Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00761

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00761

 

ххххы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00296 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххы нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххх ХХК-д холбогдох,

 

Нэмэгдэл хөлс 2,950,366 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, ххххх, хариуцагчийн өмгөөлөгч ххххх, хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххх нь ххххх ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу тус уурхайд тэсэлгээчнээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу хххх ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна.

1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэхүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож, ххххх ХХК-аас 2,950,366 төгрөгийг шаардаж байна.

1.3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу ххххы илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2023 оны 9 дүгээр сарын 4,044,061 төгрөг, 10 дугаар сарын 9,116,063 төгрөг, 11 дүгээр сарын 4,823,062 төгрөгөөс, нэг цагийн хөлсийг тооцоход 35,123 төгрөг, 168 цагийн илүү цагийн хөлс 2,950,366 төгрөг байна.

1.4. Хариуцагч нэг сард 168 цаг ажиллах ёстой, түүнээс илүү гарсан тохиолдолд илүү цагийн хөлсийг олгох ёстой гэж тайлбарладаг. Хэрэгт баримтаар ирүүлсэн өөрийн байгууллагын цалин хөлсний журамдаа хууль зөрчиж ингэж заасан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулиар уртын ээлжийн хувьд сард ажиллах хугацаа 14 хоног, нэг өдрийн ээлжийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна гэж зохицуулсан. Үүнээс уртын ээлжийн хуваариар ажиллаж байгаа ажилтнуудын хувьд нэг сард ажиллах фонд цаг 112 цаг байна. Харин шаардлагатай бол өдөрт 12 цаг хүртэл ажиллуулахаар заасан.

1.5. Мөн Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заавал 168 цаг байх ёстой гэж заагаагүй. Уртын ээлжийн хуваарийг энгийн ажлын хуваарьтай харьцуулах үндэсгүй. Уртын ээлжээр уурхайд ажиллаж байгаа хүмүүс хэвийн бус нөхцөлд, гэр бүлээсээ хол тусгаарлагдаж кампуст байрлаж, тухайн байгууллагын тогтоосон хатуу дэг журмын доор тасралтгүй ажилладгаараа онцлогтой. Тийм учраас хуулиар 14 хоног ажиллаж, 14 хоног амраахаар заасан.

1.6. Мөн хариуцагч уртын ээлжийн ажилтны илүү цагийг хуулийн дагуу амрах ёстой 14 хоногт нь багтаан нөхөн амрааж байгаа гэж хэлдэг. Дээрх тайлбар мөн үндэслэлгүй, уртын ээлжийн ажилтны нэг сарын ажлын фонд цаг 112 цаг байхаар, амралтын хоног 14 байхаар хуулиар тогтоосон тул илүү цагийг нөхөн амраасан гэж үзэхгүй.

1.7. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хууль батлагдсанаар ажилтнуудын шаардах эрх нь үүссэн боловч ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл хоорондоо маргаан үүсгэхгүй гэж тохиролцсон хамтын гэрээ байгуулсан. Үүнээс үүдэн ажилчдыг төөрөгдөлд оруулах, мөн тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комистоо хандаж эрх ашгаа хамгаалуулах гэсэн ажилтны эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон. Тийм учраас цалин хөлсийг бууруулж тооцон олгож байгаа байдал үргэлжилсэн шинжтэй давтагдсаар яваа тул Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хугацаагаараа тооцож зөвхөн сүүлийн гурван сарын тухайд шаардсан. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй.

Иймээс ххххх ХХК-аас илүү цагийн нэмэгдэл хөлс 2,950,366 төгрөгийг гаргуулж ххххд олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна.

2.2. Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл, 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.

2.3. Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль алиных нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч ажилтныг цөөн хоногоор ажиллуулах, үүнтэй холбоотойгоор ажилтны цалин хөлсний албан ёсны судалгааг үндэслэл болговол 20-30 хувиар буурахаар байсан. Гэвч ххххх ХХК-ийн хувьд ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримталсан ба үүний үр дүнд ажилтан өмнөхөөс 30 орчим хувиар бага ажиллаж байгаа хэдий ч ажилтны цалин хөлсийг бууруулаагүй, харин ч өссөн нөхцөл байдалтай байна.

2.4. Уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 173/НR дугаар албан бичгээр ххххх ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно. ххххх ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотой мэдээллийг хүргэж байсан болно.

2.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар ажилтан нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй байна.

2.6. Нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа бол үүнийгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор гомдол, нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч уг хугацааг хэтрүүлсэний зэрэгцээ нэхэмжлэл гаргасан асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаагүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 92 дугаар зүйлийн 92.3-т зааснаар ххххх ХХК-аас нэмэгдэл хөлс 2,950,366 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ххххд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,156 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 63,156 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1.Шүүх шийвэртээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй зүйлийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Гэтэл нэхэмжлэгчээс ххххх ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг хуульд нийцээгүй талаар огт маргадаггүй бөгөөд мөн талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 92.4-т заасан журмын дагуу ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног байх бөгөөд ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цаг байна гэж заасныг хэрэгжүүлсэнтэй холбоотой маргаагүй болно.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...уртын ээлжийн ажилтны нэг сард ажиллах цаг 112 цаг /өдөрт 8 цаг* 14/ байна... хэмээн зохиомол дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь ажилтан жилийн 12 сарын зөвхөн нэг л сард 14 хоног ажиллах боломжтой. Нөгөө талаас нэг сарын дундаж ажлын цаг 112 цаг байх талаарх эрх зүйн үндэслэл, хэм хэмжээ, хуульчилсан акт огт байхгүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулийн 87, 92 дугаар зүйлийн зохицуулатууд тус тусдаа бие даасан ойлголт, хуулиар уртын ээлжийн ажилтны ердийн ажиллах цаг 12 байхаар тухайн салбарын онцлогоос хамаарч зохицуулсан тул хуулийн 87 дугаар зүйлд хамаарахгүй тухай хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, илүү цагтай холбоотойгоор тус байгууллагын Ажлын цагийн тухай журмын 8.1.7, 8.1.8, 9.2.3-д заасан уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх, Цалин хөлсний журмын 14.1.2.а-д "уртын ээлжийн ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх тухай зохицуулалтууд Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар ийм тайлбар, үндэслэлийг огт гаргаагүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

ххххх ХХК-аас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцүүлэн Ажлын цагийн тухай журам болон Цалин хөлсний тухай журмыг батлан гаргасан ба уг журмуудад уртын ээлжийн ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байхаар зохицуулсан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажилтны ажил үүрэг гүйцэтгэх хугацаатай холбоотой дүгнэлт өгөхдөө сардаа бараг 806 цаг гарч байсныг 14, 14 ажиллахад нэг сарын илүү цагийн тооцоо 200 цаг болно, илүү цаг нь 4 дахин буугаад цалин хөлсөд нөлөөлөх нь ... гэж Улсын Их Хурлын нэгэн гишүүний хэлсэн үгийг өөрийн үндэслэлийг нотлох зорилгоор дурдсан нь үндэслэлгүй бөгөөд хэрвээ cap 30 хоногтой гэж үзвэл 720 цаг гарах тул 806 цаг ажиллах ямарч боломжгүй. Тиймээс энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6-д Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын өдрийг 168 цагаар тооцож болно гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн зохицуулалт бөгөөд ажил олгогчоос уг журмыг баримталж байгаа нь хууль зөрчөөгүй болно. Дээрх журам өөрөө агуулгын хувьд улсын хэмжээнд ажиллаж байгаа төрийн, хувийн хэвшлийн нийт ажилтанд дундаж цалин хөлсийг тодорхойлоход хэрэглэнэ, уртын ээлжийн ажилтанд хамаарахгүй гэсэн агуулгаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа, урьдчилан шийдвэрлэх журмын талаарх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. ххххы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2022 оны 9,10,11 сарын илүү цагийн хөлсөө нэхэмжилсэн байдаг.

Нэхэмжлэгчийн хувьд ххххх ХХК-д анх 2022 оны 1 сард ажилд орсон. Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу 14 хоног ажиллаж 14 хоног амрах, мөн ажлын цаг 8 цаг дээр ажлын шаардлагаар нэмж ажиллана гэдгээ хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурсан ба энэ байдлаар 1 жил гаруй хугацаанд ажилласан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд 2023 оны 02 дугаар cap хүртэл илүү цаг олгоогүй гэдэг асуудлаар ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй.

Хэрэв нэхэмжлэгчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа бол үүнийгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор гомдол, нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч уг хугацааг хэтрүүлсний зэрэгцээ нэхэмжлэл гаргасан асуудлаараа урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаагүй байна. Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 1 сараас хойш огт гомдол нэхэмжлэл гаргаж байгаагүй атлаа 1 жил 1 сарын дараа хамгийн анх илүү цагийн хөлсөө гаргуулах талаар 2023 он 02 сарын 17-ны өдөр ххххх ХХК-ийн Эрхийн маргаан таслах зөвлөлд хэмээн хандсан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь заалтад заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа бол үүнийгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор гомдол, нэхэмжлэл гаргах ёстой байсан хэмээн үзвэл 2023 оны 02 сараас өмнөх 3 сарын буюу 2022 оны 11,12 сарууд болон 2023 оны 1 сарын илүү цагийн асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэний дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргах байсан.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 12 болон 2023 оны 1 сарын илүү цагийн хөлс гаргуулах талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй энэ талаар гомдол гаргаагүй болно.

4.6. Шүүх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Хамтын гэрээ нь ххххх ХХК, ххххх ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2022 оны 4 дүгээр сард байгуулагдсан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хамтын гэрээг шүүхээс ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч компани нь хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээрээ уртын ээлжийн ажилчдын ажлын цагийг 168 цаг байна гэж зохицуулсаныг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг баримтлан хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь Хөдөлмөрийн хуулиар заасан ажилтны эрх ашгийг дордуулсан гэж үзсэн учир тухайн хэм хэмжээг хэрэглээгүй нь хуульд нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд илүү цагийн хөлсийг олгох эсэх талаар талууд маргадаг.

5.2. 14/14 хоногоор ажиллах ажилтны сарын ажлын цаг нь 168 биш 112 цаг байна гэж хуульд тодорхой заасныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Тусгайлан зохицуулалт гэх агуулгаар уул уурхай олборлох салбар буюу тухайн улс орны эдийн засгийн стратегийн шинжтэй ач холбогдолтой газар ажиллаж байгаа, энгийн ердийн журмаар 168 цаг ажиллах ажилчидтай харьцуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан нөхөн амраах болсон тохиолдолд мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсгийг зөрчих шаардлага гарна. Ажилтны цалин хөлсийг бусад салбарт ажиллаж байгаа ажилтнуудтай харьцуулахад хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ялгаварлал бий болгоод байна гэх тайлбарын талаар ажилтны илүү цалин хөлс авч байгаа нь тухайн ажилтны ажиллаж байгаа нөхцөл бололцоо, хийсэн хөдөлмөрт нь тааруулж өгч байгаа юм. 14 хоног амрах атлаа илүү цагийн хөлсийг тусгайлан зохицуулж өгсөн нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ялгаварлалыг бий болгож байгаа мэтээр харагдавч Алагчлахгүй байх ажил, мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1.2-т тодорхой ажлын онцлогтой нь холбоотой тавигдах шаардлагад үндэслэн ялгаварлах, давуу байдал олгох үйлдлийг алагчлах хэмээх ойлголтод хамруулахгүй байж болно гэж заасан байдаг ба манай улсын шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд 92 дугаар зүйлийг оруулж ирсэн нь дэвшил болсон.

5.3. Уул уурхай үйлдвэрчний эвлэлийн хороо болон ххххх ХХК-ийн төлөөллийн 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хамтын гэрээний 2.13-д Улсын дээд шүүхээс уртын ээлжээр ажиллаж буй ажилтны илүү цаг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлтэй холбоотой тайлбар гарахуйц хугацаагаар ажилтнуудыг нэхэмжлэл гаргахгүй байх талаар зөвлөлдсөн байдаг. Гэтэл Уул уурхай үйлдвэрчний эвлэлийн хороо нь ажилтны эрх ашгийг хамгаалах байгууллага байтал ажил олгогчтой тохиролцон ажилчдаа илүү цагийн хөлсөө шаардах нэхэмжлэл гаргаж болохгүй гэх байдлаар гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч ххххх ХХК-д холбогдуулан илүү ажилласан нэмэгдэл хөлс 2,950,366 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ердийн ажилтан нэг өдөрт 8 цаг, сард 168 цаг ажиллах тул уртын ээлжийн ажилтан нэг сард 168 цагаас илүү ажилласан тохиолдолд илүү цагийн хөлс олгоно, мөн ажилтны үргэлжлэн амрах амралтын 14 хоногт илүү цагийг нөхөн амраасан тул хуульд заасан нэмэгдэл хөлс олгох урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Талуудын хооронд 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, хххх нь ххххх ХХК-д тэсэлгээчинээр өдөрт 12 цагаар 14 хоног ажиллаж, 12 цаг амрах буюу 14 хоног амардаг үйл баримтад талууд маргаангүй, харин нэхэмжлэгч ххххы илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс олгох эсэх нь маргааны зүйл болжээ. /1хх47-60/

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, талуудын маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

4. Талууд хөдөлмөрийн гэрээний 5-д ажил, амралтын хуваарь, өдөр цаг нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу байна. Ажил, амралтын хуваарь, өдөр, цагийг ажил олгогч өөрчилж болно гэсэн нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

4.1. ххххх ХХК-ийн ил уурхайн үйл ажиллагааны нэгжийн тэсэлгээчиний Ажлын байрны тодорхойлолтын 1.10-д зааснаар нэг өдөр ажиллах цаг 8+ ажлын шаардлагаар байхаар заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна. /1хх-120/

4.2. Хариуцагч ххххх ХХК нь нэхэмжлэгч ххххаар ил уурхайн тэсэлгээчиний ажил үүргийг уртын ээлжээр ажиллуулах горимоор гүйцэтгүүлж, 14 хоног ажиллаж, 14 хоног амарч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, 109 дүгээр зүйлийн 109.1-д Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж тус тус заажээ. Хуулийн зохицуулалтаас үзвэл, ажил олгогч нь илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй тохиолдолд нэмэгдэл хөлс олгохоор байна.

4.3. ххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаар тушаалын хавсралт 1-ээр батлагдсан Ажлын цагийн тухай журам-ын 8.1.7-д Уртын ээлжийн ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна, 8.1.8-д Уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно, 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж,

Цалин хөлсний журмын 14.1.2а-д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно гэж тус тус зохицуулжээ. /2хх132-144/

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн ажлын өдрийн үргэлжлэл нь 12 цаг, уртын ээлжээр ажил үүрэг гүйцэтгэх хугацаа нь 14 хоног, амрах хугацаа нь 14 хоног болох нь тогтоогдсон тул хариуцагч нь нэхэмжлэгчийг 4 цаг илүү ажилласан хугацааг нөхөн амраасан гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч нь сард 168 цагаас илүү цагаар ажилласан байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдэл хөлс хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ххххх ХХК-аас нэмэгдэл хөлсөнд 2,950,366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ххххы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ххххх ХХК-д холбогдуулан гаргасан нэмэгдэл хөлс 2,950,366 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ххххы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,156 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД