Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 4725

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, ЭТӨЧ 41-16 “Модун” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 246,14 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Дөрвөн Зэт” ХХК-д холбогдох,

Түрээсийн төлбөрт 10,053,396 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

       ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Модун” ХХК нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Дөрвөн зэт” ХХК-тай 2014 оны 09 сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилга Мега Стор” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарын 17м.кв талбайтай павилоныг 1 сарын 476,000 төгрөгөөр түрээслэхээр, мөн цахилгааны төлбөрт сарын 10,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч нь 2015 оны 2 сараас төлбөрөө төлөөгүй бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байдаг. Иймээс 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл түрээсийн үндсэн төлбөрт  7,290,000 төгрөг, алдангид 2,763,396  төгрөг нийт  10,053,396 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч “Дөрвөн Зэт” ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн хугацаанд Батсүрэнгийн Эрдэнэчимэг хувиараа барилгын материал борлуулах зорилгоор 2014 оны 9 дүгээр сараас манай компанийн нэр дээр “Барилга мега стор” дэлгүүрийн №8 павилоныг түрээслэн ажиллуулж эхэлсэн юм. “Модун” ХХК-ийн ерөнхий захирал Д.Батбаярын баталсан “Модун” ХХК болон манай компанийн хооронд байгуулсан Барилга мегас тор төвд павилон түрээслэх, түрээслүүлэхээр гэрээний дагуу Б.Эрдэнэчимэг хувиараа уг павилон дээр ажиллаж, эхний саруудад Б.Эрдэнэчимэг төлбөрөө төлөөд ажиллаж байсан боловч уг павилоны байрлал тохиромжгүй байсны улмаас үйлчлүүлэгчид ирдэггүй, захилагч байхгүй байсан тул арга буюу гэрээгээ цуцлах шаардлагатай болсны улмаас надад хүсэлт тавьж байгуулсан гэрээгээ цуцлах талаар “Модун” ХХК-ийн захиргаанд хэд хэдэн удаа албан бичиг хүргүүлж байсан. Манай компани барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдийн засгийн хүндрэлийн улмаас ажил бүрэн зогссон болно. Уг гэрээний 8.1-д “Түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж түрээслүүлэгчийн болон бусдын эрх ашиг, үйл ажиллагаанд саад учруулбал энэ гэрээний 4.3-т заасан нөхцлөөр түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан атлаа бид төлбөрөө төлж чадахгүй байна, гэрээ цуцалж өгөөч гэсэн хүсэлт удаа дараа тависаар байхад санаатайгаар түрээслэгч Б.Эрдэнчимэгийн эд хөрөнгийг гаргуулахгүй өдий хүргэсэн нь манай компанийг мөнгөтэй баян байгууллага эднийхээс хялбар аргаар мөнгө авч болно гэж бодсон шунахай санаа гэж үзэж байна. Энэ павилоныг ашиглан Б.Эрдэнэчимэг нь хувиараа бизнес хийж орлого олох гэж нилээд чармайн өөр байгууллагатай хүртэл тохиролцон барааг нь тавьж сурталчлах арга хэмжээ авч байсныг өөрөө нотлох бөгөөд энэ нэхэмжпэлийн хариуцагч нь Б.Эрдэнэчимэг болно. Иймд уг нэхэмжлэлийг иргэн Б. Эрдэнэчимэгт хариуцуулан “Дөрвөн зэт” ХХК-ийн нэр дээр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “Модун” ХХК нь  хариуцагч “Дөрвөн Зэт” ХХК-аас түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 7,290,000 төгрөг, алдангид 2,763,396 төгрөг, нийт 10,053,396 гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь “... тус павилоныг манай компани авч түрээслээгүй, манай компаний нэр дээр гэрээ хийж, Эрдэнэчимэг гэж хүн түрээслэж байсан. Уг түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхгүй байхад түрээсийн гэрээ байгуулсан нь үйл ажиллагааны чиглэлээ зөрчиж хийсэн хэлцэл юм. Манай компаниас түрээсийн гэрээгээ цуцлах талаарх саналыг удаа дараа тавьж байсан...” гэж нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэжээ.

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 58 дугаартай түрээсийн гэрээгээр “Модун” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Барилга мега стор” худалдаа үйлчилгээний төвийн 2 дугаар давхрын 17 м.кв талбайтай 8 тоот павилоныг “Дөрвөн Зэт” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаагаар, сарын 476,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон байх ба уг тохиролцоо нь талуудын гэрээний агуулыг өөрсдөө тодорхойлох, гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба талууд гэрээ байгуулагдсан эсэх тал дээр маргахгүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээний дагуу түрээслэгч нь түрээслүүлэгчээс Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Барилга мега стор” худалдаа үйлчилгээний төвийн 2 дугаар давхрын 17 м.кв талбайтай 8 тоот павилоныг хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.  

Харин хариуцагч тал нь манай компаны нэрийг ашиглан Эрдэнэчимэг гэдэг хүн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх боловч уг гэрээнд “Дөрвөн Зэт” ХХК-ийн захирал гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээ дарж баталгаажуулсан, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан түрээслүүлэгч талын шаардлагуудыг хүлээн авч байсан байдал болон түрээсийн гэрээг цуцлах талаар болон түрээсийн төлбөрийг хэрхэн төлөх талаар түрээслүүлэгч талд хүргүүлж байсан албан бичиг зэргээс үзэхэд “уг түрээсийн гэрээг Эрдэнэчимэг гэж хүн байгуулсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс уг гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх боломжгүй гэж тайлбарлаж байх боловч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу 93 тоот барилгын А блок, худалдаа үйлчилгээний зориулалттай 8,120.4 м.кв талбайтай барилга нь “Модун” ХХК-ны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.  Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний зүйл болох 8 тоот 17 м.кв талбайтай павилон нь уг 8,120.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хэсэг тул түүнд тусгайлан олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй учраас түүнийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй, мөн уг эд хөрөнгөө бусдад түрээслэх, захиран зарцуулах эрх нь өмчлөгчийн эрх  байх тул  уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.  

Иймд нэхэмжлэгч тал нь хариуцагч талаас түрээсийн гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

Харин талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт ...гэрээ цуцлах тал нь нөгөө талдаа 30-аас доошгүй хоногийн өмнө албан бичгээр гэрээ цуцлах тухайгаа мэдэгдэнэ гэж заасан байх ба 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээг дуусгавар болгохоор хариуцагч талд мэдэгдсэн болох нь “Дөрвөн Зэт” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 19-н өдрийн 2/27 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Иймд гэрээний дээрх заалтын дагуу талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч нь нэхэмжлэгч талд 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх  7 сарын хугацааны түрээсийн төлбөрт 3,402,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй  үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 9.2 дахь хэсэгт түрээслэгч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн дээрх заалттай нийцэж байх тул хариуцагч нь 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэгч талын шаардсан 2016 оны 04 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 216 хоногийн алданги болох 1,469,664 /3,402,000*02%*216 хоног/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч “Дөрвөн зэт” ХХК-иас 4,871,664 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Модун” ХХК-д олгож, үлдэх 5,181,732 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                            ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч хариуцагч “Дөрвөн зэт” ХХК-иас 4,871,664 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Модун” ХХК-д олгож, үлдэх 5,181,732 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дөрвөн зэт” ХХК-иас улсын  тэмдэгтийн хураамжид 92,897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Модун” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА