. Үлдсэн 9 багцыг нийгмийн халамжийн асуудал хариуцна гэсэн үг. Хөдөлмөрийн хэлтэс бол хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцна. Ажил, мэргэжлийн чиг баримжаа нь зөвлөгөө өгөх, ажилд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр гэх мэтчилэн хөдөлмөрийн чиглэлийн ажлуудыг эрхэлдэг юм.

Харин олон жил хөдөлмөрийн чиглэлээр ажиллаж ирсэн А.Галиягийн хувьд халамжийн чиглэлийн ажлыг би мэддэг, надад холбоотой ажил гэдэг нь илүү гэж би үзэж байгаа. Мөн дээрх хоёр байгууллага татан буугдсан гэх үү, эсхүл нэгтгэсэн гэх үү, ер нь нэгтгэсэн гэж үзэхэд өмнөх чиг үүрэг нь хэвээрээ хадгалагдсан байгаа. Хөдөлмөрийн хэлтэс 5, 6 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан чиг үүрэг нь хэвээр л байна, халамжийн хэлтэс 10 багцаар үйл ажиллагаа явуулж байсан чиг үүрэг нь мөн хэвээр байгаа юм. Ингээд чиг үүрэг нь хэвээр байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар төрийн байгууллага нэгтгэсэн гэж үзэхэд төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан гэж үзээд уг албан тушаалтыг үргэлжлүүлэн ажиллуулахыг хуулиар зааж өгсөн байгаа. Тэрний дагуу манай байгууллагын газрын дарга түүнийг Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд хэвээр нь ажиллуулж байгаа. Өмнө нь Хөдөлмөрийн хэлтсийн дарга байсан бол одоо ч доор байгаа ажилтнуудыг удирдаж чиг үүргийн дагуу хэвээр ажиллаж байгаа. Тухайн ажлын байрны цалингийн хувьд Засгийн газраас тогтоосон бүтэц, чиг үүрэг, журмын дагуу олгож байна.

Гэхдээ бид дээд шатны байгууллагатай ярихад газрын даргын цалинг ТЗ-11, дэд дарга ТЗ-10, хэлтсийн дарга нар ТЗ-9 гэсэн зэрэглэлээр шалгалт өгч, жинхэлэн томилогдсоны дараа цалинжуулах талаар тайлбарлаж байсан юм. Харин нэхэмжлэгчийн би өмнө ТЗ-9 зэрэглэлээр цалинжиж байсан гэдэг асуудлыг шийдвэрлэнэ гэж хувьдаа үзэж байгаа. Өмнө нь 2016 оны Хөдөлмөрийн хэлтэс болон Халамжийн хэлтсийн бүтцэд энэхүү маргаан бүхий орон тоо байхгүй байсан. 2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, дэд дарга гэсэн шинэ орон тоог оруулж ирүүлсэн байгаа. А.Галия даргын хувьд бол өмнө албан тушаалд хэвээр ажиллаж байгаа гэж үзэж, дэд даргын орон тоонд шинээр сонгон шалгаруулалт зарлана гэсэн үг. Тэр үед бол нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Галия нь тус шүүхэд Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, дэд даргын албан тушаалд томилохыг даалгаж, цалин хөлсний шатлалыг ТЗ-9-5-аар тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Төрийн албаны тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 39 дүгээр зүйлийн 39.4-д зааснаар нэхэмжлэгч гомдлоо аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргаж, салбар зөвлөлөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар албан бичгээр гомдлын хариуг[1] авч, улмаар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д заасантай нийцсэн тул хариуцагч, гуравдагч этгээд нараас ... шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс гэсэн хэрэгжүүлэгч агентлагуудыг ажиллуулах тухай Засгийн газрын 2008 оны Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 67 дугаар тогтоол болон 2015 оны Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 8 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэсэн хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоожээ.

Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн чиг үүргийг нэгтгэж, хуулийн этгээдүүдийг нийлүүлснээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн байгуулж, өөрчлөн байгуулагдсан газрын бүтэц, орон тоог Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр 01-ны өдрийн Б/21 дүгээр тушаалын хавсралтаар[2] баталсан байна.

Ийнхүү шинээр батлагдсан газрын бүтэц орон тоонд хамаарах нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд даргын орон тоонд /цаашид маргаан бүхий орон тоо гэх/ аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар тушаалаар[3] К.Самарханыг түр орлон гүйцэтгэгчээр, харин Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын орон тоонд нэхэмжлэгч А.Галияг мөн өдрийн 01 дүгээр тушаалаар[4] тус тус томилжээ.

Шинээр бий болсон дэд даргын сул орон тоонд нэхэмжлэгч А.Галияг томилохыг эрх бүхий албан тушаалтанд шүүхээс шууд даалгах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

1. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 2-т зааснаар ...төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн захиргааны ... албаны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, түүнээс дээшхи албан тушаал хамаарна гэсний дагуу газрын дэд даргын албан тушаал нь удирдах албан тушаалд хамаарах ба энэхүү сул орон тоог нөхөх асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар болон дээрхи журмаар зохицуулжээ.

Хуулийн 17 дугаар зүйлийн 5-д ... Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан, дэд даргын сул орон тоог нийтэд мэдээлснээр эхний ээлжинд хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх, ийнхүү нөхөх үйл ажиллагааг томилох эрх бүхий этгээд нь журмын 14-ийн а-д заасан ... 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, ... салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөх-өөр журамласан байна.

Ажил олгогч нь тухайн сул орон тоог хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх үндсэн зарчим, 4.2.4-д заасан ...иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимд тус тус нийцүүлэн хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулах замаар нөхөх ёстой, уг орон тоонд гуравдагч этгээд К.Самарханыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, харин нэхэмжлэгч уг сул орон тоог хууль болон журмын дагуу нөхөх үед өрсөлдөх бүрэн боломжтой гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчээс Цалин хөлсний шатлалыг ТЗ-9-5 тогтоож, цалингийн зөрүүг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн үндэслэлээ ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д ...цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжих ...-ээр заасан, урьд нь Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхад ТЗ-9-5 ангилалаар цалинждаг байсан, одоо ТЗ-7-4 шатлалаар цалинжиж, авах цалин хөлс буурсан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь урьд Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн хэлтэс нь Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдсний дараа шинээр батлагдсан бүтцэд нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын нэр, чиг үүрэг нь хэвээр үлдэж, хуулийн 27.2.3-д зааснаар түүнийг үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсон, харин хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-дэх заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлс бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах баталгаагар хангахыг ажил олгогчид үүрэг болгосон заалт, нэхэмжлэгч нь орон тоо хасагдсан үндэслэлээр өөр албан тушаалд шилжээгүй тул ... цалин хөлсний шатлалыг ТЗ-9-5-аар тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах шаардлагыг хангах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь урьд нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын даргын буюу аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажилласан, тухайн үед уг албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар ахлах түшмэлийн ангилал, ТЗ-9 зэрэглэлтэй байсан.

Харин хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсанаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцийн нэгжид Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс хамаарч эрх бүхий этгээд нэхэмжлэгч А.Галияг нэгжийн даргаар томилсон, энэхүү албан тушаалын ангилал, зэрэглэлийг дээрх тогтоолд ахлах түшмэлийн ангилал, ТЗ-7 зэрэглэлээр тогтоосон байх тул шүүхээс нэхэмжлэгчийн хашиж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТЗ-9-ээр тогтоохыг хариуцагчид даалгах, мөн цалингийн зөрүүг гаргуулахүндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, дэд даргын албан тушаалд томилохыг даалгаж, цалин хөлсний шатлалыг ТЗ-9-5-аар тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 7 дугаар зүйлийн 7.10, 17.1, 17 дугаар зүйлийн 17.3, 17.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Галиягаас аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, дэд даргын албан тушаалд томилохыг даалгаж, цалин хөлсний шатлалыг ТЗ-9-5-аар тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 4 дүгээр хуудас

[2] Хэргийн 24 дүгээр хуудас

[3] Хэргийн 88 дугаар хуудас

[4] Хэргийн 68 дугаар хуудас