Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 542

 

2016 оны 06 сарын 02 өдөр

      Дугаар 151/ШШ2016/00542

           Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Төв аймаг, Баян сум, 3 дугаар баг, Цавчир хоолт, 5 гудамж, 1 тоотод оршин суух, 81 настай, эрэгтэй, Боржигин овогт Дуламжавын Жамъяндорж /РД:НВ35091711/-ийн,

 

           Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонтуяа, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1967 онд Төв аймгийн Баян сумын Монгол Польшийн найрамдалт Цацралт нэгдэлд малчнаар ажилд ороод 1989 он дуустал ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир 1967 оноос 1989 он дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

              Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.Жамъяндорж нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          Д.Жамъяандорж нь Төв аймгийн Баян сумын Монгол Польшийн найрамдалт Цацралт нэгдэлд малчнаар 1967 оноос 1989 он дуустал ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ.

           Үүнд: 1. Төв аймгийн архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 182 дугаартай Д.Жамъяндоржийн цалингийн түүвэр /хх-7/,

           2. Төв аймгийн Баян сумын МПН Цацралт нэгдлийн даргын 1979 оны 10 дугаар сарын 9-ны өдрийн 79 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал /хх-8/,

          3. Төв аймгийн Баян сумын МПН Цацралт нэгдлийн даргын 1980 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал /хх-9/,

          4. Төв аймгийн Баян сумын МПН Цацралт нэгдлийн даргын 1981 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-10/,

          5. Гэрч: С.Уртнасан, Д.Дуламжав, С.Мэндсайхан нарын Төв аймгийн Баян сумын МПН Цацралт нэгдэлд 1967, 1978 онуудад, 1970 оноос хойш мал маллаж байсан нь үнэн болно гэх тодорхойлолтууд болон, гэрч нарын хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх 16-25/

6. Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 144 дугаартай шийдвэр /хх-11/,

            7. Гэрч С.Мэндсайханы 1978 оноос Д.Жамъяндоржийг таньдаг болсон. Төв аймгийн Баян сумын Монгол Польшийн найрамдлын нэрэмжит Цацралт нэгдэлд адуучин, хоньчин, тэмээчин байсан. Миний мэдэхээр 1970 оноос хойш тус сумын Цацралт нэгдэлд адуучин, тэмээчин, тууварчнаар 1985, 1986 он хүртэл ажиллаж байсан. 1986 оноос 1993 он хүртэл Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутагт орших Цантын мал 30/баазын сахиулаар ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-30-31/,

           8. Гэрч: Д.Дамдинсүрэнгийн Д.Жамъяндорж нь 1967 оноос 1986 он хүртэл Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж байсан. 1986 оноос 1993 он хүртэл Төв аймгийн Баян сумын Цант нэгдүгээр багийн нутагт орших Цант-ын мал баазын сахиулаар ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-32/,

          Нэхэмжлэгч Д.Жамъяндорж нь 1967 оноос эхлэн Монгол Польшийн найрамдалт Цацралт нэгдэлд малчнаар ажилд ороод 1989 оныг дуустал ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир гэсэн боловч хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэрээр ажилласан жилийг тогтоох боломжгүй байна.

          Учир нь: Тус хөдөлмөрийн дэвтэрийг нөхөн дахин олгосон эсэх нь тодорхойгүй, ямар нэгэн тэмдэглэлгээ байхгүй байх бөгөөд нэг хүний гараар 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тасралтгүй бөглөгдсөн байх бөгөөд дээрх хөдөлмөрийн дэвтэр нь өөр бусад бичгийн баримтаар болон үйл явдлаар тогтоогдохгүй байх тул тус дэвтэрийг үнэлэх боломжгүй байна.

         Мөн түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээр дурьдсан бичгийн нотлох баримтуудаар Д.Жамъяндорж нь Баян сумын Монгол Польшийн найрамдалт Цацралт нэгдэлд 1979 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн тушаалаар 1979 оны 10 дугаа сарын 4-ний өдрөөс эхлэн ажилласан нь тогтоогдож байх тул 1979 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс ажиллаж эхэлснийг тооцож, 1981 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Төв аймгийн Баян сумын МПН Цацралт нэгдлийн даргын 61 дугаартай Ажилд томилох тушаалаар 1981 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх хугацаанд тус нэгдэлд ажиллаж байсныг тогтоож, тогтоогдохгйү байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Жамъяндоржийг Баян сумын Монгол Польшийн найрамдалт Цацралт нэгдэлд 1979 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх хугацаанд ажилласныг тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

              1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигин овогт Дуламжавын Жамъяндоржийг Баян сумын Монгол Польшийн найрамдалт Цацралт нэгдэлд 1979 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс1981 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх хугацаанд ажилласныг тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

              2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жамъяндорж нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

          4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АЛТАНТУУЛ