Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00660

 

 

 

 

2024 04 01 210/МА2024/00660

 

 

 

Х.Г....ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/00347 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Г...ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.А...т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алданги 6,400,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, уг гэрээний үүрэгт төлсөн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

1.1. Хариуцагч М.А... нь 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр тавилгын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж болох хөрөө рам, хөрөөний ир ирлэгч, үртэс сорогч-2 талаар сорогч, компрессор-380, шланк 6м, суурин нугас ухагч, компрессорын П буу, 32-ын хадаасны буу, хий үлээлгэгч буу зэрэг нийт 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 13,000,000 төгрөгөөр худалдан авсан.

1.2. Хариуцагч нь тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрт 7,000,000 төгрөгийг Х.Г....ын дансанд шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 18-ны өдөр буюу 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 500,000 төгрөгөөр, 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгөөр хувааж төлөхөөр тохиролцсон боловч энэ хугацаанд үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөгийг төлөөгүй.

1.3. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.4-т худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Алдангийг дараах байдлаар тооцоолов.

Үүнд: 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр төлөлт 500,000 төгрөгөөс алданги тооцвол өдрийн 500 төгрөг 188 хоногийн 94,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн төлөлт 500,000 төгрөгөөс алданги тооцвол өдрийн 500 төгрөг 159 хоногийн алданги 79,500 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн төлөлт 500,000 төгрөгөөс алданги тооцвол өдрийн 500 төгрөг 129 хоногийн алданги 64,500 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн төлөлт 500,000 төгрөгөөс алданги тооцвол өдрийн 500 төгрөг 99 хоногийн алданги 49,500 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн төлөлт 1,000,000 төгрөгөөс алданги тооцвол өдрийн 1,000 төгрөг 68 хоногийн алданги 68,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн төлөлт 1,000,000 төгрөгөөс алданги тооцвол өдрийн 1,000 төгрөг 38 хоногийн алданги 38,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн төлөлт 1,000,000 төгрөгөөс алданги тооцвол өдрийн 1,000 төгрөг 7 хоногийн алданги 7,000 төгрөгийг тус тус төлөхөөр байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, алданги 400,500 төгрөг нийт 6,400,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан боловч мөнгө төгрөггүй, боломж бололцоогүй нөхцөл байдал үүссэн тул гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчтэй ярилцаж байгаад тоног төхөөрөмжийг буцааж өгсөн бөгөөд худалдаж аваагүй, шилжүүлж аваагүй хөрөнгийн үнийг төлөх үндэслэлгүй.

2.2. 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тоног төхөөрөмжийг авсан нь үнэн, 2023 оны 3 дугаар сарын сүүлээр буцааж өгсөн. Тухайн тоног төхөөрөмжийн ажиллагаа нь хүсэж байснаар биш байсан. Нэгэнт тоног төхөөрөмжийг аваагүй тул мөнгө төлөх үүрэг байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Х.Г...ад тоног төхөөрөмжийг 2023 оны 3 дугаар сард мөнгөө төлж чадахгүй юм байна, буцааж өгье гээд өгсөн. Тухайн үед Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Түүний дагуу эд хөрөнгийг хүлээж авсан, тодорхой урьдчилгаа мөнгийг өгсөн боловч тоног төхөөрөмжийг буцаан хүлээлгэж өгсөн, мөнгөө буцааж авъя гэх татгалзлыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн.

3.2. Мөн таалагдаагүй, удаашралтай, хуучин тоног төхөөрөмж байсан. М.А... мөнгөө төлж чадахгүй нөхцөл нь бодитой. Ямар ч баримт шаардахгүй нөхцөл байдал үүссэн, гэрчүүд хэлсэн, үзлэг хийсэн тэмдэглэл байна, буцаагаад бүрэн бүтэн хүлээлгэж өгөөрэй гэсэн мессеж байна. Иймд урьдчилж өгсөн 7,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч М.А... нь нэхэмжлэгчээс тавилгын үйлдвэрийн иж бүрэн 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг худалдан авах санал гаргаж, дээрх тоног төхөөрөмжийг 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр авч явсан. Тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгаж үзсэний үндсэн дээр худалдан авахаар болж 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

4.2. Гэрээний урьдчилгаанд 7,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 18-ны өдөр хувааж төлөх байсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Дээрх төлбөрөө хугацаандаа төлөхгүй байсан учир нэхэмжлэгч нь хариуцагчийн 8989-1228 дугаарын гар утас руу төлбөрөө төлөхийг шаардсан мессеж бичсэн.

Харин М.А... нь тоног төхөөрөмжийг түр буцааж өгөөд мөнгөө төлж дуусгаад буцаагаад авъя гэсэн тул өмнө нь тоног төхөөрөмжийг хадгалж байсан хүнээсээ тоног төхөөрөмжийг хадгалах боломжтой эсэхийг асуугаад М.А...т зөвшөөрсөн.

Түүнээс хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг гэрээнээс татгалзсан, цуцалсан зэрэг нөхцөл байдал үүсээгүй. Авсан, өгсөн зүйлийг буцаасан зүйл байхгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1 дугаартай Зээлээр худалдах худалдан авах гэрээ-г цуцлан нэхэмжлэгч Х.Г...аас 6,986,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.А...т олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 6,386,500 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 14,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,400 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,650 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Г...аас 122,176 төгрөгийг гаргуулан хариуцагч М.А...т олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч талын гэрээ цуцлагдаагүй маргаан бүхий тоног төхөөрөмжийг хадгалуулсан гэх татгалзал үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчийн эзэмшлийн 80... дугаараас хариуцагчийн 89.... дугаар руу 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр харилцсан зурваст үзлэг хийсэн тэмдэглэлээр хариуцагч нь нэхэмжлэгч рүү юмнуудыг чинь түр буцааж өгөөд мөнгөө төлж дуусгаад авъя гэж зурвас илгээсэн байдаг.

Дээрх тохиролцоогоор тоног төхөөрөмжүүдийг түр хадгалуулаад төлбөрөө төлж дууссаны дараа авах гэсэн санааг илэрхийлж харилцан тохиролцсон байхад шүүх гэрээ цуцлагдаагүй маргаан бүхий тоног төхөөрөмжийг хадгалуулсан гэх нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй буюу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээсээ төлбөрөө хугацаанд нь төлөх чадваргүй байдлаас болж гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна гэж дүгнэснийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй.

Техник тоног төхөөрөмжийг талууд 13,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож хариуцагч нь гэрээний үүрэгт 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн байтал гэрээний дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл үндсэн төлбөрийн дийлэнх хэсэг буюу 53.8%-ийн төлбөрийг төлсөн 46.2%-ийн төлбөрийн үлдэгдэлтэй байхад дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн нь эргэлзээтэй.

6.3. Талууд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар хэн аль тохиролцож байгаагүй, аль нэг талдаа урьд өмнө мэдэгдэж байгаагүй байхад татгалзсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. М.А... нь 7,000,000 төгрөгийг шилжүүлж өгөөд худалдаж авахаар болсон боловч тухайн тоног төхөөрөмж нь доголдолтой нөхцөл байдал илэрсэн.

7.2. Сарын дараа тоног төхөөрөмжийг буцаан шилжүүлж өгсөн. Гэрээгээр тохиролцсон хугацаа дуусгавар болсон. Мөнгөө авах талаар ярьж байсан боловч мөнгөө өгөхгүй байсан. Татгалзсанаа илэрхийлсэн бөгөөд 7,000,000 төгрөг өгснөөсөө хойш нэг ч төгрөг өгөөгүй. Мөнгөө буцаан авах талаар мэдэгдсэн боловч буцаан өгөөгүй.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Цаг хугацааны хувьд гэрээ цуцлагдсан, татгалзсан гэдэг нь тодорхой харагдана.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Х.Г... нь хариуцагч М.А...т холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, алданги 400,500 төгрөг, нийт 6,400,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ...гэрээнээс татгалзаж, тоног төхөөрөмжийг буцаан өгсөн үндэслэлээр урьдчилгаанд төлсөн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. Талуудын хооронд 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр худалдагч Х.Г... нь хөрөө рам, хөрөөний ир ирлэгч, үртэс сорогч-2 талаар сорогч, компрессор-380, шланк-6 метр, суурин нугас ухагч, компрессорын П буу, 32-ын хадаасны буу, хий үлээлгэгч буу зэрэг тавилгын үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, худалдан авагч М.А... нь 13,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 5 дугаар тал/

3.2. Дээрх гэрээний урьдчилгаа төлбөрт худалдан авагч М.А... 7,000,000 төгрөгийг Х.Г...ад төлж, тоног төхөөрөмжийг хүлээн авсан, хожим тоног төхөөрөмж Х.Г...ын эзэмшилд шилжсэн.

4. Худалдан авагч гэрээнээс татгалзсан эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс хариуцагчийг гэрээнээс татгалзсан гэж буруу дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна.

5.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.2. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хүчин төгөлдөр гэрээний нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадаагүй бодит нөхцөл бий болсон бол эсрэг тал нь өөрийн гүйцэтгэх үүргээ биелүүлэхээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх явдал юм.

Талуудын тохиолдолд дээрх зохицуулалт хамааралгүй байхад хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлж чадахгүй байдлаас болж гэрээнээс татгалзсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй.

5.3. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй боловч энэ талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэх бөгөөд энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.

Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд өгсөн авснаа бодитоор харилцан буцаах, анхны байдалд оруулах үр дагавар үүсгэдэг бөгөөд гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах тохиолдолд энэхүү хүсэл зоригийг нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр хэрэгжих учиртай.

5.4 Талуудын харилцсан зурваст шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд худалдан авагч М.А... нь гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаанд гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг худалдагч Х.Г...ын эзэмшилд байлгах хүсэл зоригийг илэрхийлсэн байх ба гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгох агуулга бүхий хүсэл зориг илэрхийлэгдээгүй байна.

Иймд М.А...аас гэрээнээс татгалзах хүсэл зоригийг илэрхийлээгүй тохиолдолд түүний хүсэлтийн дагуу төлбөрөө төлөх хүртэл тоног төхөөрөмжийг Х.Г...ын эзэмшилд буцаан шилжүүлсэн нь гэрээнээс татгалзсан үр дагаврыг бий болгохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

Гэрч О.И..., Б.Б... нар нь тоног төхөөрөмжийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтыг гэрчилсэн бөгөөд энэ нь хариуцагчийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэх үндэслэл болохгүй.

6. Хэргийн баримтаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үндэслэл тогтоогдоогүй, уг гэрээгээр худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон хөрөнгийн үнийг төлөх үүргийг хүлээдэг тул нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 6,000,000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

6.1. Нэгэнт хариуцагч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаагүй тул тухайн гэрээний үүрэгт шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хангагдана.

6.2. Мөн талууд гэрээгээр хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн. Гэрээнд зааснаар худалдан авагч нь 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төлбөрийг бүрэн төлж дуусгах үүрэг хүлээсэн тул энэ өдрөөс нэхэмжлэл гаргасан 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 7 хоногийн алдангийг тооцож гаргуулах үндэслэлтэй. Иймд гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6,000,000 төгрөгийн 0,1 хувь болох 6,000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 7 хоногоор тооцож, нийт 42,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, алдангиас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

7. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад хуулиар тогтоогоогүй хугацаа заасан алдааг залруулсан өөрчлөлт оруулна.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/00347 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.А...аас 6,042,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Г...ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 358,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсэгт 2 гэсэн заалтыг шинээр нэмж, уг заалтаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Х.Г...аас 7,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.А...ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 гэснийг 3 гэж, 3 гэснийг 4 гэж, 4 гэснийг 5 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А...аас улсын тэмдэгтийн хураамжид 111,622 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Г...д олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын ...зохигч талууд 15-28 хоногийн дотор гэснийг шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,308 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.ГАНДИЙМАА