| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 143/2016/0000/и |
| Дугаар | 52 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 52
“Таван толгой” ХКомпанийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 143/ШШ2016/00224 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч “Таван толгой” ХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Саусгоби даймонд” ХХКомпанид хариуцагдах
“Нүүрс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох 241.061.920 төгрөг, алданги 1.976.708 төгрөг, нийт 243.038.628 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаяр
Нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Тавантолгой ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012-05-14-ний өдөр №04 тоот Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдагч Таван толгой ХК нь 20.000 /хорин мянган/ тонн чанарын шаардлагад нийцсэн нүүрс өөрийн уурхайгаас нийлүүлэх, худалдан авагч нь гэрээний 3 ба 5 дугаар зүйлд заасан төлбөрийн нөхцөлөөр тооцоог хийхээр тохирсон. Худалдан авагч болох Саусгоби даймонд ХХК-ийн хүсэлтээр 2012 оны 10-р сард 27393.4 тонн чанарын шаардлагад нийцсэн нүүрс нийлүүлсэн бөгөөд хариуцагч нь худалдан авсан нүүрсний төлбөр болох 241.061.920 төгрөгийг төлөхгүй, бизнесийн түншлэлийн итгэлцлийг эвдэж компанид хохирол учруулаад байна. Иймд Нүүрс худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох 241.061.920 төгрөг, алданги 1.976.708 төгрөг нийт 243.038.628 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одонтуяа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Саус гоби даймонд ХХК нь манай компаниас 2012 оны 10 сард 27.393,4 тонн нүүрс худалдан авсан. Уг нүүрсийг худалдаж авсан болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагч Саус гоби даймонд ХХК-ийн албан хүсэлт, аймгийн Засаг дарга Б.Бадраагийн гаргасан хүсэлт, Саус гоби даймонд ХХК болон Таван толгой ХК-ийн хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ болон бусад нотлох баримтуудаар нотлогддог. Уг нүүрсний үнэ болох 241.061.920 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа. Төлбөрөө барагдуулахыг албан мэдэгдлээр болон утсаар удаа дараа мэдэгдэж хэлдэг боловч Саус гоби даймонд ХХК нь одоо болтол төлөхгүй байгаа. Үүнээс болоод манай компанид үүссэн алдангийн хэмжээ 1,976,708 төгрөг болсон. Энэ нь хэргийн шүүхэд өгөх хүртэл хугацааны алданги байгаа. Энэхүү алданги нэмэгдээд 243,038,628 төгрөгийг хариуцагч Саус гоби даймонд ХХК-иас нэхэмжилж байна. Энэ хэрэг анхан шатны шүүхээр өмнө нь 1 удаа хянан шийдвэрлэгдэж давж заалдах шатны шүүхэд хянагдан дахин анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр буцаагдсан. Ингэхдээ хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь хэн болох нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна гэсэн дүгнэлт бүхий үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаагдсан. Уг үндэслэл нь засагдаад Саус гоби даймонд ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь Ж.Наранбаяр мөн гэдэг нь улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байгаа. Хариуцагч өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд ямар нэгэн үндэслэлгүйгээр ирээгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхгүй гэж үзээд шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх хүсэлт гаргасан байгаа. Иймээс Таван толгой ХК-ийн нэхэмжилсэн 243,038,628 төгрөгийг хариуцагч Саус гоби даймонд ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Саусгоби даймонд ХХК /захирал Ж.Наранбаяр/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед манай компани Таван толгой ХК-иас авсан нүүрсээ хуурай аргаар боловсруулах, угааж цэвэрлэх үйлдвэртээ хүлээн аваад 5700-аас дээш к/калори илчлэгтэй нүүрс болгож цэвэрлээд экспортод гаргах зорилготой байсан боловч манай үйлдвэрээр дамжаад гарсан нүүрс дөнгөж 4800 к/калори хүрч байсан. Хятадуудад нүүрсээ борлуулах гэхэд чанарын шаардлага хангахгүй тул авахгүй гэсэн. Иймд Таван толгой ХК-иас нийлүүлсэн нүүрсний чанарт шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Саус гоби даймонд ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэл 241,061,920 төгрөг, алданги 1,976,708 төгрөг нийт 243,038,628 төгрөгийг гаргуулан Таван толгой ХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тавантолгой ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,375,150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Саус гоби даймонд ХХК-иас 1,375,150 төгрөгийг гаргуулан Тавантолгой ХК-нд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч өмгөөлөгчөөсөө татгалзах, шинээр өмгөөлөгч авах эрхтэй бөгөөд энэхүү шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй шүүх хэргийн оролцогчийг эрхээ эдлэх боломж, нөхцлөөр хангах үүрэгтэй гэж ойлгож байна. Шүүх “Тавантолгой” ХК-ийн нэхэмжлэлтэй “Саусгоби Даймонд” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийн оролцогч /хариуцагч/-ийн эрхийг эдлүүлээгүй, эрхийг нь хязгаарласан буюу хариуцагч ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3. шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” эрхтэй гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өмгөөлөгчөөсөө татгалзаж, мөн дахин өмгөөлөгч авах тухай хүсэлтэй бичгийн хэлбэрээр илэрхийлсэн ба шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж дугаар 143/Ш32016/00729 тоот захирамж гарган улмаар шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэж шүүхээс дугаар 143/ШШ2016/00224 тоот шүүхийн шийдвэр гарсан байна. Бидний зүгээс буюу хариуцагч Саусгоби Даймонд ХХК-ийн зүгээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн буюу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн буюу хариуцагч шүүх хуралдаанд өөриин эрх, хууль есны ашиг сонирхолоо хамгаалуулахаар дахин өмгөөлөгч авах, хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг илэрхийлсэн, мөн хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн буюу өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэж үзэж байгаа тул ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж заасны дагуу Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 143/ШШ2016/00224 шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байсан Б.Гантөмөр нь эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсанаа 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр бичгээр хариуцагч талд мэдэгджээ. /хэргийн 201 дүгээр тал/
Хариуцагч “Саусгоби Даймонд” ХХК-ий төлөөлөгч Ж.Наранбаяр нь шүүхэд өмгөөлөгч Б.Гантөмөр нь хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон тул өөр өмгөөлөгч сонгон ажиллуулах шаардлагатай тул өмгөөлөгч авах эрхээр хангаж 2016 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах агуулга бүхий хүсэлтийг гаргаж, хүсэлтдээ өмгөөлөгч Б.Гантөмөрөөс ирүүлсэн бичгийг хавсаргасан байна. /хэргийн 200, 201 дүгээр тал/ Уг хүсэлтийг шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 143/ШЗ2016/00729 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгосон байна./хэргийн 202 дугаар тал/
Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлд дээрх шүүгчийн захирамжийн талаар “захирамжийн үндэслэлийг товч тайлбарлавал хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт нь шүүхэд хандаж буй бус “Саусгоби Даймонд ” ХХК-д хандаж гаргасан хүсэлт байна...шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй байна...” гэж шүүгчээс тайлбарласан агуулга тэмдэглэгдсэнээс үзвэл шүүх хуралдааны үед гаргасан хариуцагчийн төлөөлөгч Ж.Наранбаярын хүсэлтийг бус түүний өмгөөлөгч Б.Гантөмөрийн хүсэлтийг шийдвэрлэсэн гэж ойлгогдож байна. /хэргийн 204 дүгээр тал/
Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасныг удирдлага болгосон тул шүүх хуралдааны үед хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа боловч шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлээс өмгөөлөгч Б.Гантөмөрийн хүсэлтийг шийдвэрлэж шүүгчийн захирамж гарсан мэт боловч энэ асуудлаар шүүгчийн захирамж гараагүй байгаа тул шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулаагүй гэж үзнэ.
Хэдийгээр өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан нь шүүхэд хамааралгүй боловч, хариуцагч тал өөрөө цаашид өмгөөлөгчийн туслалцаа авахыг хүссэн, энэ нөхцөл байдал шүүх хуралдаан болохоос 4 хоногийн өмнө бий болсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул 2016 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 143/ШЗ2016/00729 тоот захирамж нь үндэслэлгүй, шүүхээс хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй байна.
Дээрх зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн учраас маргааны үйл баримтад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт хийгээгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 143/ШШ2016/00224 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Н.НАСАНЖАРГАЛ