Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00661

 

 

 

 

2024 04 01 210/МА2024/00661

 

 

 

Т.... ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/04129 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т... ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ю.Д..., Ю.Ч... нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 84,388,905.09 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, үндэслэлгүйгээр шимтгэлд суутгасан 800,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч Ю.Д..., Ю.Ч... нар нь Т... ХК-тай 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 103500554226 дугаар зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 ны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б... дүүрэг,... дугаар хороо, ... дугаар хороолол ... Н... гудамж ... байр ... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204... дугаарт бүртгэлтэй 100.65 м.кв орон сууцыг барьцаалсан.

1.2. Ю.Д...д 80,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж, зээлийг бүрэн олгосон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, зээл төлөх хуваарийн дагуу төлөлгүй 633 хоног хугацаа хэтрүүлсэн.

1.3. Иймд үндсэн зээл 60,316,940.35 төгрөг, үндсэн хүү 22,766,096.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,305,868.1 төгрөг, нийт 84,388,905.09 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан талаар маргахгүй. Уг зээлийн гэрээгээр тохиролцсон мөнгийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид бүрэн олгоогүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар 80,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн баримт байдаггүй. 

2.2. Банк нэхэмжлэгчид 80,000,000 төгрөгийг бүрэн олгоогүй, зээлийн шимтгэл 1 хувь болох 800,000 төгрөгийг суутгаснаар 79,200,000 төгрөгийг бодитоор олгосон гэж үзэхээр байгаа бөгөөд энэ тохиолдолд зээлийн хүүгийн тооцоолол өөр болно.

2.3. Түүнчлэн Банкны тухай хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар шимтгэлийг үндэслэлтэйгээр тогтоохыг заасан. Зээлийн шимтгэлийг яагаад 1 хувиар тогтоосон, 800,000 төгрөг юунд зарцуулагдсан гэдэг агуулгаар маргаж байгаа. Нэг хувийн шимтгэл авсан нь үндэслэлгүй.

2.4. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасныг зөрчиж нэгэнт эрсдэлд орсон зээлийн төлбөрийн үүргийг сонгон хэрэгжүүлэх боломжийг олгоогүй. Хариуцагчаас 56,270,628 төгрөг төлсөн боловч хүүгийн тооцоолол илт үндэслэлгүй. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийг төлөхөд эрсдэл учирсан талаар хүсэлт гаргасан нь үүргийн гүйцэтгэл бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй болсонтой холбоотой. Иймд хүүгийн тооцооллыг дахин хийх шаардлагатай.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийн зээл авахад 1 хувийг суутган авч зээлийг олгосон.

3.2. Банк нь зээлийн бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж ямар үндэслэлээр шимтгэл тогтоосон нь тодорхойгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу шимтгэлийн хэмжээг банк үндэслэлтэй тогтоосон байх үүрэгтэй. Түүнчлэн Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд зээлийн шимтгэл хураан авах тухай зохицуулагдаагүй. Иймд нэхэмжлэгч талаас 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Банк өөрөө болзол, нөхцөл тавьж зээл олгож болох бөгөөд зээл олгосны шимтгэлийн хувь хэмжээг Монголбанкнаас тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр өөрөө тогтоох эрхтэй бөгөөд үүнийг үндэслэлтэй тогтоосон эсэхэд Монголбанк хяналт тавихаар хуулиар нарийвчлан зааснаар банк шимтгэл авах эрх зүйн үндэслэл хуулиар баталгаажсан.

4.2. Банкны тухай хуульд нийцүүлэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-д тодорхойлон заасны дагуу Төрийн банк нь хүү, шимтгэл, хураамж болон бусад ойлголтыг тус журамд нийцүүлэн холбогдох мэдээллийг бүтээгдэхүүн тус бүрээр харилцагчдад үнэн зөв, ил тод нээлттэй мэдээлж, гэрээний дагуу тооцож байгаа болно.

4.3. Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн Сайдын хамтарсан 2017 оны А-294/340 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн багц материал баримт бичгийн зээл хэсгийн банкны шимтгэл дэд хэсэгт зээлийн шимтгэл хураамжийг нэгдүгээрт үр ашигт хүүгээр тооцох санхүүгийн хэрэгслийн шимтгэл, хоёрдугаарт үйлчилгээний шимтгэлийг тайлант үеийн орлогод бүртгэх, гуравдугаарт тодорхой үйлдлийг гүйцэтгэсний төлөө авсан төлбөр гэсэн 3 үндсэн хэсгийн хүрээнд хэрхэн орлогод тооцож бүртгэлийг хийх талаар нарийвчлан зохицуулсан.

4.4. Түүнчлэн Иргэний хуулийн 189, 200 дугаар зүйлд гэрээний чөлөөт байдлын талаар тусгасан бөгөөд тус хуулийн зохицуулалтын талаар Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хуулийн тайлбарт ...гэрээ байгуулах эсэх болон хэнтэй гэрээ байгуулж гэрээгээр үүсэх үүргийн эрх зүйн харилцааг бий болгох эсэх өөрөө чөлөөтэй шийдвэрлэнэ гэсэн үг хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл Төрийн банк нь харилцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг байгуулж зээл олгосны шимтгэл 1 хувийг авсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд зээлдэгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ю.Д...аас 75,388,905.09 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т... ХК-д, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т... ХК-иас 800,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ю.Д...д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 9,000,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Д... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, улсын бүртгэлийн Ү-2204... дугаартай Б... дүүрэг, .... дугаар хороо, .... дугаар хороолол, н... гудамж, ... байр,... тоот 100.65 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 579,894.53 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 24,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 534,894.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т... ХК-д, нэхэмжлэгчээс 24,800 төгрөгийг гаргуулж хариуцагч Ю.Д...д тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, Банк өөрөө болзол, нөхцөл тавьж зээл олгож болох бөгөөд зээл олгосны шимтгэлийн хувь хэмжээг Монголбанкнаас тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр өөрөө тогтоох эрхтэй бөгөөд үүнийг үндэслэлтэй тогтоосон эсэхэд Монголбанк хяналт тавихааρ хуулиар нарийвчлан зааснаар банк шимтгэл авах эрх зүйн үндэслэл хуулиар баталгаажсан.

6.2. Банкны тухай хуульд нийцүүлэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 тушаалын хавсралтаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-д тодорхойлон заасны дагуу Т... нь хүү, шимтгэл, хураамж болон бусад ойлголтыг тус журамд нийцүүлэн холбогдох мэдээллийг бүтээгдэхүүн тус бүрээр харилцагчдад үнэн зөв, ил тод нээлттэй мэдээлж, гэрээний дагуу тооцож байгаа болно.

6.3. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А-294/340 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн багц материал баримт бичгийн 4.3-т Зээл хэсгийн Банкны шимтгэл дэд хэсэгт зээлийн шимтгэл хураамжийг нэгдүгээрт үр ашигт хүүгээр тооцох санхүүгийн хэрэгслийн шимтгэл, хоёрдугаарт үйлчилгээний шимтгэлийг тайлант үеийн орлогод бүртгэх, гуравдугаарт тодорхой үйлдлийг гүйцэтгэсний төлөө авсан төлбөр гэсэн 3 үндсэн хэсгийн хүрээнд хэрхэн орлогод тооцож бүртгэлийг хийх талаар нарийвчлан зохицуулсан.

6.4. Түүнчлэн Иргэний хуулийн 189, 200 дугаар зүйлд гэрээний чөлөөт байдлын талаар тусгасан бөгөөд тус хуулийн зохицуулалтын талаар Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хуулийн тайлбарт гэрээ байгуулах эсэх болон хэнтэй гэрээ байгуулж гэрээгээр үүсэх үүргийн эрх зүйн харилцааг бий болгох эсэхээ өөрөө чөлөөтэй шийдвэрлэнэ гэсэн үг" хэмээн тайлбарласан. Зээлдэгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

6.5. Нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 188,905.09 төгрөгийг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд төлөгдсөн 3,000,000 төгрөгийн төлөлтийг хасч тооцсоныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн болно. Нэхэмжлэл гаргахаас өмнөх буюу 2021 онд төлөгдсөн 4,000,000 төгрөгийг давхар хасч тооцсоноор нийт үлдэгдэл 75,388,905.09 төгрөг гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүгч нь хэргийн материалыг буруу үнэлж хэт нэг талыг баримталсан шийдвэрийг гаргасан гэж үзэж гомдолтой байна.

Иймд шийдвэрийн хүчингүй болгож, буцааж өгнө үү.

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Зээлийн хүүгийн тооцооллоор нийт 70,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн тооцоолол нь анхнаасаа буруу хийгдсэн.

7.2. Банк зээлийн шимтгэлийг үндэслэлтэй тогтоох үүргийг Монголбанкны өмнө хүлээдэг. Монголбанкаас зээл авч байгаа этгээдэд зээлийн шимтгэлийн талаар тайлбарлах үүргийг хүлээлгэсэн. Дээрх үүргээ биелүүлж шимтгэлийн талаар тайлбарлах ёстой. Өөрөөр хэлбэл, шимтгэл авсан үндэслэлээ нотлох баримтаар нотлох боломжтой байсан боловч нотолж чадаагүй. Иймд энэ талаарх гомдол мөн үндэслэлгүй. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1. Хариуцагч нь Т... ХК-тай 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 103500554226 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлж авахаар тохиролцсон.

Улмаар гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг хүлээж аваагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлснээр зээлийг олгосонд тооцох зохицуулалтыг зөрчсөн.

Тодруулж хэлбэл нэхэмжлэгч 80,000,000 төгрөгийн зээлийг бодитоор олгосон нь тодорхойгүй. 80,000,000 төгрөгийн зээлийг олгосон гэх боловч зээлийн шимтгэл гэж 800,000 төгрөгийг шимтгэл хэлбэрээр шууд суутган авсан. Иймд талуудын хооронд хэдэн төгрөгийг хэрхэн зээлдэгчид шилжүүлсэн эсэх талаар маргаан үүссэн байхад энэ талаар нотлох баримт бий эсэхийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

8.2. Зээлийн харилцаа нь COVID-19 /Коронавируст цар тахал өвчнөөс шалтгаалж, эрсдэлтэй зээлийн ангилалд орсон байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Тодруулбал Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Монголбанкны мөнгөний бодлогын хорооны ээлжит бус 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Бодлогын хүү, заавал байлгах нөөцийн хувийг бууруулах, хэрэглээний зээлийн хугацааг сунгах, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай шийдвэрээр эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Гэтэл шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

8.3. Зээлийн тооцоолол буруу хийсэн тухайд хариуцагчийн зүгээс хүүгийн тооцооллыг банк хэрхэн хийсэн нь огт ойлгомжгүй, тодорхойгүй талаар маргаж, хөндлөнгийн шинжээчээр тооцооллыг дахин хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Нэхэмжлэгч банкны хувьд бодитоор хэдэн төгрөгийн зээл олгосон нь тодорхойгүй. Хариуцагчийн зүгээс дараах байдлаар банкнаас олгосон зээлээсээ шимтгэлийг суутган олгосон тул зээлийн хүүгийн тооцоолол өөр байх нь тодорхой.

Өөрөөр хэлбэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт Зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина. гэж заасны дагуу Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаартай тушаалын 1-р хавсралтаар зээлийн хүү тооцох аргачлалыг баталсан.

Уг аргачлалаар зээлдэгч хэсэгчлэн төлөх нөхцөл бүхий зээлийг авахдаа өөрийн төлбөрийн чадвар, орлогын мөнгөн урсгал хүрэлцээтэй нөхцөлд сар бүрийн нийт төлбөр тогтмол эсвэл сар бүрийн үндсэн төлбөр тогтмол гэсэн хоёр хувилбараас сонголт хийх боломжтой. Энэ зээлийн гэрээнд заасан сарын нийт сарын төлбөр тэнцүү байх нь төлөлтийн эхний саруудад зээлийн хүүгийн төлбөр их, харин зээлийн үндсэн төлбөр бага байдаг онцлогтой.

Дээрх аргачлалд заасан томьёогоор зээлийн гэрээгээр 79,200,000 төгрөгийг олгосон бол зээлийн үлдэгдэл тооцоог хийж үзвэл дараах байдлаар тооцогдож байна. Үүнд: Сар бүрийн төлөлт 4,187,391 төгрөг, зээлийн хугацаанд нийт төлөх төлбөр 126,974,607 төгрөг, зээлийн хугацаанд төлөх нийт хүүгийн төлбөр 47,174,607 төгрөг байна.

Энэ төлбөрөөс хариуцагч нь үндсэн төлбөрт нэхэмжлэл гаргасны дараа 5,000,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төлсөн. Үндсэндээ хариуцагч нийт 56,270,629 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлсэн. Энэ дүнг дээрх 126,974,607 төгрөгөөс хасч тооцоход өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 70,703,977.43 төгрөr байна.

8.4. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу Коронавирус халдварт өвчний үеийн зээл тул хүүг багасгуулах, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцож өгөх хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлээгүй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч өөрөө зээлийн гэрээний төлөлтийг үндсэн төлбөрөөс суутгуулах хүсэлтийг гаргасан ч шүүх уг тайлбар үндэслэлгүй гэх байдлаар дутуу дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тооцоолол нь байж боломгүй, ямар ч зээлийн гэрээний тооцоолол, эрх бүхий байгууллагаас баталсан тооцооллыг үндэслээгүй. Энэ тооцооллыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байхад ийнхүү илт үндэслэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул 4,684,927.66 төгрөгийг үнийн дүнгээс хасч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

9. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. Цар тахлын нөхцөл байдалтай үед орон сууцны зээлийг үндсэн зээл, хүүгийн хамт зогсоосон. Бусад зээлийг зөвхөн харилцагчийн хүсэлтийн дагуу үндсэн зээлийн төлөлтөөс нь чөлөөлж, хүүг нь төлүүлж байсан. Зээлдэгч нь банкин дээр өөрийн биеэр ирж, хүсэлт гаргаагүй тохиолдолд тухайн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах боломжгүй.

9.2. Банк, санхүүгийн мөрдөгдөж байгаа системээр хүү тооцоолсон. Өөрөөр хэлбэл, программаар буюу автоматаар хүү бодогддог. Шүүх хэрэгт авагдсан баримтын он сарыг буруу харж, хасаж тооцсон 4,000,000 төгрөгийг дахин хассан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 5,000,000 төгрөгийг үндсэн зээлийн үнийн дүнгээс хасахыг хүлээн зөвшөөрсөн.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т... ХК нь хариуцагч Ю.Д..., Ю.Ч... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 84,388,905 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч Ю.Д... эс зөвшөөрч зээлийн мөнгөн хөрөнгөөс шимтгэлд 800,000 төгрөгийг суутгаж, зээлийг бүрэн олгоогүй, үүрэг гүйцэтгэх дарааллыг сонгон хэрэгжүүлэх боломж олгоогүй, дээрх үндэслэлээр хүүгийн тооцоололд өөрчлөлт орно гэх агуулгаар маргаж, сөрөг нэхэмжлэлээр шимтгэл 800,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Талууд 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 103500554226 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Т... ХК нь 80,000,000 төгрөгийг 50 сарын хугацаатай, жилийн 24 хувь, сарын 2 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар хариуцагч нарт зээлдүүлэх, зээлдэгч Ю.Д..., Ю.Ч... нар нь зээл, хүүгийн төлбөр төлөх, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 7-9 дүгээр тал/

3.2. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204... дугаарт бүртгэлтэй, Б... дүүрэг ... дугаар хороо ... дугаар хороолол ... Н... гудамж ... байрны ... тоот хаягт байршилтай, 100.65 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-ийн 10-11 дүгээр тал/

3.3. Дээрх гэрээнүүд байгуулагдсан талаар, хариуцагч гэрээний үүргийн зөрчил гаргасан, энэ үндэслэлээр гэрээ цуцлах асуудлаар, мөн хариуцагчаас 56,270,628 төгрөг төлсөн үйл баримтад зохигч маргаагүй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч талд шилжүүлсэн гэж зөв дүгнэсэн.

4.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талууд зээлийн гэрээний 2.1.7-д зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна гэж заажээ. Энэ заалтыг үндэслэн нэхэмжлэгч байгууллага хариуцагчид олгосон зээлийн мөнгөн хөрөнгөөс 1%-ийн шимтгэл 800,000 төгрөг суутган авсныг хариуцагчийн зөвшөөрлөөр хийгдсэн гэж үзэх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар дээрх хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна.

Иймд нэхэмжлэгч байгууллагыг зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, хүүгийн тооцоолол өөрчлөгдөнө гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхино.

4.2. Дээрх гэрээгээр хариуцагч нь сар бүр тогтсон хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн, уг үүргээ 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш биелүүлээгүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан, улмаар 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлээр нэмэлт хугацаа тогтоосон боловч гэрээний үүргийн зөрчил арилаагүй, энэ асуудлаар талууд маргаагүй байна.

Гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээлийн төлбөрийг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлдэгч төлөөгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчилд хамаарна. Хариуцагчид үүрэг гүйцэтгэх боломжит хугацааг олгосон боловч ямар нэгэн үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхтэй.

Ийнхүү зээлийн гэрээ цуцлагдсанаар хариуцагч нь гэрээ цуцлагдах хүртэл хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, гэрээ цуцлагдсан 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 60,316,940 төгрөг, хүү 22,766,096 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,305,868 төгрөг нийт 84,388,905 төгрөг төлөх болох нь зээл тооцооллын баримтаар тогтоогдсон, энэ талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчимд нийцжээ.

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн төлсөн 5,000,000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцсон нь зөв боловч 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 4,000,000 төгрөгийг нэмж хассан нь буруу байна.

Учир нь дээрх төлбөрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү, хүүг хасаж тооцон, хүүгийн тооцооллыг хийсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдол хангагдана.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ю.Д....аас 79,388,905 /84,388,905 5,000,000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгох нь зүйтэй.

Түүнчлэн, талууд зээлийн гэрээний 2.2.7-д нэмэгдүүлсэн хүү, хүү, зээлийн үндсэн төлбөр төлөх байдлаар гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэгч байгууллага дээрх тохиролцооны дагуу хариуцагчийн төлсөн 56,270,628 төгрөгөөс үүргийн гүйцэтгэлийг тооцох үндэслэлтэй, хүүгийн тооцоололд өөрчлөлт орохгүй тул энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хангагдахгүй.

6. Талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх зөв дүгнэсэн. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Энэ талаар зохигч хэн аль нь гомдол гаргаагүй.

7. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ талуудын маргаанд хамааралгүй буюу гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр болоогүй байсан хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс буруу шийдвэрлэсэн алдааг залруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

7.1. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.7-д зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1%-иар тооцож шимтгэл авна гэж зааж, 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч банк зээлийн мөнгөн хөрөнгө 80,000,000 төгрөгийг олгож, үүний 1% болох 800,000 төгрөгийг шимтгэлд тооцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

7.2. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар батлагдсан журмын 1.3.17-д шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ гэж тодорхойлж, мөн журмын 3.1-д банк ...зээлийн бодит өртөг, ...шимтгэл, хураамжийн мэдээллийг бүтээгдэхүүн бүрээр үнэн зөв гарган олон нийтэд мэдээлнэ, 4.1-д харилцагчаас авах шимтгэл хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно, 4.2-т банк харилцагчаас авах шимтгэл, хураамжийг гэрээнд заавал тусгана гэжээ.

Дээрх журмаар зээлийн шимтгэлийн харилцаа зохицуулагдаж, шимтгэлийн хэмжээг банк тогтоохыг зааж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.7-д зээл олгосны шимтгэл зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэж тусгасан нь хуульд үндэслэсэн байх тул дээрх заалт хууль зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч маргаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн нь алдаатай болсон.

7.3. Талуудын хооронд үүссэн зээлийн шимтгэл төлөх эсэх маргаан нь тухайн гэрээний үүрэгтэй холбоотой тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэл гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгөөс нэг хувийн шимтгэл 800,000 төгрөгийг суутган тооцсон үеэс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ба хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн шимтгэлтэй холбоотой үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах давж заалдах гомдлыг мөн хангахгүй.

8.1. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн тооцооллын талаар шинжээч томилуулах хүсэлтийг тусгай мэдлэг, ур чадвар шаардсан асуудалд хамаарахгүй гэж дүгнэж, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт нийцсэн.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хүүгийн тооцооллыг эрх бүхий байгууллагаас тогтоосон зохих аргачлал, үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу хийсэн, уг тооцооллыг зөв талаар дээр дүгнэсэн. Иймд хүүгийн тооцоололтой холбоотой асуудлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

8.2. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдлаас хариуцагч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, энэ үндэслэлээр төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн дээрх үндэслэл нь гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй. 

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан ердийн зээлийн гэрээний зохицуулалт нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд хамааралгүй тул шүүх зээлийн хүүг багасгах үндэслэлгүй.

Иймд дээр дурдсанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ковид цар тахалтай холбоотой гэрээний хугацаа сунгах, зээлийн хүүг багасгах, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

9. Мөн нэхэмжлэгч Т... ХК нь хариуцагч Ю.Ч...д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсныг нэмсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

10. Түүнчлэн, үндсэн нэхэмжлэлээс хангасан хэсэгт болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

11. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/04129 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Д...ас 79,388,905 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т... ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг нэмж, уг заалтаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Т... ХК-иас 800,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ю.Д...ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсэгт 3 гэсэн заалтыг нэмж, уг заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т... ХК нь хариуцагч Ю.Ч...д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 гэснийг 4 гэж, 3 гэснийг 5 гэж, 4 гэснийг 6 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650,094.53 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Д...аас улсын тэмдэгтийн хураамжид 625,095 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т... ХК-д олгосугай гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 579,894 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.ГАНДИЙМАА