Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00754

 

 

 

 

 

 

 

 

     2024       04            12                                    210/МА2024/00754

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/00560 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,760,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Э ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрсдийн худалдан борлуулдаг архи, шар айргийг согтууруулах худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй Э ХХК-д тэдний захиалгын дагуу тухай бүр бараагаа нийлүүлж байсан. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй учир зөвхөн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үндсэн төлбөрийг нэхэмжилсэн.

Э ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 3,760,000 төгрөгөөр тооцоо нийлсэн боловч түүнээс хойш төлбөрөө төлөөгүй байна. Тухайн тооцоо нийлсэн актыг явуулахдаа манай байгууллагын нягтлан бодогч гарын үсгээ зурж явуулсан. Нөгөө талаас буюу Э ХХК-аас цэнхэр балаар гарын үсгээ зурсан байх бөгөөд доод талын тамга дарах хэсэгтээ гарын үсгээ зураагүй хэр нь Э ХХК-ийн гарын үсэг зурах хэсэгт ард талд нь гарын үсэг зурж, утасны дугаараа бичсэн байгаа.

Тухайн үед гарын үсэг зурсан н.Нарантунгалагтай холбогдоход компанийн эзэмшигч нь солигдсон талаар хэлж байсан. Шалгаж үзэхэд тухайн цаг хугацаанд компанийн эзэмшигчээр н.Нарантунгалаг хэвээрээ байсан тул Э ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Иймд хариуцагчаас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 3,760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өмнө нь Э ХХК-ийн түрээсээр ашиглаж байсан байрыг Р ХХК түрээслэн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Нэхэмжлэгч байгууллагыг үүнд тодорхой хэмжээний андууралтай байгаагийн улмаас хариуцагчаа буруу тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Талуудын хооронд бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авах бичгээр байгуулсан гэрээ байхгүй учир талуудын хооронд үүнтэй холбоотой эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас “Тооцоо нийлсэн акт” гэх баримтыг шүүхэд гаргасан байх бөгөөд тус актыг манай байгууллагаас баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн акт биш. Учир нь үүнд байгууллагын тамгатай тооцоо нийлсэн актыг ашигласан байна. Тамга нь ямар учиртайг мэдэхгүй байна. Манай байгууллагаас гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл байхгүй. Энэхүү тооцоо нийлсэн актыг 2 өнгийн балаар нөхөж бичсэн байна. Манай компаниас тус тооцоо нийлсэн актыг үйлдээгүй. Байгууллагын захирал, нягтлан бодогч зэрэг эрх бүхий албан тушаалтнууд актыг баталгаажуулж хүлээн зөвшөөрөөгүй, засвартай акт байна. Санхүүгийн тэмдэг нь байгууллагын төлөөлөх эрхтэй этгээдийн тамга биш. Ямар учиртай тамга болохыг мэдэхгүй байна.

Мөн нэхэмжлэгч тал тодорхой хугацаанд бараа нийлүүлж байсан, түүний үлдэгдэл төлбөр гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэдий хугацаанд ямар бараа нийлүүлж байсан болон хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгааг нотолж чадахгүй байна. Э ХХК-д нийлүүлж байсан бол бараа хүлээлцсэн акт, бараа нийлүүлсэн зарлагын баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй байна. Талуудын хооронд зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Э ХХК-аас 3,760,000 төгрөг гаргуулах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хоёр компанийн эрх бүхий албан тушаалтан буюу нягтлан бодогч нар 2021 оны 01 сараас 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж Э ХХК нь 3,700,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан компанийн эрх бүхий албан тушаалтан болох хоёр компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлэн эцсийн төлбөрийн тооцоог хийж баталгаажуулсан баримт байхад шүүхээс уг баримтыг нотлох баримт гэж үнэлэхгүй байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагч талын зүгээс “Манай компаниас тус тооцоо нийлсэн актыг үйлдээгүй. Байгууллагын захирал, нягтлан бодогч зэрэг эрх бүхий албан тушаалтнууд актыг баталгаажуулж хүлээн зөвшөөрөөгүй, Санхүүгийн тэмдэг нь байгууллагын төлөөлөх эрхтэй этгээдийн тамга биш гэх тайлбаруудыг өгдөг” боловч үүнийг нотлох ямар ч баримт хэрэгт байхгүй. Гэтэл хариуцагч тал нь шүүхэд хариу тайлбар гарах хугацаандаа хариу тайлбараа гаргаагүй, мөн өөрийн татгалзлаа нотолсон ямар ч баримт гаргаж өгөөгүй.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талаас барааны үлдэгдлийг баталгаажуулсан тооцоо нийлсэн актыг талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан баримтыг эх хувиар нь хэрэгт нотлох баримтаар өгсөн гэж тайлбарлаж байна. Уг тооцоо нийлсэн гэх баримт манай компанид үлдээгүй бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан тооцоо нийлсэн акт дээр хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтан болон санхүүгийн нягтлан бодогч гарын үсэг зураагүй. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөх ёстой. Уг 3,760,000 төгрөгийн ямар гэрээг үндэслэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хууль ёсны байх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,760,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч байгууллагатай амаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан бараа нийлүүлдэг байсан тооцооны үлдэгдэл төлбөр болох 3,760,000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

2.1. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “манайх нэхэмжлэгчид ямар нэгэн өр төлбөр байхгүй, хэзээ ямар бараа худалдан авсан талаар баримтгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна.

 

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад “Э ХХК нь 3,760,000 төгрөг”-ийн тооцоотой талаар тусгаж, баримтын баталгаажуулах хэсэгт хариуцагч талын санхүүгийн тэмдэг дарагдсан боловч төлбөр төлөгч байгууллагын нягтлан бодогч болон төлөөлөгч гэсэн хэсэгт гарын үсэг зурагдаагүй байна. /хх 4/

 

3.2. Нэхэмжлэгч нь, “төлбөр төлөгч талын төлөөлөгч дээрх баримтад цэнхэр балаар гарын үсгээ зурж, утасны дугаараа бичсэн” гэх боловч уг баримт дээрх цэнхэр балаар бичсэн бичвэр, утасны дугаар нь хариуцагч талыг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг, утасны дугаар болохыг нэхэмжлэгч нотлоогүй.

 

4. Түүнчлэн, хариуцагчид ямар нэр төрлийн, хичнээн хэмжээний, ямар үнэтэй барааг нийлүүлж худалдсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ нэхэмжлэгч талаас хэрэгжүүлээгүй байна.

 

4.1. Иймд талуудын  хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах  үндэслэлгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/00560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

 

                                                       ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ