Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00766

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00766

 

хххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/04133 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххх ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон, гэрээгээр шилжүүлсэн 42,348,929 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хариуцагчийн өмгөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ххххх ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нийт 712 тонн арматур төмрийг худалдан авахаар тохиролцсон. 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 178,768,800 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 612,827,600 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг, 31-ний өдөр 22,198,800 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 193,956,448 төгрөг нийт 1,047,751,648 төгрөгийг худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч талд тус тус шилжүүлж захиалгаа баталгаажуулсан.

1.2. Худалдагч талаас 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1,016,544,086 төгрөгийн үнэ бүхий арматур нийлүүлсэн. Худалдах-худалдан авах гэрээний 2.3-т заасны дагуу худалдан авагч талаас захиалгаа хийж баталгаажуулан тухай бүрд төлбөрийг шилжүүлж байсан хэдий ч худалдагч талаас 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш үлдэгдэл 31,207,561 төгрөгийн үнэ бүхий арматурыг гэрээнд заасны дагуу нийлүүлээгүй тул гүйцэтгээгүй үүрэг шилжүүлсэн 31,207,561 төгрөгийг гаргуулна.

Хариуцагч тооцоолоогүй үнийн дүн гэж байгаа боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Татварын Ерөнхий хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татваргүй үнэ гэж тодорхойлоогүй бол тухайн үнийн дүн нэмэгдсэн өртгийн албан татваргүй байна гэж тодорхой заасан.

1.3. Худалдах-худалдан авах гэрээний 4.3-т заасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангид 11,141,368 төгрөг гаргуулна. Эрх зүйн туслалцаа авах гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж байна.

1.4. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргана гэж удаа дараа тайлбараа өгч байсан боловч сөрөг нэхэмжлэл гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа 31,000,000 төгрөг, алданги 11,141,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ххххх ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хххх ХХК-тай худалдах-худалдах авах гэрээг байгуулж, хххх ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 1,016,544,086 төгрөгийг арматур авахаар шилжүүлсэн.

2.2. "Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан нэг тонн арматурын үнэ 2,800,000 төгрөг гэдэг нь нэмэгдсэн өртгийн албан татвар багтаагүй үнэ бөгөөд гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан талаар болон тайланг шивэх, илгээх, тайланд тусгах талаар огт заагаагүй. Худалдан авагч талын татварын нэмэгдлийг дараа төлөх хүсэлтээр манай компани нэмэгдсэн өртгийн албан татварын баримт илгээж, үүний дагуу тайлан гаргасан.

2.3. хххх ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувьтай тэнцэх төлбөрийг дараагийн төлбөр дээрээс авах арматурынхаа хэмжээг багасгах замаар шингээж явахаар тохиролцсон. Гэвч 2022 оны 10 дугаар сард гэрээний 1.1-т заасан бартерын байруудыг хүлээн авч, гэрчилгээг өөрийн компани дээр болон гуравдагч этгээдийн нэр дээр гаргуулахаар хххх ХХК-д хандсан ба бичиг баримтын зөрчлийн улмаас 1 сар гаруй хугацаанд хүлээлгээд бартерт өгсөн орон сууц буюу ххххх дүүргийн хх дугаар хороо, ххххххх хотхоны байрнуудын гэрчилгээ гараагүй. Манай компани 31,207,561 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын нэмэгдэлд суутгаж авсан бөгөөд зөрүү мөнгийг хххх ХХК-аас нэхэмжилнэ гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ххххх ХХК-аас 42,348,460 /дөчин хоёр сая гурван зуун дөчин найман мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хххх ХХК-д олгож, үлдсэн 469 /дөрвөн зуун жаран ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч хххх ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 416,498 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 46,803 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ххххх ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 369,692 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч хххх ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүхээс талуудын маргааны гол зүйл болох гэрээний үнэ нь нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан эсэх талаар ба нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа буцаалт хийснийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан байтал энэ талаар татварын байгууллагын баримт гаргуулалгүй, арматурын зах зээлийн үнэлгээ, судалгаагүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр шударга, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү.

4.2. Манай компани 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хххх ХХК-тай худалдах-худалдах авах гэрээг байгуулсан ба гэрээний 1.1-т заасан нэг тонн арматурын үнэ 2,800,000 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвар багтаагүй үнэ бөгөөд аливаа гэрээнд бараа бүтээгдэхүүний үнийг тодорхойлохдоо нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн эсэхийг заадаг, нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан тохиолдолд энэ талаар тусгах ба төлбөрийн баримтыг тэр даруй шивэх, үүнийгээ сар бүрийн тайланд тусгаж баталгаажуулан илгээх үүргийг заавал тусгадаг. Харин гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан талаар болон төлбөрийн баримт шивэх, тайланд тусгах илгээх талаар огт заагаагүй нэмэгдсэн өртгийн албан татваргүй үнэ юм. 2022 онд БНХАУ-ын хил хаагдаж, арматурын олдоц муудаж, зах зээлийн ханш нэмэгдсэн өртгийн албан татваргүй үнээр 2,800,000-3,000,000 хооронд байсан ба энэ талаар худалдан авагч тал тодорхой мэдэж байгаа.

Худалдан авагч талын татварын нэмэгдлийг дараа төлөх хүсэлтээр манай компани 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн баримт буюу нэмэгдсэн өртгийн албан татварын баримт илгээж, үүний дагуу тайлан гаргасан. Худалдан авагч хххх ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувьтай тэнцэх төлбөр буюу 71,963,309 төгрөгийг дараагийн төлбөрөөс авах арматурынхаа хэмжээг багасгах замаар шингээхээр тохиролцсон. Мөн худалдан авагч талын гуйлтаар 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 256,104,800 төгрөгийн төлбөрийн баримт илгээж, нэмж 23,282,254.55 төгрөгийг нэмж төлөхөөр болсон. Гэвч 2022 оны 10 сард гэрээний 1.1-т заасан бартерын байруудын буюу ххххх дүүргийн хх дугаар хороо, ххххххх хотхоны орон сууцны гэрчилгээ бичиг баримтын зөрчлийн улмаас гараагүй, мөн нэмэгдсэн өртгийн албан татвартай үнийн зөрүүг өгөхгүй байсан учир 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа тухайн сардаа багтаж, буцаалт хийснийг худалдан авагч тал хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан байсан. Иймд татварын байгууллагын баримт, буцаалтын баримтгүй, зах зээлийн судалгаа, үнэлгээгүй шийдвэрлэсэн.

4.3. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд өвчний учир гэрээр эмчилгээ хийлгэж байсан ба /Эмнэлгийн магадлагаа хавсаргав/ мөн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2 настай хүүхэд нь хатгалгаа тусч өвчний учир гэртээ асаргаанд байсны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж, шүүхэд хүсэлт болон баримтаа хүргүүлсэн боловч шүүх хүсэлтийг хэлэлцэлгүй, шүүх хуралдаанд хариуцагч талыг оролцуулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. /Шүүхийн шийдвэрт хүсэлт шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй байна./

4.4. Шүүхийн шийдвэрт манай компанийн хаяг болон гүйцэтгэх захирлын мэдээллийг буруу бичсэн байна. Захирал ххххххх хэмээн бичсэн байх ба захирал ххххх юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Энэхүү хэрэг 2022 оны 11 дүгээр сараас эхэлж шүүхэд шилжсэн бөгөөд жил гаруй хугацаанд хэргийг хянан шийдвэрлэсний эцэст 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ хугацаанд хариуцагч тал өвчтэй эсхүл ирэх боломжгүй, өмгөөлөгч авах зэрэг шалтаг, шалтгааны улмаас шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримталж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч хххх ХХК нь хариуцагч ххххх ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон, гэрээгээр шилжүүлсэн 42,348,929 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг, эмнэлгийн магадлагааны хамт шүүхэд ирүүлжээ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххын гаргасан дээрх хүсэлтийг хангахгүй орхиж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрх, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг тус тус зөрчсөн байна. /хх126-127/

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/04133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 369,693 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД