Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 324

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Журагат хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

О.Оад холбогдох эрүүгийн 1905003530315 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

О.О нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Бы нүүрэн тус газарт нь цохиж биед нь тархи доргилт, толгойн хуйх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын няцарсан шарх, зүүн чихний орчим зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой сайн дураараа эвлэрч түүнд 850.000 төгрөг өгсөн гэв.

 

 

 

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд: Би Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депод 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажилд орж элсчин гэх ажлын байран дээр ажиллаж байна. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төмөр замын зүтгүүрийн цехийн шинэ жил болж бид нар 25 дугаар эмийн сангийн урд Стадиум нэртэй ресторанд хийсэн. Уг шинэ жилийн арга хэмжээнд би 20 цагт очсон. О бид 2 нэг ширээнд хамт суусан. Оын эхнэр мөн хамт байсан. Арга хэмжээ эхлэхэд ууж идэцгээсэн. Би тухайн үед бага багаар архи уүгаад мөн пиво хольж уугаад нилээн халсан. Би архи тулгаж байхдаа архитай хундагаа санамсаргүй газар унагаагаад хагалчихсан чинь О хундага хагаллаа гэхээр нь санаандгүй унагаагаад хагалчихлаа гэсэн. Тэрнээс би санаатайгаар унагааж хагалаагүй ээ. Ингээд шинэ жилийн арга хэмжээ үргэлжилж тэмцээн уралдаан болж бүжиглэцгээсэн ба зураг хөргөө авахуулаад нойлын өрөөний цонхны хажууд тамхи татах нь татаад бие засах нь засч байсан. Отай яагаад маргаан үүсгэснийг би мэдэхгүй байгаа юм аа. О гэнэт миний зүүн талын уруулын дээд хэсэгт баруун гараараа нэг удаа цохитол би хойшоо саваад плитан хана руу толгойн дагз хэсгээрээ саваад унасан. Шилэн хүзүүний дээд хэсэгт толгой орчмоороо унасан. Манараад босоод иртэл толгой өвдөж байсан ба миний уруул сэтрээд хагарчихсан цус гарч байсан. Манай хэд салгасан байхаа хэн салгасныг нь мэдэхгүй байна. Тэрнээс хойш бужигнацгааж байгаад бүгдээрээ гарцгаасан. Гадаа гараад намайг О дахиад нэг цохисон гэж би элсчин Наранцэцэгээс сонссон. Би гадаа Оад цохиулснаа санахгүй байгаа юм. Нойлын өрөөнд зодуулснаа болохоор сайн санаж байна. Намайг Наранцэцэг таксинд суулгаж өгөөд ганцаараа явж чадах уу гэхээр нь чаднаа гээд салсан. Таксины жолооч наад нүүр амаа ямар аймаар болгочихсон юм бэ гэтэл харин сая ёлкодоод ингэчихлээ гэсэн. Хаа хүрэх вэ гэхээр нь цайз хүргээд өгчих гээд би таксинаас буугаад дүү Шаарийбуугийн гэрт орж хоносон. Шаарийбуу өөрөө байгаагүй эхнэр хүүхдүүд нь байсан. Би 25 дугаар эмийн сангаас суугаад цайз шууд явсан ба буцаж уг шинэ жил болсон Төрийн банктай барилгын гадаа очоогүй. Би уг таксины дугаарыг хараагүй бөгөөд маркийг нь ч санахгүй байна. Уг жолоочийг танихгүй өмнө нь харж байгаагүй хүн байсан. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 25/

Компьютерт томографийн хуулбар /хх-ийн 27/

 

Гэрч Д.Наранцэцэг мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цехийн шинэ жил болоод 25-р эмиин сангийн урд байх Стадиум нэртэй ресторанд болцгоосон. Би О, Б нарын ширээнд хамт сууцгаасан бөгөөд шинэ жилийн арга хэмжээ болж байтал Б, О нар архитай хүндага хоорондоо түлгах гэж байгаад хүчтэй түпгаад Б хундагаа хагалсан. Хундага хагалчихаар нь хоорондоо маргалдаад ширээн дээр үлдсэн би өөр ширээ рүү явчихсан. Арга хэмжээ 00 цагийн үед дуусаад бүгдээрээ гадаа гарцгаагаад байж байтал О хажуугаар нь гарах гэж байгаа бололтой явснаа Бы нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход Б хойшоогоо нуруу хэсгээрээ байхаа  саваад унасан. Тэгэхээр нь би татаж босгож иртэл хамраас нь цус гарчихсан байхаар нь ганцааранг нь таксинд суулгаад гэртээ харьж чадах уу гэхэд чаднаа гэхээр нь буцсан. Таксины дугаарыг хараагүй ямар машин байсныг нь мэдэхгүй байна. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Лхагважав мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллага болох Зүтгүүрийн делогийн ажилчдын шинэ жил 25 дугаар эмийн сангийн урд байрлах Меланж буюу Стадиум рестораны 2 давхарт оройн 20 цагт эхэлсэн. Би ажилчдаа хариуцаж баяраа тэмдэглэсэн. Манай ажилд уух дуртай хүмүүс байдаг ба Б, Жаргалсайхан нар нь архины асуудлаар надад баталгаа гаргаж өгч байсан би ч баярын үеэр тэд нарт анхааруулж хэлсэн байдаг. Гэтэл шинэ жилийн дундуур нэг ширээнд суусан О, Б өөр бас бус хүмүүс нилээн халчихсан байсан. Би Быг дуудаад оройн 22 цагийн үед дахиж нэмж уухгүй шүү маргааш ажилтай гэртээ харина шүү гэж анхааруулсан. Б ямар ч асуудалгүй ээ би явнаа гэж хэлсэн. Ингээд цехийн шинэ жил болоод би өөр ширээнд суусан тэмцээн уралдаан явуулаад байж байтал Б, О нар маргалдаад манайхан салгачихсан байсан. Би Оыг хөөж гаргаад Быг ч гэртээ харь гэж хэлээд үлдэгдэл тооцоогоо хийчихээд бүгдээрээ гарцгаасан. Гадаа гараад үүдэнд зогсож  байтал О Бд хандаж таниас болоод би мастерт загнуулчихлаа гээд Бы нүүрэн тус газарт нэг удаа цохиход Б хойно байсан суудлын автомашиныг нуруугаараа налаад хажуу талаараа газар унасан. Тэгэхээр нь би Оыг татаж салгаад цааш нь чирж авч яваад эхнэрт нь хүлээлгэж өгөөд явуулсан. Быг манай элсчин Наранцэцэг татаж босгож ирээд явуулсан.Наранцэцэг ярихдаа Бы хамраас цус гарчихсан байсан гэж хэлж байсан би бол тэрийг нь хараагүй. /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 320 дугаартай дүгнэлтэнд: Б.Бы биед тархи доргилт, толгойн хуйх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын няцарсан шарх / сорив /, зүүн чихний орчим зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Тархи доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын няцарсан шарх / сорив / гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн чихний орчим зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. . /хх-ийн 21/

 

Сэжигтнээр О.О мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаабаатар татах хэсэг зүтгүүрийн депод ТНТС цехийн ажилчдын шинэ жил оройн 20 цагт Меланж нэртэй ресторанд болсон бөгөөд бид нар тэнд ууж идэцгээсэн. Би тэр үед нилээн согтолттой байсан юм сайн санахгүй байна. Манай байгууллагын ажилтан нар болох мастер Лхагважав надад ярихдаа шинэ жил тараад бид нар бүгдээрээ гадаа гарсан чи Быг цохисон тэгэхээр нь Наранцэцэгтэй хамт би салгаад та хоёрыг тус тусад нь таксинд суулгаад гэр рүү чинь явуулсан гэж хэлсэн. Мөн манай засварчин Батболд ах хэлэхдээ чам руу Б стакан шидсэн тэгээд та 2 манай маргалдсан тэр стаканы мөнгө төгрөгийг би  төлсөн гэж хэлсэн. Би Б ахыг цохиж зодсон хэсэгхэн ч гэсэн маргааныг санахгүй байгаа...би гэмтэл явж очоод Б ахын зургыг авахуулаад хэвтүүлсэн эгч нь эмчилгээний зардал өг гэхээр нь би тарианы мөнгө гэж нийтдээ 82,000, 300.000, 250.000 төгрөг өгсөн  нийт 632.000 төгрөгийг өгсөн. /хх-ийн 35/ гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч О.Оын хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.О нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Бы нүүрэн тус газарт  цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бы“...О гэнэт миний зүүн талын уруулын дээд хэсэгт баруун гараараа нэг удаа цохитол би хойшоо саваад плитан хана руу толгойн дагз хэсгээрээ саваад унасан...” /хх-ийн 10/, гэрч Д.Наранцэцэгийн“...О хажуугаар нь гарах гэж байгаа бололтой явснаа Бы нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход Б хойшоогоо нуруу хэсгээрээ байхаа  саваад унасан...” /хх-ийн 13/, гэрч Д.Лхагважавын“...Гадаа гараад үүдэнд зогсож  байтал О Бд хандаж таниас болоод би мастерт загнуулчихлаа гээд Бы нүүрэн тус газарт нэг удаа цохиход Б хойно байсан суудлын автомашиныг нуруугаараа налаад хажуу талаараа газар унасан...” /хх-ийн 15/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 320 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 25/, компьютерт томографийн хуулбар /хх-ийн 27/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас О.Оыг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл Прокуророос О.Оад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч О.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг О.Оад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.