Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00696

 

 

 

 

2024 04 08 210/МА2024/00696

 

 

 

Ж.Н...ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/00686 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Н...ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Э...д холбогдох

 

54,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О.., хариуцагчийн өмгөөлөгч Б.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

1.1. Г.Э...тай 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан.

 

1.2. Тус орон сууц захиалгын гэрээгээр Г.Э...гаас Б... дүүргийн ... дугаар хороо, .... дугаар хотхонд байрлах Э... ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блокийн орон сууцны 7 давхарт 32 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны эрхийг шилжүүлж авах, Г.Э...д 54,400,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

 

1.3. Энэхүү байр нь бодит байдал дээр эрхийн зөрчилтэй, биет байдлын доголдолтой болох нь тодорхой болсон, энэ байдал Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Б...ыг тухайн байрны өмчлөгчөөр тогтоосон байна. Манай талд хүлээлгэж өгөх ёстой байрыг давхардуулж зарсан. Иймд Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн 54,400,000 төгрөгийг хариуцагч Г.Э...аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

 

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Ж.Н... 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг Х... ХХК-тай байгуулсан. Хариуцагч Г.Э... нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х... ХХК-тай байгуулсан орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ үндэслэж захиалагчийн эрхээ шилжүүлж гэрээ байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгө зараагүй тул нэхэмжлэгч гэрээний нөгөө тал болох Х... ХХК-иас хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Э...гаас 54,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н...д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 429,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд өвчний улмаас биечлэн оролцох боломжгүй болж, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд өгсөн. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Б.Б... нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан. Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэлгүйгээр биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчиж, мэтгэлцэх эрхийг хангаагүй.

 

4.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 102/TM2024/00890 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад шүүх хуралдааны үеэр зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг яриулж, хариуцагч талын гаргасан хариу тайлбарыг танилцуулаагүй байна. Шүүгч хариуцагч тал нэхэмжлэлийг ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх байр суурийг танилцуулах ёстой. Энэхүү эс үйлдэхүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэгш эрхийн зарчмыг зөрчиж, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан.

 

4.3. Хэргийн оролцогчид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэг хүлээдэг.

Тухайн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад Даргалагчаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг уншиж танилцуулаад ирцтэй холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг асуухад, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... гуравдугаарт өмнөх шүүх хуралдаанд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байдаг... гэж тайлбар хэлжээ. Тухайн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч илтэд худал мэдээлэл өгсөн байна.

 

4.4. Уг орон сууцыг "Х... ХХК, Г.Э... нар нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулсан ба захиалагчийн эрх шилжүүлэх гэрээгээр уг эрхээ 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Ж.Насанжаргалд шилжүүлж өгсөн. Ийнхүү эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр "Х..." ХХК-тай нэхэмжлэгч Ж.Н... нь "Орон сууцны захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ"-г 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан. Эрхийн доголдолтой байсан бол Х... ХХК нь нэхэмжлэгчид мэдэгдэж тухайн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн гэрээг байгуулахгүй байх ёстой. Хариуцагч нь Х... ХХК юм. Захиалагчийн эрхээ шилжүүлснээс хойш Г.Э...ийн тухайн байрны өмчлөлтэй холбоотой эрх зүйн харилцаа дуусгавар болсон.

 

4.5. Шүүх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч үл хөдлөх хөрөнгө зарж борлуулаагүй, тухайн орон сууцны хувьд захиалагч болохоос бус өмчлөгч биш байсан тул зөвхөн захиалагчийн эрхээ шилжүүлсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/00686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Анхан шатны шүүх мэтгэлцэх зарчмыг хангасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр 2 удаа, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч өвдсөн гэх үндэслэлээр тус тус 1 удаа хүсэлт ирүүлсэн. 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлж, шүүх хангаж шийдвэрлэсэн. Дараагийн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд, хурлын давхцалын талаар мэдэгдээгүй. Эмнэлгийн магадлагаа дээр эмнэлгийн ерөнхий эмчийн гарын үсэг байгаа боловч онош байдаггүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн.

 

5.2. Тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.Б... тогтоогдсон. Эрх шилжүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурж, мөнгийг Ж.Н... нь Г.Э...ийн данс руу шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ж.Н... нь хариуцагч Г.Э...д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 54,400,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгө худалдаагүй, нэхэмжлэгч нь Х... ХХК-иас хохирлоо шаардах ёстой гэх агуулгаар маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

3.1. Хариуцагч Г.Э... нь Х... ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, гэрээгээр Х... ХХК нь Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар цэргийн хотхонд байрлах, Э... ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блокийн .. дугаар давхарт 32 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч Г.Э... нь 40,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 85-86 дугаар тал/

 

3.2. Улмаар Г.Э... нь Ж.Н...тай 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Г.Э... нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний захиалагчийн эрхийг Ж.Н...д шилжүүлэх, уг гэрээний үүрэгт Ж.Н... нь 54,400,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Тухайн гэрээний дагуу Ж.Н... нь 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Г.Э...ийн 5020... тоот дансанд 54,440,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ талаар зохигч маргаагүй.

 

Дээрх гэрээг үндэслэн Х... ХХК болон Ж.Н... нар 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан байна.

 

3.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/03859 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг ... дугаар хороо ... дугаар хороолол Д...ын гудамж ... дугаар байрны... давхарт 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Б...т шилжүүлэхийг Х... ХХК-д даалгаж шийдвэрлэжээ. Уг орон сууцанд Б.Б... амьдарч байгаа талаараа гэрчийн мэдүүлэг өгсөн байна. /хх-ийн 89-96, 103-104 дүгээр тал/

 

4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.

 

4.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Энэхүү гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийн эзэмших болон өмчлөх эрхийг шилжүүлэх явдал юм.

 

4.3. Талуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө тухайн гэрээний зүйл болох орон сууцны талаар Х... ХХК, Б.Б... нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг Б.Б... олж авсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогджээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцнэ.

 

4.4. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр уг гэрээний зүйл болох орон сууцыг Х... ХХК-иас шаардах эрхийг шилжүүлэн авсан бөгөөд энэ үед орон сууц нь гуравдагч этгээдийн эрхээр хязгаарлагдсан, бодит байдалд гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгчийн худалдан авахаар тохирсон орон сууц нь гуравдагч этгээдийн шаардах эрхээр хязгаарлагдаж байгаа нөхцөлд гэрээ хэрэгжих боломжгүй тул Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасан эрхийн доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ. Энэ тохиолдолд хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, гэрээ хэрэгжихгүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан журмыг баримтлах шаардлагагүй.

 

5. Ийнхүү гэрээнээс татгалзах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд өгсөн авснаа бодитоор харилцан буцаах, анхны байдалд оруулах үр дагавар үүсгэдэг тул хариуцагчаас 54,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагч талын давж заалдах дараах гомдлыг мөн хангахгүй орхино.

 

6.1. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б...аас шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч энэ талаар нотлох баримтыг хавсаргаагүй.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, эмнэлгийн магадлагаа хавсаргасан байх боловч уг магадлагаа Эмнэлгийн хуудас олгох, хянах журамд нийцээгүйгээс хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчиж, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

 

6.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг үндэслэн үйл баримтыг тогтоож, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүх хуралдааны үеэр хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулаагүйгээс тэгш эрхийн зарчмыг зөрчиж, мэтгэлцэх зарчим алдагдсан гэх агуулгах бүхий гомдол хангагдахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/00686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА