Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00357/И |
Дугаар | 541 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 541
2016 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2016/00541 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал, Агьт 2 гудамж, 23 тоотод оршин суух, 53 настай, эмэгтэй, Цонгоол овогт Дугарын Давааням /РД:НБ63082101/-ын,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Давааням, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Давааням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төв аймгийн Батсүмбэр суманд 1963 онд төрсөн. 1981 оны 10 дугаар сараас 1985 оны 4 дүгээр сар хүртэл Борнуур сумын харъяа Батсүмбэр, Ахуйн үйлчилгээний салбарт оёдолчноор, 1991 оноос 1992 он хүртэл тус сумын Үдлэгийн гэгээ ХХК-д саальчнаар 1 жил нийт 4 жил 6 сар ажилласан хугацаа тасарсан. Мөн тухайн үед ажиллаж байсан байгууллагын баримт байхгүй архиваас гарч ирэхгүй байгаа учраас Төв аймгийн архивын лавлагаа авсан. Тухайн үед ажиллаж байсан Батсүмбэр сумын 1 дүгээр багийн иргэн Б.Гарамханд, Ц.Уранчимэг, С.Тэрбиш нарыг гэрчээр асуусан мэдүүлгийг үндэслэн 1981 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Төв аймгийн Борнуур сумын харъяа Батсүмбэр, Ахуйн үйлчилгээний салбарт оёдолчноор, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэгийн гэгээ ХХК-д 1991 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан нийт 4 жил 6 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Цонгоол овогт Дугарын Давааням нь тэтгэвэр тогтоолгох гэхэд Төв аймгийн Борнуур сумын харъяа Батсүмбэр, ахуйн үйлчилгээний салбарт оёдолчноор, Үдлэгийн гэгээ ХХК-д саальчнаар ажиллаж байсан талаарх холбогдох тушаал нь архиваас гарахгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Д.Давааням нь 1981 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Төв аймгийн Борнуур сумын харъяа Батсүмбэр, ахуйн үйлчилгээний салбарт оёдолчноор, мөн Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэгийн гэгээ ХХК-д 1991 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ.
Үүнд: 1. Д.Даваанямын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 5-6/,
2. Төв аймгийн Борнуур сумын ахуйн үйлчилгээний төвийн даргын 1985 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 50 дугаартай Ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-7/,
3. Төв аймгийн Борнуур сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 67 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-8/,
4. Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 334 дугаартай Тэтгэмжтэй чөлөө өгөх тушаал /хх-9/,
5. Гэрч С.Тэрбиш, Б.Гарамханд, Ц.Уранчимэг нарын Д.Давааням Төв аймгийн Борнуур сумын Ахуйн үүлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан нь үнэн болно гэх тодорхойлолтууд /хх 11-13/,
6. Гэрч: Б.Гарамхандын Төв аймгийн Батсүмбэр сум хуучнаар саалийн механикжсан 3 дугаар ферм нь 1991 онд Үдлэгийн гэгээ компани болж өөрчлөгдсөн. Би саалийн механикжсан 3 дугаар фермд 1984 онд саальчнаар илгээлтээр очиж ажилласан. 1991 онд Д.Давааням нь Үдлэгийн Гэгээ компанид тугалчнаар ажилд ороод 1994 он хүртэл цуг ажилласан. 1993 оны сүүлээр компаниуд тарж бүгд ажлаасаа гарсан гэх мэдүүлэг /хх-19/,
7. Гэрч: С.Тэрбишийн Би Улаанбаатар хотоос 1980 онд Төв аймгийн Батсүмбэр суманд шилжин очиж амьдарч эхэлсэн. Төв аймгийн Баянчандмань сумын аж ахуйн үйлчилгээний төвийн харъяа Батсүмбэр сумын Ахуй үйлчилгээний салбарт 1980 онд ажилд орсон. Ажилд ороод 6 сарын дараа би тус ахуй үйлчилгээний салбарын эрхлэгч болсон. 1, 2 жилийн дараа уг Ахуй үйлчилгээний салбар нь Борнуур сумын харъяа болж өөрчлөгдсөн. Д.Давааням нь аравдугаар ангиа төгсөж ирээд 1981 онд тус ахуй үйлчилгээний салбарт оёдолчноор ажиллаж эхэлсэн гэх мэдүүлэг /хх-20/,
8. Гэрч: Ц.Уранчимэгийн Д.Давааням бид 2, 1981 онд нэг нь 10 дугаар анги төгсөж, нөгөө нь Ахуй үйлчилгээний ТМС төгсөөд Төв аймгийн Борнуур сумын аж ахуйн үйлчилгээний төвийн харъяа Батсүмбэр сумын ахуй үйлчилгээний салбарт 1981 оноос 1987 оны хооронд 6 жил хамт ажилласан. 1986 онд Д.Давааням нь хүнтэй сууж тус сумын Үдлэг баг руу шилжсэн. Үдлэг багт том хүүхдээ төрүүлчээд тус багийн Гэгээ компанид саальчнаар ажилд орсон гэх мэдүүлэг /хх-21/.
Нэхэмжлэгч Д.Давааням нь Төв аймгийн Борнуур сумын харъяа Батсүмбэр, Ахуйн үйлчилгээний салбарт 1981 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 16-ны өдөр оёдолчноор, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэгийн гэгээ ХХК-д 1991 оноос 1992 хүртэл саальчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Д.Давааням нь Төв аймгийн Батсүмбэр сумын Сангийн аж ахуйн Үдлэгийн гэгээ-д 1991 оноос 1992 он хүртлэх хугацаанд ажиллаж байсан гэх боловч хэрэгт авагдсан Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараар Үдлэгийн гэгээ-д 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг хүртлэх хугацаанд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдож байх тул Үдлэгийн гэгээ-д үхэрчин, саальчнаар 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг хүртлэх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Даваанямыг 1981 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртлэх хугацаанд Борнуур сумын Батсүмбэр ахуйн үйлчилгээнд оёдолчноор, мөн 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг хүртлэх хугацаанд Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэгийн гэгээ-д үхэрчин саальчнаар тус тусажилласныг тогтоож, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Даваанямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Цонгоол овогт Дугарын Даваанямыг 1981 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Төв аймгийн Борнуур сумын Батсүмбэр, ахуйн үйлчилгээнд оёдолчноор, мөн 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг хүртлэх хугацаанд Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэгийн гэгээ-д үхэрчин, саальчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчД.Даваанямын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ