Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 4700

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50-61 тоотод оршин суух, Шижээ овогт Лхамрагчаагийн Соёлцэцэг /ЧИ63030661/,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо Баруун тасган 8-73 тоотод оршин суух, Жарад овогт Шагдарсүрэнгийн Гантуяа /ЧИ72020467/,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагаан 9-8 тоотод оршин суух, Авга овогт Мандахбаярын Баасансүрэн  /ХЗ72041404/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгт холбогдох,

Сахилгын шийтгэл буруу ногдуулсаныг тогтоох, ур чадвар, үр дүнгийн урамшууллыг нөхөн олгуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Гантуяа, М.Баасансүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Гэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч  Л.Соёлцэцэг, Ш.Гантуяа, М.Баасансүрэн нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие Л.Соёлцэцэг нь Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгт 1987 оноос Бүлгийн багшаар тасралтгүй 30 шахуу жил ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа Боловсролын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Багшийн алдар, Заах арга зүйч зэрэг шагнал урамшуулалаар удаа дараа шагнагдаж байсан. Тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Дэлгэрмаа нь 2015 оны 10 сарын 01-ний өдөр насны тэтгэвэрт гарсны дараа одоогийн эрхлэгч Д.Бүрэнжаргал нь үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ирсэн. Тэрээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж эхэлснээс хойш багш ажилтныг зөв зохистой удирдаж зохион байгуулахгүй, багш ажилчдыг үг, хэл үйлдлээр дарамталж, цалин хөлснөөс суутган, ур чадвар, үр дүнгийн урамшуулал олгохгүй хохироож байна. Сар шинийн дараа байгууллага дээр ахмад багш ажилчиддаа хүндэтгэл үзүүлэн ажлын золголт хийхэд ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн нэр бүхий 13 багш, туслах багш нарыг ажлаас хална, цагдаад өгнө хэмээн айлган сүрдүүлж, өргөдөл хүчээр бичүүлэн бидний цалинг 20 хувь бууруулан сахилгын арга хэмжээ авсан. Энэхүү сахилгын арга хэмжээ авсан тушаалыг бидэнд танилцуулаагүй бөгөөд удаа дараа танилцах хүсэлт гаргахад завгүй, боломжгүй хэмээн өгөөгүй тул байгууллагын шилэн дансны мэдээллээс хуулбарлаж авлаа. Намайг хүүхдийн нэр дээр бүртгэлгүй хүүхдийг элсүүлэн, нас, нэр, хүйсийг сольж хүүхдэд итгүүлэн хүүхдийн эрхийг зөрчиж буруу хүмүүжил олгосон хэмээн 2016 оны 4 дүгээр сараас эхлэн албан тушаалын цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг дахин ногдуулсан Б/24 дугаар тушаал гаргасныг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр танилцан хуулбарлан авлаа. Миний бие Л.Соёлцэцэгт эрхлэгчийн энэхүү сахилгын арга хэмжээ авсан тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд сүүлийн 4 сарын хугацаанд сахилгын шийтгэл хэмээн цалин хөлснөөс үндэслэлгүй суутгал хийгдэж, ур чадвар, үр дүнгийн урамшуулал авч чадахгүй хохирч байгаадаа гомдолтой байна.

Нэхэмжлэгч миний бие Ш.Гантуяа нь Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгт 1992 оноос эхлэн Туслах багшаар, 1998 оноос Бүлгийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд тус байгууллагад тасралтгүй 24 жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа Багшийн алдар, Заах арга зүйч, Ахлах багш, багшийн алдар, Боловсролын яамны Хүндэт жуух бичгээр тус тус шагнагдаж байсан. Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэг эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Мөн тус эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/23 тушаалаар хүүхдийн нэр дээр бүртгэлгүй хүүхэд элсүүлсэн хэмээн үндсэн цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсаныг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Миний бие хүүхдийн нэр дээр бүртгэлгүй хүүхэд элсүүлсэн зөрчил гаргаагүй юм. Дунд бүлгийн хүүхэд Ганхуягийн Мишээлийн нэр нь бүртгэл дээр Гантулгын Мишээл гэж андуурагдан буруу бичигдсэн байсныг намайг оронд нь бүртгэлгүй ижил нэртэй хүүхэд авсан байна хэмээн сахилгын шийтгэл ногдуулсан байна. Миний бие энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан байсныг огт мэдээгүй бөгөөд цалингаа авахдаа суутгал хийснийг харсан. Тус эрхлэгчийн энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үндэслэлгүйгээр цалин хөлснөөс суутгал хийж, ур чадвар, үр дүнгийн урамшуулал олгохгүй хохироож байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэгч миний бие М.Баасансүрэн нь Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгт 2012 оны 02 дугаар сараас Туслах тогтооч, 2015 оны 09 дүгээр сараас Тогоочийн албан тушаал дээр ажиллаж байна. Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс хулгайлан уутлан савласан, бусдыг татан оролцуулан зохион байгуулсан зөрчил гаргасан гэж 2016 оны 4 дүгээр сараас албан тушаалын цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Цэцэрлэг дээрх сав суулганы хүрэлцээ муутайн улмаас саваа суллаж дараагийн хүнсээ авах гээд уутлаад тавьсан тухай, энэ талаар бусад тогооч нар батлаад байхад хулгай хийсэн хэмээн гүтгэж сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна. Ур чадвар, үр дүнгийн урамшуулал цалин хөлсийг барьцаалж шинэ жилийн арга хэмжээнд орохгүй бол өгөхгүй, мод тарих, 00-ийн өрөө тохижуулах зэрэг ажилд багш ажилчдаас мөнгө татах, ажлын хувцас өөрсдөө худалдаж ав гэж шахаж шаардан ажилчдаар төлүүлэх зэргээр удаа дараа бидний эрх ашгийг хөндөж байна гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Л.Соёлцэцэг, Ш.Гантуяа, М.Баасансүрэн нар нь сахилгын шийтгэл буруу ногдуулсаныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч 88 дугаар цэцэрлэг нь нэхэмжлэгч Л.Соёлцэцэгт ур чадвар, үр дүнгийн урамшуулал 60,690 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олгохоор, нэхэмжлэгч М.Баасансүрэнд 2016 оны ур чадвар, үр дүнгийн урамшуулал 40,600 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олгохоор, нэхэмжлэгч Ш.Гантуяад ур чадвар, үр дүнгийн урамшуулал 60,690 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тус тус олгохоор эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Соёлцэцэг, Ш.Гантуяа, М.Баасансүрэн нар нь хариуцагч 88 дугаар цэцэрлэгт холбогдуулан сахилгын шийтгэл буруу ногдуулсаныг тогтоох, ур чадвар, үр дүнгийн урамшууллыг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Л.Соёлцэцэг, Ш.Гантуяа, М.Баасансүрэн нар нь сахилгын шийтгэл буруу ногдуулсаныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч 88 дугаар цэцэрлэг нь нэхэмжлэгч Л.Соёлцэцэгт ур чадвар, үр дүнгийн урамшуулал 60,690 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олгохоор, нэхэмжлэгч М.Баасансүрэнд 2016 оны ур чадвар, үр дүнгийн урамшуулал 40,600 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олгохоор, нэхэмжлэгч Ш.Гантуяад ур чадвар, үр дүнгийн урамшуулал 60,690 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тус тус олгохоор эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч Л.Соёлцэцэг, Ш.Гантуяа, М.Баасансүрэн нар нь сахилгын шийтгэл буруу ногдуулсаныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч 88 дугаар цэцэрлэг нь нэхэмжлэгч Л.Соёлцэцэгт ур чадвар, үр дүнгийн урамшуулал 60,690 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олгохоор, нэхэмжлэгч М.Баасансүрэнд 2016 оны ур чадвар, үр дүнгийн урамшуулал 40,600 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олгохоор, нэхэмжлэгч Ш.Гантуяад ур чадвар, үр дүнгийн урамшуулал 60,690 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тус тус олгохоор зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА