Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 020/2013/0282/з |
Дугаар | 001/ХТ2016/0168 |
Огноо | 2016-05-09 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2016/0168
“Оюуны холбоо” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Оюуны холбоо” ХХК-ийн төлөөлөгч Ө.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөр, С.Батбилэг, гуравдагч этгээд “Квадратберг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзориг, Н.Мандах нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 767 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 142 дугаар магадлалтай, “Оюуны холбоо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд “Квадратберг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Оюуны холбоо” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Ө.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 1999 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 2002 онд “Монгол Энерги Строй” трестийн барьж, ашиглаж байгаад орхигдсон 4 дүгээр цахилгаан станцын зүүн талын гражуудыг хүрээлэн хашаа барьж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээж өнөөдрийг хүртэл хамгаалж, үйл ажиллагаа явуулж ирсэн.
Хашаа барихдаа ажлын хөлс болон материалын зардалд 1 сая төгрөгийг “Рэм” ХХК-ийн захирал С.Борд өгсөн. Мөн манайх 2004 онд цахилгаан станцын даргын зөвшөөрлөөр 1 грашид нь бүрэн засвар хийн, цэвэр, бохир ус, дулааны шугам, 380 вольтын цахилгаан татаж 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж цэвэр усны үйлдвэрлэл эрхэлж байна. Улмаар 2004 онд “Дулааны 4 дүгээр цахилгаан станц”-ийн гүйцэтгэх захирлын албан тоотын дэмжлэгтэйгээр Баянгол дүүргийн Газрын албанд уг газрыг эзэмших хүсэлт гаргасан боловч дүүргийн Газрын албаны мэргэжилтэн н.Үрчгээ, н.Бямбадорж нар нь “оросын компанийн барьсан гражтай болохоор энэ газрын асуудлыг дүүрэг шийдэхгүй” гэсэн.
Үүний дараа нийслэлийн Газрын албанд зөвшөөрөл хүсэхэд мөн л ижил тайлбар хэлээд хүлээж авахгүй болохоор нь хотын ерөнхий менежер н.Бат дээр дугаар авч бараг сар шахам хүлээж, орж уулзахад “граж төрийн өмч, гражийн ойролцоох газарт аж ахуйн нэгжид газар эзэмших зөвшөөрөл олгохгүй” гэж тайлбарласан. Гэтэл “Панел систем” ХХК-ийн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13/018 тоот албан бичгээр “...манай компани “Квадратберг” ХХК-иас Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4-ийн зүүн талд байрлах газрыг худалдан авсан тул уг газрыг чөлөөл” гэсэн шаардлага тавьсан.
Үүний дагуу өмгөөлөгчид хандан тодруулахад нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 7/1580 тоот албан бичгээр манай эзэмшиж байсан газрыг нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар “Квадратберг” ХХК-д эзэмшүүлж, гэрчилгээ олгосныг мэдсэн. Нийслэлийн Засаг даргын 582 дугаар захирамж нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж биднийг илтэд хохироож байна.
Иймд нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Квадратберг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож манай компанийн газар эзэмших эрхийг хуулийн дагуу эдлүүлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Оюуны холбоо” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Ө.Оюунцэцэг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Тус компани 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжийн “Квадратберг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газар дээрх “Г” хэлбэрийн 621.5 м.кв үл хөдлөх хөрөнгө хууль бусаар “Панел систем” ХХК-ийн нэр дээр шилжсэн байна.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрхийн улсын бүртгэлд Ү-2205049310 дугаарт “Квадратберг” ХХК-ийн өмчлөлд анх бүртгэсэн бүртгэл, “Квадратберг” ХХК-иас “Панел систем” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар “Квадратберг” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж “ТЭЦ-4” ХК-ийн хашаанд 5101.5 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. “ТЭЦ-4” ХК, Эрчим хүчний газрын дэмжлэг, зөвшөөрлөөр хуульд заасан үндэслэл журмын дагуу “Квадратберг” ХХК-д шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Квадратберг” ХХК-ийн өмчлөлд тус компанийн 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээ, кадастрын зураг, албан ёсны хаяг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрээ, гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн фото болон план зураг болон бусад нотлох баримтыг үндэслэн 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205049310 дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 000253692 тоот гэрчилгээ олгосон байна.
Уг бүртгэл нь 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 56 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр “Панел систем” ХХК-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна. Дээрх хувийн хэргийн нотлох баримтаас харахад “Квадратберг” ХХК-иас “Панел систем” ХХК-д шилжсэн бүртгэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг хангаж, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг буцаах үндэслэлгүй байх тул бүртгэл хийсэн байна.
Иймд “Панел систем” ХХК-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “Квадратберг” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Анхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Оюуны холбоо” ХХК нь тус газарт үйл ажиллагаа явуулахдаа биднээс түр хугацаагаар зөвшөөрөл авч цэвэр ус савлах зориулалтаар ажиллаж эхэлсэн ба манайх газрын зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа бүрэн хэмжээгээр явуулах үед газрыг чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч тал ямар ч газар эзэмших зөвшөөрөлгүй байж дур мэдэн байшин барьж улмаар газар чөлөөлөх шаардлага тавихад 100 сая төгрөг нэхдэг болсон.
Уг газарт бид 1997 оноос оросуудын 4 дүгээр цахилгаан станцыг барихдаа ашиглаж байсан бүрэн бус граж, барилга болоод үйлдвэрийн хог хаягдлыг өөрсдийн хүч хөрөнгөөр цэвэрлэн дэд бүтцийг бий болгон олон жил хөөцөлдөж байж газар эзэмших зөвшөөрөл авсан. Энэ газарт дан ганц нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж байсан бус манай компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд газар чөлөөлөх шаардлага тавихаар тус шүүхэд хандаж хугацаа хожиж байгаа төдийгүй бодит байдлуудын талаар бид холбогдох нотлох баримтуудыг гаргаж, шүүх хуралдаанд гэрч оролцуулан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, хөндөгдсөн ашиг сонирхлоо хамгаалж оролцох болно.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2205049310 дугаарт “Квадратберг” ХХК-ийн өмчлөлд анх бүртгэсэн бүртгэлд “Панел систем” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гэж тодорхойлсон ба үүнийг гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
Гуравдагч этгээд “Панел систем” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Н.Энхтөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани “Квадратберг” ХХК-ийн эзэмшилд байсан Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 4591 м.кв газарт хөрөнгө оруулж ажиллахаар болж “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх” гэрээг 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тус тус байгуулсан билээ. Уг газрыг анх очиж үзэж байхад баруун хойд талд нь нэгэн цэвэр усны үйлдвэр ажиллаж байсан бөгөөд энэ тухай лавлаж асуухад түрээсээр түр байгаа мэдэгдэл өгөөд гаргаарай гэсэн хариулт хэлж байсан.
Мөн амины орон сууцны маягтай 2 давхар байшин хашаанд нь байсан бөгөөд уг барилгыг гарахдаа буулгаад аваад явна гэсэн тайлбар өгч байсан. Манай компани уг газарт гадаадын хөрөнгө оруулалт татан, сэндвич хавтан, шилэн фасадны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн бөгөөд удалгүй бэлтгэл ажлаа хангахаар уг газарт нүүн очсон даруйдаа “Оюуны холбоо” ХХК-д байр чөлөөлж өгөхийг шаардсан бичиг хүргүүлсэн боловч уг газар манайх, бидний эзэмшлийнх гэсэн хариу мэдэгдлийг өгсөн.
Бидний зүгээс энэ талаар “Квадратберг” ХХК-д мэдэгдэж юу болоод байгаа талаар асуухад наад улсууд чинь энэ газар ямар ч хамаагүй, манай аавын танил хүн түр үйл ажиллагаа явуулъя гэж гуйж ирчхээд одоо бүр даварч байна, барьсан байшингаа өндөр үнэлж зарах санаатай байгаа юм. Ямар ч асуудал байхгүй гэсэн боловч газар эзэмших гэрчилгээ гаралгүй өдий хүрлээ. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гарсан боловч газрын гэрчилгээ яагаад гарахгүй байгаа талаар “Квадратберг” ХХК-иас асуухад “Оюуны холбоо” ХХК-иас шүүхэд гомдол гаргасан тул шийдэгдэхгүй байна гэсэн тайлбар өгсөн.
Энэхүү газрын маргаанаас болж манай компанийн үйл ажиллагаа бүтэн хоёр жил гаруй зогсож, гадны хөрөнгө оруулагчийн итгэл алдарч гэрээгээ цуцалсан зэрэг асар их хохирол амссан бөгөөд шүүхээр асуудал шийдэгдсэний дараа буруутай этгээдээс хохирлоо нэхэмжилж шүүхэд хандах болно гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 767 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.10, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг тус тус баримтлан ”Оюуны холбоо” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдох “нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Квадратберг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох “эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2205049310 дугаарт “Квадратберг” ХХК-ийн өмчлөлд анх бүртгэсэн бүртгэл, “Квадратберг” ХХК-иас “Панел систем” ХХК-д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2016/0142 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 767 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 38 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Квадратберг” ХХК-д холбогдох хэсэг, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2205049310 дугаарт “Квадратберг” ХХК-ийн өмчлөлд анх бүртгэсэн бүртгэл, “Квадратберг” ХХК-иас “Панел систем” ХХК-д шилжүүлсэн бүртгэлийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гартал тус тус түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсэгт “3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д заасныг баримтлан нийслэлийн Засаг дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт газар эзэмшүүлэх болон үл хөдлөх хөрөнгө өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ Газрын тухай болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн бодит байдал дээр маргаж байгаа газар болон үл хөдлөх эд хөрөнгийг хэн ямар хэмжээгээр эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа, уг газар дээр хэний зөвшөөрлөөр хэний үл хөдлөх хөрөнгө байрладаг, мөн төрийн өмчит компани нь хэд хэдэн этгээд эзэмшиж, ашиглаж байгаа, бусдын үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг зөвхөн нэг этгээдэд шилжүүлэхийг зөвшөөрсөн нь үндэслэлтэй эсэх зэрэг нөхцөл байдлыг нягтлан шалгаж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, шударга ёс, тэгш байдлыг хангаж, дахин шинэ акт гаргах замаар шийдвэрийг биелүүлэхийг даалгасугай” гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Гуравдагч этгээд “Квадратберг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг зөрчиж хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, маргаан бүхий үйл байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.
“Квадратберг” ХХК-ийн өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл, тус компаниас “Панел систем” ХХК-д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох шаардлагын тухайд: Давж заалдах шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хувьд гуравдагч этгээдийн эзэмшиж, ашиглаж байсан хэсгийн өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл, уг хэсгийн бусдад шилжүүлсэн бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзсэн атлаа гуравдагч этгээдийн эзэмшиж, ашиглаж байсан хэсгийн өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл, уг хэсгийн бусдад шилжүүлсэн бүртгэлийг бүхэлд нь дахин шинэ акт гарах боломжтой гэж үзэж түдгэлзүүлсэн нь ойлгомжгүй болсон.
Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо тухайн маргаан бүхий газарт байгаа объектуудыг гуравдагч этгээд бус дан ганц манайх эзэмших ёстой хэмээн үзэж байгаа ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа ба давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1-д заасан үл хөдлөх өмчлөх эрхийн анх бүртгэсэн бүртгэл, бусдад шилжүүлсэн бүртгэлийг хэргийн нөхцөл цаашид тодруулж дахин шинэ акт гартал түдгэлзүүлэх заалт биелэгдэх боломжгүй ба дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлүүд хүчингүй болоогүй нөхцөлд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх болон дахин шинэ акт гаргах боломж хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт /хуучин нэрээр/ хуулиар олгогдоогүй байна.
Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн талаар 2002 онд анх баригдсан гэж ташаарч улмаар нэхэмжлэгчийг уг маргаан бүхий барилгын тодорхой хэсэгт 2004 оноос үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй /Улсын Дээд шүүхийн 2014 оны 189 дүгээр тогтоолд нэхэмжлэгчийг маргаан бүхий газарт 2006 оноос үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн/ бөгөөд эрх зүйн үйл байдлыг тусгай шүүх тогтоодоггүй ба сонирхогчийн хүсэлтээр ердийн шүүх шийдвэрлэдэг, захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Квадратберг” ХХК-ийн захирал Д.Анхбаяр, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзоригт нар 1999 оноос тухайн газар орчны хогийг цэвэрлэж, хашааг сэлбэж засаж, дэд бүтцийг засаж сайжруулах замаар хөрөнгө оруулалт хийж маргаан бүхий газар, барилгуудыг эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд дээд шатны шүүхийн магадлалд дурдагдсан Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан зохицуулалтыг хэрэглэх тохиолдолд 1999-2006 онд анх эзэмшиж, ашиглаж байснаараа харин нэхэмжлэгч бус гуравдагч этгээд өмчлөх эрхтэй байх хуулийн шаардлагыг хангаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжийн “Квадратберг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтууд, уг маргаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжийн “Квадратберг” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж тодорхойлсон ба үндэслэлээ хариуцагч захирамж гаргахдаа Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл аваагүй, газар эзэмших хүсэлтээ орон нутгийн засаг захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргаж байсан ч шийдвэрлээгүй хэмээн үзэж маргасан ба дээд шатны шүүх тухайн маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалт болох Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 2-т заасныг баримталж Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу тухайн шатны Засаг даргад холбогдох загварын дагуу хүсэлтээ гаргах үүргээ хэрэгжүүлээгүйг анхааралгүй нэхэмжлэгчийн буруу гэж үзэх боломжгүй талаар дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс газар эзэмших хүсэлтээ 2008 онд Баянгол дүүргийн Газрын албанд гаргаж байсан талаар тайлбар гаргаж байсан ч энэ байдал хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, газар эзэмших хүсэлт гаргасан талаар өөр өөр байдлаар зөрүүтэй тайлбарладаг, уг шаардлагын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-т “...хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан зохицуулалттай нийцэж байгаа гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүхийн “Квадратберг” ХХК-д 4591 м.кв газрыг эзэмшүүлэхэд шаардагдсан болоод шаардлагатай үйл байдлуудын талаарх дүгнэлт нь дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасан шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд дүгнэлтэд дурдагдсан үйл байдлын талаар дахин нотлох шаардлагагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий захиргааны актын “Квадратберг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсонтой холбоотойгоор анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол 4591 м.кв газрын хэмжээнд зөрчигдөөгүй учир давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7, 87 дугаар зүйлийн 87.3-т заасантай нийцээгүй гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 142 дугаар магадлалыг хүчингүй болгож нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хянавал:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Оюуны холбоо” ХХК нь “...ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн, гражийн газрыг эзэмшүүлэхгүй гэсэн атлаа “Квадрат берг” ХХК-д эзэмшүүлсэн байна” гэж маргаж нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжийн “Квадрат берг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинэ акт болох эрхийн улсын бүртгэлийн Y-2205049310 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг “...эзэмшилдээ 10 гаруй жил авч ашиглаж ирсэн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар “Панел систем” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчөөс хувийн өмчид шилжүүлэх бол хуулийн дагуу тэргүүн ээлжинд манай компани эзэмших эрхтэй” гэсэн үндэслэлээр нэмжээ.
1. “Дулааны IV цахилгаан станц” хувьцаат компанийн “түр барилгууд байсан, тус станц үйлдвэрлэлийн болон бусад зориулалтаар ашиглаагүй 8900 м.кв газар”-ыг шилжүүлэх, “Квадрат берг” ХХК-ийн “түр барилгууд байсан 5101.5 м.кв газар”-ыг шилжүүлэн авах тухай тус тусын гаргасан хүсэлт, тэдний хооронд байгуулагдсан “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, Эрчим хүчний газрын “станцад ашиглагдахгүй газрыг шилжүүлэхийг зөвшөөрч байна” гэсэн албан бичгийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар “Квадрат берг” ХХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 4591 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлж, 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0231906 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Дулааны IV цахилгаан станц” ХК нь нийслэлийн Засаг даргын 2002 оны 180, 2008 оны 462 дугаар захирамжуудаар дулаан үйлдвэрлэлийн зориулалтаар 741985 м.кв газрыг эзэмшиж байсан, газрын баталгаат хэмжээ тогтоосон акт, эдэлбэр газрын схем зурагт үзүүлснээр нэхэмжлэгчийн маргаж байгаа буюу станцын барилга, байгууламжийг барьсан Оросын Холбооны Улсын “Монголэнергострой” трестийн ажилчдын байрлаж байсан гэх “г” хэлбэртэй, тусдаа өрөө бүхий 10 хаалгатай нэг давхар үргэлжилсэн барилгын /гражийн/ доорх болон тэр орчны газар нь “Дулааны IV станц” ХК-д эзэмшүүлсэн газрын хэсэг болох нь тогтоогдсон байна.
Үүний зэрэгцээ нэхэмжлэгч “Оюуны холбоо” ХХК нь уг барилгын нэг өрөөг ашиглах зөвшөөрлийг 2004 онд “Дулааны IV цахилгаан станц” ХК-ийн тухайн үеийн захирал Ц.Баярбаатараас авч эзэмшсэн, хажууд нь дур мэдэн 2008-2010 онд 2 давхар барилга барьсан, 2008 онд Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Батад хандан “...одоо ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа 0.5 га газрыг эзэмшүүлэхийг зөвшөөрч байна” гэсэн дээрх захирлын гарын үсэг бүхий 2004 оны 1/894 дугаартай албан бичгийг үзүүлж “газар эзэмших талаар” амаар хүсэлт тавьж байсан болох нь тухайн гэрчүүдийн мэдүүлгээр мөн тогтоогджээ.
Эндээс үзвэл нэхэмжлэгч нь бусдын эзэмшиж байгаа газрыг эзэмших хүсэлт гаргах хуулиар боломжгүй, бусдын эзэмшилд байгаа газрыг шилжүүлэн авч эзэмших нөхцөл, журмыг хангаж зохих байгууллага, албан тушаалтанд хандаж хүсэлт гаргаагүй, “хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн” гэж давуу эрхээр эзэмших үндэслэл байгаагүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн “хүсэлт гаргасан” гэх маргааны үйл баримтад холбогдуулан Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэснийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин давж заалдах шатны шүүх нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, газар эзэмших тухай хүсэлт гаргах, хүсэлтэд хавсаргах баримт бичгийн бүрдэл, хаана, хэнд хандаж гаргах харилцааг тусгайлан зохицуулсан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийг нэхэмжлэгчийн “хүсэлт гаргасан” гэх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглээгүй, улмаар “Дулааны IV цахилгаан станц” ХК-ийн захирлын 2004 онд үйлдсэн баримт бичигт үндэслэн, шийдвэрлэх эрх бүхий биш этгээдэд 2008 онд гаргасан гэх хүсэлтийг нь “...2004 оноос маргаан бүхий газрыг эзэмших хүсэл зоригоо илэрхийлж захиргааны байгууллагад хандаж байжээ” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т “үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн энэ шаардлагыг шийдвэрлэсэн байдал нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэснийг зөрчжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9, 70 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 50 дугаар тогтоолын 8-д “төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшил газар болон баталгаажуулсан хэмжээг тогтоосон шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүр Төрийн өмчийн хороотой урьдчилан зөвшилцөж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэж заажээ.
Уг тогтоолын 8 дугаар заалтын агуулгаас үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхтэй холбоотойгоор “эзэмшил газар болон баталгаажуулсан хэмжээг тогтоосон шийдвэрт өөрчлөлт оруулах тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга нь Төрийн өмчийн хороотой “зөвшилцөх” шаардлагатай гэж үзэхээр байна.
Иймд нийслэлийн Засаг даргыг 2011 оны 582 дугаар захирамжаар “Квадрат берг” ХХК-д “Дулааны IV цахилгаан станц” ХК-ийн эзэмшлийн газраас 4591 м.кв газрыг шилжүүлэхдээ дээрх тогтоолын дагуу Төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүйг буруутгах боломжгүйн дээр үүнийг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Нэгтгэн дүгнэвэл давж заалдах шатны шүүхийн хийсэн “...бодит байдал дээр газрыг хэн эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа, уг газар дээр хэний зөвшөөрлөөр хэний үл хөдлөх хөрөнгө байрладаг, мөн төрийн өмчит компани нь хэд хэдэн этгээд эзэмшиж, ашиглаж байгаа, бусдын үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг зөвхөн нэг этгээдэд шилжүүлэхийг зөвшөөрсөн нь үндэслэлтэй эсэхийг тодруулж, дахин шинэ акт гаргах шаардлагатай” гэсэн дүгнэлт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох” шаардлагатай зөрчилдсөн, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” газар эзэмшигчийн эрхийг хөндсөн, нэхэмжлэгч болон энэ хэргийн оролцогч биш “Дулааны IV цахилгаан станц” ХК-ийн хооронд үүсэх маргаанд нийслэлийн Засаг даргыг буруутгах үндэслэлгүй юм.
2. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь “Квадрат берг” ХХК-ийн “...1982 онд “ДЦС-4”-ыг барьж гүйцэтгэсэн ЗХУ-ын барилгачдын оршин сууж байсан барилга нь станц ашиглалтад орсноор цаашид ашиглагдахгүй болсон, ихэнх хэсэг нь тоногдон нураагдсаныг 1998 оноос хойш харж хамгаалан, хөрөнгө гарган сэргээн засварлан үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж байгаа тул гэрчилгээ олгоно уу” гэсэн хүсэлт, уг барилга “Дулааны IV цахилгаан станц” ХК, нийслэлийн болон төрийн өмчид бүртгэлгүй тухай эдгээр байгууллагын тодорхойлолтыг үндэслэн “г” хэлбэрийн нэг давхар тусдаа өрөө бүхий тус тусын хаалгатай 621.5 м.кв талбайтай барилгыг 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2205049310 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000253692 дугаартай гэрчилгээ олгосон, “Панел систем” ХХК-тай байгуулсан хэлцлийг үндэслэн 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Панел систем” ХХК-д шилжүүлсэнийг бүртгэж, өмчлөх эрхийн 000250195 дугаар гэрчилгээ олгосон байна.
Үүнээс үзвэл “Квадрат берг” ХХК-ийн бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөгчгүй буюу “эзэнгүй” гэдэг нь тодорхой байсан, ийм тохиолдолд зөвхөн дээрх байгууллагуудын гаргасан тодорхойлолтоор хязгаарлахгүйгээр Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.14-т “шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах”, 11.5.15-д “хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг” гэж заасны дагуу “Квадрат берг” ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй эсэх, “эзэнгүй” хөрөнгийг түүний адил эзэмшсэн өөр этгээд бий эсэхийг нягтлах шаардлагатай байжээ.
Иймээс уг “эзэнгүй” үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг нэхэмжлэгч 2004 оноос хойш өөрийн мэдэлд авч, эзэмшиж байгаагийн хувьд үүнийг өмчлөх эрх олж авах эрхийг дээрх бүртгэлээр зөрчжээ.
Өөрөөр хэлбэл “өмчлөгчгүй” тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор “Дулааны IV цахилгаан станц” ХК-ийн эрхийг зөрчихгүйгээр эзэмшилдээ авсан нэхэмжлэгч нь гуравдагч этгээд “Квадрат берг” ХХК-ийн адилаар өмчлөх хүсэл сонирхолтой байтал уг хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь өмчлөх эрхийг “Квадрат берг” ХХК-ийн нэр дээр бүртгэснээр “Оюуны холбоо” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийж, эрхийн улсын бүртгэлийн Y-2205049310 дугаар бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байна.
Харин давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 104 дүгээр зүйлд заасан “эзэмшилд байх хугацаанаас шалтгаалж өмчлөх эрх олж авах” зохицуулалтыг тухайн маргаанд тайлбарлан хэрэглэхдээ уг зүйлийн 104.1-д “эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна” гэсэн хөдлөх эд хөрөнгөд хамаарах заалтыг хэрэглэсэн нь буруу байх тул “анх 1999-2006 онд эзэмшиж, ашиглаж байснаараа өмчлөх эрхтэй байх хуулийн шаардлагыг хангасан” гэх гуравдагч этгээд “Квадрат берг” ХХК-ийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн давж заалдах шатны шүүхийн уг алдаа нь “бүртгэлийг түдгэлзүүлэх” үндэслэлийг өөрчлөхгүй юм.
Иймд гуравдагч этгээд “Квадрат берг” ХХК-ийн өмгөөлөгч Н.Мандахын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 142 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Квадрат берг” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлсүгэй” гэснийг “нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Квадрат берг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж, үүнтэй холбоотойгоор шийдвэр биелүүлэх арга журмыг тодорхойлсон 2 дахь өгүүлбэрээс нийслэлийн Засаг дарга, газарт холбогдох хэсгийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ