Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 272

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

хохирогч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,

шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

П.Н холбогдох эрүүгийн 1803010420071 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр авч хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

П.Н нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10000 нэрийн барааны дэлгүүрийн урд замд, Тоёота Приус-20 маркийн 85-43 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Т.Эийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Би замын урд тал эхнэрээ ажил дээр нь буулгаж өгчихөөд аюулгүйн тойргоор эргээд гараад явж байтал урд юм харагдаагүй би хаазаа өгөөд эргэж хараад буцаад харахад тас гээд мөргөсөн. Би тэнд гарц байсныг ч хараагүй шууд зогссон. Хохирогч ёоолоод байсан тэгэхээр нь би хохирогчийг өргөөд машиндаа оруулахад гайгүй болоод “намайг ажил дээр хүргээд өгөөч, би яах ч үгүй” гэхээр нь “би чамайг мөргөчихсөн, чамайг эмнэлэгт хэвтүүлэх гээд Гэмтлийн эмнэлэг рүү явж байна” гэж хэлсэн. Тэгтэл “яах юм бэ, би ажил дээрээ буумаар байна” гэхээр нь “тийм юм байж болохгүй, хоёулаа Гэмтлийн эмнэлэг явъя” гээд шууд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Хохирогчийн эмчилгээнд ойролцоогоор 970.000 төгрөг өгсөн. Мөн түүнийг эмнэлэгээс гарахаар нь 200.000 төгрөгөөр бөөний цэгээс эм авч аваачиж өгсөн. Гэтэл тэр газар нь баримт өгдөггүй юм байна лээ. Мөн би эмнэлэгт байхад нь тэргэнцэр авч өгсөн боловч баримт байхгүй. Би өөрийн болгоомжгүй, буруу, хариуцлагагүй байдлаас болж хүнийг хохироож гэмтэл учруулсандаа харамсаж байна. Үүнээс хойшид гарах үр дагаварт туслалцаа үзүүлж байх бодолтой байна гэв.

       

Хохирогч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 8 цаг 50 минутанд ажил руугаа явж байгаад 10.000 нэрийн барааны дэлгүүрийн талын замын гарцаар зам хөндлөн гарсан. Тэр үед зүүн талын уулзварын гэрлэн дохионоос ямар ч машин байгаагүй ба зам хөндлөн гарахад шууд өөдөөс гараад ирсэн. Би гараараа нэг даллаж зогсоох гэж үзээд чадалгүй мөргүүлээд үсэрсэн. Нэг мэдэхэд би машин дотор байсан. Тэгээд  “би хаана явж байна вэ” гэхэд “Гэмтлийн эмнэлэг рүү Өргөө кино театрын энд явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Гэмтлийн эмнэлэг явж яах юм бэ, миний бие гайгүй байна, намайг ажил дээр буулгаад өгчих” гэхэд жолооч өөрөө байсан ба хажууд нь түүний хүүхэд сууж явсан. Би ажил руугаа залгаад машинд мөргүүлчихлээ гээд үйлдвэрийнхээ даргатай ярихад намайг Гэмтлийн эмнэлэг ор гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод машинаас нь буух гэтэл би хөлөө даахгүй бууж чадаагүй. Тэгээд жолооч өөрөө намайг дийлээгүй ба хүүхэд нь миний хөлийг хажуу тийш нь нэг нэгээр нь тавьж машинаас буулгасан ба босоод явах гээд чадаагүй. Тэгээд хүүхэд нь намайг үүрч Гэмтлийн эмнэлгийн хүлээн авахад оруулж нацилк дээр тавьсан. Би ослын улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон ба миний ой ухаан хэлж ярьсан юмаа эргээд санахгүй болсон.  Одоо би сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, 3 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 3.500.000 төгрөг,  манай  эхнэр ажлаасаа чөлөө авч намайг асарч байгаа түүний 6 сарын цалин 4.800.000 төгрөг,  эмчилгээний зардалд 1.648.350 төгрөг, шатахууны зардалд  986.956 төгрөг буюу нийт 20.935.306 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Т. Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 50 минутын үед би 3-р хорооллын 10.000 нэрийн барааны дэлгүүрийн урд талын зам ба замынхаа урд талаас хойд тал руу зам хөндлөн гарч байтал гэнэт замын зүүн талаас хар өнгийн машин гарч ирээд намайг мөргөсөн. Би машинд мөргүүлэнгүүтээ ухаан алдсан байсан. Нэг мэдсэн чинь машин дотор явж байсан. Жолоочоос нь хаашаа явж байгаа юм бэ гэж асуутал Гэмтлийн эмнэлэг явж байна гэж хэлж байсан. Би 3 дугаар хорооллын эхний зам буюу баруунаасаа зүүн тийш явдаг замыг хөндлөн тийш явдаг урсгалын замын эхэнд ирээд зүүн тийш машин ирж байна уу гэж хартал ойрхон ямар ч машин байхгүй болохоор нь зам руу орсон. Би зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Миний зүүн эгэм 2 хугарсан, аарцагны яс 3 хугарсан, цус харвасан гэмтэл учирсан. Би эрүүл мэндээрээ хохирсон болохоор маш их гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. /xx-ийн 17-20/ гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч Н.Баасандорж мөрдөн байцаалтанд: Тоёота приус маркийн 85-43 УБП улсын дугаартай машин нь миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Энэ машиныг анх 2018 оны 11 дүгээр сард хувь хүнээс анх худалдаж авсан. Машиныг би голдуу барьж өдөртөө таксинд явдаг байсан юм. Манай аав хааяа нэг ээжийг ажилд нь хүргэж өгөх гэж барьж явдаг байсан юм. Тэр өдөр манай аав миний машиныг барьж ээжийг ажилд хүргэж өгчихөөд буцаад гэртээ харих гэж явж байгаад ийм осолд орсон байсан. Намайг гэртээ байж байхад манай аав над руу утасдаж ийм осол болсон гэж хэлэхээр нь би гэмтлийн эмнэлэг дээр очсон. Манай аав нөгөө гэмтсэн хүнээ аваад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. Энэ ослоос болж миний машины урд салхины шил хагарсан Би шилээ сольсон өөр эвдрэл миний машинд учраагүй. Манай аав миний машины урд салхины шилийг сольж өгсөн надад өөр санал хүсэлт, болон нэхэмжлэх зүйл байхгүй. Манай аав тэр хүний эмчилгээний бодит зардалыг төлж өгсөн байгаа. /xx-ийн 52/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 575 дугаартай дүгнэлтэд: Т.Эийн биед баруун умдаг ясны дээд салаа, суудал ясны доод салаанд хугарал, зүүн эгэм ясны хугарал, зүүн талд аалзан бүрхүүл доорх /Сильвиевийн ховилд/ цус харвалт, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 62/ гэсэн дүгнэлт,

“Автотээврийн Үндэсний төвийн” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 244 дугаартай дүгнэлт: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормос, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ хэвийн дуут дохио, эргэх дохионы гэрэл, шил арчигч, хаалга, цонх, цоож, аюулгүйн бүс, дугуйн хээний гүний хэмжээ нь стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Урд салхины шил баруун гар талдаа  бяцарч цуурч хагарсан, капот эмблемний дээд хэсэгт хонхойж будаг нь  халцарсан, урд буфер баруун гар талын гэрлийн доод хэсэгт болон дунд хэсэгтээ цуурч хагарсан, улсын дугаарын зүүн гар т алын гэрлийн чийдэн асахгүй зэрэг нь бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд салхины шил баруун гар талдаа бяцарч цуурч хагарсан, капот эмблемний дээд хэсэгт хонхойж будаг нь халцарсан, урд буфер нь баруун гар талын гэрлийн доод хэсэгт болон дунд хэсэгтээ цуурч хагарсан, улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Дээрх эвдрэл гэмтэл  нь тухайн зам тээврийн осол хэргээс үүссэн эвдрэл  гэмтлүүд тус осол хэрэгт нөлөөлсөн гэх эвдрэл, гэмтэл байхгүй байна. Зам тээврийн осолд нөлөөлсөн гэх эвдрэл байхгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS тоормосны системтэй. Тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд тоормос бүрэн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна. /хх-ийн 72/ гэсэн дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 40 дугаартай дүгнэлтэд: Тоёота Приус маркийн 85-43 УБП улсын дугаартай автомашин жолоодож явсан П.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 явган хүний гарч нэвтрэх, 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Т.Э нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна. /xx-ийн 77/ гэсэн дүгнэлт,

Яллагдагчаар П.Н мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 08 цаг 50 минутын үед би Тоёота Приус маркийн 85-43 УБП улсын дугаартай машинаа бариад Өргөө кинотеатрын хойд талын гэр хороололд байх гэрээсээ гараад 4 дүгээр хороололд эхнэрээ буулгачихаад буцаад харих гээд 10.000 нэрийн барааны урд талын замаар зүүнээсээ баруун тийш замынхаа 2 дугаар эгнээгээр 30-40 км цагийн хурдтай явж байгаад замын урд тал руу нэг харчихаад буцаад урагшаа зам руу хартал гэнэт миний машины урд талд түс гэсэн чимээ гарч би машиныхаа урд  талаар нэг юм мөргөх шиг болонгуут нь тоормозоо гишгээд зогсоод машинаасаа гараад хартал  миний машины өмнө нэг эрэгтэй хүн зам дээр хэвтэж байхаар нь нөгөө хүнээ өргөж машиндаа оруулаад эмнэлэгт хүргэсэн...намайг явган хүний гарц руу ойртон ирж байх үед явган хүний гарцан дэр хүн харагдахгүй байсан. Тэгээд гарц руу ороод замын урагшаа нэг харчихаад буцаад урагшаа хартал миний машины урд хүн мөргөгдөж газар унасан. Миний машин явж байсан урсгалд машины хөдөлгөөн бага, үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байсан. Зам дээр бага зэргийн халтиргаа гулгаа байсан. Гадаа цаг агаар тогтуун байсан. Би энэ хүний эмчилгээний зардалд нэг сая гаруй төгрөг төлсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний гарсан бодит зардлыг төлнө гэж үзэж байна. /хх-ийн 87/ гэх мэдүүлэг,

Хохиролын баримт /хх-ийн 25-29/, Компьютерт томографи /хх-ийн 31, 43/, Хохирогчийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 32, 33/, Хохирогчийн өвчний түүхийн  хуулбар /хх-ийн 42/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8/, Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

П.Нн ял шалгах хуудас /хх-ийн 93/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 94/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 95/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97/, оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-ийн 99/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 102/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч П. Н нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өглөөний 08 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10000 нэрийн барааны дэлгүүрийн урд замд Тоёота Приус-20 маркийн 85-43 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Т.Эийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Эийн”...би...замынхаа урд талаас хойд тал руу зам хөндлөн гарч байтал гэнэт замын зүүн талаас хар өнгийн машин гарч ирээд намайг мөргөсөн...миний зүүн эгэм 2 хугарсан, аарцагны яс 3 хугарсан, цус харвасан гэмтэл учирсан...” /xx-ийн 17-20/ гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 575 дугаартай дүгнэлт /хх-ийн 62/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 40 дугаартай дүгнэлт /xx-ийн 77/, хохиролын баримтууд /хх-ийн 25-29/, компьютерт томографи /хх-ийн 31, 43/, хохирогчийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 32, 33/, хохирогчийн өвчний түүхийн  хуулбар /хх-ийн 42/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч П.Нн мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... замын урд тал руу нэг харчихаад буцаад урагшаа зам руу хартал гэнэт миний машины урд талд түс гэсэн чимээ гарч би машиныхаа урд  талаар нэг юм мөргөх шиг болонгуут нь тоормозоо гишгээд зогсоод машинаасаа гараад хартал  миний машины өмнө нэг эрэгтэй хүн зам дээр хэвтэж байхаар нь нөгөө хүнээ өргөж машиндаа оруулаад эмнэлэгт хүргэсэн...” /хх-ийн 87/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.  

 

П.Н тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган зорчигч Т.Эийг мөргөсөн нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр зам тээврийн осол гаргасан байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч П.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн бусад оролцогчид зөвшөөрч гэм буруугийн асуудал дээр талууд маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч,

шүүгдэгч П.Нг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Т.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролын талаар хохирогч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт “би сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, өөрийн 3 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 3.500.000 төгрөг,  манай  эхнэр ажлаасаа чөлөө авч намайг асарч байгаа тул түүний 6 сарын цалин 4.800.000 төгрөг,  эмчилгээний зардалд 1.648.350 төгрөг, шатахууны зардалд  986.956 төгрөг буюу нийт 20.935.306 төгрөгийг нэхэмжилнэ” гэж мэдүүллээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан хохирогч Т.Эийн эмчилгээтэй холбогдох 1.648.350 төгрөгийн нэхэмжлэл нь энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдож байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй.

Харин Т.Э өөрийн цалинд 3.500.000 төгрөг болон эхнэрийн цалинд 4.800.000 төгрөг нэхэмжилсэн нь холбогдох нотолсон баримт буюу нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий албан тушаалтны ажил албанд томилсон тушаал шийдвэр, цалингийн дансны хуулбар гэхчилэн зайлшгүй шаардлагатай  баримтууд хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн шатахууны зардалд нэхэмжилж буй 986.956 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч эдгээртэй холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд энэ шүүх хуралдаанаар хохирогчийн нэхэмжилж буй нийт 20.935.306 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлээс эмчилгээтэй холбогдох                             1.648.350 төгрөгийг шүүгдэгч П.Нгаас гаргуулж хохирогчид олгож, бусад буюу цалин хөлс, шатахуун, сэтгэл санааны хохиролд нэхэмжилж буй 19.286.956 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж үүнтэй холбогдох асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч П.Нг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял”,

хохирогчийн өмгөөлөгч “улсын яллагчийн саналаас дээгүүр хэмжээний торгох ял оногдуулна уу”,

шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчаас санал гаргасан 1.000.000 төгрөгийн торгох ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар чөлөөлж өгнө үү” гэсэн санал дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

 

Шүүгдэгч П.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

П.Н нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал /56 настай, сахарын өвчтэй/  харгалзаж улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилго болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын яллагчийн санал дүгнэлтийг шүүх хүлээн авсан дээрхи хуулийн үндэслэлүүдээр хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн аваагүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “П.Нг...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Учир нь шүүхээс, шүүгдэгч П.Нгийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хорих ялын санкцигүй гэмт хэрэг байх бөгөөд “...зөвхөн хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэхээр зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг өөр төрлийн ялтай гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэвэл Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан Хууль ёсны зарчим зөрчигдөнө.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Нн жолооны үнэмлэх хавсаргагдан ирсэн болохыг  дурьдах нь зүйтэй.