Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 178

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

О.Б холбогдох  эрүүгийн 1905005820198 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

О.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Бүжин” гэх зочид буудалд иргэн Б.Быг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна гэв. 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед  Сэргэлэн гэх найз над руу залгаад хорооллын “Гандан вив” бааранд амьд хөгжмийн тоглолт үзэж байна хүрээд ир гэсэн тэгэхээр нь 23 цаг гээд очоод тоглолт үзээд 1 шил сэнгүр пиво уугаад дараа нь хүүхдийн 100 орчим байрлах нэгэн пабад суугаад пиво болон архи уусан. Тэгээд бөөнөөрөө юм ярьж байгаад гэртээ архи үнэртүүлээд ороод яахав  гээд бөөнөөрөө нэг зочид буудалд очихоор болсон. Тэгээд Бүжин гэх охин бас найз залуу нь гэх Төрөө тэгээд бас үл таних Баяраа гэх хүмүүстэй хороололд байрлах Бүжин нэртэй зочид буудалд орсон тэгээд бид дөрөв  Бүжин гэх зочид буудлын өрөөнд юм ярьж сууж байгаад үл таних Баяраа гэх залуу Сэргэлэнг муулж доромжилж яриад байхаар нь өмөөрөөд чи одоо буудлын мөнгөө төлж чадахгүй байж эмэгтэй хүнийг доромжлоод байх шаардлага байхгүй шүү гээд бид хоёр маргалдаад хэсэг хугацаанд юм болсон. Бүжин болон Төрөө нар бид хоёрыг салгаад Бүжин намайг тэврээд байж байхад Баяраа гэх залуу намайг гэнэдүүлэн нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд гараад зугатаасан. /хх-ийн 6/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Баттүшиг мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 27-ны  өглөө нагац эгчийнд байхад над руу миний үеэл дүү Бат-Итгэлт залгаад Б хүнд зодуулсан байдалтай гэртээ ирлээ гэхээр нь би шууд гэртээ ирсэн. Гэрт ирэхэд Б эрүү нь хавдсан ам нь цус болсон царай нь цонхигор байдалтай их өвдөж байгаа бололтой зовиуртай амаараа ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй юм ууж идэхгүй ам нь хагас ангайлттай байсан...нэг найзыг нь үл таних залуу муулаад байхаар нь тэр найзыгаа өмөөрч байгаад цохиулсан. Тэр залуу нь хувцсаа өмсөөд гарах гэж байгаад гэнэт цохисон гэж байсан. /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Бүжинлхам мөрдөн байцаалтанд: ...хүүхдийн 100-н тэнд байрлах Спейс гэх паб руу Б, Сэргэлэн, Анхбаяр, Сэрэглэн эгчийн нэг эмэгтэй найз гэх хүмүүстэй хамт явсан тэгээд уг пабад араас Б гэх залуу ирсэн. Тэгээд бид нар пиво ууж байгаад би Төртогтох руу залгаад Б бид хоёр пиво уусан байна ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд 20-30 минутын дараа Төртогтох ирэхэд нь Сэргэлэн эгч найз нартайгаа явчихсан байсан. Б, Б гэх залуутай хамт байж байхад Төртогтох ирсэн. Төрөөг ирсний дараа бид нар  зочид буудал орж хонохоор болоод хороололд байрлах Бүжин нэртэй буудалд орсон. Тэгээд надад зочид буудлын мөнгө байсан тул Бтэй хамт сандал дээр сууж байхад Б гэх залуу би буудлын тооцоог хийсэн гэж хэлэхээр нь бид нар нэг өрөөнд ороод би Бтэй Сэргэлэн эгчийн талаар ярьж байтал Б гэх залуу гэнэт хажуугаас орж ирээд Б рүү хандаж чи миний эгчийг гичий гэж дууддаг хэн бэ гээд босож ирээд дайраад байсан. Тэр үед Төрөө бид хоёр Бод хандаж чи буруу сонссон байна гэж хэлсэн чинь тоохгүй агсраад дайраад байсан. Тэр үед зочид буудлынхаа мөнгийг төлөх чадвартай болчихоод ийм юм яриач гэсэн тэр үед Б уурлаад Б руу дайраад байсан тэгээд хэсэг хугацаанд тайвширч байж байгаад дахиж Б гэх залуу Б рүү нэг юм хэлсэн тэр үед Б уурлаад нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. /хх-ийн 32/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Төртогтох мөрдөн байцаалтанд:” ...зочид буудалд нэг өрөөнд ороод Б, Бүжин нар Сээгий гэх нэг эмэгтэй хүний талаар юм яриад сууж байсан тэр үед Б, Б рүү манай эгчийг гичий  гэж хэллээ гээд уурлаад чи манай эгчийг гичий гэж хэлдэг хэн бэ гээд босоод ирсэн. Тэр үед Б, Б руу хандаж чи намайг алдаг хэн бэ гээд босож ирээд зодолдох гээд байсан...тэгж байтал Б хувцасаа өмсөөд явах гэж байхад нь Б инээгээд Баяр-Эрдэнийг ёжлоод байсан. Тэгэхээр нь Б, Б руу очоод  нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон. /хх-ийн 34/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр О.Б мөрдөн байцаалтанд: Би тухайн өдөр 21 цагийн үед талбайн урд талд байрлах кофе шопд Бүжинлхамтай уулзаад тэндээс Сэргэлэн эгчийн хамт бид гурав “Гандан вив” гэх бааранд очиж тоглолт үзсэн. Тэнд үл таних Б гэгчтэй таарсан. Уг бааранд би нэг шил сэнгүр пиво уусан. Тэгээд тоглолт дуусаад уг баарнаас 23 цаг  өнгөрч байхад гараад Бүжинлхам, Б Сэргэлэн эгч нарын хамт хүүхдийн зуугийн “Спейс” гэх пабад ороод тэнд хүн тус бүр нэг шил сэнгүр уусан. Уг пабад юм ярьж сууж байгаад бүгд харьцгаах болоод тэгснээ орой болсон учир зочид буудалд хонохоор болсон. Тэгээд Бүжинлхам нэг найзыгаа дуудаад би болон Б гэх залуу бас Төрөө гэх хүмүүсийн хамт хороолол руу явсан. Хороололд ирээд Бүжин гэх нэртэй буудалд 2 цаг өнгөрч байхад орсон. Тэгээд би Бүжинлхамтай Сэргэлэн эгчийн талаар ярьж байхад Б гэх залуу миний үгийг буруу ойлгоод над руу чи манай эгчийг гичий гэж хэлсэн үү гээд дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би тэгж хэлээгүй гэсэн чинь улам дайраад бид хоёрын дунд маргаан үүссэн. Хэсэг маргалдаж байгаад би харихаар уг өрөөнөөс гарах гэтэл Б миний хойноос чи буудлынхаа мөнгийг өгч чадахгүй байж чимээгүй байгаарай гэхээр нь уур хүрээд Б гэх залууг сандал дээр сууж байхад нь нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. /хх-ийн 42/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1812 дугаартай дүгнэлтэд: Бын биед эрүү ясны хугарал, зүүн доод 8 дугаар шүдний булгарал гэмтэл  тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна гэжээ. /хх-ийн 11/  

 

Шүүгдэгч О.Баяр-Эрдэний эрүүгийн хариулага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 68/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 69/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 70/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Бүжин” гэх зочид буудалд иргэн Б.Быг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бын”...Баяраа гэх залуу намайг гэнэдүүлэн нүүр рүү нэг удаа гараараа цохисон...” /хх-ийн 6/, гэрч Б.Баттүшигийн”...нэг найзыг нь үл таних залуу муулаад байхаар нь тэр найзыгаа өмөөрч байгаад цохиулсан. Тэр залуу нь хувцасаа өмсөөд гарах гэж байгаад гэнэт цохисон гэж байсан...” /хх-ийн 8/, гэрч Г.Бүжинлхамын”...Б гэх залуу Б рүү нэг юм хэлсэн тэр үед Б уурлаад нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон...” /хх-ийн 32/, гэрч Э.Төртогтохын” ...Б инээгээд Баяр-Эрдэнийг ёжлоод байсан. Тэгэхээр нь Б Б руу очоод  нүүрэн тус газар нь нэг удаа гараа цохисон...” /хх-ийн 34/ гэж мэдүүлсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон сэжигтнээр О.Баяр-Эрдэнийн” ...Б миний хойноос чи буудлынхаа мөнгийг өгч чадахгүй байж чимээгүй байгаарай гэхээр нь уур хүрээд Б гэх залууг сандал дээр сууж байхад нь нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон...” /хх-ийн 42/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1812 дугаартай дүгнэлт /хх-ийн 11/,  хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 16/, томографийн оношлогоо /хх-ийн 27/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28/, хохирлын гэх баримт /хх-ийн 57-62/, хохирлын мөнгө шилжүүлсэн гэх баримт /хх-ийн 63/, хохирогчоос гаргаж өгсөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 76/, яллагдагч О.Бэс гаргаж өгсөн хүсэлт /хх-ийн 77/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч О.Баяр-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр  торгох саналыг О.Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.