Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0382

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0260 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Э.М нарын давж заалдах гомдлоор, Б.М-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0260 дугаар шийдвэрээр: “2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Б.М-ийг ажилд томилох тухай” дугаар Б/173 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.М-ийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Б.М-эд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 13,523,372 (арван гурван сая таван зуун хорин гурван мянга гурван зуун далан хоёр) төгрөгийг олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, мөн Б.М-ийн суралцах хугацааны буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлөхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Э.М нарын давж заалдах гомдолдоо: “...Гадаадад мэргэжил дээшлүүлсэн бол заавал төрийн албаны тухай хуулийн зүйл заалт хамааралгүйгээр өмнө гүйцэтгэж байсан ажил албан тушаал дээрээ ажиллах эрхтэй, ажиллуулах нь байгууллагын үүрэг гэж үзэж байгаа нь хуулиас дээгүүр хувийн ашиг сонирхлыг тавьсан учир дутагдалтай шийдвэр болсон. Байгууллагын хувьд Мөнгөнсүхтэй “Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулсан № ЧД15/59 тоот” гэрээний 1.3-т ”...Олон нийтийн бодлого боловсруулалт мэргэжлээр 2 жил суралцан, тогтоосон хугацаандаа амжилттай төгсөж ирээд Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын Газарт 2-оос дээш жил ажиллах болзлын дагуу тус гэрээг байгуулж байна. Гэрээний хоёрдугаар зүйлд байгууллагын хүлээх үүргийг зааж, 2.2-т “Суралцагчийг заасан хугацаанд сургуулиа амжилттай дүүргэн, эх орондоо ирэхэд нь тус гэрээг байгуулсан байгууллага нь ажилд аван 2 буюу түүнээс дээш ажиллуулна’’ гэж үүрэг хүлээсэн байна. Түүнээс Мөнгөнсүхийн ажлын байрыг хадгалж, хуучин ажил албан тушаалд нь эгүүлэн ажиллуулах үүрэг хүлээгээгүй байна. ...сургуулиа төгсөж ирээд гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний 3.6-д заасан “Суралцагч нь сургуулиа төгсөж ирээд хэрхэн ажиллаж сурч мэдсэн зүйлээ ажилдаа хэрхэн нэвтрүүлж, ямар үр дүнд хүрсэн тухай мэдээллийг байгууллагадаа мэдэгдэнэ” гэх заалтыг биелүүлээгүй.

....төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчим гэсэн дүгнэлт нь нэгийг нөгөөгөөр нь үгүйсгэн шийдсэн учир дутагдалтай шийдвэр болсон. Энэ нь шүүх санаачилгаараа гуравдагч этгээдээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Н-ыг татсан боловч, гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироон шийдэж, Нямбатыг хэрхэх нь тодорхойгүй байдлаар шийдвэрээ гаргасан бөгөөд төрийн албанд төрийн албаны нэгжээс нь эхлэн дэвших зарчмаар ажилласан мэргэжилтнээс илүү гадаадад боловсрол эзэмшсэн хүн төрийн албанд ажиллах нь зүйд нийцэх талаар дүгнэж шийдсэн нь Монгол улсын төрийн албаны мөн чанарыг гажуудуулж шийдвэрлэсэн төдийгүй энгийн логикоор бодож үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь гадаад боловсролыг тахин шүтсэн, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дунд нь орж мэдэрсэн мэргэжилтнийг ялгаварлан гадуурхсан шийдвэр болсон гэж үзэж байна.

...Хариуцагчийн хувьд шүүхээс Б.М-ийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийн хувьд бол маргах зүйлгүй.

...Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын орон тоог Мөнгөнсүхийг сургуулиа төгсөж иртэл хадгалсаар байх нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т “ард түмэнд үйлчлэх” 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх" зарчим алдагдахад хүрэх байсан.

Тиймээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргыг тус дүүрэгт хороо буюу анхан шатны нэгж байгууллагаас эхлэн ажилласан Нямбат гэгчийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулахаас эхлэн шат дараалан хууль ёсны дагуу ажиллуулж, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмыг баримталж ажилласан гэж үзэж байна. Гэтэл шүүгч гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан Н-ыг хуулийн дагуу тус албан тушаалд томилогдсон болохыг тогтоох, Н-ын эрх ашиг хэрхэн зөрчигдөх зэрэг асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулж, нэхэмжлэгч М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.

Түүнчлэн шүүх шийдвэртээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д заасан “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” гэх заалтыг баримтлан шийдвэрлэсэн байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг шүүх хэрэглэж, шүүхийн шийдвэр үнэн зөв байх боломжийг үгүй хийсэн, Мөн шүүхээс шийдвэрлэсэн шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэх заалтыг баримталж байгаа нь төрийн байгууллага л бол үндэслэлгүй халсан, тиймээс цалин хөлсийг нөхөж олгох ёстой гэсэн хэт нэг талыг барьсан, нөгөө талаас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5-д заасан зохицуулалтыг Мөнгөнсүхийн нэхэмжлэл бүхий хэрэг маргаанд хэрэглэх ёстой байтал тухайлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй шийдвэрлэсэн учир дутагдалтай шийдвэр гаргасан.

Тиймээс дээрх бүхий л нөхцөл байдал, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болон хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй зэрэг анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үнэн зөв байх боломжийг үгүй хийсэн байдлыг үнэлэн дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн нийгмийн даатгал нөхөн төлөхтэй холбоотойгоос бусад холбогдох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.М нь Японы олон улсын хамтын ажиллагааны төв /JICE/-өөс хэрэгжүүлж буй “JDS” хөтөлбөрт хамрагдаж, Япон улсын Токио хотын “Мэйжи” их сургуульд магистрын зэрэг олгох сургалтад 2 жилийн хугацаатай суралцах болсноор тус газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар түүнийг төрийн албанаас түр чөлөөлж шийдвэрлэжээ.

Ийнхүү Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Б.М нарын хооронд “Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулсан гэрээ”-г 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн суралцагч ажилдаа эргэн орсноос хойш 2 жил хүртэл хугацаагаар үргэлжлэхээр байгуулж, уг гэрээгээр суралцагч нь суралцаж ирээд гэрээнд заасан байгууллагад 2 жил ажиллах, суралцагчийг төгсөж ирэхэд нь ажилд аван 2 буюу түүнээс дээш жил ажиллуулах үүргийг талууд харилцан хүлээсэн байна.

Төрийн жинхэнэ албан хаагч нь гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон нь түүнийг захиргааны санаачлагчаар төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэл болох, ийнхүү түр чөлөөлөгдсөнөөр төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдохыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсгүүдэд зохицуулжээ.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2-т “Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна”, 2.2.1-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ...гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон, цэргийн жинхэнэ алба хаах болсон зэрэг мөн зүйлийн 23.3-д заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц”, 4.2 дахь хэсэгт “Энэхүү журмын ... 2.2.1, ...т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж зааснаас үзвэл, урт хугацааны сургалтад хамрагдан төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд “нөөцийн бүртгэл” нь төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл үйлчлэхээр байна.

Нэхэмжлэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа эргэж орох хүсэлтээ хариуцагчид хандан гаргасан болох нь тогтоогдсон, үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, харин энэ үед Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны орон тоо сул байсан гэж үзэхээр байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар тус газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Н-ыг томилж, улмаар мөн даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар түүнийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/84 дүгээр тушаалаар Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар томилсон, хариуцагчаас уг тушаалын үндэслэлээ О.Н-ыг энэ үед жинхлэн томилсон гэж тайлбарлажээ.

Гэтэл хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 61 дүгээр тогтоолд “...зохион байгуулалтын нэгжийн даргын сул орон тоог төрийн жинхэнэ албан хаагчдаас албан тушаал дэвшүүлэх замаар нөхөхөөр томилох эрх бүхий албан тушаалтны ирүүлсэн саналын дагуу сонгон шалгаруулалт явуулж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар О.Н-ыг нэр дэвшүүлж байна” гэснээс үзвэл, үүнээс өмнө гуравдагч этгээд О.Н нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй, удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлгүй байсан болох нь тогтоогдож байх тул хуульд заасан шаардлагыг хангаагүй этгээдийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд жинхлэн томилох боломжгүй, хариуцагчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар О.Н-ыг жинхлэн томилсон гэх тайлбар үндэслэлгүй төдийгүй харин ч хариуцагчаас өөрөө тухайн ажлын байрыг сул орон тоо гэж үзээд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн гэж үзэхээр байна.

Тиймээс нэхэмжлэгч Б.М 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа эргэн орохоор хүсэлт гаргах үед Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны орон тоо сул байсан, харин тухайн сул орон тоонд түр орлон гүйцэтгэгчээр О.Н ажиллаж байжээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж зааснаар сул орон тоо байгаа тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх боломжгүй байсан тухайн үед өмнө нь уг албан тушаалыг эрхэлж байгаад урт хугацааны сургалтад хамрагдах үндэслэлээр албан тушаалаас түр чөлөөлөгдөж, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн Б.М томилогдохоор хүсэлт гаргасан энэ тохиолдолд уг орон тоонд түүнийг томилох боломжтой байхад хариуцагчаас томилоогүй эс үйлдэхүй гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.

Хэдийгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар “Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 61 дүгээр тогтоол”-ыг үндэслэн гуравдагч этгээд О.Нямбатыг маргаан бүхий албан тушаалд жинхлэн томилсон байх боловч маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулахаас өмнө нэхэмжлэгч Б.М нь тухайн албан тушаалд томилогдохоор хүсэлтээ гаргасан, дээр дурдсанчлан хариуцагчаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд Б.М-ийг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх түрүүлж хамгаалагдах ёстой.

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас сул орон тоог нөхөхдөө тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх болон тухайн албан тушаалын нөөцөд байгаа иргэдээс нөхөх боломжгүй байсан тохиолдолд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлуулахаар захиалга хүргүүлэх ёстой байхад тухайн албан тушаалын нөөцөд бүртгэлтэй байгаа Б.М-ийг томилохгүйгээр сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга хүргүүлсэн нь буруу байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажил, албан тушаалд буюу өмнө эрхэлж байсан ажилдаа эргэн орох бүрэн эрхээ хангуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойгүй байдлаар гаргасан ч үндэслэлээ “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргахад хариуцагчаас хариу өгөөгүй тул дахин 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариу хүссэн өргөдөл гаргасан, ингээд хариуцагчаас намайг хүлээн авч уулзан ажлын байранд эгүүлэн томилох боломжгүй гэх агуулгатай тайлбар хэлсэн тухайн үед Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажлын байр сул байсан, намайг тухайн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус, тиймээс ажилдаа эгүүлэн томилогдох хүсэлтэй байна” гэж тайлбарлажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй хэрнээ ажлаас хууль бусаар халагдсан ажилтныг ажилд эгүүлэн тогтоон шийдвэрлэж байгаа мэт шийдвэрийн тогтоох хэсэгт “...Б.М-ийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож” гэж шийдвэрлэсэн нь буруу байна.

Гэхдээ хэргийн материалд маргааны үйл баримтад холбогдох нотлох баримт хангалттай авагдсан, мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаар тодорхой тайлбарласан байгааг харгалзан үзээд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд нэхэмжлэгч Б.М-ийг томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохын тогтоож, нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэгэнт нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох эрхтэй байх тул түүнийг өөр албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин, олговрын асуудлыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэсэн заалтыг баримталсан нь үндэслэлгүй болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж заасан бөгөөд тухайн тохиолдолд хуулийн энэхүү зүйлд заасан харилцаа үүсээгүйг анхаараагүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтын хүрээнд сул орон тоо байхад ажилд томилоогүй эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгох боломжтой юм.

Харин энэхүү хугацааг тооцохдоо нэхэмжлэгчийн анх ажилд орохоор хүсэлт гаргасан өдөр болох 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс тооцож ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй, учир нь хариуцагчаас уг хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэрлэж, нэхэмжлэгчийг тухайн өдрөө ажилд томилох ёстой байсан гэж үзэх боломжгүй, иймд тухайн орон тоог нөхсөн өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд томилох боломжтой байсан гэж үзээд энэ өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Б.М нарын хооронд “Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулсан гэрээ”-г” үндэслэл болгон, уг гэрээний дагуу өмнө ажиллаж байсан ажлын байрыг хадгалах үүргийг хариуцагч хүлээсэн, энэ дагуу ажилдаа эгүүлэн томилогдох үндэслэлтэй гэх тайлбарын тухайд, Б.М сургуулиа төгсөж ирээд төрийн жинхэнэ албанд орох асуудал нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон уг албан тушаалыг нөөцийн сангаас нөхөх талаар дээр дурдсан журамд зааснаар хэрэгжих учиртай бөгөөд хууль болон журамд зааснаар ажлын байрыг хадгалах гэсэн ойлголт байхгүй учраас уг тайлбарыг хүлээн авах боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0260 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 27 дугаар зүйлийн 27.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Б.М-ийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.М-ийг тухайн албан тушаалд томилохыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж,

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Б.М-ийг ажилд томилох тухай” Б/173 тоот тушаалыг хүчингүй болгож,

нэхэмжлэгч Б.М-эд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг зохих журмын дагуу бодож олгохыг, мөн Б.М-ийн суралцах хугацааны буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлөхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Э.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН