Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00709

 

 

 

 

 

 

 

 

     2024       04            08                                    210/МА2024/00709

 

 

В ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/04337 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч В ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Н-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 78,212,725 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

В ХХК нь О.Н-тэй 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4.2 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж T5-LZ6461 маркийн 00-00 УЕВ улсын дугаартай автомашиныг В ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, эзэмших ашиглах эрхийг О.Н-д үлдээсэн. О.Н- өнөөдрийг хүртэл зээлээс нэг ч төгрөг төлөөгүй тул үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 5,012,383 төгрөг, алданги 17,506,191 төгрөг, мөн фидуцийн гэрээгээр шилжүүлсэн автомашиныг О.Н- нь гуравдагч этгээд Ц.Д- гэдэг хүнд шилжүүлсэн байсан тул түүнд урьдчилгаа 20,000,000 төгрөгийг шилжүүлж өгч автомашиныг авсан. 20,000,000 төгрөгийн хохирол учирсан тул нийт 78,212,725 төгрөгийг О.Н-гээс гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр В ХХК-аас автомашинаа барьцаалан, өмчлөх эрхийг нь шилжүүлэн өгч 30,000,000 төгрөгийн зээл авсан. 2023 оны 01 дүгээр сард автомашинаа Б.Д-оор дамжуулан Ж.Н-д 85,000,000 төгрөгөөр зарахаар болсон. Автомашиныг авч, сарын дотор мөнгийг өгнө гэсэн боловч 4 сар болоход мөнгө өгөөгүй. Гэтэл намайг залилж 25,000,000 төгрөгийн мөрийнд Ц.Д-д барьцаанд тавьсан байсан. Би Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан, прокуророос эрүүгийн хэрэг үүссэн. Би В ХХК-ийн захиралд уулзаад, миний автомашиныг 25,000,000 төгрөгт мөрийтэй тоглоомд тавьсан байна гэж хэлсэн. В ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр над руу залгаад манайх энэ хүнд машины 20,000,000 төгрөг шилжүүлээд автомашиныг авсан, нэмж 20,000,000 төгрөгийг чи төлөөрэй гэсэн. 20,000,000 төгрөгийг би аваагүй учраас төлөхгүй. Үндсэн зээлийн гэрээний хугацааны хүү, алдангийг төлнө, бусдыг төлөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Н-гээс 52,560,000 төгрөг гаргуулж В ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 25,652,725 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 549,014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Н-гээс 420,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлээгүй, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ тодорхойлохдоо бодит байдалд бий болсон гэрээний үүргийн зөрчил, түүнээс үүссэн хохирлын баримтыг үндэслэн тогтоосон бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс 25,652,725 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Учир нь хариуцагч О.Н- нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу В ХХК-д нэг ч төгрөг, нэг ч мөнгө төлөөгүй гэрээний үүргээ огт биелүүлээгүйгээс гадна зээлийн гэрээ, фидуцийн гэрээний үүргээ ноцтой зөрчин Dong Feng.Forthing Т5-LZ6461 маркийн, 00-00 УЕВ улсын дугаартай автомашиныг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байсан бөгөөд В ХХК-ийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр уг тээврийн хэрэгслийг худалдан авсан гэх Ц.Д- гэх хүнээс автомашиныг худалдахдаа урьдчилгаанд төлсөн гэх 25,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг нь түүний хаан банкны 0000 тоот дансанд шилжүүлэн өөрийн цаашид ихээхэн зөрчигдөж болзошгүй эрх ашиг сонирхол ялангуяа барьцаа хөрөнгийг устаж үгүй болохоос сэргийлж бодитойгоор өөрийн өмчлөл, эзэмшилдээ авсан. Нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан хамгаалалтын аргыг өөртөө туслах байдлаар хэрэглэсэн гэж үзсэн болно. Үүнээс гадна нэхэмжлэгч автомашиныг эзэмшиж ашиглаагүй байж хариуцагчийн буруутай үйлдэл эс үйлдлийн улмаас автомашины эзэмшил ашиглалттай холбоотой зардал, шүүхэд хандах хүргэл хугацааны хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч О.Н- өмнө нь нэхэмжлэгч В ХХК-д 2 удаагийн үйлдлээр 20,000,000 болон 80,000,000 төгрөгийн автомашин барьцаалж зээл аван тухайн 2 автомашиныг мөн бусдад худалдах замаар зээлээ чөлөөлүүлж байсан үйл баримт байдаг. Нэхэмжлэгч В ХХК нь фидуцийн гэрээг хэрэгжүүлэх эрхгүй байгууллага бөгөөд хууль зөрчсөн гэрээ байгуулсан хэдий ч хариуцагч өөрт ногдох зээлийн хүүг төлөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч “Виен ХХК нь хариуцагч О.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78,212,725 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.

 

Мөн, шүүхээс Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалтад холбогдох өөрчлөлтийг оруулна.

 

3. В ХХК нь О.Н-тэй байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 4.2 хувийн хүүтэй, зээлдүүлэхээр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон. /хх6-7/

 

3.1. Мөн өдөр талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, О.Н-н өмчлөлийн Дон фен фортинг /Dong Feng.Forthing/ Т5-LZ6461 маркийн, 00-00 УЕВ улсын дугаартай автомашиныг В ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хх8,13/

 

4. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд атлаа талуудын хооронд зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 /тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн заалт/ дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

5. Шүүхээс, О.Н-г зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 5,040,000 төгрөг, алданги 17,520,000 төгрөг, нийт 52,560,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тодорхойлсныг буруутгахгүй. Тодруулбал, талууд бичгээр байгуулсан зээлийн гэрээндээ, хугацаа, хүү болон алдангийн талаар тохиролцсон байх ба, зээлийн тооцооллын тухайд талууд маргаагүй байна.

 

6. Нэхэмжлэгч, фидуцээр шилжүүлэн авсан автомашин бусдын эзэмшилд шилжсэн байсан учраас 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны 0000 /Ц.Д-/ дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлж, уг автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан гэх үндэслэлээр 20,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна./хх18/

 

Тодруулбал, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.” гэж зааснаар уг 20,000,000 төгрөгийг хариуцагч О.Н-гээс шаардах эрхтэй байх тул давж заалдах гомдлын энэ хэсгийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

7. Харин, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүүд 5.343,781 төгрөг, автомашины эзэмшил ашиглалттай холбоотой зардлыг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой гомдлыг хангах үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр хэлэлцэн тохиролцсон хугацааны хүүг шаардах эрхтэй, харин гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүүг шаардах эрхгүй. Мөн, нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд автомашины эзэмшил ашиглалттай холбоотой зардлыг нэхэмжлээгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Иймд хариуцагч О.Н-гээс 72,560,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,652,725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/04337 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Н-гээс 72,560,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,652,725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтаар “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В ХХК, хариуцагч О.Н- нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г хүчин төгөлдөр бусд тооцож, Дон фен фортинг /Dong Feng.Forthing/ Т5-LZ6461 маркийн, 00-00 УЕВ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч О.Н-н өмчлөлд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч В ХХК-д даалгасугай” гэж нэмж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан “420,750” гэснийг “520,750” гэж,

3 дахь заалтыг 4 гэж дугаарлан тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР

 

       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ