Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00635

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00635

 

ххххын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/03452 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххх ХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххх, хх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие хххххх ХК-ийн уурхай дээр буюу салбарт нүүрс ачилт, логистикийн төвийн даргаар ажиллаж байсан. Намайг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Засгийн газрын бүрэн эрх олгох тухай хууль, Засгийн газрын 385 дугаар тогтоолд зааснаар шаардлагатай үед нийтлэг хуулийг баримтлахгүй, бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхтэй холбоотой үед л ажилтныг халах эрх олгогдсон.

Гэтэл миний хувьд ямар нэгэн ажил үүргийн алдаа, зөрчил гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлалгүй намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

1.2. Тушаал дээр эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж бичсэн боловч тэр нь ямар ажил болох нь тодорхойгүй, хариуцагчийн тайлбараас үзвэл ххххххх ХК-тай байгуулсан гэрээний хугацаа дууссан байхад захиалагч хэрэгжүүлэгч нэгжийн хувьд уг асуудлыг танилцуулж шийдвэрлүүлээгүй, гэрээний хугацааг сунгаагүй, хүчин төгөлдөр гэрээгүй үед 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 4 сар төмөр замаар нүүрс тээвэрлэлтийг явуулж, 4,5 тэрбум төгрөгийн тооцоолоогүй зардал, 5,2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн байна.

Би гэрээний хугацаа дууссан байхад тээвэрлэлтийг дураараа хийгээд компанид хохирол учруулсан зүйл байхгүй. Манай компани нүүрсийг хоёр төрлөөр буюу хил, аман гэх нөхцлөөр борлуулдаг. Энэ нь хил дээр нүүрсийг хүргэж өгөөд тээвэрлэлтийн зардлаа шингээгээд арай үнэтэй зарах, эсхүл ам нөхцлөөр буюу уурхайгаас олборлож авсныг худалдан авагч уурхайн амнаас худалдаж аваад өөрөө тээвэрлэлтээ хариуцахыг хэлдэг бөгөөд бид 4 байгууллагын гэрээний дагуу нүүрсийг төмөр замаар тээвэрлүүлэх ажлыг зохион байгуулдаг.

Бид Өмнөговь аймгийн Цогтцэций суманд буюу салбар дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Аливаа гэрээ хэлэлцээр төв оффис дээр гүйцэтгэх захирлын түвшинд байгуулагддаг, үүний хэрэгжилтийг төв оффис өөрөө хариуцдаг, борлуулалт маркетинг тээврийн газар гэж байдаг. Өөрөөр хэлбэл, төв оффист байдаг борлуулалт маркетинг тээврийн газрын үндсэн чиг үүрэг нь нээлттэй ил тод, томоохон компаниудтай стратегийн түншлэл бий болгох, гэрээ хэлэлцээр байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, тээвэр зохицуулалтын хэлтэс нь Таван толгой зүүн баян, Таван толгой гашуун сухайт, ххххххх-тай нүүрс ачилт тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, Төмөр замын алба нь компанийн тээвэр логистикийн талаар баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, нүүрс тээврийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад шаардлагатай ажлыг зохион байгуулах гэсэн чиг үүрэгтэй.

Миний хувьд салбарын захирлын хэмжээнд байгуулах гэрээ хэлэлцээрийн төслийг боловсруулдаг, байгуулагдсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьдаг бөгөөд төмөр замын тээвэрлэлтийн гэрээ байгуулсан компаниудад хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага хангуулах, мэдээллээр хангах, бүртгэл стандартын дагуу тээвэрлэх, түүний бүрэн бүтэн байдал, дагалдах бичиг баримтыг зохицуулах, манай компанитай гэрээтэй 4 байгууллагад хамаарах хүнд даацын машиныг уурхай руу нэвтрүүлэх, ачаа болон жолоочийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал зэргийг хариуцдаг чиг үүрэгтэй.

Ажлаас халсан үндэслэлийн нэг нь гэрээ санамж бичгийн журмын 5.1 дэх хэсэгт гэрээний хэрэгжилтэд тухайн асуудал хариуцсан болон захиалга гаргасан нэгж хяналт тавих бөгөөд гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаантай асуудлыг хууль зүйн асуудал хариуцсан газарт мэдэгддэг.

1.3. ххххххх ХХК-тай байгуулсан гэрээ нь улсын нууцад хамаардаг учраас бид нарт тодорхой мэдээллүүдийг өгдөггүй байсан бөгөөд зөвхөн хххххх ХК-тай байгуулсан тээврийн 4 компанийн гэрээ түүнтэй холбоотой мэдээллийг л өгдөг байсан. Гэрээ санамж бичгийн журмын 2.9-д зааснаар гэрээ санамж бичигт нэмэлт өөрчлөлт оруулах, хугацааг сунгах ажлыг тухайн гэрээний төслийг боловсруулсан нэгж хариуцна. Яг хяналтын хуудас дээр бол тухайн гэрээг анх боловсруулсан хүн гарын үсэг зураад дээд шатны удирдлагууддаа танилцуулаад хамгийн сүүлд гүйцэтгэх захирлаар батлуулах гэх гэрээний салшгүй нэг хэсэг болсон зүйл байдаг. Үүнд би эсхүл манай төвийн хэн нэгэн албан тушаалтан гарын үсэг зурсан зүйл байхгүй. Төв оффис өөрийн хийх ёстой ажлаа хийгээгүй, мэдэгдээгүйн төлөө уурхайд байгаа хамгийн бага нэгжийг буруутгах үндэслэлгүй.

1.4. Хохирлын асуудал буюу нүүрс тээврийн ажлын хөлс надад хамаагүй. Төв оффист байгаа санхүү, хөрөнгө оруулалтын газрын үндсэн чиг үүрэгт компанийн дотоод гадаад төлбөр тооцоог тулган баталгаажуулах холбогдох тооцооллыг хийж бүртгэлд тусгах, компанийн орлого зарлагын тооцоог тухай бүрт хийж баримтжуулж, стандартын дагуу бүртгэлийн журмаар бичилтийг хийж хүлээн зөвшөөрөх гэх мэт ажил хамаарна. Манай салбарын нүүрс ачилт, логистикийн төвд эдийн засагч гэх орон тоо байдаг ч тэр хүн нь өнөөдрийг хүртэл томилогдоогүй.

Тиймээс бид нар аливаа санхүү мөнгөтэй холбоотой тооцоог тусгах, хянах, баталгаажуулах боломж ч байхгүй. ххххххх ХХК-тай байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний 2.2-т талууд ххххххх ХХК-ийн баталсан тээврийн болон түүнтэй холбоотой ажил үйлчилгээний тарифыг дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Зам тээврийн сайдын баталсан төмөр замаар тээвэрлэх ачааны мөрдлөг гэж байгаа бөгөөд тогтмол байдлаар хөлс төлөгдөх бөгөөд тогтмол зардал юм. Би ххххххх ХХК-тай шууд харьцангуутаа энэ зардлыг чинь хасъя, энийг чинь нэмье ч гэдэг ойлголт байдаггүй. Өөрөөр хэлбэл, бид зардлын тайлан дээр хэдэн минутад хэдэн вагон хүлээн авсан, хэдэн удаа сэлгэсэн гэдэг тоог л програмд оруулдаг.

1.5. 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 5.4-д төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гүйцэтгэхдээ гүйцэтгэх захирлын баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэнэ, гэтэл надад огт мэдэгдээгүй, надаас тайлбар аваагүй, миний ажлыг шалгаагүй байж намайг ажилдаа хариуцлагагүй хандсан гэж 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн шаардлагатай гэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд Засгийн газрын 385, 362 дугаар тогтоолоор гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх гэж энэ бүрэн эрхт төлөөлөгч очсон. 3 зорилгын хүрээнд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Энэ зорилгын хүрээнд л шаардлагатай бол онцгой шийдвэрээ гаргахаас биш, бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан шийдвэр болгонд шаардлагатай бол буюу онцгой гэдэг үйлчлэл хамаарахгүй.

1.6. Бүрэн эрхт төлөөлөгч 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр томилогдоод 2023 оны 8 сард үр дүнгийн урамшууллыг бүх ажилчдад олгосон. Би бүрэн эрхт төлөөлөгчийн томилогдсон 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан, онцгой дэглэм тогтоосон хугацаанд өөрийн хувь нэмрийг оруулсан учраас үр дүнгийн урамшуулалд хамрагдах ёстой. Урамшууллыг байгууллагын үндсэн цалин болох 2,712,745 төгрөгөөр, 3 сараар тооцож нийт 8,138,236 төгрөг гэж тооцсон. ххххыг байгууллага ажлаас үндэслэлгүй халсан учраас хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бүхэлдээ сэргэх учиртай.

Иймд ххххыг урьд эрхэлж байсан Салбарын нүүрс ачилт, логистикийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, урамшуулалд 8,138,236 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. хххх нь салбарын Нүүрс ачилт, логистикийн төвийн даргаар ажиллаж байсан боловч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг баталж өгөөгүй бөгөөд энэ нь тухайн үедээ тодорхой шалтгаантай байсан.

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн ххххыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тушаал хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Тус тушаалд 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2.1, Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3.1, 3.2 дахь заалтыг тус тус үндэслээд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Онцгой дэглэм тогтоох энэ харилцаа Засгийн газарт эрх олгох тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд эрх олгосон онцгой харилцаа юм.

2.2. Тогтоолоор өгсөн үүрэг даалгавар бол компанийн үндсэн үйл ажиллагааг сайжруулах, тэр дундаа санхүүгийн болон хөдөлмөрийн сахилга батын асуудал сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өгч эрх олгосон. Тогтоолын 3.1-д заасны дагуу шаардлагатай бол ажилтныг томилж чөлөөлөх эрхээ хэрэгжүүлж ажилласан. Нөхцөл байдлын хувьд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ххххххх ХХК-иас 5,2 тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх ирсэн. Уг асуудлыг Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газар болон Компанийн харьяалах нэгжүүд чиг үүргийнхээ дагуу шалгасан байдаг. ххххххх ХХК-тай төмөр замаар нүүрс тээвэрлэх түр гэрээнээс үүдэлтэй төлбөрийн нэхэмжлэх ирсэн байна.

Тухайн гэрээ 2022 оны 7-9 сард буюу ерөөсөө 1 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Нийт 2 сарын хугацаанд хүчин төгөлдөр байсан. Гэтэл нэхэмжлэгч ххххын ажилладаг нүүрс ачилт, логистикийн төв нь ямар нэгэн гэрээ бичиг баримтгүйгээр 9, 10, 11, 12 сард нүүрс ачсан байдаг. Энэ гэрээг хэрэгжүүлж ажиллаж байсан үндсэн нэгж нь нүүрс ачилт логистикийн төв мөн. Манай байгууллага нүүрс ачилт, логистикийн төвийг байгуулаад дараа нь төмөр замаар нүүрсийг зөв зохион байгуулалттайгаар тээвэрлүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг байгуулахад хххх өөрөө оролцсон тул үүнийг мэдээгүй, мэдэх бололцоогүй, надад хамааралгүй гэж хэлэх үндэслэлгүй.

Тухайн гэрээг хэрэгжүүлэгч нь төмөр замаар нүүрс тээвэрлүүлэх ажлыг хариуцаж байгаа нэгжийнхээ хувьд үүсээд байгаа асуудлаа компанийн удирдлагад танилцуулаагүй, гэрээг сунгах ч гэдэг юм уу, гэрээтэй холбоотой арга хэмжээг авч ажиллаагүй, гэрээний хугацаа дууссан, гэрээгүйгээр 4 сар шахам ажиллуулаад 4,5 тэрбум төгрөгийн тооцоолоогүй зардал буюу өр төлбөрт оруулсан. Нийт 5,2 тэрбум төгрөгөөс 4,5 төгрөгийн ямар ч тооцоолоогүй зардал гарсан. Уг үйл явдалтай холбоотойгоор бол Нүүрс ачилт, логистикийн төвийн ажилтнууд буюу ахлах мэргэжилтэн ххххх, ххххххх нар хххххххтай 2022 оны 12 дугаар сард бүх нүүрс тээвэрлэлтийн тооцооллыг баталгаажуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг зайлшгүй мэдэж байсан, мэдэх ёстой байсан, ийм асуудал үүсээд байгаа гэдгээ удирдлагадаа танилцуулах ёстой байсан. Тийм учраас бүрэн эрхт төлөөлөгч нь ххххыг өөрийн ажлын чиг үүрэгт заасан ажил үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж ажил үүргээс чөлөөлсөн. Нүүрс ачилт, логистикийн төвийн чиг үүрэг бол гүйцэтгэх захирлын 2022 оны А/677 дугаар тушаалаар батлагдсан тээвэр логистикийн газрын чиг үүрэгт хамаарч байгаа. Нүүрс ачилт, логистикийн төв нь 2022 оны 5 дугаар сарын 10, 12-ны өдөр байгуулагдсан байдаг. Энэ төв нь манай байгууллагын төмөр замаар тээвэрлэх ачааг бэлдэж шилжүүлэн ачиж талбайг хүлээн авах, худалдан авагчид хүлээлгэн өгөх буюу нүүрс ачилт тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр ачилтын талбайд зохион байгуулж ажиллах үндсэн үүрэгтэй. Энэ үндсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж ажилласан гэж үзэж үүрэгт ажлаас чөлөөлсөн.

2.3. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд компанийн ажилтнуудад шагналт цалин олгох тухай журмыг үндэслэсэн байдаг. Харин бүрэн эрхт төлөөлөгч өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар ажилтнуудад шагнал олгосон. Энэ шагналт цалин бол тухайн журмын 4.1-д заасан улирлын шагналт цалин биш. Энэ бол Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч борлуулалтын орлогыг нэмэгдүүлсэн сахилга хариуцлагыг сайжруулж ажилласан хувь нэмрийг үнэлж ажиллаж байгаа ажилтан бүрд олгосон шагналт цалин байсан. Нэхэмжлэгч тухайн үед ажил үүргээсээ чөлөөлөгдсөн байсан. Тиймээс ххххын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д зааснаар нэхэмжлэгч ххххыг хариуцагч хххххх ХК-ийн Салбарын Нүүрс ачилт, логистикийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д зааснаар хариуцагч хххххх ХК-аас 88,419,512 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ххххт олгож, нэхэмжлэлээс үлдэх улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар 88,419,512 төгрөгийн олговроос шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч ххххын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч хххххх ХК-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч хххх нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар хариуцагч хххххх ХК-аас 600,048 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримт, нөхцөл байдлыг буруу дүгнэсэн.

Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр /валютын нөөцгүй/ байгаа нөхцөл байдлыг богино хугацаанд арилгах, сайжруулах шаардлагаар хххххх ХК-д 6 сарын хугацаатай тусад нь онцгой дэглэм тогтоож, Засгийн газар өөрийн шууд хяналтад авч, Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрхийг Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 оны/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд заасан хүрээнд хэрэгжүүлэхийг хххад даалгасан.

Тавантолгой нүүрсний ордоос нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л үе шатанд хяналтыг сайжруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдал, компанийн санхүүгийн сахилга бат, бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шаардлага арга хэмжээг 385 дугаар тогтоолд заасан хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газраас үүрэг болгосон.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч энэ хүрээнд тодорхой ажил, арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд компанийн болоод монгол улсын санхүүгийн нөхцөл байдал сайжирсан.

4.2. Нэхэмжлэгч ххххын удирдаж байсан салбарын Нүүрс ачилт, логистикийн төв нь хххххх ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/677 дугаар тушаалын 12 дугаар хавсралтаар баталсан Тээвэр ложистикийн газрын үндсэн чиг үүрэгт заасан хххххх ХК-ийн төмөр замаар тээвэрлэх ачааг бэлдэх, шилжүүлэн ачих талбайд хүлээн авах, худалдан авагчид хүлээлгэн өгөх буюу нүүрс ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр ачилтын талбайд хариуцан зохион байгуулах гэсэн үндсэн чиг үүрэгтэйгээр 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс ажиллаж байсан.

Өөрөөр хэлбэл, Нүүрс ачилт, логистикийн төв нь Салбарын Тээвэр ложистикийн газрын харьяаны батлагдсан чиг үүрэгтэй, нүүрс тээврийг төмөр замаар ачих, тээвэрлэх асуудлыг ххххххх ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр шууд хариуцан, гардан зохион байгуулж ирсэн нэгж байтал хийж гүйцэтгэх чиг үүрэг тодорхойгүй гэж, мөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтгүй үндэслэлээр ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах, ажилтанд ямар нэгэн хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн болно.

Нүүрс ачилт, логистикийн төвийн дарга нь "хххххх" ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.9-д заасны дагуу компаний удирдах албан тушаалтанд багтаж, өөрийн удирдаж буй нэгжийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэлийг хариуцах албан тушаалтан бөгөөд дээрх чиг үүрэг болон төмөр замаар нүүрс тээвэрлүүлэх гэрээг хариуцан ажилласны төлөө компаниас цалин хөлсийг олгож байсан болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7-д ... ххххыг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг ажлаас чөлөөлөх шаардлагатай тохиолдолд хамааруулахгүй ажлаас чөлөөлөх шаардлагатай ямар тохиолдол үүссэн нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй" гэж буруу дүгнэсэн бөгөөд онцгой дэглэм тогтоох хуулийн зорилго, ач холбогдлыг үгүйсгэж, Засгийн газарт эрх олгох тухай хууль болоод Засгийн газрын 385 дугаар тогтоолыг маргааны үйл баримтад буруу тайлбарлаж нийтлэг баримтлагддаг хууль буюу Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх байсан гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд ххххыг хөдөлмөрийн болон сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үүрэгт ажлаас чөлөөлөөгүй. Харин төмөр замаар нүүрс ачилт, тээврийг шууд хариуцан гүйцэтгэгч нэгжийн хувьд "Төмөр замаар ачаа тээвэрлэх түр гэрээ"-ний хугацаа дууссан байхад нэгжийн болон компанийн удирдлагад мэдэгдэж, асуудлыг танилцуулж шийдвэрлүүлээгүй. Улмаар гэрээний хугацааг сунгах арга хэмжээ аваагүй, хүчин төгөлдөр гэрээгүйгээр 2022 оны 09 сараас 12 сар хүртэл дөрвөн сар гаруй хугацаанд төмөр замаар нүүрс тээвэрлэлт хийгдэж, компанид 4.5 тэрбум төгрөгийн тооцоолоогүй зардал (нийт 5.2 тэрбум төгрөг) гарч, компанийг санхүүгийн эрсдэлд оруулсан гэж үзэж түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болохыг анхаараагүй болно.

Дээрх нөхцөл байдлууд нь "ххххххх" ХХК-тай байгуулсан "Төмөр замаар ачаа тээвэрлэх түр гэрээ", (нэг сарын хугацаатай байгуулж, дахин нэг сараар сунгасан) тус компаниас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн "Гэрээ дүгнэх тухай" тухай албан бичиг, нэхэмжлэх, талуудын тооцоо нийлсэн (сүүлд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нөхөж хийхээс аргагүй болсон) баримтуудаар тогтоогдож байгааг харгалзаж үзээгүй.

4.3. Онцгой дэглэм тогтоосон харилцаанд нарийвчлан зохицуулсан хууль буюу хэрэглэх ёстой хууль нь Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль, түүнийг үндэслэн гарсан Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол бөгөөд энэхүү хууль тогтоомж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримт буюу онцгой дэглэм тогтоосон харилцаанд хэрэглэх ёстой хууль тогтоомжийг хэрэглэхгүйгээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн аль алинд нь "Ажилтныг томилж, чөлөөлөх" асуудлыг зохицуулсан тул нарийвчилсан харилцааг эрх олгох тухай хууль болон Засгийн газрын тогтоолын хүрээнд тайлбарлаж, хэрэглэх нь онцгой дэглэм тогтоогдсон хугацаанд нийтлэг баримтлагддаг хууль буюу Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болох хуулийн зорилго, агуулга /үзэл баримтлал/-ыг маргааны үйл баримтад буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, ххххын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3.1, 3.2 дахь хэсэгт заасныг шүүх баримтлаагүй гэх гомдлын тухайд тухайн зохицуулалт нь компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай бол нэгжийн удирдлага холбогдох албан тушаалтыг томилж, чөлөөлөх гэж 1991 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг заасан байдаг.

Харин тус Засгийн газрын тогтоолын 3.2 дахь хэсэг нь компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл технологийн тусгайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй, осол ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд холбогдох хариуцлага хүлээлгэж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч н.Ганбатад даалгасугай гэж заасан. Энэ нь 1991 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан. Шүүх 3.1 бол хариуцлага тооцохтой хамааралгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, 1991 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан буюу энэ тогтоолын 3.2 дахь хэсэгт заасан. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 16 дахь талын дээд талын догол мөрөнд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нүүрс төмөр замын тээвэрлэлттэй холбоотой ххххыг хариуцаж байсан хэлтэстэй холбоотойгоор бүрэн эрхт төлөөлөгчөөс үйлдвэр технологийн онцгой горим, журам, дэглэм байна уу гэж асуухад тийм журам тогтоогоогүй гэж хариулсан. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлийн 18 дугаар талд доод талаасаа 3 дахь догол мөрөнд 3.2 дахь хэсэгт заасан үндэслэл буюу хариуцлага тооцсон гэх үндэслэлийн талаар даргалагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас асуулт асуусан бөгөөд 3.2 дахь хэсэгт заасан тусгай дүрэм, журам гэдэгт юуг хэлээд байгаа юм бэ гэхэд Гэрээ, санамж бичгийн журмын 5.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээтэй холбоотой асуудлаар заавал мэдэгдсэн байх ёстой гэж заасан.

5.2. Гэрээ, санамж бичгийн журмын 5.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээг төсөл хариуцсан нэгж хариуцна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.4 дэх хэсэгт зааснаар Гэрээ, санамж бичгийн журмын 2.3 дахь хэсэгт энэ журмын 2.1.1, 2.1.2-т зааснаас бусад гэрээ, санамж бичгийн төслийг тухайн асуудлыг хариуцсан нэгж хариуцна, 5.1 дэх хэсэгт тухайн төслийг боловсруулсан, гэрээний хэрэгжилтэд тухайн асуудал хариуцсан болон захиалга гаргасан нэгж хяналт тавих бөгөөд гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаантай асуудлыг хууль зүйн асуудал хариуцсан газарт мэдэгдэнэ гэж заасан.

Түүнчлэн Дотоод хяналт шалгалтын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн тайланг гол үндэслэлээ болгож ххххыг буруутгаж ажлаас нь чөлөөлдөг. Гэтэл хэрэгт Дотоод хяналт шалгалтын журам байгаа бөгөөд тус журмын 9.1 дэх хэсэгт хяналт шалгалтын дүгнэлтийг эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзвэл дүгнэлт гарснаас хойш 30 хоногийн дотор гүйцэтгэх захиралд гомдол гаргаж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл ххххт танилцуулаад гомдол гаргах эрхээр нь хангах ёстой. Тус журамд зааснаар шалгагдагч этгээдээс заавал тайлбар авах талаар заасан.

5.3. Гэтэл тухайн дотоод хяналт шалгалтын тайлан нь хуульд нийцэж байгаа эсэх тухайд Засгийн газрын 2011 оны Аж ахуй нэгж байгууллагад дотоод хяналт шалгалт явуулах тухай 311 дүгээр тогтоолоор шалгагдагч этгээдээс тайлбар авна, гомдол гаргах эрхээр нь хангана, хэрэв эрүүгийн шинжтэй буюу 4,500,000,000 төгрөгөөр хохироосон нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх юм бол эрүүгийн журмаар шалгуулна гэж заасан. Үндсэн хуульд зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэтэл эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нэг ч үйл баримт байхгүй.

Тийм учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан, 3.1, 3.2 дахь заалтын агуулгаар харсан. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч хххххх ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Салбарын Нүүрс ачилт, логистикийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... ххххххх ХХК-тай байгуулсан түр гэрээний хэрэгжилтийг хангаж, төмөр замаар ачаа тээвэрлэх чиг үүргийг Салбарын Нүүрс ачилт, логистикийн төв хариуцаж байсан, түр гэрээний хугацаа дууссан байхад захиалагч, хэрэгжүүлэгч нэгжийн хувьд уг асуудлыг удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлээгүй, үүний улмаас компанид тооцоолоогүй, их хэмжээний зардлыг үүсгэсэн, ... санамж бичгийн журамд зааснаар гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулах үүргээ биелүүлээгүй ... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.

 

3. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч ххх нь 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Б/110 дугаартай тушаал гаргаж БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3.1, 3.2 дахь заалтыг тус тус үндэслэн салбарын Нүүрс ачилт, логистикийн төвийн дарга ххххыг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх5/ Уг тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар талууд маргажээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын маргааныг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4.1. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж, 2-т Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 1/үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох гэж тус тус заажээ. Энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.

4.2. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаартай тогтоолоор төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан хххххх ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоожээ. Уг тогтоолын 2 дахь заалтаар хххххх ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хххыг томилжээ. /хх 61/ Засгийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгажээ.

4.3. Тогтоолын 3.1-д компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг, 3.2-т Компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч хххад тус тус даалгасан байна.

 

5. хххххх ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь дээрх тогтоолын 3.1, 3.2-т заасан чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгч ххххыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2.1-д заасантай нийцсэн байна.

Тодруулбал, хххххх ХК-ийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас ЭТТ-2022/524 дугаартай Төмөр замаар ачаа тээвэрлэх түр гэрээний хүрээнд ххххххх ХХК-аас ЭТТ ХК-д 5.2 тэрбум төгрөгийн нэхэмжлэх ирүүлсэнтэй холбогдуулан тус гэрээний хэрэгжилтэд хяналт хийж, дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтэд ... Нүүрс ачилт, логистикийн төвийн дарга хххх нь төмөр замаар нүүрс тээвэрлэх, вагон таталт, чингэлэг шилжүүлэн ачих, чингэлэг хадгалалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавиагүй, Төмөр замаар ачаа тээвэрлэх түр гэрээ-нд тодорхой тусгаагүй зардлуудыг хүлээн зөвшөөрч тооцсон, өр төлбөрийг тухай бүр нь төлж барагдуулах талаар санал тавьж шийдвэрлүүлээгүйгээс компани 5.2 тэрбум төгрөгийн өр төлбөрт орсон байна ... гэжээ. /хх64-66/

Гэрээ, санамж бичгийн журмын 5.1-д Гэрээний хэрэгжилтэд тухайн асуудлыг хариуцсан болон захиалга гаргасан нэгж хяналт тавих бөгөөд гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаантай асуудлыг хууль зүйн асуудал хариуцсан газарт мэдэгдэнэ гэж заасан байна. /хх-59/

5.1. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/677 дугаар тушаалаар Компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн баталж, салбарын үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг арван хоёрдугаар хавсралтаар баталсан байна. Тус хавсралтад заасан Тээвэр, логистикийн газрын үндсэн үйл ажиллагааны чиг үүргийн 7-д гэрээгээр нүүрс ачилт хийлгэх, хяналт тавих, тайлагнах, ажлын даалгавар, чиглэл өгөх, Тээвэр, авто зам хариуцсан албаны чиг үүргийн 5-д Төмөр замын тээвэрлэлтийн гэрээ байгуулсан компаниудтай хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангуулах мэдээллээр хангах, бүртгэл, хяналт хийж стандартын дагуу тээвэрлэх түүний бүрэн бүтэн байдал, дагалдах бичиг баримт бусад зохион байгуулалтыг зохицуулах гэж тус тус заажээ. /хх47, 51/

Нэхэмжлэгч хххх нь хххххх ХК-ийн салбарын Нүүрс ачилт, логистикийн төвийн даргын албан тушаал эрхэлж байсан тул дээрх компанийн дүрэм, журмыг дагаж мөрдөх, мөн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2.1-д заасныг баримтлан хариуцагч хххххх ХК-д холбогдуулан гаргасан Салбарын Нүүрс ачилт, логистикийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах, улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/03452 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2.1-д заасныг баримтлан хариуцагч хххххх ХК-д холбогдуулан гаргасан Салбарын Нүүрс ачилт, логистикийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах, улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 600,048 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД