Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00708

 

 

 

 

 

 

 

 

     2024       04            08                                    210/МА2024/00708

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/00858 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П ХХК-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр оруулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нөхөр П.Д- бид хоёр, Б.А-тэй хашаа, байшинг нь 20,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон ба уг эд хөрөнгө нь ББСБ-ын зээлийн барьцаанд байсан.

“Прогресскапитал” ББСБ-ын салбарын зээлийн мэргэжилтэн н.Мөнхтогтохтой биечлэн уулзахад “Б.А-ийн манай ББСБ-аас зээлийн барьцаанд тавьсан газар, хашаа байшин нь одоо хураагдах хэмжээнд очсон байна, мөн Б.А- нь эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлээ төлж чадахгүй байгаа. Иймд гэрээгээ манай ББСБ-тай байгуулаад, цааш Б Алтансүхийн зээлийг үргэлжлүүлэн төлөөд явахад болно гэж зөвшөөрсөн. Алданги нь 1,610,000 төгрөг болсон тул төлөөрэй гэснээр би төлж, барьцаанд байгаа Б.А-ийн газар, хашаа байшинг худалдаж авахын тулд Б.А-ийн зээлийг төлөхөөр, Д.Б- нь П ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 40-19121475 дугаар “Зээлийн гэрээ”-г байгуулсан.

Дээрх зээлийн гэрээний 2.1-д зааснаар Б.А-ийн П ХХК-д төлөх ёстой 8,520,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр, 20 сарын хугацаатайгаар цааш зээл эргэн төлөх хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцсон, зээл аваагүй болно.

Би машинаа 1,500,000 төгрөгт тооцож Б.А-эд худалдахаар болж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр машиныг аваад явсан. Тухайн өдрөөс хойш 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл буюу 3 сар гаруй машиныг унаж ашигласан. Гэтэл Б.А- нь Ковид гарсан учир банкны зээл, хүү царцаагдсан учраас би газар байшингаа зарахаа болилоо гэхээр нь би “тэгвэл одоо миний мөнгийг бүгдийг гаргаад өг” гэсэн боловч Б.А- нь миний мөнгийг гаргаж өгөөгүй, мөн байшингаа суллаж өгөөгүй учир нөхөр машинаа аргагүйн эрхэнд буцаагаад 3 сар гаруй хугацаанд Б.А-эд ашиглуулчихаад авсан. Б.А- нь намайг хуурч, залилж бидний өмч хөрөнгө болох машиныг минь 3 сар гаруй үнэ төлбөргүй унаж ашигласанд гомдолтой байгаа.

Б.А- нь байшингаа суллаж өгөхгүй 6 сар 5 хоног болсон энэ хугацаанд бид Б.А-ийн зээлийгП-ББСБ-д төлөөгүй. Б.А- нь буцаагаад байшингаа зарна гэсний дагуу 7,000,000 төгрөгийг зээл авч, бэлэн мөнгөөр аваачиж өгсөн болно.

Гэтэл П ХХК-ийн зээлийн мэргэжилтэн “одоо таны энэ амьдарч байгаа газар, хашаа, байшин чинь манай барьцаанд хэвээрээ л байгаа, та Б.А-эд бэлэн мөнгө 7,000,0000 төгрөг өгөх байсан бол манай ББСБ-ыг дуудах байсан юм, манайх одоо тэр мөнгөнөөс чинь хүү, алдангиа бодож авах байсан” гэхээр нь бид дараа нь хашаа, байшингаа алдаж байхаар гэж бодоод, Д.Б-ийн Хаан банкны данснаас 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 300,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр П ХХК-ийн Кассын орлогын баримтаар бэлнээр 1,393,650 төгрөг, мөн өдөр дахин бэлнээр 20,000 төгрөг, нийт 1,413,650 төгрөг, бүгд нийлээд 3,713,650 төгрөг, мөн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн анхны алданги 1,610,000 төгрөг, бүгд нийлээд нийт 5,323,650 төгрөгийг хариуцагчид төлсөн. Одоо бидний тооцоогоор, шинэчилсэн зээл эргэн төлөх хуваарийн дагуу нийт 12,145,000 төгрөгийг төлсөн байна.

Нэхэмжлэгч Д.Б-ээс Б.А-ийн П ХХК-д төлөх ёстой 8,520,000 төгрөг төлөх ёстойгоос, одоо нийт 17,468,650 төгрөгийг төлсөн, Б.А-эд бэлнээр 7,000,000+дансаар 2,800,000+хоолны мөнгө гэж нэхэж авсан 700,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг, бүгд нийлээд 27,968,650 төгрөгийг бүрэн төлж, зээлийг дуусган, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авсан тооцоо гарч байна.

Нэхэмжлэгч би бүх зээлээ бүрэн төлсөн тул 2023 оны 10 дугаар сарын 25-ны өглөө П ХХК-д хандан, “би /бид/ одоо зээлийн хамгийн сүүлийн төлөлтөө дуусгаад, нэр дээрээ шилжүүлж авмаар байна” гэж хэлэхэд, тухайн компани нь гэрээ болон тохиролцсон тохиролцоогоо зөрчиж, “Б.А-ийн эхнэр гэгч хүн саяхан буюу 2023 оны 09 сард ирээд, Б Алтансүхийн зээлийн төлөлтийг хаасан” гэж хэлсэн.

Иймд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатар хайрхан 2а хэсэг гудамж 1544 тоот хаягт байршилтай, 108 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон мөн хаягт байршилтай 18651311915915 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын өмчлөгч мөн болохыг тус тус тогтоолгож Ү-2204105166 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд болон мөн Г-2204015866 дугаар газрын гэрчилгээг Д.Б-ийн нэр дээр болгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Тухайн хөрөнгүүдийг Б.А- нь П ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 40-19121475 дугаартай зээлийн болон ипотекийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд тавьж 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээний үүрэг бүрэн дууссан бөгөөд тухайн хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь Б.А-ийн нэр дээр байгаа болно. Өмчлөгч нь нас барсан гэх тул гэрчилгээг хэн авах нь тодорхойгүй П ХХК-д хадгалагдаж байна. Барьцаа хөрөнгийг П ХХК нь бусдад шилжүүлэх, худалдах ямар нэгэн үйлдэл хийх эрх бүхий байгууллага биш бөгөөд жинхэнэ хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч П ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатар хайрхан гудамж, 2/А хэсэг,1544 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204015866 дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204105166 дугаарт бүртгэгдсэн, 108 м.кв талбайтай, хувийн сууцны өмчлөгчөөр тогтоох, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэрийг бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 367,993 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасангүй.

Учир нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6, 28 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй хязгаарлан шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч Д.Б- болон хариуцагч П ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээний харилцаа буюу талийгаач Б.А-ийн зээлийн гэрээний үүргийг үргэлжлүүлэн төлөхөөр, зээлийн гэрээ байгуулсан байхад, анхан шатны шүүх хариуцагчийг ямар ч хамааралгүй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бусад чухал нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрэн дүүрэн гаргуулж байж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр анхан шатны шүүх шийдвэр гаргах боломжтой байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлт болох талийгаач Б.А-ийн эхнэрээс зээл төлсөн, хаасан гэх чухал нотлох баримтуудыг хариуцагч П ХХК-аас шүүхийн журмаар гаргуулсан бол нэхэмжлэгч би, энэхүү нотлох баримтуудыг үзэн судалж, цаашид гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 28 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч, хариуцагчийг солих зэрэг, эдгээр хуульд заасан эрхээ эдлэх бүрэн боломж байхад, анхан шатны шүүх энэхүү хуулиар олгогдсон эрхийг минь шууд хааж, нотлох баримт бүрдүүлээгүйгээр, хариуцагч биш гэж шууд дүгнэлт хийсэн алдаа гаргасан.

4.2. Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай,П-ББСБ” ХХК-аас, нотлох баримтууд гаргуулах хүсэлтийг хангаагүй нь, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчин, улмаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч миний гаргасан 6 хүсэлтийг анхан шатны шүүх, бүхэлд нь хангахаас татгалзан шийдвэрлэсэн гэж байгаа боловч, 2 дахь хүсэлтийг шүүх зориуд дутуу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй, улмаар дутуу шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлүүдэд заасан нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэл болж байна. Хамтран хариуцагчаар талийгаачийн эхнэр Ч.Оргигийг оролцуулах хүсэлтээ, гэрийн хаягийг, нэмж анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хүсэлтээ, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ганцын задгайд оршин суух гэж маш тодорхой удаа дараа давтан хэлсэн атал Ч.Оригийг, анхан шатны шүүх хамтран хариуцагчаар татаагүй.

4.3. Мөн шүүхэд бусад гэрчүүд болох Д.Нарантуяа, Д.Ануужин, П.Д- нарыг гэрчээр асуулгах хүсэлтээ, оршин суугаа гэрийн хаягтай, хүсэлтээ тодорхой гаргасан байхад мөн л хангаагүй. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд нотлох баримт байхгүй учир мэтгэлцэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Тухайн хүсэлтүүд нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй хүсэлтүүд байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч П ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, эдгээр хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргуулах тухай нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч Д.Б- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Талийгаач Б.А-тэй, манай нөхөр П.Д- нь Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатар хайрхан гудамж, 2/А хэсэг,1544 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204015866 дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204105166 дугаарт бүртгэгдсэн, 108 м.кв талбайтай, хувийн сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, уг хувийн сууц нь П ХХК-ийн барьцаанд байсан тул зээлийг төлж барагдуулж дууссан тул өмчлөгчөөр тогтоолгоно, өөрийн нэр дээр бүртгүүлнэ” гэж тайлбарлажээ. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “эдгээр хөрөнгө нь зээлийн барьцаанд манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа, зээлийн гэрээ дуусгавар болсон боловч өмчлөгч нь нас барсан гэх тул гэрчилгээг хэнд шилжүүлэх нь тодорхойгүй тул манай байгууллагад хадгалагдаж байна. Барьцаа хөрөнгийг манай байгууллага бусдад шилжүүлэх худалдах ямар нэгэн үйлдэл хийх эрх бүхий байгууллага биш” гэж тайлбарлаж буй нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

2. Талуудын тайлбараас үзвэл Б.А- болон П.Д- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

3. Маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатар хайрхан гудамж, 2/А хэсэг,1544 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204015866 дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204105166 дугаарт бүртгэгдсэн, 108 м.кв талбайтай хувийн сууц зэрэг нь Б.А-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төрийн мэдээлэл солилцооны хур системээс авсан үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогджээ./хх97-100/

 

3.1. Мөн өмчлөгч Б.А- нь нас барсан талаар талууд маргаангүй байна.

 

3.2. Харин П ХХК-ийн хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалагчаар бүртгэлтэй байгаа болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх 97-100, 102-103/

 

4. Хариуцагч П ХХК нь иргэн Б.А-тэй байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч Б.А-ийн эд хөрөнгийг барьцаалсан барьцаалагч этгээд байна. Иймээс маргаан бүхий хувийн сууц, газрын өмчлөх эрхийг шилжүүлэх эрх бүхий этгээд биш гэсэн хариуцагчийн татгалзал Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5. Нэхэмжлэгч нь өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй талаар хамаарах этгээдээ буруу тодорхойлсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Харин, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг гэрээний нөгөө талаас шаардахад энэ шийдвэр саад болохгүй.  

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан хамтран хариуцагч болон гэрч оролцуулах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээд гэж хариуцагчийг үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах шаардлагагүй гэж үзлээ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/00858 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,993 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ