Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Бор-Эрэг овгийн Болдбаатарын Энхтөр, Боржигон овгийн Загдаагийн Мягмар нарт холбогдох эрүүгийн 1811015860604 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овгийн Б.Э, 1991 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их цуурайгийн 6-161 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар ...................

2. Б овгийн З.М, 1975 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, Дуулга бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулийн 11-5 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар ...................

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Э, З.М нар нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга бааранд зодолдож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн өдөр болж байсан. Би хөдөөнөөс орж ирээд “Дуулга” бааранд орсон. Тэнд хуучин таньдаг байсан хоёр эмэгтэйтэй таарсан. Тэгээд 1 шил архи авч уусан. Би бие засах өрөөнөөс гарч ирэхэд нэг эмэгтэй намайг хоргоогоод пиво аваад өг гэхээр нь би пиво авч өгсөн. Тэгээд гарах гэж байтал үүдэнд сууж байсан хоёр гурван залуу миний хөлд дэгээ тавьсан. Би босч ирээд яагаад байгаа юм бэ гэхэд нөгөө залуучууд надруу дайраад байсан. Би яагаад та нар зүгээр байгаа хүнийг дэгээдэх гээд байгаа юм бэ гэхэд цаанаас З.М гэж хүн ирсэн. З.М ирээд надруу дайраад миний өмсөж байсан футболкийг урсан. Тэгэхээр нь чи яахаараа хүний футболкийг урдаг юм бэ гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би З.Мыг мөргөсөн. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас шарандаа ийм зүйл хийсэн …” гэв.

Шүүгдэгч З.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хэрэг гарсан өдөр би хажуу талын зааланд ажиллаж байсан. Диско баар, караоке хоёр тусдаа байдаг. Манай бааранд ажилладаг зөөгч ирээд бааранд зодоон болоод байна гэж хэлэхээр нь би яваад очиход Б.Э цээж нүцгэн хүмүүстэй маргалдаад байж байсан. Би үүдэнд нөгөө хүмүүсээс нь салгаад гаргах гэж байхад буцаж орж нөгөө хүмүүстэй зодолдох гээд байсан. Би Б.Эийг баарны хаалган дээр оруулахгүй хараад зогсож байхад Б.Э надруу дайраад би гурван удаа хүнийг цус нөжтэй нь хутгаж байсан, би чамд ямар хүн гэдгээ харуулна гээд байсан. Б.Этэй хамт явж байсан хүмүүс гараад явсны дараа Б.Э гараад явсан. Би Б.Эийг гараад явсан юм чинь гэж бодоод зааланд ороод сууж байхад Б.Э чи миний футболкийг урсан байна гээд буцаад ороод ирсэн. Би чамтай ноцолдоогүй, чиний футболкийг ураагүй гээд бид хоёр маргалдсан. Тэгээд шатан дээр зогсож байхад Б.Э намайг мөргөсөн. Тэгээд намайг газар хэвтэж байхад хэдэн удаа цохисон…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Гэрч С.Хүрэлтогтох мэдүүлэхдээ: “...Дуулга бааранд би найз Энхтөрийн хамт 22 цагийн үед орсон. ...Тэгээд 03 цагийн үед танд байсан хоёр хүүхэн хоёр залуутай Энхтөр маргалдаад Энхтөртэй 2-3 удаа цохилцоод байж байтал баарны хамгаалагч залуу гарч ирээд Энхтөрийн подволкноос татаад ураад хаячихсан юм. Тэгээд Энхтөр уурлаад баарны хамгаалагч залуутай маргалдаад байхаар нь би Энхтөрийг дагуулаад гадаа гарсан юм. Удалгүй Энхтөр цамцаа авна гээд баар руу орсон бөгөөд би араас нь ороход баарны хамгаалагч залуу энийгээ аваад гараач гээд подволкыг нь над руу шидэхээр нь би баарны хамгаалагч залууг согтуу хүнтэй ингэж харьцаад байхдаа яадаг юм бэ гэж хэлсэн. Баарны хамгаалаг ч залуу караоке руу ороод гартаа цагаан алчуур ороочихсон гарч ирээд наадхыг чинь алаад хаячихая гээд байсан. Тэгээд Энхтөр хамгаалагч залуутай зодолдсон. Баарны үүдэнд Энхтөрийг хамгаалагч залуу боож авсан бөгөөд эргүүлээд Энхтөр тэр залууг мөргөчихсөн юм. Тэгээд баарны хамгаалагч залуу Энхтөрийг дороо хийгээд цохиод байсан...” гэжээ /хх-26-27/.

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №6864 дугаар дүгнэлтэд: 

“1. З.Мын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамар, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, эрүүнд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.”  гэжээ /хх-30/. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн №7282 дугаар дүгнэлтэд: 

“1. Б.Эийн биед гэмтлийн гаралтай зүүн чихний хэнгэргэн хальсны үрэвсэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.”  гэжээ /хх-32/.

         Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48-49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46-47/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-41-42/,

              Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-14/.

              Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-4-8/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

  Шүүгдэгч Б.Э, З.М нар нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга бааранд зодолдож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №6864,  2018 оны 6 дугаар сарын 8-ний өдрийн №7282 дугаар дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Э, З.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

Шүүх шүүгдэгч Б.Эд ял шийтгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол нөхөн төлсөн болон түүний хувийн байдал, цалин орлого тодорхойгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч З.Мыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Мөн шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох 1 /нэг/ ширхэг сидийг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б.Э, Б овгийн З.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргах зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, З.М нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН