Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00753

 

 

 

 

 

 

 

 

     2024        04            12                                    210/МА2024/00753

 

 

Л.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/00250 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч М ХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөр 4,129,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 34 дүгээр гудамж 2а тоот үл хөдлөх эд хөрөнгө буюу 158 м.кв хувийн сууцыг Төрийн банкны амины орон сууцны зээлээр худалдан авсан. Уг зээлийн гэрээг байгуулахад хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээг байгуулах шаардлагыг Төрийн банкнаас тавьсны дагуу М ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 211074033170009 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан.

2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 34 дүгээр гудамж 00 тоот үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн амины дээрх орон сууцны дээврийг гэнэтийн хүчтэй хуй салхи гарсны улмаас хуулж унаган даатгуулсан эд хөрөнгөнд хохирол учирсан. Гэнэтийн хүчтэй хуй салхины улмаас байшингийн дээвэр хуулагдаж эд хөрөнгөд хохирол учирсан талаар М ХК-д мэдэгдэж, тухайн өдрөө ирж даатгалын эд хөрөнгөнд учирсан хохирлыг баримтжуулсан бөгөөд хохирлын үнэлгээгээ гаргуулаад М ХК-д авчирч өгөхийг үүрэг болгосон. “Итгэлт-Эстимэйт” ХХК-аас эд хөрөнгийн хохирлын үнэлгээг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж, хохирлыг 3,929,550 төгрөг гэж тогтоосон.

Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээний 3.1.4-т заасны дагуу байгалийн гамшгийн улмаас эд хөрөнгө хохирол учруулсан нь хохирлыг нөхөн төлөх нөхцөлийг гэрээнд тусгасан бөгөөд М ХК-аас хохирлын нөхөн төлбөрийг төлөхгүй гэж хариу албан тоот ирүүлснийг зөвшөөрөхгүй.

Мөн Даатгалын тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр Санхүүгийн Зохицуулах Хороонд хандсан боловч 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 9/168 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлыг тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн даатгалын гэрээний болон нөхөн төлбөрийн маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн болно.

Иймд нэхэмжлэгчийн миний эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг даатгалын гэрээний 3.1.4-т заасан даатгалын эрсдэл тооцож, хохирлын үнэлгээг гаргуулахаар үнэлгээний байгууллагад төлсөн төлбөрийг нэмж нэгтгэн нийт 4,129,550 төгрөгийг хариуцагч М ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Л.Э- нь М ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 211074033170009 дугаар бүхий "Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ"-г 1/нэг/ жилийн хугацаатай байгуулсан.

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “хүчтэй салхи болсны улмаас өөрийн эзэмшлийн байшингийн дээвэр хийсэж даатгалын зүйлд хохирол учирсан” гэж нэхэмжлэгч нь даатгагчийн шуурхай албанд дуудлага өгч бүртгүүлэн, нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн өгсөн.

Тухайн нөхөн төлбөрийн материалыг хянаж үзэхэд дараах байдлаар нөхөн төлбөр олгох боломжгүй байсан. Тодруулбал, дээрх тохиолдолтой холбогдуулан гаргасан ЦУОШГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04/213 тоот албан бичгээр “... нийслэл хот орчмоор салхины дундаж хурд секундэд 6-8 метр, 14-17 цагийн хооронд салхины Өвөрхийлөлт өмнөх хугацаанаасаа нэмэгдэж зарим үед секундэд түр зуур 12 метр хүрч, ширүүссэн болох”-ыг тодорхойлсон. Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Сэрэмжлүүлэх болон урьдчилсан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт”-д “салхины дундаж хурд 18 м/с болон түүнээс дээш байвал хүчтэй салхи” гэж үзэхээр журамласан. Иймд дээрх тохиолдолд секундэд түр зуур 12 метр хүрч салхилсныг даатгалын гэрээний 3.1.4-т заасан даатгалын эрсдэл бий болсон гэж үзэх боломжгүй.

Даатгалын зүйлд хүчтэй салхины улмаас хохирол учирсан эсэх нь тодорхойгүй, даатгалын тохиолдол болсон нь нотлогдоогүй, даатгуулагчаас үүнтэй холбоотой нотолсон баримтыг манай байгууллагад бүрдүүлж өгөөгүй.

М ХК-ийн зүгээс даатгуулагч Л.Э-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлд заасан даатгалын эрсдэлд уг тохиолдол нь хамаарахгүй тул даатгагч нь даатгалын гэрээний 5.3 дахь хэсэгт “даатгалын гэрээнд заасан бусад шалтгаанаар хохирол гарсан ...”, 5.7 дахь хэсэгт “Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй “ бол нөхөн төлбөр олгохгүй гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Иймд даатгагч М ХК нь хууль болон даатгалын гэрээнд заасны дагуу даатгуулагч Л.Э-д даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 4,129,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 82,447 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Э-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт гэж заасныг тус тус зөрчсөн байх энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

Учир нь анхан шатны шүүх Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 04/213 тоот албан бичигт “...Цаг уурын станц байхгүй газруудад илүү хүчтэй салхитай байсан...” гэх хэсгийг дүгнэсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06/733 тоот тодорхойлолтыг дүгнээгүй, тус нотлох баримтыг үнэлж, дүгнээгүй үндэслэлээ дурдаагүй байна.

Тус тодорхойлолтын хавсралтаар “... Улаанбаатар хот орчимд 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр салхины хурд хамгийн ихдээ 12 м/с байсан гэж мөн тухайн өдөр байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдаагүй” тодорхойлсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт"-ыг баталсан байдаг бөгөөд тус жагсаалтын 1 дэх хэсэгт байгалийн гамшигт үзэгдэлд хамаарах “Хүчтэй салхи” гэх ойлголтыг “салхины дундаж хурд 18 м/с болон түүнээс дээш..” байх шаардлагыг тодорхойлсон байна.

Гэвч анхан шатны шүүх дээрх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг хариуцагчийн татгалзлын үндэслэлээ болгож буй нотлох баримттай харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг баримталсан.

Гэтэл анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг зэргээс зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох баримтыг үнэлж, хариуцагч талын татгалзлын үндэслэлээ болгосон нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулсан, тухайн баримтуудыг үнэлээгүй ба шийдвэрийн үндэслэл болоогүй талаарх үндэслэлээ дурдаагүй байгаа явдал нь шүүхийн шийдвэр хэт нэг талыг баримталсан, талуудын тэгш эрхийн зарчмыг хөндсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Тухайн байшингийн дээвэр хүчтэй салхины улмаас унасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Нэхэмжлэгчийн даатгуулсан эд хөрөнгийн байршил орчимд цаг уурын станц байхгүй талаар албан тоот ирүүлсэн. Мөн уг албан тоотод Сүхбаатар дүүргийн бэлхийн чиглэлд илүү хүчтэй салхитай байсан гэх дүгнэлтээс харахад хүчтэй салхи салхилаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Уг хүчтэй салхины улмаас байшингийн дээвэр унасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг шинжлэн судалж, үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Л.Э-, хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 4,129,550 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч Л.Э- нь Төрийн банктай байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033611 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 34 дүгээр гудамжны 2а тоотод байрлах 158 м.кв хувийн сууцыг, хариуцагч М ХК-д даатгуулж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1 жилийн хугацаатай даатгалын гэрээ байгуулсан; /хх24-26/

 

2.2. 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүчтэй салхины улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн байшингийн дээвэр хуулагдан унаж, улмаар 3,929,550 төгрөгийн хохирол учирсан ба нэхэмжлэгч нь М ХК-д нөхөн төлбөр гаргуулахаар хүсэлт гаргахад “...даатгалын гэрээгээр тохиролцсон эрсдэлд хамаарахгүй” гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан; /хх 12/

 

2.3. Түүнчлэн, нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хороонд нөхөн төлбөрийн асуудлаар хандсан байх боловч даатгалын зүйлд хохирол учирсан эсэх нь нотлогдохгүй байх тул маргааныг урьдчилан шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тухай хариуг өгсөн байна./хх 4/

 

3. Талууд даатгалын зүйлд учирсан хохирол нь даатгалын гэрээгээр тохиролцсон эрсдэлд хамаарах эсэх нь маргааны зүйл болжээ.

 

3.1. Даатгалын гэрээний 3 дугаар зүйлд даатгалын эрсдэлд хамаарах зүйлүүдийг тохиролцсон байх ба 3.1.4-т “Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/,...” даатгалын эрсдэлд хамааруулахаар тохиролцсон байна.

 

3.2. Хариуцагч нь даатгалын мэргэжлийн байгууллага бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ байх тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.4-т тохиролцсон даатгалын хамгаалалтын эрсдэлд хамааруулсан “байгалийн гамшиг буюу хүчит салхи” гэсэн гэрээний нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй байх тул түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлаж, даатгалын тохиолдолд хамааруулна.

 

Тодруулбал, талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд “...хүчтэй салхи” гэх нэр томьёог тайлбарлаагүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолд дурдсан салхины дундаж хурд 18 м/с болон түүнээс дээш байх тохиолдол гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хувийн сууцыг аливаа эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгалын гэрээ байгуулсан ба салхи салхилсны улмаас даатгалын зүйлд хохирол учирсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байхад салхины дундаж хурдаар хэмжиж эрсдэлд хамааруулах тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4. Анхан шатны шүүхээс, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар маргаан бүхий байшингийн дээврийг 3,929,550 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, үнэлгээний хөлсний зардал 200,000 төгрөгийн баримтуудыг үндэслэн 4,129,550 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцжээ. /хх5-11/

 

5. Шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүх нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/00250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,023 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ