Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 280

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг,  шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Лхамсүрэн хөтлөн,

иргэдийн төлөөлөгч Д.Цогзолмаа

улсын яллагч Б.Батнасан

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Л.Амартогос,

гэрч Х.Эрхэмбаяр  нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

О.Эт холбогдох эрүүгийн 1905000450008 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

О.Э нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Баруун тасганы 2 дугаар гудамжны 47 тоотод байх иргэн Н.Гантөмөрийн байшинд 2018 оны 12 дугаар сарын 29-ний орой иргэн Д.Лхагвабазартай маргалдсаны улмаас түүнийг зодож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Талийгаач намайг хулгай хийе гээд байсан би үгүй гээд яваагүй Гантөмөрийнд эргэж очоод намайг Гэрэлээ эгчтэй архинд яваад ир гээд карт өгсөн. Бид хоёр 2 шил архи авчраад бүгд хувааж уусан тэгээд талийгаач бид 2 тамхи татах гээд гарсан. Тэр үед надад хоёулаа нөгөө юмаа очиж авъя гээд дахиад хэлсэн тэр үед би Довчинтой хамт яв гэж хэлсэн. Тэгээд хамт Гантөмөрийн гэр рүү орох гээд алхаж байхад талийгаач миний араас өшиглөөд бид хоёрын маргаан эхэлсэн. Талийгаач бид хоёр харилцан зодолдож байх явцад харамсалтай зүйл болсон. Би гэм буруугаа зөвшөөрч байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: Би талийгаач Д.Л төрсөн ах нь байгаа юм. Дүүгээ нас барсан талаар Довчингоос 2018 оны 12 сарын 30-нд мэдсэн. Манай талийгаач дүү эхнэр хүүхэдгүй хүн юм. Талийгаач дүү, Э хоёр адилхан л архи уудаг улсууд байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан талийгаач дүүгийн тухайн үед өмсөж явсан хувцаснуудыг устгуулах саналтай байна. Эд гомдол санал байхгүй. Эийн ар гэрээс манай талд нэг сая төгрөг өгсөн.  Одоо надад оршуулгын зардалтай баримт алга байна. Гэрт манай эхнэрт байгаа түүнийгээ нэхэмжилнэ гэв.

 

Гэрч Х.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Эийг бол би танина. Харин талийгаач Лхагвабазарыг бол сүүлийн үед л мэдэх болсон. Эд нар манай нөхрийн дүү Гантөмөрийнд очдог улсууд юм. Тэр өдөр би Гантөмөрт хоол оруулж өгөх гээд гэрт нь ороход талийгаач доошоо харчихсан хэвтэж байхад Э хөлөөрөө толгойг нь дээш нь харуулахад царай нь нэг сонин болчихсон байхаар нь би Эд битгий зугатаарай цагдаа дуудна гэж хэлсэн гэв.

 

Хавтаст хэргээс:

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө мөрдөн байцаалтанд: Миний төрсөн дүү Д.Лхагвабазар нь 1981 онд төрсөн айлын 9 дэх хүүхэд юм. 46-р сургуульд 8 дугаар анги төгсөөд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан. Хулгайн гэмт хэргээр ял эдэлж байгаад 2016 онд суллагдсан. Тэрнээс хойш Сэлэнгэ аймгийн Зүүн-Хараа суманд ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 10-дын үеэр Улаанбаатар хотод ирсэн. Чингэлтэй дүүргийн 8-р хороо Баруун тосгоны 10-90 тоотод ах, эгч нарын хамт амьдардаг. Эхнэр, хүүхэдгүй, архи бол уудаг байнга уугаад байхгүй, элдэв ааш зан байхгүй. хүнтэй эвсэг юм. Архаг ямар нэгэн хууч өвчингүй. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад Довчин нэг хүний хамт надаас 2000 төгрөг асууж ирсэн ба Довчин Лхагвабазарыг танай дүү доор байгаа гээд заахаар нь харахад миний дүү Лхагвабазар надаас нилээн зайтай зогсож байсан. Лхагвабазарыг гэрт нь аваачих талаар Довчинд хэлэхэд би яаж гэрт нь хариулах юм бэ өөрөө гэртээ харихгүй гээд байгаа хүнийг гэж хэлсэн. Тухайн үед би дүүтэйгээ нүүр тулж уулзаагүй холоос л харсан. Тэрнээс хойш дахин уулзаагүй. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Ганбаатар мөрдөн байцаалтанд: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 2 дугаар гудамжны 47 тоотод би эхнэр Хөхийн Эрхэмбаярын хамт оршин суудаг юм. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн орчим хажуу айлын Нямжав манай гэрт 0,75 литрийн “Хандгай” нэртэй архитай орж ирсэн. Архинаас миний эхнэр Х.Эрхэмбаяр 2-3 удаа уусан ба үлдсэн архийг Нямжав бид хоёр хувааж уусан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй тасарсан. Цагдаагийн хэлтэс дээр яаж ирснээ ч мэдэхгүй байна. Баянгол дүүргийн 11-р хороо 2-47 тоот хашаанд нэг байшин байгаа. Байшингийн нэг талд нь манайх болон нөгөө талд нь миний төрсөн дүү Норовын Гантөмөрийн гэр байдаг юм. Миний дүү Н.Гантөмөр одоогоос 6-7 жилийн өмнө харвалт өгсний улмаас зүүн тал нь мэдээгүй болж хэвтэрийн хүн болсон. Байшиндаа ганцаараа амьдардаг. Н.Гантөмөрийг хэвтэрийнх болохоор тэр хавийн хүмүүс ирж миний дүүгийн хоол цайг бэлтгэн өгч архи уудаг. Би О.Эийг 4-5 жилийн өмнөөс танина. Лхагвааг 1 жилийн өмнөөс танина. Жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байсан Лхагвабазар гэдгийг сая мэдлээ. Энэ хоёр хүн бол миний дүү Гантөмөрийн гэрээр байнга ирж очиж архи уудаг. Би Лхагваа, Э нарыг урьд өмнө нь зодолдож маргалдаж байхыг мэдэхгүй. Э мөрөөрөө Гантөмөрийн гэрээр орж гараад явж байдаг. Лхагваа нь хүний эд зүйл хулгайлдаг гэдгээр нь хүмүүс мэддэг. Лхагваа нь гөлийсөн хүнтэй үг дуугардаггүй, хулгайч зантай зэвүүн нөхөр юм. Би мэдэхгүй байна. Гантөмөрийн амьдардаг байшин нь манайхтай залгаа юм. 10х5 харьцаатай байшингийн нэг талд нь манайх нөгөө талд нь Гантөмөрийнх байдаг. Хүмүүс орилж хашгирахгүй л бол чимээ сонсогдоод байдаггүй. Тэгэхээр Гөнтөмөрийн гэрт хүмүүс ирсэн талаар мэдэхгүй байна. Чимээ сонсогдоогүй. /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Эрхэмбаяр мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 12 сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун тасганы 2-р гудамжны 47 тоотод байрлах гэртээ байж байгаад миний нөхрийн төрсөн дүү болох Гантөмөрийн гэрт хоол оруулж өгөх гээд гэрт нь ороход газар хүн доош хараад хэвтэж байсан. Харин хажууд нь Энхээ хажууд нь сууж байсан тэгээд би ороод та нар яасан юм бэ гэж асуухад Энхээ газарт хэвтэж байгаа хүнийг хөлөөрөө өшиглөж дээш харуулахад нүүрний хамар болон ам хэсгээр нь нилэнхүйдээ цус болчихсон байсан тэгээд огтоосоо хөдөлгөөнгүй байгаад байсан. Би Энхээгээс юу болсон юм бэ гэж асуухад бид 2 хоорондоо маргалдаад би өшиглөчихсөн юм гэж хэлэхээр нь Энхээд чи битгий хөдлөөрэй, наанаа сууж байгаарай гэж хэлээд гэр лүүгээ ороод нөхрийнхөө болон өөрийнхөө гар утсаар цагдаад хүн хөдөлгөөнгүй болчихсон байна гэж хэлээд удалгүй цагдаа нар орж ирсэн. Талийгаач нь миний нөхрийн дүү Гантөмөрийн гэрт орж ирээд байдаг ерөнхийдөө дандаа хулгай хийдэг хүн байсан. Миний нөхрийн дүү Гантөмөр нь сүүлийн 7 жил хэвтэрт байгаа бөгөөд архи уудаг хүн байдаг юм. .Тэгээд миний нөхрийн дүүгийн гэрт эдгээр нь архи уухаар цуглардаг юм. Намайг хоол хийж байхад ямар нэгэн дуу чимээ огтоосоо сонсогдоогүй хэрвээ сонсогдсон бол орох байсан юм. 2018 оны 12 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчим шиг санагдаж байна манай хажуу талд амьдардаг нөхөр Ганбаатарын төрсөн дүү Гантөмөрт хоол оруулж өгөх гээд гэрт нь орсон. Тэгэхэд байшингийн баруун талд Гантөмөр /Алагаа гэж дууддаг/ төмөр орон дээр хэвтэж байсан ба түүний зүүн талд байх модон орны урд талд газарт шалан дээр Лхагваа доошоогоо харсан байдалтай, орон дээр Э сууж байсан. Хэвтэж байгаа Лхагвааг яасан талаар Эөөс /Энхээ гэж дуудаг/ асуухад нэг хөлөөрөө /аль хөлөөрөө гэдгийг санахгүй байна/ Лхагвааг дээшээ харуулан эргүүлэхэд Лхагваагийн ам хамар нь битүү цус болсон байсан. Лхагваагийн гарыг нь харахад хөхөрсөн, нүд нь аниастай байхаар нь наад хүн чинь эвгүй болсон байна, Энхээ битгий зугтаарай гэдгийг хэлэхэд би мэдэж байна эгчээ гэж хэлсэн. Би гэр рүүгээ ороод өөрийнхөө 88249201 дугаарын гар утсаа аваад 102 дугаарын утас руу цагдаа дуудаж дуудлага өгсөн. Удаагүй цагдаа, түргэн тусламж ирээд Лхагвааг нас барсан талаар хэлсэн. Миний нөхөр Ганбаатарын төрсөн дүү Гантөмөр нь одоогоос 7 жилийн өмнө буюу 2012 оноос харвалт өгсний улмаас гэртээ суугаа байдалтай байгаа юм. 2013 оноос эхлэн О.Э нь Гантөмөрийн гэрээр орж гарч харагдах болсон. Тэгэхдээ архи уугаад ирж очин байдаг. Өнгөрсөн жил буюу 2017 оны 11 дүгээр сараас эхлэн Лхагваа Гантөмөрийн гэрт хонох болсон. Би Лхагвааг хөөгөөд гаргахаар намайг гараад явсны дараа буцаад ирчихдэг. Лхагваа нь хулгайч энд тэндээс хулгай хийгээд яваад байдаг сурагтай байдаг, Гантөмөрийн гэрт байнга согтуу ирж байгаа нь харагддаг. Гантөмөрт хоол өгөх гэж л тухайн өдрийн орой нэг удаа орсон. Өдөр нь Гантөмөрийн гэрт ороогүй. Намайг байшин дотор ороход Гантөмөр, Э, Лхагваа нар байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Доошоо харсан байдалтай хэвтэж байсан Лхагваагийн гэдэс хавьд нь хөлөөрөө Э хүрээд Лхагвааг эргүүлэх шиг болсон. Яг аль хөлөөрөө хүрч эргүүлснийг мэдэхгүй. Өөр биед нь хүрээгүй, зодож цохихыг нь хараагүй. 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдөр нас барсан байхыг нь харсан. Тэрнээс өмнө нь Гантөмөрийн гэр рүү орж гарч л байдаг. Хүний нүүр харж чаддаггүй буруу хараад яваад байдаг болохоор хэн нэгэн зодуулсан эсэхийг нь мэдэхгүй. Нүүр ам нь байнгын хавантай юм шиг л харагддаг. /хх-ийн 32, 35/ гэх мэдүүлэг,

 

О.Эийн эх Л.Одончимэг гэрчээр мөрдөн байцаалтанд: О.Э бол 1984 оны 6 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн миний анхны хүүхэд юм. Хорооллын Модны 2-т байх цэцэрлэгт явж байгаад ихэвчлэн эмээ, өвөө хоёртойгоо байсан. 73 дугаар сургуульд 1-р ангид ороод дараа нь бөхийн сургуульд сурч байгаад тэндээсээ гараад 73 дугаар сургуульд 8-р анги төгсөж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаад сургуулиа хаяад хөдөө яваад мориноос унаад хөлөө хугалаад нэг хэсэг явж чадахгүй байж байгаад 05 дугаар цэргийн ангид алба хаагаад халагдсан. Тэрнээс хойш барилгын туслах ажилчин хийж, хамгаалалтын албадад ажиллаж байсан. Хүнд ажил хийхээр хөл нь өвдөөд байдаг юм шиг байсан. Нөхөр бид хоёр салахад Э аавыгаа дагаад явсан ба аавыгаа нас барснаас хойш гудамжинд гарсан байсан. Хүн надад хэлэхээр нь би гудамжнаас олоод нийтийн байр хөлсөлж оруулаад хоолыг нь бэлдээд явж байсан. 2016 оноос хойш сүрьеэ өвчнөөр өвчлөөд Халдварт өвчин судлалын төвийн сэхээнд хэвтээд 2 сар эмнэлэгт хэвтсэн. Удаагүй дахин элэгний өвчнөөр өвчлөөд гэдэс нь томороод явж чадахгүй элэгний хатуурал өвчинөөр өвдөөд, амьсгаадаад гэдэс нь томороод явж чадахгүй байхаар нь эмнэлэгт хэвтүүлээд эмчилгээ хийлгэхэд бие нь гайгүй болсон. Эмнэлэгээс гараад удаагүй групт орох гээд явж байгаад 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр элэгний өвчинөөр 75 хувиар групт орсон. Нийтийн байранд хүүгээ оруулаад байлгахаар архичин хүмүүс нь архидаж хэвтчихээд байрнаасаа хөөгдчихнө, өөр байр солихоор олоод очдог, тэр хүмүүс нь байнга салахгүй явдаг. Эийн хувцсыг бэлдээд өгөхөөр архичин хүмүүст хувцсаа алддаг, нүүр ам нь байнгын хөхрөлттэй байгаад хүнд дээрлхүүлээд байдаг юм шиг байгаа юм. Э их аймхай, уян сэтгэлтэй, хүнд элдэв зүйл ярьдаггүй, чимээгүй уйлаад л байдаг, өөрийн гэр оронгүй надаар нийтийн байрны мөнгө төлүүлж байхаар хэцүү байгаад байна гээд зуны улиралд таны мөнгөнөөс үрж байхаар гадуур явж байя гэж хэлдэг. Дулаан улиралд та нэг хэсэг намайг орхичих ядаж дулааны улиралд өөрийгөө аваад явж байя гэж ярьдаг. /хх-ийн 38/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн офицер П.Сэржпүрэв мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 29-ний оройн 21 цаг 18 минутанд Баянгол дүүргийн 11-р хороо Баруун тасганы 2-47 тоотод хоёр хүн зодолдоод нэг нь амьсгал авахгүй ухаангүй болчихоод байна гэж Цагдаагийн хэлтэс болох Тайшир 10-аас дуудлага өгсний дагуу тухайн газарт 5-10 минутын дотор очсон. Тэгэхэд түргэн тусламж ирээд дээшээ хараад хэвтэж байсан эрэгтэй хүний биед үзлэг хийгээд нас барсан байна гэдгийг хэлсэн. Тухайн байшин дотор саажилттэй босож чадахгүй эрэгтэй хүн, 35-40 орчим насны эрэгтэй хүн, хажуу айлын гэх 60 орчим насны эмэгтэй, гаднаас байшин руу орж гарч байсан хажуу айлынх гэх 60 орчим насны эрэгтэй байсан. Хажуу айлын гэх эмэгтэй нь байшин руу хоол бариад ороход 35-40 орчим насны залуу талийгаачийг өшиглөхийг нь харсан гэхээр нь 35-40 орчим насны залууг Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. 60 орчим насны эрэгтэй байшин руу орж гарсан байдалтай согтолттой, 60 орчим насны эмэгтэй эрүүл, 35-40 орчим насны эрэгтэй орчноо мэдрэх чадвартай эрүүл шахуу, орон дээр хэвтэж байсан саажилттай хэвтэрийн хүн эрүүл байсан. /хх-ийн 39/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Чингис мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Баянгол дүүргийн 11-р хороо Баруун тасганы 2-47 тоотод амьдардаг Гантөмөр ахын гэрт амьдрах болсон. Тухайн үед хамтран амьдрагч Гэрэлээ бид хоёр амьдрах байргүй болсон болохоор тал харвасан Гантөмөрийн хоол, ундыг нь бэлтгэж өгөөд хамт амьдрах болсон. 2018 оны 12 дугаар сарын 29-ны өглөөний 09 цагийн үед Гэрэлээ бид хоёр Гантөмөр /Алагаа гэж дууддаг/ ахын гэрээс гараад Эх нялхсын хогийн цэгээр хог түүж явсан. Харанхуй болсон үед /цаг мэдэхгүй/ гэртээ ирэхэд цагдаа нар тууз татаад Гантөмөрийн гэр рүү оруулахгүй байсан. Гантөмөрт хоол өгье гэж хэлэхэд цагдаа нар оруулахгүй гэхээр нь гадуур Гэрэлээгийн хамт явж байгаад ирэхэд Гантөмөр ах гэртээ хэвтэж байсан. Юу болсон талаар Гантөмөр ахаас асуухад хоёр банди байдаг биз дээ хоорондоо хэрэлдээд нэг нь нэгийгээ өшиглөөд босож ирэхээ больсон, хажуу айлын эгч орж ирээд цагдаа эмнэлэг дуудаад нас барсныг нь хэлсэн гэж ярьсан. 2018 оны 6 дугаар сард гадуур тэнэж явж байхдаа Этэй танилцсан. 2018 оны 9 дүгээр сард Д.Лхагвабазартай таарсан ба Л төрсөн ах Өлзийтэй хамт нэг ангид сурч байсан талаар ярилцаад танилцаж байсан. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. /хх-ийн 41/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Сарангэрэл мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 09 цагийн үед Чингис бид хоёр Гантөмөр /Алагаа гэж дууддаг/-ийн гэрээс гарч явсан. Эх нялхсын хогийн цэгүүдээр явж байхад хог олдохгүй болохоор нь хүмүүс хог хаяхыг хүлээж байгаад хоол олоод автобус зогссон үед шөнө Гантөмөрийн гэрт очиход цагдаа нар уяа татаад оруулахгүй болохоор нь Чингисийг Гантөмөр хоол оруулаад өгчих гээд хашаа руу оруулаад хүлээхэд цагдаа нар хүн нас барсан байна гэж Чингис ярьж байсан. Тэгээд шөнө явж байгаад Гантөмөрийн гэрт очиход Гантөмөр ганцаараа байсан ба юу болсон талаар асуухад Энхээ, Лхагвабазар нар нь согтуу орж ирээд бие биетэйгээ муудалцаад нэг нь шороонд нэг нь авсанд орчихлоо гэж хэлсэн. Лхагвабазарыг бол танихгүй. Энхээ буюу Эийг олон жилийн өмнөөс танина. Э шил лааз түүгээд Гандан хавиар архи уугаад яваад байдаг байсан. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Талийгаач Л ааш зангийн талаар мэдэхгүй. Энхээ байгаагаараа байдаг элдэв зангүй хүүхэд байсан. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Э, Лхагвабазар нартай ерөөсөө таараагүй. Э зөрөөд гарсан гэж худлаа ярьсан байна. 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Гантөмөрийн гэрт байхад Э, Лхагвбазар нар нь согтуу орж ирсэн. Тухайн үед Лхагвабазар, Э нар нь 0,5 литрийн “Хандгай” нэртэй архи гаргаж ирэхээр нь архинаас амссан. Гантөмөрийн гэрт дотор олон хүмүүс байсан болохоор тэд нар архийг хувааж уусан. Чингис бид хоёр удаагүй гараад явсан. Энхээгийн хоёр нүд нь хавдаад хөхөрсөн болохоор яасан талаар асуухад ямар нэгэн зүйл яриад байсан. Миний хоёр чих муухан сонсдог болохоор хэлсэн зүйлийг нь сонсоогүй. Л нүүрэнд хөхөрсөн зүйл ажиглагдаагүй. /хх-ийн 42/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр О.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдөр гадуур явж байгаад орой гэгээ тасарсан байхад / цагийг нь хэлж мэдэхгүй байна/ Баянгол дүүргийн 11-р хороонд байх харвалтын улмаас хэвтэрт байдаг Гантөмөр /Алагаа гэж дуудаг/ ахын байшинд очсон. Гэр дотор нь ороход Гэрэлээ, Чингис, Гантөмөр, талийгаач Лхагваа /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ нар байсан. Гэрэлээ, Чингис нар нь гэрээс зөрөөд гарч явсан. Би орон дээр суухад Лхагваа пийшингийн хажуу талд сууж байсан ба намайг хамт хулгай хийхээр явъя тоочиглосон газар байгаа гэхээр нь би явж чадахгүй өөрөө явахгүй юу гээд май пизда минь гэж хэлээд нүүр рүү нь тулгаж салаавч гаргасан. Орон дээр суугаад зурагт руу харах гээд хажуу тийшээ болоход Лхагваа миний хамар амны ойролцоо гараараа цохиход миний хамарнаас цус гарсан ба Лхагваа миний дээр гараад 5-6 удаа миний нүүр рүү цохиод толгойгоороо 2 удаа нүүр рүү мөргөсөн. Тэгэхээр нь би Лхагваагийн цамцнаас заамдаж авахад миний цамцнаас боохоор нь хөлөөрөө хавчаад газарт унагаасан. Тэгэхэд талийгаач Лхагваа газарт доошоогоо харсан байдалтай хэвтсэн байсан. Гаднаас Эрхэмээ эгч орж ирсэн ба Лхагваагийн толгойны баруун хойд хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөд Эрхэмээ эгч болиоч гэж хэлэхээр нь цохихоо больсон. Лхагвааг дээшээ харуулсан чинь хөдлөхгүй байхаар нь Эрхэмээ эгчийг цагдаа дууд гэж хэлэхэд цагдаа ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 29-ны өглөөний 11 цагийн үед Бавуудорж гэх айлынд Лхагваа, Довчин, Бавуудорж бид нар 0,75 литрийн “Хандгай” нэртэй архи уусан. Дараа нь Энхбаяр, Жижи гэж хочилдог хоёр хүн ирэхээр нь дахин 0,75 литрийн “Хандгай” нэртэй архи хувааж уусан. Дараа нь бид нар Апагаа ахын гэрт очоод Довчинг мөнгөөрөө архи авчих гэхэд архи авахгүй зугтаагаад яваад өгсөн. Тэндээсээ би яваад гадуур тамхи татаад явж байгаад орой Гантөмөрийн гэрт ганцаараа очсон. Өглөө уусан архи гараагүй урьд шөнө нь Довчингийн гэрт зурагт үзээд нойргүй хоносон болохоор бие ядруу байсан. Тэгэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Лхагвабаяр нь намайг орон дээр байхад миний дээр гарчихаад намайг цохиод байсан ба хөлөөрөө баруун гуя руу нь татаад газарт унагаасан. Тэгснийхээ дараа толгойных нь баруун хойд талд нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. 6-7 жилийн өмнөөс Гантөмөрийн гэрээр орж гардаг болсон. 4-5 жилийн өмнөөс харвасны улмаас тал бие нь мэдээгүй болсон, таньдаг ах юм. Хааяа хамт архи уудаг. 2018 оны зунаас Лхагвагаатай  архи ууж явж байгаад танилцсан./хх-ийн 36/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар О.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 29-ний  өдөр гадуур явж байгаад орой гэгээ тасарсан байхад /цагийг нь сайн мэдэхгүй байна/ Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг /гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй/ харвалтын улмаас хэвтэрт байдаг Гантөмөр /Алагаа гэж дууддаг/ ахын байшинд орсон. Ороход Гэрэлээ, Чингис, Гантөмөр, талийгаач Лхагваа /жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй/ нар байсан. Лхагваа пийшингийн хажуу талд зогсож байсан ба Гэрэлээ, Чингис нар нь надтай зөрөөд байшингаас гарч явсан. Өрөөний гол хэсэгт зогсож байхад Лхагваа намайг хамт хулгай хийхээр явъя тоочиглосон газар байгаа гэхээр нь би явж чадахгүй өөрөө явахгүй юу гэж хэлсэн. Би хулгай хийгээд байхад чи яагаад хулгай хийхгүй байгаа юм бэ гэхээр нь пийшингийн хажуу талд сууж байсан Лхагваа руу “май пизда минь” гэх үгийг хэлээд нүүр рүү нь тулгаж салаавч гаргаад орон дээр суусан. Зурагт руу хараад сууж байхад Лхагваа гараараа хамар амны ойролцоо цохиход миний хамарнаас цус их гарсан ба Лхагваа миний дээр гараад 5-6 удаа миний нүүр рүү цохиод толгойгоороо 2 удаа нүүр рүү мөргөсөн. Тэгэхээр нь би Лхагваагийн цамцны энгэр хэсгээс нь заамдаж аваад байшингийн шалан дээр унагаасан ба би орон дээрээ унаагүй үлдсэн. Хамарнаас цус гараад байхаар нь доошоо харж хэвтээд босож ирээд Лхагваагийн толгойны баруун ар хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөд Эрхэмээ эгч гаднаас байшинд дотор орж ирээд болиоч хүн аллаа гэж хэлэхээр нь цохихоо болиод орон дээр суусан. Лхагвааг дээшээ харуулсан чинь хөдлөхгүй байхаар нь Эрхэмээ эгчийг цагдаа дууд гэж хэлсэн. 6-7 жилийн өмнөөс Гантөмөрийн гэрээр орж гардаг болсон. 4-5 жилийн өмнөөс Гантөмөр харвалт өгсний улмаас тал нь бие мэдээгүй болсон. Гантөмөр ахын гэрийн ажилд тусалж, хааяа хамт архи уудаг. 2018 оны зунаас гадуур архи ууж байгаад танилцсан. 2-3 сар уулзаагүй байж байгаад 2018 оны 11 дүгээр сард таарсан. 2018 оны 12 дугаар сарын 29-ны өглөөний 11 цагийн үед Бавуудорж гэх айлынд Лхагваа, Довчин, Бавуудорж бид нар 0,75 литрийн “Хандгай” нэртэй архи уусан. Дараа нь Энхбаяр. Жижи /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ ирэхээр нь 0,75 литрийн “Хандгай” нэртэй архи уусан. Тэндээсээ Гантөмөрийн гэрт Лхагваа, Довчин, Бавуудорж, Энхбаяр, Жижи бид нар очоод 2 шил 0,5 литрийн “Хандгай” нэртэй архийг хувааж уусан. Тэгээд би гараад явсан ба Гантөмөрийн гэрт Лхагваа, Гэрэлээ. Чингис нар үлдсэн. Өдөр нэг хэсэг бол архи уусны дараа нилээн муудсан ба орцонд хэсэг унтаж амарсан учраас орой Гантөмөрийн гэрт очиход гайгүй байсан. Гэрэлээ, Чингис нар үүдэн дээр суусан. Лхагваа пийшингийн хажуу талд дулаацаад зогсож байсан. Гантөмөр орон дээрэ хэвтэж байсан. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өглөө Гантөмөрийн гэрт ороход Лхагваа, Гантөмөр нар байсан ба Лхагваагийн нүүрний баруун тал нь битүү хавдсан байсан. Цээж өвдөөд байна гээд ханиалгаад байсан. 29-ний орой Гантөмөрийн гэрт ороход Лхагваагийн тэр хавдар нь байсаар байсан. Би Лхагвабазарыг орноос татаж унагаагаад толгойн баруун ар хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байгаагүй. Лхагвабазар миний нүүр цээж рүү гараараа цохиод байса яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Санаж байгаагаар Лхагваа миний дээр гараад 5-6 удаа миний нүүр рүү цохиод толгойгоороо 2 удаа нүүр рүү мөргөсөн. /хх-ийн 124/ гэх мэдүүлэг,

 

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-17/

Эд зүйлд үзлэг  хийсэн тэмдэглэл /хх-ийн 21/

Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 22, 23/

 

Шинжээчдийн дүгнэлтүүд:

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн 178 дугаартай дүгнэлтэнд: Талийгаач Д.Л цогцост дагз ясны заадас салсан шугаман хугарал, дагзны хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний гадна булан хэсэг, хамрын нурууны цус хуралт, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна булан, баруун, зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл тоггоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1,3-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь АВО системээр А/II/ бүлгийн цустай байна. Талийгаач нь 2018.12.30-ны өдрийн 02 цаг 30 минутанд цогцост хийсэн үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байна. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. /хх-ийн 44/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн  831 дугаартай дүгнэлтэнд: О.Эийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн чих, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 56/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 346 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн О.Э 38 эр 2018.12.30 1010 гэж хаягласан цусанд спирт илрээгүй. /хх-ийн 60/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 347 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн О.Эийн гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. /хх-ийн 62/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 344 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Н.Ганбаатар 60н эр 2018.12.30 1015” гэж хаягласан цусанд 0,7 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0,7 промилли спирт  нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Хэзээ хэрэглэсэн цаг хугацааг нөхөн тогтоох боломжгүй. /хх-ийн 67/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 345 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Н.Ганбаатарын гэх цус нь АВО системээр В/III/  бүлгийн харьяалалтай байна. /хх-ийн 69/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/034 дугаартай дүгнэлтэнд:

Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн 2018-ХБТ-БГД. 2019-ЦОГЦ-БГД гэсэн дугаараар санд кодолсон гарын дардас нь: Урьд нь санд:

2703016 Довдон овогтой Лхагвабазар /1981.03.04/

2556605 Довдон овогтой Лхагвабазар /1981.03.04/

М1М005210002207 Довдон овогтой Лхагвабазар

МЫО00ШШГ03950 Довдон овогтой Лхагвадорж

М1М000510022874 Довдон овогтой Лхагвабазар гэсэн дугаараар тус тус бүртгэгдсэн хүний гарын дардастай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн шинжилгээнд тэнцэх дардсууд нь санд байгаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 74/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 470 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ толбо болон асаагуур дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 84/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 635 дугаартай дүгнэлтэнд: Д.Л өмсөж явсан гэх хар өнгийн куртик, цагаан өнгийн ноосон зузаан цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн ноосон малгай дээр цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна. Д.Л өмсөж явсан гэх бор өнгийн подволка, хар өнгийн гутал дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул бүлэг тогтоох боломжгүй байна. Д.Л өмсөж явсан гэх хар өнгийн савхин бээлий 1 хос, хар өнгийн дотуур өмд, саарал өнгийн 1 хос оймс дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. /хх-ийн 89/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/036 дугаартай дүгнэлтэнд:

Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн гэх 1 дугаартай хэсэгт бэхжүүлэгдсэн хэсгээс 2-н ширхэг, 3 дугаартай хэсгээс 1 ширхэг мөр шинжилгээнд тэнцэнэ. Бусад мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрнүүд нь Папилон санд байгаа нийт хүмүүсийн гарын хээний дардас, эзэнгүй хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 94/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 472 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Д.Лхагвабазар, О.Э  нарын гэх хумснуудад цус болон биологийн бусад ул мөр илрээгүй. Цус болон биологийн ул мөр илрээгүй тул №2-т хариулах боломжгүй байна. /хх-ийн 99/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 365 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн баруун ядам гэх бичигтэй уутанд байх 12х4 мм хэмжээтэй хумсанд химийн аргаар гарган авсан хар хөх өнгийн ширхэгт материалын сэмэрдэс тасарч үлдсэн байна. Бусад хумснуудад утас, хялгас, даавууны ширхэг байхгүй байна. /хх-ийн 100-103/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 364 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хумснуудад утас, хялгас, даавууны ширхэг байхгүй байна. /хх-ийн 107/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 277 дугаартай дүгнэлтэнд: О.Э нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна О.Э нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг зөв ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. О.Э нь хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээгээр тогтоодоггүй болно. О.Э нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд эмгэг согтолттой байсан гэх шинж тэмдэг үгүй байна. О.Э нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд болсон үйл явдлыг хянах чадвартай байсан байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.Эд албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 114/ гэжээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор

О.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 145/, хэт авиан оношлогооны хуулбар /хх-ийн 157-158/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 162/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-ийн 170/, эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-ийн 171-178/, НДХ-ийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 179/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

2018 оны 12 дугаар сарын 29-ний орой Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун тасганы 2 дугаар гудамжны 47 тоотод оршин суух Н.Гантөмөрийн гэрт О.Э, Д.Лхагвабазар нар маргалдсаны улмаас О.Э Д.Лхагвабазарыг зодож амь насыг нь хохироосон хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Энэ байдал нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан:

гэрч Х.Эрхэмбаярын”...Гантөмөрийн гэрт хоол оруулж өгөх гээд ороход газар хүн доош хараад хэвтэж байсан...Би Энхээгээс юу болсон юм бэ гэж асуухад бид 2 хоорондоо маргалдаад би өшиглөчихсөн юм гэж хэлэхээр нь...нөхрийнхөө болон өөрийнхөө гар утсаар цагдаад хүн хөдөлгөөнгүй болчихсон байна гэж хэлээд удалгүй цагдаа нар орж ирсэн...”/хх-ийн 32, 35/

гэрч  П.Сэржпүрэвийн”...хоёр хүн зодолдоод нэг нь амьсгал авахгүй ухаангүй болчихоод байна гэж Цагдаагийн хэлтэс болох Тайшир 10-аас дуудлага өгсний дагуу тухайн газарт 5-10 минутын дотор очсон. Тэгэхэд түргэн тусламж ирээд дээшээ хараад хэвтэж байсан эрэгтэй хүний биед үзлэг хийгээд нас барсан байна гэдгийг хэлсэн...Хажуу айлын гэх эмэгтэй нь байшин руу хоол бариад ороход 35-40 орчим насны залуу талийгаачийг өшиглөхийг нь харсан гэхээр нь 35-40 орчим насны залууг Цагдаагийн хэлтэс рүү авч явсан...”/хх-ийн 39/,

гэрч Б.Чингисийн “...юу болсон талаар Гантөмөр ахаас асуухад хоёр банди байдаг биз дээ хоорондоо хэрэлдээд нэг нь нэгийгээ өшиглөөд босож ирэхээ больсон, хажуу айлын эгч орж ирээд цагдаа эмнэлэг дуудаад нас барсныг нь хэлсэн гэж ярьсан...”/хх-ийн 41/,

гэрч Д.Сарангэрэлийн”...Гантөмөрийн гэрт очиход Гантөмөр ганцаараа байсан ба юу болсон талаар асуухад Энхээ, Лхагвабазар нар нь согтуу орж ирээд бие биетэйгээ муудалцаад нэг нь шороонд нэг нь авсанд орчихлоо гэж хэлсэн...” /хх-ийн 42/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-17/,  эд зүйлд үзлэг  хийсэн тэмдэглэл /хх-ийн 21/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 22, 23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн 178 дугаартай дүгнэлт /хх-ийн 44/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн  831 дугаартай дүгнэлт /хх-ийн 56/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Иймд хяналтын прокуророос О.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж,

шүүгдэгч О.Эийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас О.Эийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө хохиролтой холбогдох баримт гаргаж өгөөгүй байх ба шүүхийн хэлэлцүүлэгт О.Эийн зүгээс манай тал 1 сая төгрөг өгсөн гэж мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн шүүх О.Эийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Харин Д.Өын шүүх хуралдаан дээр мэдүүлсэн хохиролтой холбогдох баримтуудыг би авчраагүй, гэрт эхнэрт байгаа түүнийгээ нэхэмжилнэ гэж мэдүүлж байгааг харгалзан энэ хэрэгт хамааралтай нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар О.Эөөс жич  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаан дээр шүүгдэгч О.Эийн өмгөөлөгч Л.Амартогос “ гэм буруу дээр маргахгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргалаа.

 

Шүүгдэгч О.Э гэм буруугийн санаатай хэлбэрээр Үндсэн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон, учирсан хор уршиг арилах боломжгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “...тухайн гэмт хэргийн улмаас учруулсн хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Одончимэгийн Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг нь харгалзаж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.