Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00710

 

 

 

 

 

 

 

 

     2024       04            08                                    210/МА2024/00710

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00309 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г ХХК холбогдох,

16,225,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Т ХХК нь барилгын угсралтын гол дагалдах хэрэгсэл худалдан борлуулж, үйлдвэрлэх, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Манай компани дээрх үйлчилгээнээс барилгын угсралтын гол хэрэгсэл болох хэв хашмал, дотор булан, тулаас, гадна буланг ашиглуулахаар Г ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ТГ-№ 22-098 дугаартай “Барилгын угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээ” байгуулсан. Хариуцагч нь гэрээ үргэлжлэх явцад түрээсийн гэрээний зүйл болох дараах эд хөрөнгүүдийг ашигласан. Үүнд:

1. V4 тулаас: Хариуцагч нийт 2,180 ширхэг түрээсэлж авснаас буцааж өгөхдөө 24 ширхгийг дутаасан буюу алга болгосон.

2. Гадна булан: 80 ширхгийг түрээсэлж авснаас 4 ширхэг дутуу өгсөн.

3. Тулаас \/5: 20 ширхгийг түрээсэлж авснаас 4 ширхгийг дутаасан.

4. Тулаас \/6: 500 ширхгийг түрээсэлж авснаас 14 ширхгийг дутаасан.

5. Дотор булан 10x15: 30 ширхгийг түрээсэлж авснаас дутаагаагүй. Харин 7 ширхэг нь гэмтэлтэй ирсэн. Нийт түрээсэлж авсан бараануудаас алга болгосон буюу буцаан хүлээлгэж өгөөгүй барааны үнэ 3,232,240 төгрөг, эвдэлсэн барааны зүйл 30,800 төгрөг болсон. Тухайн үед түрээсийн төлбөрт бид нийт 38,778,017 төгрөгийг бид хариуцагчаас нэхэмжилсэн. Үүнээс хариуцагч 24,150,100 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь 11,627,917 төгрөгт алданги 811,250 төгрөг орсон байсныг хасахад 10,816,667 төгрөг болно. Уг хариуцагчийн төлөх ёстой 10,816,667 төгрөгөөс алдангийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцоход 5,408,333.50 төгрөг болно. Нийт 16,225,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Уг гэрээний 3.1-т нийт төлбөр 528,000 төгрөг, 3.4-т барьцаа 500,000 төгрөг байхаар тус тус заасан. ТГ-22/098 тоот бараа материал түрээслэх гэрээний хавсралт 1-д зааснаар 600*1200 хэмжээтэй 80 ширхэг хэв хашмалыг 30 хоногийн хугацаанд 480,000 төгрөгөөр түрээсэлж, НӨАТ-ийн дүн 48,000 төгрөг нэмэгдэж түрээсийн төлбөрт нийт 528,000 төгрөг, барьцаанд 500,000 төгрөг нийт 1,028,000 төгрөгийг Т ХХК-д шилжүүлэх үүрэг бүхий гэрээг байгуулсан. Харин хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан хавсралтад Г ХХК-ийн зүгээс гарын үсэг зураагүй бөгөөд энэ нь тус барааг түрээслэх хүсэл зоригийн илэрхийлэлгүй гэж үзнэ. Улмаар талуудын харилцан тохиролцсон үнийн дүн буюу 528,000 төгрөгт гэрээний үүрэг хязгаарлагдана. Тодруулбал, дээрх үнийн дүн бүхий гэрээний харилцаа буюу эрх, үүргийг талууд хүлээх зөвшөөрсөн боловч тус гэрээнд заагаагүй түрээсийн зүйл, үнийн дүнг талууд харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй. Хариуцагч нь гэрээнд тухайлан заасан 528,000 төгрөгийг давуулан төлж дуусгасан. 16,225,000.50 төгрөгийг хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Мөн талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу бичгээр хийгдээгүй учир хүчин төгөлдөр бус байна. Тооцоо нийлсэн баримт дээр хариуцагч тал гарын үсэг зураагүй байгаа. Хэрэгт нэхэмжлэгчээс өгсөн нэхэмжлэх болон орсон гарсан барааны баримтууд дээр н.Галцог, н.Эрдэнэбат, н.Бадамсүрэн гэх хүмүүс гарын үсэг зурсан. Эдгээр хүмүүс нь тухайн үед захирлын зөвшөөрөлтэйгөөр хариуцагч компанийн барилгын талбай дээр л ажиллаж байсан хүмүүс юм. Гэхдээ тэд бараа хүлээн авах зөвшөөрөлгүй байсан. н.Чанцалдулам гэх хүнийг хэн болохыг бид тодруулж чадаагүй. Хариуцагч компани нь 2022 оны 09 дүгээр сарын 01,28, 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд нийт 24,150,100 төгрөгийг Т ХХК-ийн Хаан банк дахь данс шилжүүлсэн, энэ талаар бид маргахгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК-ийн зүгээс нэхэмжилсэн 16,225,000.50 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Г ХХК-аас 10,816,667 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,408,333.50 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 200,997 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Гэрээний дагуу 528,000 төгрөгийн үнэ бүхий гэрээний зүйлийг түрээслэхээр харилцан тохиролцож холбогдох барааны үнийг тохирч үүргээ бүхэлд биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн тус гэрээний дагуу хүлээн зөвшөөрсөн барааны үнийг талууд харилцан тохиролцсон. Гэтэл тус гэрээнд аливаа нэмэлт өөрчлөлт оруулсан эсхүл аливаа хэлбэрээр дээрх гэрээний харилцаанаас тусдаа нийлүүлсэн эд зүйлсийн үнэ, бусад нөхцөлийг тодорхойлсон баримт хавтаст хэрэгт байхгүй.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад талууд хэрхэн үнэ тохиролцсон талаар тодруулахад цахим харилцааны хэрэгсэл ашиглаж буюу чатаар тохирсон гэх хариуг өгдөг. Энэ талаар нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс мөн л гаргаж өгөөгүй. Шүүхийн зүгээс талуудын хооронд иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Г ХХК барилга угсралтын хэрэгслийг барилга барих зорилгоор ашиглаж байсан талаар талууд маргадаггүй ба энэ нь тухайн эд хөрөнгийг зөвхөн ашиглах бус ашигласнаас үүдэн гарсан үр шим буюу барилгыг эцсийн дүндээ бий болгож аж ахуйн үйл ажиллагаа явуулж өөрийн дүрэмд заасан зорилгоо биелүүлж байгаа. Иймд түрээсийн гэрээ бичгээр байгуулах нөхцөлийг хангаагүй, үнийг тохиролцсон баримт байхгүй учир түрээсийн гэрээ бус эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэх нь үндэслэлгүй.

Шүүхийн зүгээс гэрээний харилцаа үүсээгүй атал Т ХХК-д эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 10,816,667 гаргуулах тухай, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, үнэ тохиролцсон баримтыг гаргаж өгч нэхэмжилсэн үнийн дүнгийн үндэслэл бүхий болохыг нотлоогүй байхад төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. '

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 16,225,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны  шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Барилгын угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээ”-гээр барилгын угсралтын хэрэгслийг түрээслүүлэх, 1 сарын түрээсийн төлбөрт 528,000 төгрөг төлөх, барьцаа болгон 500,000 төгрөгийг түрээслүүлэгчид өгөхөөр харилцан тохиролцсон; /хх7-9/

 

2.2. Мөн гэрээний хавсралтаар эвдэрч гэмтсэн барааг засварлах, гээгдүүлсэн, засварлах боломжгүйгээр эвдэлж гэмтсэн барааны нөхөн төлбөрийн үнийг талууд харилцан тохиролцсон байна. /хх10/

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

 

Зохигч талуудын хооронд түрээсийн зүйлийг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор шилжүүлсэн байх тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

4. Гэрээний талуудын нягтлан бодогч нар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, “2022 оны түрээсийн тооцооллын товчоо” гэх баримтаар нийт үлдэгдэл 11,627,917 төгрөг байгаа талаар  тооцоо нийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хх12/

 

4.1. Дээрх тооцоог нийлснээс хойш хариуцагч тал 811,250 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нь үлдэх 10,816,667 төгрөгийг, алдангид 5,408,333 төгрөг, нийт 16,225,000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба, шүүхээс алданги 5,408,333 төгрөгт хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

4.2. Харин, хариуцагч Г ХХК-аас түрээсийн төлбөрт 7,553,627 төгрөг, эвдэж, дутагдуулсан түрээсийн зүйлийн төлбөрт 3,263,040 төгрөг, нийт 10,816,667 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

 

Тодруулбал, хариуцагч талаас түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, үнийг тохиролцсон баримтгүй гэх боловч хэрэгт талуудын хооронд байгуулж, хариуцагч Г ХХК-ийн захирал Д.Ө-ын гарын үсэг зурагдсан “барилга угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээ” болон уг гэрээний хавсралтаар түрээслэх барааны тоо хэмжээ, барааны нэгж ба нийт үнэ, нийлүүлэх хуваарь, “эвдэрч гэмтсэн барааг засварлах нөхөн төлбөр”, “гээгдүүлсэн засварлах боломжгүйгээр эвдэлж гэмтээсэн барааны нөхөн төлбөр”, нэхэмжлэх, түрээсийн бараа материал хүлээлцсэн баримтууд хэрэгт авагдсан байх тул хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй. /хх 7-10, 14-30/

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00309 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгүүдэд” гэснийг “318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,016 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР

 

       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ