Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 110/ШШ2017/00031

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны хуралдааныг шүүгч М.Риза тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Нсумын 9 дүгээр баг, Ц тосгоны оршин суугч Н овогт Тийн Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: - Нсумын Ц тосгоны захирагчид ;

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нсумын Ц тосгоны захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/40 дугаартай захирамжийг хүчингүй болгох, Т.Аийг Ц тосгоны захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг цалинд оногдох шимтгэлийг тооцож төлж, энэ талаар нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ц тосгоны захирагчид даалгах тухайтай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, Ц тосгоны захирагч Д.Е, гуравдагч этгээд Г.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С, С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Миний бие Баян-Өлгий аймгийн Ц тосгоны захирагчийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Ажилд томилох тухай Б/12 дугаар захирамжаар захирагчийн ажлын албаны төрийн сангийн төлөөлөгчөөр томилогдсон. Би анх уг албан тушаалд томилогдсон үндэслэл бол тухайн үед төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлтэй байсан. Иймээс Ц тосгоны захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд томилуулахаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Нэр дэвшүүлэх тухай 09 дүгээр тогтоолоор нэр дэвшүүлсэн юм. Би тухайн ажилд хууль ёсоор томилогдсон цагаас эхлэн ажилдаа эзний ёсоор хариуцлагатай хандаж, албан ажлаа хэвийн байдлаар эрхэлж байсан ба улмаар 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн, ажил олгогчтой жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл Ц тосгоны захирагч Д.Е намайг дуудаж таныг ажлаас чөлөөлсөн шүү гэж 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/40 дүгээр захирамжийг гардуулан өгсөн. Би тухайн захирамжийг эс зөвшөөрч ажил олгогчийн хууль бус шийдвэрийг хүчингүйд тооцож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсэж аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргахад миний гомдолд тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тээс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн хариу бичигт ...тус салбар зөвлөлөөс таны гаргасан гомдолтой холбоотой маргааныг хянан шалгах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна... гэсэн. Иймээс иргэн Т.А би өөрийн зөрчигдсөн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч би Ц тосгоны захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/40 дүгээр захирамжийг дараах хууль зүйн үндэслэлээр хүчингүйд тооцож өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг хүсэж байна. Үүнд,

Т.А намайг Ц тосгоны захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчөөр томилуулахаар нэр дэвшүүлсэн аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Нэр дэвшүүлэх тухай 09 дүгээр тогтоол хүчинтэй байгаа.

Ажил олгогч намайг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3-т заасан үйл ажиллагаа явуулаагүй, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.11.1-15.1.8-т заасан миний хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжоор хангаагүй байхад гэнэт ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3, 15.1.1-15.1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн намайг ажлаас чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 23 дугаар зүйлийн 23.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 1092 тоот зөвлөмж зэргийг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр төрийн тухайн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг би хангасан гэж үзэж байна. Ц тосгоны захирагч Д.Еаас баталсан төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтод боловсролын хувьд мэргэжлээрээ дээд сургууль төгссөн болон түүнээс дээш боловсролтой байх, мэргэжлийн хувьд нягтлан бодох бүртгэл, мэргэшлийн санхүүгийн менежмент, туршлагын хувьд төрийн сангийн төлөөлөгчийн ажил хийх дадлага туршлагатай байх гэж баталсан юм.

Миний бие анх бизнесийн менежмент мэргэжлээр төгссөн нь үнэн. Гэхдээ бизнесийн менежмент мэргэжлээр суралцахдаа санхүүгийн чиглэлийн анхан болон дунд, дээд шатны мэдлэгийг эзэмшсэн байгаа. Аливаа нэгэн ажилтан ажил, албан тушаалд томилогдсоны дараа мэргэжлээ дээшлүүлэхээр суралцаж болно. Миний хувьд тухайн албан тушаалд томилогдсоны дараа дахин эчнээгээр нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшсэн юм.

Хариуцагч бол намайг санхүүгийн мэргэжил эзэмшээгүй, мэргэжил нь таарахгүй гэж байгааг ойлгохгүй байна. Бизнесийн салбарын мэргэжил нь өөрөө санхүүгийн салбарын мэргэжилд хамааралтай, санхүүгийн мэдлэг эзэмшээгүй хүн бизнес хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Би хууль журмын дагуу төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтад оролцож, тэнцээд, нөөцөөс нэр дэвших замаар 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажилд томилогдсон ба 2 жил 9 сар төрийн сангийн төлөөлөгчийн ажлыг үр бүтээлтэй, чадвартай хийсэн байхад ажлаас гэнэт халагдсан. Тухайн үед намайг Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсан Т.М гэдэг хүн та бол төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа гэж үзэж, тус албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоол гаргаж өгсөн, уг тогтоол нь одоо хүртэл хуулийн хүчин төгөлдөр гэж ойлгож байна.

Түүнчлэн ажил олгогчоос миний 2014 онд хийсэн ажлыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дүгнэж А буюу 90 гэсэн үнэлгээ, 2015 онд хийсэн ажлыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дүгнэж А буюу 92,5 гэсэн үнэлгээгээр тус тус дүгнэсэн юм. Дээрх нөхцөл байдал нь төрийн жинхэнэ албан хаагч би мэргэжил, туршлага, дадлага, ур чадварын хувьд тухайн албан тушаалд тэнцэнэ гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл би эрхэлсэн албан тушаалд санхүү, тайлан тэнцлийн хувьд ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй юм. Нөгөө талаас Ц тосгоны захирагч Д.Е нь төрийн албан хаагч надтай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үр дүнгийн гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, гэрээг дүгнэх хугацаа нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д ...хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх, цалин хөлс олгохыг зогсооно... гэсэн заалтыг мөн буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1092 дугаар албан тоот нь иргэн Г.Жийн өргөдөлд хариу өгсөн, асуудлыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, зөвлөмжийн шинж чанартай албан тоот гэж үзэж байна.

Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол Баян-Өлгий аймгийн Нсумын Ц тосгоны захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгох, намайг захирагчийн ажлын албаны төрийн сангийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлст оногдох шимтгэлийг төлөхийг, нийгмийн даатгалын дэвтэрт энэ талаар бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай болно. Миний ажилгүй байсан хугацаа болох 5 сар 15 хоногт оногдох цалинг тооцоолоход 2.541.025 төгрөг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Ц тосгоны төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.А нь 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тосгоны захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчөөр томилогдсон байна. Энэхүү томилгоог хийхдээ Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Хуульд заасан уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэж иргэн Г.Жийн Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлын хариуд тус зөвлөлөөс шаардлага хангаагүй иргэний тухай 1092 тоот албан бичиг ирсэн болно.

Энэхүү албан бичигт иргэн Т.А нь Ц тосгоны төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна.

Үүнд, мэргэжлийн хувьд нягтлан бодох бүртгэл, мэргэшлийн хувьд санхүүгийн менежмент /эдийн засагч, санхүүч/, туршлагын хувьд төрийн сангийн төлөөлөгчийн ажил хийх дадлага, туршлагатай байх гэж заасан байна. Гэтэл Т.А нь мэргэжлийн хувьд 2009 онд Сэрүүлэг дээд сургуулийг бизнесийн менежмент мэргэжлээр төгссөн, туршлагын хувьд мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй ажлын туршлагагүй юм. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчсөн. Мөн энэхүү томилгоог хийхдээ Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд анх авах тухай заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т ...төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-т заасан ерөнхий болон 33.5-т заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ... гэж, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг.

Гэтэл Т.А нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад ороогүй, төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоог нөхөхөөр явуулсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтад орж төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн гэж аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга асан Т.М 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор Т.Аийн нэрийг Ц тосгоны төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд дэвшүүлсэн байдаг.

Дараа нь Ц тосгоны захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчийн сул орон тоо гарахад ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлахгүйгээр шууд ажилд томилсон байгаа.

Энэхүү 09 дүгээр тогтоол нь Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтад заасан ...төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 40 дэх хэсэгт удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно гэж заасныг зөрчиж, төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлгүй иргэний нэрийг дэвшүүлсэн байна.

Мөн Т.А нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын ажлын байранд тавигдах төрийн албанд 3 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх шаардлагыг хангаагүй мөртлөө тухайн сонгон шалгаруулалтад ашиг сонирхлын зөрчлөөр орж тэнцсэн нь энэхүү журмыг нь зөрчиж хууль бусаар сонгон шалгаруулалтад орсон гэдэг нь харагдаж байна. Учир нь Т.А төрийн албанд огт ажиллаж байгаагүй, ажлын туршлагагүй юм. Ямар нэгэн байдлаар төсвийн алдагдал гарвал үүнийг ажил олгогийн хувьд би давхар хариуцах үүрэгтэй. Ийм учраас эртхэн хууль ёсны хүнийг томилж ажиллуулахаар шийдэж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байгаа. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн томилогдсон үед төрийн сангийн төлөөлөгчийн сул орон тооны захиалгыг албан ёсоор өгөх болно.

Т.Аийг ажлаас чөлөөлсөн захирамжид төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангахгүй гэдэг үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримталсан. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг мэргэжил нь таарахгүй гэдэгт хамааралтай гэж үзэж баримталсан байгаа, албан тушаал бууруулж өөр ажилд шилжүүлэн томилоогүй.

Төрийн албаны зөвлөл буюу эрх бүхий байгууллагаас ирүүлсэн 1092 дугаартай зөвлөмжөөр бол Т.Аийг ажлаас чөлөөлөх талаар шаардсан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримталсан. Иймд эрх бүхий этгээдийн хувьд Б/40 дугаартай захирамжийг гаргасан бөгөөд энэхүү захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө түүнд энэ талаар урьдчилан мэдэгдээгүй гэж Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн мэтээр тайлбарлаж байна. Түүнийг ажлаас чөлөөлөхөөс 7 хоногийн өмнө албан ёсоор мэдэгдсэн болно гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд Монгол Улсын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээрээ 2007 онд амжилттай төгсөж, улмаар санхүүгийн чиглэлээр хувийн байгууллагад 5 жил ажилласан.

Төрийн албанд мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байсан тул Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орж тэнцэж, нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн болно Ц тосгоны төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд төрийн жинхэнэ албанд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан иргэнийг томилолгүйгээр, төрд огт ажиллаж байгаагүйгээс гадна өөр мэргэжилтэй хүнийг томилсон нь анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Ц тосгоны захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчөөр 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр томилогдсон Т.А нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр миний бие Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны дагуу уг байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1092 дугаартай албан бичигт мэргэжлийн бус хүн томилогдсон болохыг нотолсон хариу ирүүлсэн болно.

Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн энэхүү албан бичгийн дагуу мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн, санхүүч мэргэжилтэй хүн буюу хуульд заасан шаардлагыг хангасан намайг томилсон гэж үзэж байна. Иргэн Т.А нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж томилогдсон тул хуульд заасан шаардлагыг хангасан намайг уг ажилд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна. Үүнээс гадна Т.А нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад ороогүй гэдэг нь тогтоогдсон. 2014 онд Т.А тухайн албан тушаалд томилогдоход миний бие ажилгүй байсан юм. Төрийн сангийн төлөөлөгчийн сул орон тоо гарсан талаар эрх бүхий этгээд нийтэд зарласан бол миний бие төрийн албаны сонгон шалгаруулалтад орох боломжтой байсан юм. Харин төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орсон хүнийг тухайн албан тушаалд томилсон нь хууль бус болох талаар хариуцагч тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Ц тосгоны захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/40 тоот захирамж хууль бус захиргааны акт байна. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт нэгэнт ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд тухайн эрхийн актад баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчилтэй тохирч байх ёстой гэж заасан байгаа. Мөн энэхүү захирамжид Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримталсан ба миний хувьд нэхэмжлэгчТ.А нь тухайн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан гэж үзнэ. Учир нь ял шийтгэлгүй, дээд боловсролтой, 2 дээд сургууль төгссөн, Ц тосгоны захирагчийн албанд 2 жил 9 сарын хугацаанд төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж ирсэн ба энэ хугацаанд үр дүнгийн гэрээг хангалттай биелүүлж ирсэн байгаа. Ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан ерөнхий шаардлагыг бүрэн хангаж байгаа юм.

Хариуцагч бол тусгай шаардлагыг хангаагүй гэж маргаж байна. Тусгай шаардлагын талаарх асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар зохицуулах ёстой гэдгийг хэлье. Мөн ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг баримталсан ба энэ нь хуулийг буруу хэрэглэсэн явдал гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна гэж зохицуулсан байгаа, 23.1.2-т үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин нь төрийн тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангахгүй болсон гэж заажээ. Энэ тохиолдолд албан тушаал бууруулах ёстой. Үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин нь төрийн тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангахгүй болсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон байх ёстой.

Ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Дараа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг захирамжид баримталсан ба хуулийн энэ заалтад хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэж заасан байгаа. Гэтэл ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлээгүй бүрмөсөн ажлаас халсан. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийг мөн буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн захирамжид Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 1092 тоот шаардлагыг баримталсан гэж байгаа, энэ нь шаардлага биш зөвлөмж юм. Энэ зөвлөмж өөрөө гуравдагч этгээд Г.Жийн өргөдлийг үндэслэн гаргасан эрхийн акт байна.

Энэхүү зөвлөмжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, түүний санал, тайлбарыг авах ёстой боловч энэ талаар ямар нэгэн ажиллагаа явуулалгүйгээр Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэдгийг хэлье. Энэ нь зөвхөн Г.Жийн төлөө өгсөн зөвлөмж юм. Нэхэмжлэгч Т.Аийн материалыг Төрийн албаны зөвлөл шалгаагүй. Мөн Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гардаг болохоос албан шаардлага гэдгийг гаргахгүй.

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд зааснаар бол ажилтныг ажлаас чөлөөлөхдөө түүнд мэдэгдэх, сонсгох, тайлбар гаргуулах зэрэг үйл ажиллагааг хийгээгүй байна. Дараагийн асуудал бол аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны нэр дэвшүүлэх тогтоолыг гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны явцад судлуулсан байгаа. Т.Аийг нөөцөөс нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэр дэвшүүлэх тогтоол гаргасан ба энэ тогтоол өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Иргэн С.М тус тосгоны захирагчаар ажиллаж байсан үед сул орон тооны талаар захиалга ирүүлсэн байгаа, нэхэмжлэгч бол Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-т зааснаар маргаан бүхий орон тоонд хууль ёсоор томилогдсон байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэгээд ажил олгогч нэхэмжлэгчтэй 2014, 2015, 2016 онуудад үр дүнгийн гэрээ хийгээд ажлын байрны тодорхойлолтуудыг баталсан байна.

Нэр дэвшүүлсэн тогтоолын талаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсан Т.Мд холбогдуулан гуравдагч этгээд гомдол гаргасан боловч шүүхээс авч хэлэлцээгүй болохыг бүгд мэдэж байгаа.

Мөн хариуцагчаас Т.Аийг ажлаас чөлөөлсөн боловч сул орон тооны талаар захиалга өгөөгүй байгаа, Төрийн албаны салбар зөвлөлөөс Г.Жийн нэрийг дэвшүүлсэн тогтоол гаргаагүй. Салбар зөвлөл нь одоогоор эрх зүйн чадамжгүй байгаа нь үнэн, гэхдээ ажил олгогчоос сул орон тооны талаар захиалга ирүүлсэн байх ёстой. Энэ талаар Төрийн албаны зөвлөлд явуулсан ч болно. Төрийн албаны зөвлөл бол байнгын тасралтгүй ажиллаж байгаа төрийн албаны төв байгуулага юм.

Миний үйлчлүүлэгч бол тухайн үед салбар зөвлөлд гомдлоо гаргасан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга өнөөдөр хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Гомдол гаргасан бүх иргэнд салбар зөвлөлийн дамжуулагчийн байр сууриас хандаж иргэдийн гомдлын хариуг өгч байгаа. Нэхэмжлэгч бол энэхүү маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд өргөдөл гаргасан. Тэгээд аймгийн Засаг даргын Тамгын газрын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02 тоотоор хариу өгсөн байгаа. Дараа нь бид 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг баримтыг хавсаргаж өгсөн. Үүнийг гаргаагүй гэж үзвэл 6 сарын хугацаанд шалгуулах боломжтой байсан боловч гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар шалгуулаагүй байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч бол дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй гэж маргаж байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргад бид гомдол гаргасан, аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1-01/2130 тоот албан бичгээр доод шатны Засаг дарга буюу тосгоны захирагчид Т.Аийг ажилд эгүүлэн тогтоож, ажиллуулах үүрэг өгсөн байгаа.

Нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын дэвтэрт эрүүл мэндийн шимтгэлийн бичилт хийхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол маргаан бүхий Б/40 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Ц тосгоны захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоох, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлст оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Наас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгч бол 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан гэж хэрэгт түүний гаргасан гэх гомдол байгаа. Гэтэл тухайн гомдлыг гаргасан эсэх нь тодорхой бус, зүгээр нэг иргэний бичсэн зүйл байгаа ба үүнийг хүлээж авсан, бүртгэсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагад ирсэн өргөдөл, гомдлыг хүлээж авах хяналтын карт гэсэн баримт бичиг байдаг. Тухайн хяналтын картад өргөдөл, гомдол гаргасан иргэнд таны гомдлыг хүлээж авлаа, тийм албан тушаалтанд шилжүүлсэн, тийм хугацаанд хариуг өгнө гэсэн журмыг зохицуулсан юм. Гэвч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй учраас гомдол гаргасан эсэх нь тодорхой бус гэж үзэж байна. Тухайн үед Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл эрх зүйн чадваргүй байсан ба салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хэвээр ажиллаж байсан. Үнэхээр тухайн байгууллагад гомдол гаргасан бол салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга албан бичгээр хариу өгөх боломжтой байсан гэдгийг хэлмээр байна. Салбар зөвлөлд гомдол гаргаагүй болох нь тогтоогдож байгаа. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гараагүй боловч шүүхэд хандах үүднээс ямар нэгэн байдлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тээс хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлж авна уу гэсэн албан тоотоор хариу хүргүүлсэн мэтээр ирсэн албан бичиг бол хууль бус гэж үзэж байгаа, үүгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэхгүй, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хангагдаагүй байхад шүүхээс хэрэг үүсгэн шалгасан гэж бид үзэж байгаа юм. Учир нь нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан гэх боловч мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу 10 хоногийн дараа шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь өөрөө эргэлзээтэй, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй байхад шүүхээс хэрэг үүсгэн шалгасан нь ноцтой асуудал гэж хувьдаа дүгнэж байна. Ийм учраас үүнийг шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

Дараагийн үндэслэл бол хариуцагч тухайн үед нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, түүнийг цаашид ажиллуулахгүй гэж үзсэн шалтгаан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо гэдэг хүний албан бичиг буюу зөвлөмжийн дагуу нэхэмжлэгч Т.А маргаан бүхий ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдсон ба уг албан бичгээр төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй хүнийг ажиллуулахгүй байх талаар шаардлага хүргүүлсэн болно. Албан бичигт дурьдагдсан зүйлийг эрх бүхий албан тушаалтны удирдлага доор ажиллаж байгаа албан тушаалтнууд заавал биелүүлэх үүрэгтэй байна. Тухайн үүргээ биелүүлээгүй бол өөрт нь хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авах эрх дээд шатны байгууллага албан тушаалтанд олгогдсон юм. Тийм учраас ажил олгогч ажилтан Т.Аийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн Т.А нь анхнаасаа хууль бусаар төрийн албанд томилогдон ажиллаж эхэлсэн гэж бид үзэж байна. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Нэр дэвшүүлэх тухай 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардлага тавьсан боловч шүүхээс хангаагүй. Гэвч уг тогтоол нь илт хууль бус захиргааны акт байсан учраас шүүхээс хүчингүй болгуулахаас гадна биелэлтийг түр түдгэлзүүлэх эрх нь эрх бүхий албан тушаалтанд байгаа бөгөөд тухайн тогтоол нь одоо хүчин төгөлдөр байгаа боловч илт хууль бус болох нь тогтоогдсон байгаа. Үүнийг илт хууль бус гэж үзэж байгаа үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй хүний нэрийг салбар зөвлөлөөс дэвшүүлж хууль зөрчсөн.

Хэрэгт авагдсан салбар зөвлөлийн даргын тогтоол, мэргэжлийн индекс, нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар бол уг тогтоол хууль бус гэдэг нь хангалттай нотлогдож байна. Маргаан бүхий орон тоонд тухайн албан тушаалтан өөрөө ажиллах талаар хүсэлт гаргаагүй байхад Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл өөрөө санаачилан бусдад давуу байдал олгож, Т.Аийг томилсон. Өөрөөр хэлбэл 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр сул орон тооны талаар захиалга ирүүлсэн өдөрт нь салбар зөвлөлөөс Т.Аийн нэрийг шууд дэвшүүлсэн, нийтэд зарлаагүй, хууль журмыг ноцтой зөрчсөн байгаа. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.1 дэх заалтад Төв комисс нь сул орон тооны захиалгыг мэргэжилтэй холбоотой шалгалт эхлэхээс 21 доошгүй хоногийн өмнө Төрийн албаны зөвлөлийн цахим хаягаар нийтэд мэдээлнэ гэж тодорхой хуульчилж өгсөн юм. Гэтэл үүнийг тогтоосон журмын дагуу мэдэгдэлгүйгээр энэ журмын 3.1-д заасныг ноцтой зөрчсөн.

Нөгөөтэйгүүр мэргэжил нь таарахгүй, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэнийг төрийн албанд томилж, хуулийг ноцтой зөрчиж байна. Маргаан бүхий орон тоо дэс түшмэлийн ангилалд хамаарах бөгөөд уг албан тушаалд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлагыг тавьсан байгаа. Гэвч төрийн албанд нэг ч өдөр ажиллаж байгаагүй хүнийг төрийн захиргааны дэс түшмэлийн ангилалд томилуулахаар нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн тогтоол илт хууль бус болох нь давхар тогтоогдож байна. Илт хууль бус захиргааны актыг заавал биелүүлэх, үүгээр албан тушаалтныг томилон ажиллуулах ойлголт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч бол нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг явуулаагүй гэж маргаж байгаа боловч тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан төрийн албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн хууль бол Захиргааны ерөнхий хууль юм. Түүнээс биш хууль зөрчин томилогдож, хууль бусаар ажиллаж байгаа иргэнд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй бөгөөд тухайн иргэн нь төрийн албан хаагчийн эрх ашиг сонирхлыг эдлэх ёсгүй юм. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд тухайн хууль ямар этгээдэд үйлчлэхийг, ямар хүн шүүхэд нэхэмжлэл гаргах асуудлыг зохицуулсан байгаа. Иймд хууль ёсны дагуу томилогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэдийн дотроос хамгийн илүү шаардлагыг хангаж томилогдоогүй хүний эрх ашиг сонирхол нь хөндөгдөнө гэж ярих нь өөрөө илүүц гэж үзэж байна.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу би төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч энэ журмын 40 дүгээр зүйлд удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно гэжээ. Тэгвэл Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын орон тоонд өрсөлдөж тухайн албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн иргэд сумын Засаг даргын Тамгын даргын сул орон тоонд нэр дэвших эрхийг олгосон болохоос өөр албан тушаалд томилогдоход дахин сонгон шалгаруулалтад орох талаар дээрх журамд тодорхой заасан байгаа. Мөн энэхүү журмын 41 дүгээр зүйлд Энэ журамд заасан сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан төрийн албаны мэргэжлийн шалгалт өгсөнд тооцно гэж заасан ба нөөцөд бүртгэх асуудлыг тусдаа журмаар зохицуулна.

Төрийн жинхэнэ албанд анх орох иргэнийг бүртгэх журам байгаа, энэ журмын нөөц бүрдүүлэх, нөөцийн бүрэлдэхүүний хэсгийг маш тодорхой заасан байгаа. Төрийн удирдах албан тушаалтны нөөц болон төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц нь хоорондоо ялгаатай байна. Мөн нэхэмжлэгч Т.А нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй болох нь тогтоогдохгүй байгаа. Харин төрийн удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх эсэх асуудлыг төрийн албаны төв комисс шийддэг. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан төрийн албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журмын 8.3 дахь хэсэгт Төв комисс мэргэшлийн шалгалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгүүлэх, өрсөлдсөн албан тушаалдаа хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн ажлын байранд нэр дэвшүүлэх тухай саналыг салбар комисс материал хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд гаргана гэж заасан, үүнээс үзэхэд төрийн албаны нөөцөд бүртгэх асуудлыг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх ёстой байна. Гэвч Т.Аийн нэрийг төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэсэн эсэх нь тогтоогдохгүй байгаа.

Салбар зөвлөлийн Т.Аийн нэрийг дэвшүүлсэн тогтоол нь нэгэнт илт хууль бус болох нь тогтоогдсон учраас заавал тухайн тогтоолыг баримтлахгүйгээр түүнийг ажлаас нь чөлөөлөх эрхийн үндэслэл байгаа. Хамгийн гол нотлох баримт нь нэхэмжлэгч мэргэжлийн хувьд маргаан бүхий орон тоонд тэнцэхгүй байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн албан бичиг зөвлөмж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Саас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгч бол 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эрх нь зөрчигдсөн гэж үзээд энэхүү захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан асуудал байгаа. Тухайн эрхийн актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө мэдээж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн байх ёстой. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 92, 93, 94 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн ба дээд шатны байгууллагад хандах ёстой байсан гэдгийг хэлмээр байна. Гэтэл нэхэмжлэгч энэхүү урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулсан нь эргэлзээтэй байна. Тодруулж хэлэхэд, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх гэсэн заалт байгаа. 39.1-д Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдон гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөр өөр заагаагүй бол төрийн албаны байгууллага хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Үүнээс харахад төрийн албаны маргааныг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэхээр байна. Мөн зүйлийн 17 дугаар зүйлийн 17.2, 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг маргаан бүхий захиргааны актад баримталсан учраас энэхүү маргааныг Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Гэвч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Т гэгч албан тушаалтан уг маргааныг урьдчилан шийдвэрлэж бичгээр хариу өгч байгааг бид нар ойлгохгүй байна.

Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл бол Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж буюу албан бичиг юм. Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ажил, албан тушаалаас чөлөөлөхийг шаардах, эрх түдгэлзүүлэх эрхийн акт биш гэдэг талаас маргаж байгаа ба тухайн үед нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн тогтоол нь одоо хүчин төгөлдөр байгаа учраас энэ талаар тайлбар хэлэх нь үндэслэлгүй гэж байгаа. Миний хувьд бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэсэн, энэ хэрэгт гуравдагч этгээдийг татан оролцуулсан учраас энэ талаар бид тайлбар хийх эрхтэй гэж ойлгож байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д төрийн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж зохицуулсан боловч тухайн үед ажил олгогчийн зүгээс энэхүү ажиллагааг явуулах боломжгүй гэж үзээд, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 30 гэдэг албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлд захиалга өгсөн, бид нарын маргаж байгаа зүйл эндээс үүссэн.

Хэдийгээр сул орон тооны талаар Төрийн албаны зөвлөлд захиалга хүргүүлсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй байсан юм. Гэтэл захиалга ирсэн өдөр салбар зөвлөлөөс хуралдаан хийсэн болоод нэр дэвшүүлэх тогтоол гаргаж байгаа нь өөрөө асуудал дагуулж байгаа учраас үүнд маргаж байна.

Дараагийн үндэслэл бол Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй байдаг.

Т.А нь дээрх шаардлагыг хангасан уу гэдэгт давхар маргаж байгаа. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дээд боловсролын дипломоос үзэхэд 2005-2009 онд Сэрүүлэг дээд сургуулийг бизнесийн менежмент мэргэжлээр төгссөн, үүнийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, мөн мэргэжлийн индекс гэсэн хэсэгт ********** гэж заасан энэхүү индексээр маргаан бүхий албан тушаалын ажлын байрны шаардлагад тавигдсан мэргэжлийг хангаж байгаа юу гэдгийг мэдэхийн тулд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 235 тоот тушаалын 3 дугаар хавсралтыг бид нар харах ёстой. Үүнд бол бизнесийн менежмент мэргэжил болон нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилд ямар индекс хамаарах вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байна.

Иймээс бид нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзнэ. Мөн хариуцагч бол нэхэмжлэгч анхнаасаа хууль бусаар томилогдсон учраас сул орон тоог нийтэд зарлах ёстой, тэр хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр өөр хүн томилон ажиллуулж байгаа гэж тайлбарлаж байгаа. Уг тайлбараас үзэхэд нэхэмжлэгч анхнаасаа буруу томилогдсон нь тогтоогдсон. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдал бол Төрийн албаны тухай хууль болон энэ хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудаар зохицуулагддаг. Төрийн жинхэнэ албан тушаалтныг шалгаруулж авах, нэр дэвшүүлэх тогтоол гаргах эрх Төрийн албаны зөвлөлд байдаг.Төрийн эрх бүхий байгууллага гэж Төрийн албаны зөвлөлийг үзэх үндэслэлтэй ба төрийн эрх бүхий байгууллага тухайн орон тоонд ажиллаж байгаа хүнийг буруу ажиллаж ирсэн байна гэдэг зөвлөмжийг ирүүлсэн байгаа. Хариуцагч бол төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхээр байна. Тийм учраас нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа ба түүний нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

ؿ , нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Нсумын Ц тосгоны захирагчид холбогдуулан гаргасан Ц тосгоны захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/40 дугаартай захирамжийг хүчингүй болгох, Т.Аийг тус тосгоны захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг цалинд оногдох шимтгэлийг нөхөн төлж, энэ талаар нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт

Нэхэмжлэгч Т.А нь Нсумын Ц тосгоны захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчийн албанд тушаалд томилох эрх бүхий этгээдийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/12 дугаартай захирамжаар[1] томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/40 дугаартай захирамжаар[2] ажлаас чөлөөлөгджээ.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасан ...захирагчийн ажлын албаны ажилтныг томилж, чөлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд Ц тосгоны захирагчаас маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Т.Аийг ажлаас чөлөөлөхдөө төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилагаар албан тушаал бууруулах үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийгтүдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоох тухай заалтыг тус тус баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь уг шийдвэрээр нэхэмжлэгч Т.Аийг төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалаас чөлөөлж, албан тушаал бууруулах замаар өөр ажилд томилоогүй, хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 1092 дугаартай албан бичгийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримталсан гэх боловч уг албан бичиг нь иргэн Г.Жийн /гуравдагч этгээд/ гаргасан гомдлын хариу байх ба үүгээр эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгч Т.Аийг Ц тосгоны захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаал эрхлэхийг түдгэлүүлэхийг шаардсан гэж үзэхгүйгээс гадна албан тушаалаас иргэнийг чөлөөлөх нь түүний албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж байгаа тохиолдол биш юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлсөн захирамжид Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримталсан байх ба үүнд төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд төрийн албаны энэхүү маргаан нь нэхэмжлэгч маргаан бүхий албан тушаалд тавих ерөнхий шаардлага болох мэргэжлийн шаардлагыг хангах эсэхтэй холбоотой байна.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтын агуулгаас үзэхэд ажлын байрны тодорхойлолтоор тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоодог байх ба ажлын байрны тодорхойлолт боловсруулах ажлын зорилго ньТөрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дугаартай тогтоолоор батлагдсан Ажлын байрны тодорхойлолт боловсруулах заавар-ын 3-т тусгагдснаар мэдлэг боловсрол, мэргэжил, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагын хувьд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд ...заасан шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадавхитай ажилтныг шилж сонгоход оршидог байна.

Эрх бүхий этгээдээс Ц тосгоны захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтыг тухайлбал 2013-2016 онд тус тус жил бүр баталсан байх ба Т.А нь маргаан бүхий албан тушаалд томилогдохоос өмнө батлагдсан 2013 оны ажлын байрны тодорхойлолтод[3] тус ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагад хамаарах мэргэжлийн шаардлага нь ня-бо, эдийн засагч гэж, түүнийг ажилд томилсон 2014 онд батлагдсан ажлын байрны тодорхойлолтод[4]санхүүгийн менежмент мэргэшилтэй байхаар, мөн 2015 онд батлагдсан ажлын байрны тодорхойлолтод[5] нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй, санхүүгийн менежментийн мэргэшилтэй иргэн ажиллахаар, харин Т.Аийг ажлаас чөлөөлөхөөс өмнө 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан ажлын байрны тодорхойлолтод[6] мэргэжлийн шаардлагыг мөн санхүүгийн менежментийн мэргэшилтэй, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй байхаар тус тус баталжээ.

Дээрх ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд маргаан бүхий ажлын байранд санхүүгийн менежмент-ийн мэргэшилтэй, нягтлан бодох бүртгэл-ийн мэргэжилтэй иргэн ажиллах эрхтэй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Т.Аийн хувьд 2009 онд Сэрүүлэг дээд сургуулийг санхүүгийн менежмент-ийн мэргэшлээр бизнесийн менежмент-ийн мэргэжлээр, 2015 онд мөн сургуулийг нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн менежмент-ийн мэргэжлээр тус тус төгссөн нь *********, **********дугаартай бакалаврын дипломын баталгаат хуулбараар[7] тогтоогдсон байна.

Мэргэжлийн хувьд Т.Аийн төгссөн /******мэргэжлийн индекстэй/ бизнесийн менежментийн мэргэжил болон ажлын байрны тодорхойлолтод заасан /********мэргэжлийн индекстэй/ нягтлан бодох бүртгэлийн мэргэжил нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 181 дугаартай Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтад зааснаар ********мэргэжлийн индекс бүхий бизнес, менежментийн ухааны мэргэжлийн нэг чиглэлд хамаардаг байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Т.А нь 2015 онд нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн менежментийн мэргэжлээр дахин суралцаж төгссөн, ажлын байрны тодорхойлолтод заасан санхүүгийн менежментийн мэргэшилтэй байх шаардлагыг хангасан байхад түүнийг маргаан бүхий ажлын байранд тавигдсан нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй, санхүүгийн менежментийн мэргэшилтэй байх шаардлагыг хангахгүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн хариуцагчийн маргааныг үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасантай нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Ц тосгоны захирагч нь ажлын байрны тодорхойлолт батлах эрх бүхий этгээдийн хувьд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчөөр санхүүгийн менежментийн мэргэшилтэй, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй иргэн ажиллах эрхтэйгээр ажлын байрны тодорхойлолтыг дахин баталж, мөн өдөр нэхэмжлэгчтэй 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулсан мөртлөө үр дүнгийг гэрээг дүгнэхээс өмнө дээрх байдлаар нэхэмжлэгч маргаан бүхий ажлын байрны мэргэжлийн шаардлагыг хангасан байхад ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй талаарх хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзлээ.

Түүнчлэн төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллах ажлын туршлагагүй хүнийг анх томилсон гэж түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөх үед нэхэмжлэгч уг ажлын байранд 2 жил 9 сарын хугацаагаар ажилласан байх тул хариуцагчийн энэхүү тайлбар нь мөн үндэслэлгүй байна.

Түүнчлэн өмнөх хугацаанд тухайлбал нэхэмжлэгч маргаан бүхий албан тушаалд томилогдон ажилласан 2014, 2015 онуудад ажил олгогчоос түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд А буюу маш сайн үнэлгээ авсан байх ба нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн менежмент мэргэжилтэйн хувьд Т.А ажилласнаар уг ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлж чадаагүй үндэслэл тогтоогдоогүй байна.

Дээрх байдлаар хариуцагчаас нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг хууль бусаар зөрчиж, түүнийг маргаан бүхий албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байх тул Ц тосгоны захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/40 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Т.Аийг урьд эрхэлж байсан тус захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт:

Хариуцагчаас нэхэмжлэгч Т.А нь маргаан бүхий албан тушаалд анхнаасаа хууль бусаар томилогдсон, энэхүү томилгоог хийхдээ Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчсөн, Т.А нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад ороогүй, төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлгүй, нэхэмжлэгчийг Ц тосгоны төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд томилуулахаар салбар зөвлөлөөс анх нэр дэвшүүлсэн нь хууль бус. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтад заасан ...төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно... гэж заасныг зөрчсөн. Мөн Т.А нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байранд тавигдах төрийн албанд 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх гэснийг хангаагүй мөртлөө тухайн сонгон шалгаруулалтад ашиг сонирхлын зөрчлөөр орж тэнцсэн нь энэхүү журмыг зөрчиж хууль бус сонгон шалгаруулалтад орсон гэж маргасан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Ц тосгоны төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байрны сул орон тоо гарснаар томилох эрх бүхий этгээдээс 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр[8] Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж, тус ажлын байрыг нийтэд зарлаж нөөцөөс[9] нөхөхийг хүсэж, захиалга ирүүлжээ. Төрийн жинхэнэ албаны сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас ...сонгон шалгаруулах замаар нөхөх бөгөөд эдгээр албан хаагчдаас нөхөх боломжгүй тохиолдолд энэ хуулийн 17.4-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авахаар тус тус заасан.

Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь томилох эрх бүхий этгээдээс ирүүлсэн захиалгыг үндэслэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй нэхэмжлэгч Т.Аийг түүний хүсэлтээр маргаан бүхий албан тушаалд томилуулахаар 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай тогтоолоор[10] нэрийг дэвшүүлснээр томилох эрх бүхий этгээдээс мөн оны 02 дугаар сарын 27-ны өдөр уг албан тушаалд томилсон байна.

Нэхэмжлэгч Т.А өмнө нь Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу явагдсан Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцснээр салбар зөвлөлийн 2013 оны 36 дугаар тогтоолоор[11]түүнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэжээ. Уг журмын 41 дүгээр зүйлд удирдах албан тушаалтны шалгалтад тэнцсэн төрийн жинхэнэ албанд анх орох иргэнийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгснөөр тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Т.Аийг Төрийн албаны тухай хуулийн 17.3-т заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, төрийн жинхэнэ албанд тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгчийг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байранд тавигдах туршлагын шаардлагыг хангаагүй байхад тус ажлын байрны сонгон шалгаруулалтад орсон нь хууль бус гэх хариуцагчийн маргаан нь өөр ажлын байр болох Ц тосгоны төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байранд хамааралгүй болно.

Мөн журмын[12] 40-д заасан ...удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орох тухай зохицуулалт нь нэхэмжлэгч Т.Аийн хувьд өмнө нь өрсөлдсөн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрнаас өөр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоонд ажиллах тохиолдолд хамааралтай байна.

Нэхэмжлэгч Т.А нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэйн хувьд маргаан бүхий албан тушаалд анх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нөөцөөс нэр дэвшиж томилогдон ажилласан байх тул ажил олгогч болон салбар зөвлөлөөс уг орон тоог нийтэд зарлах ажиллагаа явуулаагүйд нэхэмжлэгч буруугүй гэж үзлээ.

Хариуцагч болон гуравдагч этгээдээс дээрх үндэслэлээр маргаснаар шүүхээс уг асуудалд дүгнэлт хийсэн бөгөөд энэхүү үндэслэл нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл биш байгаагаас гадна нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн энэхүү маргаан нь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 09 дүгээр тогтоолыг үндэслэж нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилохыг даалгах тухай маргаан биш болохыг дурьдах нь зүйтэй.

Гуравдугаарт

Шүүхээс нэхэмжлэгч Т.Аийг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлсөн захиргааны актыг хүчингүй болгож, түүнийгЦ тосгоны захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан түүнд ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс энэхүү маргааныг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдрийг оролцуулж, 5 сар 13 хоногт Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасан төрийн захиргааны албан хаагчийн хувьд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3143885 /гурван сая нэг зуун дөчин гурван мянга найман зуун наян таван/ төгрөгийг Ц тосгоны захирагчийн албаны төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад, уг шаардлагын хүрээнд ...ажилгүй байсан хугацааны олговорт оногдох шимтгэлийг тооцож төлөх шаардлага байгааг мэдэгдэж, энэ талаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмж гаргасан тул ажилгүй байсан хугацааны олговор 3143885 төгрөгт оногдох шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан журмаар тооцож, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар төлөхийг, мөн нийгмийн даатгалын дэвтэрт энэ талаарх бичилт хийхийг тус тус ажил олгогчид даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг Монгол улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор зааснаар хэрэгт авагдсан цалингийн талаарх нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин 509949 төгрөг, статистик мэдээллийг гаргах ажлыг гүйцэтгэсний 10 хувийн нэмэгдэл 50995 төгрөгөөр тооцоолж шийдвэрлэсэн болно.

Дөрөвдүгээрт

Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд гомдол гаргах замаар маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй гэх маргааны хувьд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан маргааныг 39.1-д зааснаар төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

Маргаан бүхий захиргааны актад хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг баримталсан боловч энэхүү маргаан нь төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсантай холбоотой маргаан биш юм. Харин мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримталсан байх ба энэ нь 17 дугаар зүйлийн 17.2-т заасан үндэслэлд хамаарахаар байна.

Төрийн албаны тухай хуулийн 39.4-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана гэж заасан.

Нэхэмжлэгч Т.А нь түүнийг төрийн жинхэнэ албан тушаалаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр чөлөөлсөн Ц тосгоны захирагчийн 2016 оны Б/40 дугаартай захирамжтай холбогдуулж аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан гомдлын нэг хувь болон гомдлын хариу бүхий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Тий 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3-02/2148 дугаартай албан бичгийг нэхэмжлэлийн хамтаар шүүхэд ирүүлсэн.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч салбар зөвлөлд гомдол гаргасан нь эргэлзээтэй, гомдлыг бүртгэсэн талаарх болон бүртгэл хяналтын карт зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй гэх боловч нэхэмжлэгч Т.Ат хаяглагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дээрх албан бичгийн агуулгаас нь нэхэмжлэгч салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан нь нотлогдсон.

Уг албан бичгээр нэхэмжлэгчийн салбар зөвлөлд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүйг дурьдаж, хуулийн байгууллагад хандахыг зөвлөснөөр нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл, хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 105 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийнбүрэлдэхүүний нийтлэг жишгийг батлах тухай журамд зааснаар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга байх бөгөөд Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс салбар зөвлөлийн албан бичгээр биш Засаг даргын Тамгын газрын албан бичгээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг салбар зөвлөл хянан шийдвэрлэх боломжгүй тухай хариуг нэн даруй өгсөн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан маргаантай холбогдуулж, 39.4-т заасан гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад хуульд заасан хугацаанд гомдлоо гаргах үүргээ биелүүлсэн байх ба эрх бүхий этгээдээс гомдлын дагуу явуулах хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэгчид хамааралгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн салбар зөвлөлд гаргасан гомдлыг шийдвэрлээгүй байх ба энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан үндэслэлээр 14.1-д заасан хугацаанд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

Нэхэмжлэгч гомдлоо Төрийн албаны зөвлөлд гаргаагүй гэх асуудлын хувьд төрийн албаны энэхүү маргаан нь нэхэмжлэгч төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангах эсэхтэй холбоотой бөгөөд энэ үндэслэлээр гуравдагч этгээд Г.Жийн тус байгууллагад гаргасан өргөдөлд Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 1092 дугаартай албан бичгээр хариу өгсөн байх тул дахин мөн үндэслэлээр нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах шаардлагатай байсан гэж шүүх үзээгүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д зааснаар салбар зөвлөлд гомдол гаргах замаар маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх асуудлаар нэхэмжлэгч өөрөөсөө шалгаалах ажиллагааг хийсэн байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын маргааныг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.4, 106.3.7,106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Аийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Нсумын Ц тосгоны захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/40 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Т.Аийг Ц тосгоны захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3143885 /гурван сая нэг зуун дөчин гурван мянга найман зуун наян таван/ төгрөгийг Ц тосгоны захирагчийн албаны төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, 3143885 төгрөгийн цалингийн нөхөн олговорт оногдох шимтгэлийг тооцож төлж, энэ талаар нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ц тосгоны захирагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээрзүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 9 дүгээр хуудас

[2] Хэргийн 41 дүгээр хуудас

[3] Хэргийн 95-97 дугаар хуудас

[4] Хэргийн 98-100 дугаар хуудас

[5] Хэргийн 85-86 дугаар хуудас

[6] Хэргийн 21-22 дугаар хуудас

[7] Хэргийн 31-36 дугаар хуудас

[8] Хэргийн 153 дугаар хуудас

[9] Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц

[10] Хэргийн 8 дугаар хуудас

[11] Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 09 дугаартай тогтоол, хэргийн 74-76 дугаар хуудас

[12] Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам