Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00764

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00764

 

ххххийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/00563 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххх ХХК-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, хариуцагчийн өмгөөлөгч ххххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххх миний бие 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хххххх ХХК-ийн Дотоод хяналт шалгалтын албанд Дотоод хяналт шалгалтын ажилтан албан тушаалд ажиллаж эхэлсэн. Улмаар гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б-1/653 тоот тушаалын дагуу Дотоод хяналт шалгалтын ажилтан гэх албан тушаалаас намайг чөлөөлж, Дотоод хяналт, шалгалтын албаны ахлах мэргэжилтэн албан тушаалд томилсон.

1.2. хххххх ХХК-ийн гүйцэтгэх захирал 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Б-1/1037 тоот орон тоо цөөрүүлэх тушаал тухай гаргаж, мөн өдрийн

Б-1/1014 тоот тушаалаар ххххийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Уг тушаалын 1-т хххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б-1/1037 тоот орон тоо цөөрүүлэх тушаалын дагуу компанийн Дотоод хяналт, шалгалтын албанд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Дотоод хяналт, шалгалтын албаны ахлах мэргэжилтэн албан тушаалаар ажилд орсон ххххийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэж заасан. Ажил олгогч нь орон тоо цөөрсөн талаар хуулийн хугацаанд мэдэгдээгүй, орон тоо цөөрүүлэх тушаал гаргасан өдрөө миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг хамт гаргасан нь үндэслэлгүй байна.

1.4. Иймд хххххх ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын албаны ахлах мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан Дотоод хяналт, шалгалтын албаны ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай байгууллага нь 1997 оноос уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд компанийн бүтэц зохион байгуулалт нь хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөөс шалтгаалан тухай бүр шинэчлэгдэж өөрчлөгддөг. Хариуцагч байгууллага нь хххххх ХХК-тай 2019 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Энэ ажил нь манай байгууллагын гол ажил ба гэрээний дагуу орж ирсэн мөнгөөр ажилтнуудын цалин олгох болон компанийнхаа үйл ажиллагааг явуулдаг.

2.2. 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус гэрээ дуусгавар болж талууд ажлыг зогсоох тухай акт үйлдсэн. Үүний үндсэн дээр компанийн удирдлагын багаас ажилчдын тоог тодорхой хэмжээнд бууруулах нөхцөл байдал үүссэн. Үүний дагуу 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хххххх ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг баталсан ба үүнтэй холбоотойгоор 7 дугаар сарын 24-ний өдөр дотоод хяналт шалгалтын албаны бүтцийг гүйцэтгэх захирлын тушаалаар өөрчилж, дотоод хяналт шалгалтын албаны ахлах мэргэжилтний албан тушаалыг цөөрүүлсэн.

2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дотоод хяналт, шинжилгээ үнэлгээ эрсдэлийн удирдлагын газрын хурлаар дотоод хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн албан тушаалыг цөөрүүлж байгаа бөгөөд дотоод хяналт шалгалтын албаны бүтэц нь зөвхөн албаны менежер, мэргэжилтэн гэх 2 орон тоотой болж байгааг нэхэмжлэгчид танилцуулан газрын удирдлагаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Цанхи төсөлд ажиллах санал тавьсан боловч нэхэмжлэгч уг саналаас татгалзсан.

2.5. ххххийг цаашид манай байгууллагад ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласанд тооцож, 2,000,000 төгрөгийн олговор, мөн орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул ажилтанд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгосон.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ххххийг хххххх ХХК-ийн Дотоод хяналт шалгалтын албаны ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч хххххх ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,126,060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ххххд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ххххийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч хххххх ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч хххххх ХХК-аас 208,967 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан Үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримтлаагүй хэмээн буруутгасан нь үндэслэлгүй.

"хххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А-1/13 тоот тушаалаар Дотоод хяналт, шалгалтын албаны бүтцийг ххххххх" ХК-ийн Цанхийн баруун уурхайн гэрээт олборлолтын ажилтай холбогдуулан 2 орон тоотойгоор баталсан. /xx-32-33/ Нэхэмжлэгч хххх нь "Дотоод хяналт шалгалтын албаны ахлах мэргэжилтэн" албан тушаалд ажилладаг байсан.

4.2. Компанийн гол үйл ажиллагаа явуулдаг төсөл зогссон тул удирдлагын зүгээс бүх хэлтэс нэгжийн бүтцэд өөрчлөлт оруулж ажилчдын орон тоог үе шаттайгаар цөөрүүлж эхэлсэн. Улмаар удирдлагын шийдвэр болон Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвлөмжийн дагуу Дотоод хяналт шалгалтын албаны мэргэжилтэн албан тушаалыг орон нутагт уурхайн төсөл дээр ажиллуулах шийдвэр гарсан. Улмаар компанийн захирал удирдлагын шийдвэр ямар орон тоотой ажиллах, бүтэц орон тооны талаар Эрсдлийн удирдлагын газрын ерөнхий менежер ххххххнь 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр газрын хурлаа хийж нэхэмжлэгч ххххд танилцуулж Дотоод хяналт шалгалтын албаны мэргэжилтэн орон нутаг төсөл дээр ажиллах болохыг мэдэгдсэн байдаг. /хх-91-97/

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед орон нутагт ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Мөн шүүх хуралдааны асуулт хариултын үе шатанд ч өөрийн урьд эрхэлж байсан албан тушаалын хүрээнд орон нутагт ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд компанийн зүгээс нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан ямар ч үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд харин ч нэхэмжлэгчид урьд эрхэлж байсан албан тушаалдаа хөдөө орон нутагт ажиллах боломжийг нээлттэй үлдээсэн. Энэхүү компанийн дотоод бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн онцлогоос үүссэн нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.3. Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан дотоод хяналт шалгалтын албаны ахлах мэргэжилтэн ажлын байрны хувьд компанийн хэрэгжүүлж буй төсөл, мэргэжлийн хяналтын байгууллагын зөвлөмжийн дагуу компанийн хэрэгжүүлж буй төсөл дээр буюу орон нутагт ажиллах шаардлага үүссэн талаар хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогддог. Компанийн зүгээс дотоод хяналт шалгалтын албаны орон тоог цөөрүүлж бүтэц орон тоог батлахдаа тус албан тушаалд ажиллах албан тушаалтан хөдөө орон нутагт төсөлд ажиллах шийдвэрийг удирдлагын зүгээс гаргасан. Компани ямар бүтэц орон тоотой ажиллах ямар байршилд ажиллуулах нь компаний өөрийн шийдвэрлэх асуудал юм. Гагцхүү ажлын нөхцөл шаардлагаа ажилтан танилцуулж ажилтан харилцан тохиролцсоны дагуу хөдөлмөрийн гэрээг байгуулахыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан.

4.4. Анхан шатын шүүхийн зүгээс нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан дотоод хяналт шалгалтын албаны ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл компанийн зүгээс тус албан тушаалд ажиллах ажилтанг хөдөө орон нутагт ажиллах шаардлагыг тавьсан. Нэхэмжлэгч компанийн тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад баримтаар тогтоогддог.

4.5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ххххийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон ч нэхэмжлэгч нь урьд эрхлэж байсан албан тушаалдаа ажил олгогчийн тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй учир Улаанбаатар хотод уг албан тушаалаараа ажиллах боломжгүй буюу нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэхгүй нөхцөл байдал үүссэнийг анхаарч үзээгүй.

Хэрэв анхан шатын шүүхийн тогтоох хэсгийн 1-т заасны дагуу нэхэмжлэгч ххххххийг компанийн зүгээс урьд эрхэлж байсан Дотоод хяналт шалгалтын албаны ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож хөдөө орон нутагт ажилуулвал нэхэмжлэгч ажил үүрэг гүйцэтгэх байршил хүлээн зөвшөөрөхгүй байхад ажил хөдөлмөр эрхлүүлж албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох Хөдөлмөрийн тухай хуулийн зарчмыг илтэд зөрчсөн шийдвэр гаргасан.

4.6. Ажил олгогчийн гаргасан ххххийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал хуульд нийцсэн.

Нэхэмжлэгч ххххийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэн гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид 2,000,000 төгрөгийн олговор, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 2,000,000 төгрөг, ажилласан хугацааны цалин 397,492 төгрөг, нийт 4,397,492 төгрөгийг ххххийн цалингийн дансанд шилжүүлсэн. /хх-50 дугаар хуудасны ар тал/ Энэ нь ажил олгогч хууль, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн.

4.7. Гэтэл шүүхээс хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн дүгнэсэн байна. Хуулийн энэхүү зохицуулалт нь 30 хоногийн хугацаанд тухайн ажилтан өөр ажил олох боломжоор хангах ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан агуулга бүхий хуулийн зохицуулалт юм. Нэхэмжлэгч хххх нь хуульд заасан энэхүү боломжийг эдлэхгүй гэдгээ илэрхийлж, уг хугацаанаас хойш ажилдаа ирээгүй эс үйлдэхүй байдаг төдийгүй, ажиллах тухай ямар нэг байдлаар илэрхийлсэн үйл баримт байхгүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан холбогдох тэтгэмж, олговрыг "хххххх" ХХК-ийн хүний нөөцийн албанд бичгээр хүсэлт гаргаж авсан. Ажилтан өөрөө тушаалыг хүлээн зөвшөөрч, мэдсэн байгаа тохиолдолд заавал 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх шаардлагагүй. хххх нь тушаалаа өөрөө гардан /гардан авсан тухайгаа шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрдөг/ авч хуульд заасан тэтгэмж олговроо хүлээн авсан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ эдлэхээс татгалзсаныг илэрхийлж байна.

4.8. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасныг хөдөлмөр эрхлэх харилцааг цуцлах зохицуулалтыг хамтад нь хэрэгжүүлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл ажилтны хөдөлмөр эрхлэх харилцааг дуусгавар болгосон ажил олгогч гүйцэтгэх захирлын тушаалаар мэдэгдэж, уг тушаалаараа үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагагүй, боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.

Хэрэв анхан шүүхийн дүгнэснээр 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой байсан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасны дагуу үргэлжлүүлэн ажиллуулахгүй байж болох" ажил олгогчийн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болно. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилагаар цуцлах үед ажилтны эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлж 30 хоногийн өмнө мэдэгдэж тухайн ажилтныг 30 хоног ажилуулан ажилласан цалинг олгодог. Гэхдээ нэхэмжлэгчийн ямар ч эрх, ашиг зөрчигдөөгүй, тухайн cap ажилласантай тэнцэх хэмжээний олговрыг өөрөө хүлээн зөвшөөрч аваад, одоог хүртэл компанид буцаан өгөөгүй байгаа нь уг ажилтан танилцаж мэдсэн төдийгүй ажилтны эрх, ашиг хөндөгсөн нөхцөл байдал үүсээгүй болох нь тогтоогдож байна. Шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг анхаарч үзэлгүй, хариуцагчийн үндэслэл тайлбарыг бүрэн харгалзалгүй үүссэн нөхцөл байдал, үйл баримтын талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй хуулийн ганцхан үндэслэлийг барьж хэт нэг талыг баримтлан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Ялгаварлан гадуурхсан байдлаар ххххтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үнэн. 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр анх бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа талаарх мэдээллийг эрсдэлийн удирдлагын хурал дээр анх мэдээлсэн. Тус хуралд 2023 оны 05 дугаар сарын сүүлд ажилд орсон хххххх гэх хүнийг ахлах болгож, ххххийг уурхай руу явуулна гэсэн тайлбар хэлсэн. Тухайн үед ямар үндэслэл, шалгуураар ххххххийг албан тушаал дээшлүүлж, ххххийг албан тушаал бууруулж байгааг асуухад чамд тайлбарлах шаардлагагүй гэдэг тайлбарыг эрсдэлийн удирдлагын ерөнхий менежер хххххххэлж байсан.

5.2. Тушаал шийдвэрийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хххххх ХХК-ийн ажлын байранд ххххххх танилцуулсан. Албан ёсоор 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өөрийн биеэр очиж тушаал шийдвэрийг гардан авсан. Уурхай дээр ажиллахгүй гэсэн тул ажлаас халсан гэдэг үндэслэл тавьж байна. хххх нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хххххх ХХК-д 1 жил 6 сарын хугацаанд ажилласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч хххххх ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ... Дотоод хяналт, шалгалтын албаны ахлах мэргэжилтний орон тоог цөөрүүлсэн, орон тоо цөөрүүлж байгаа талаар мэдэгдсэн, Цанхийн уурхайд ажиллах санал тавьсан, зөвшөөрөөгүй.., тэтгэмж олгосон гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Талууд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, хххх нь хххххх ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын албаны ахлах мэргэжилтний албан үүрэг гүйцэтгэж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. Тэрээр компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б-1/1014 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаж, ххххийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх73, 75-79/

 

4. Дээрх тушаалыг хххх нь эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдлоо гаргасан байна./хх1-2, 5, 48/

 

5. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

5.1. хххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А-1/12 тоот тушаалаар хххххх-ийн Дотоод хяналт, шинжилгээ үнэлгээ, эрсдэлийн удирдлагын газрын бүтцийг, мөн өдрийн А-1/13 тоот тушаалаар Дотоод хяналт шалгалтын албаны бүтцийг тус тус шинэчлэн баталсан бөгөөд дээрх бүтцээр Дотоод хяналт, шинжилгээ үнэлгээ, эрсдэлийн удирдлагын газрын Дотоод хяналт шалгалтын алба нь менежер 1, мэргэжилтэн 1, нийт 2 орон тоотой болж цөөрсөн байна. /хх24-27,30-33,184, 28-29,100/

5.3. Нэхэмжлэгч ххххд орон тоо цөөрүүлсэн талаар 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн, хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын мөн сарын 31-ний өдрийн тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон болох нь хэргийн 91-97 дахь талд авагдсан өдрийн Эрсдэлийн удирдлагын газрын хурлын тэмдэглэл, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо мөн зүйлийн 80.4-т заасан ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх журмыг зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

6. Түүнчлэн, ажил олгогч орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд нэг ажлын байрны хэд хэдэн орон тоон дээр ажиллаж буй ажилтнуудаас сонгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан заасан үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримталж, ажилтнуудын дундаас сонголт хийхдээ тодорхой үзүүлэлт, шалгуурыг баримтлах учиртай.

Хариуцагч тал ямар шалгуур, үзүүлэлтийг баримтлан нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримтлаагүй хэмээн хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй, ажил олгогчийн гаргасан ххххийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал хуульд нийцсэн гэх агуулга бүхий хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх хххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1-1014 тоот тушаал хуульд нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэгч ххххийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг арилгах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг зөв хэрэглэсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/00563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч хххххх ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,710 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД