Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00755

 

 

 

 

 

 

 

 

 

      2024        04            12                                       210/МА2024/00755

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/00425 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.М-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О-, хариуцагч Ц.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие анх хариуцагчтай зарын дагуу холбогдож Баянзүрх дүүрэг, 32 дугаар хороо, баруун алтан өлгий 28 гудамж 00 тоотод байрлах 591 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн Г-2204032844 дугаартай, нэгж талбарын 1332301514 дугаартай газрыг 12,000,000 төгрөгөөр худалдана гэсний дагуу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулж нотариатаар батлуулан тухайн өдөр төлбөрийг хариуцагчийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн болно. Гэвч тухайн газрын талаар надад үнэн зөв мэдээлэл өгөөгүй машин очих боломжгүй, мөн хажуу айл тухайн газар руу 2 метр илүү шахаж хашаалсан энэ талаар маргаан үүссэн эрхийн доголдолтой газар байх тул өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр шилжээгүй болно. Дээрхээс үндэслэн миний зүгээс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээнээс татгалзаж гэрээг цуцалсан болно. Гэвч хариуцагч нь гэрээний төлбөрт надаас авсан 12,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр газрын төлбөрт төлсөн 12,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие нь Д.О-тэй 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан тус хашааг худалдсан. Хашааг зарахдаа зарын группүүд дээр газар нь  тэгш бус далий болон бусад зургийг маш тодорхой зургийг оруулж зараа байршуулсны дагуу олон хүн утсаар залгаж, очиж үзэж харж байсан. Мөн л зарын дагуу Д.О- нь газраа үзээд авахаар боллоо гэхээр нь бид гэрээг байгуулсан. 14,000,000 төгрөгөөс 12,500,000 төгрөгт зарна гэхэд ахдаа өгчих гэж 12,000,000 төгрөгт худалдан авсан. Гэтэл өөрөө очиж үзэж газраа харчхаад, маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний 11 цагийн үед залгаж машин орох боломжгүй юм байна, гэрээг цуцлая гэж ярьсан. Гэрээг ямар хуулийн байгууллагаар цуцлуулсныг би огт мэдэхгүй, цуцалсан гэж байгааг ойлгохгүй байна. Анх үзээд хараад таалагдаад өөрөө л гэрээ байгуулъя гэж хүсэж газрыг авсан. Бид хүчээр гэрээ байгуулаагүй, өөр авъя гэсэн хүмүүс байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.М-д холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан тул гэрээний төлбөрт төлсөн 12,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж тухайн өдөр төлбөрийг хариуцагчийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн болно. Гэвч тухайн газрын талаар надад үнэн зөв мэдээлэл өгөөгүй хажуу айлтайгаа маргаан үүссэн эрхийн доголдолтой газар байх тул өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр шилжээгүй болно. Дээрхээс үндэслэн миний зүгээс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээнээс татгалзаж гэрээг цуцалж хариуцагч нь тухайн газрыг өөр хүнд худалдаад, хурдан хугацаанд миний мөнгийг буцаан олгохоор амаар хэлж байсан боловч шүүхэд санаатайгаар худал мэдүүлэг өгсөн.

Одоо маргаан бүхий газар миний нэр дээр шилжээгүй. Миний зүгээс гэрээг цуцалсан даруй газрыг чөлөөлж одоо хариуцагч нь эзэмшиж ашиглаж байгаа. Гэтэл миний бие газаргүй, мөнгөгүй хохирч үлдсэн. Гэвч анхан шатны шүүхээс хэргийг үнэн зөв дүгнэлт хийж шийдвэрлээгүй миний эрхийг зөрчсөнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Зарахаас өмнө газар тийм байсан. Нэхэмжлэгч газраа өөрөө очиж үзээд авсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Ц.М-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Ц.М-өөс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр эрхийн улсын бүртгэлийн Г-2204032844 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, Баруун алтан өлгий 28 гудамжны 00 тоот хаягт байршилтай 591 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 12,000,000 төгрөгөөр худалдаж авахаар талууд харилцан тохиролцжээ./хх5/

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч, анхан шатны шүүхээс хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтыг зөв тогтоож чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

4. Хариуцагч Ц.М-ийн нэхэмжлэгч Д.О-өд худалдсан дээрх газар нь эд хөрөнгийн биет байдлын доголдолтой байсан болох нь шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан “...Зарахаас өмнө тухайн айл хойшоо шахаад барьчихсан байсан...” гэсэн тайлбараар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангана.

 

4.1. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”,

мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар “худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж тус тус заасан.

 

4.2. Иймд нэхэмжлэгчийн худалдан авсан газар нь гэрээнд заасан газрын хэмжээнд хүрэхгүй буюу хөрш залгаа айл нь тухайн газарт нэвтэрч хашаа барьсан байсан учраас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

 

5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч Ц.М-өөс 12,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О-өд олгоно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/00425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.М-өөс 12,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О-өд олгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч Ц.М-өөс 206,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О-өд буцаан олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

 

       ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ