Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 299

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Ц.Батбямба, шүүгдэгч М.Б түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт М.Баттөгөлдөрт холбогдох эрүүгийн “1711003740201” дугаартай, 186/2018/0268/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүн  хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багт оршин суух бүртгэлтэй,

урьд Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 орны 03 дугаар сарын 23-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэгдсэн,

мөн Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн. Жалайр овогт Мундагийн Баттөгөлдөр /РД:ДК80110918/,

            Холбогдсон хэргийн талаар:

М.Баттөгөлдөр нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны шөнийн цагаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвд байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас хохирогч Б.Уранбилэгийн Хаан банкны 5017105813 дугаарын харилцах дансны цахим картыг ашилан 2 удаагийн үйлдлээр 374.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1.Шүүгдэгч М.Баттөгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Уранбилэгийн:...Би 2017 оны 08 дугаар сарын 09-ний шөнийн 06 цагийн орчим гэртээ орж ирсэн бөгөөд намайг гэртээ орж ирэх үед манай гэрийн хаалга хаалттай, цоожгүй, манай хүү Пүрэвбаатар зүүн талын орон дээр, хойд талын орон дээр Тунгалаг, газарт Баттөгөлдөр нар унтаж байсан. Маргааш нь шартаад Баттөгөлдөр бид хоёр шараа тайлах гэж гэрээс гарсан. Өөрийн Хаан банкны 5017108513 дугаарын данснаас 50.000 төгрөг авч Баттөгөлдөр бид хоёр цайны газарт орж 10.000 төгрөгөөр хоол идээд, гэрийн ойролцоо байдаг буудалд 15.000 төгрөгөөр тооцоо хийж, үлдэгдэл 25.000 төгрөгөөр 0.75 литрийн Хараа нэртэй архи том ундаа 1 ширхэг зэргийг аваад мөнгө дууссан. 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 54 минутанд 200,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны шөнө 04 цаг 58 минутанд 200,000 төгрөг зэргийг авсан гүйлгээг хэн яаж авсан талаар санахгүй байна. Би бодохдоо Баттөгөлдөрийг миний картнаас мөнгө авсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг.  /хх-н 33-34/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Уранчимэг:..Би өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр найз Төгөлдөр, Тунгалаг бид нар голын эрэг дээр архи хувааж уусан. Тэгээд архи ууж байгаад орой Заяатай хамт Сонгинохайрхан дүүрэгт байдаг гэрлүү очсон. Би Заяагийн гэрийн хаягийг сайн хэлж мэдэхгүй байна. Харин зааж өгч чадна. Тэгээд найзындаа архи ууж байгаад үүрээр 04 цагийн орчим гэртээ ирсэн чинь, манай гэрийн хаалга онгорхой, гэр дотор манай  найз Тунгалаг, Төгөлдөр , манай хүү нар унтаж байсан. Харин гэрийн баруун хойд талд байсан 42 инчийн LCD зурагт маань алга болсон байхаар нь хүүгээсээ зурагтаа яасан юм бэ? гэж асуусан чинь, шөнө 01 цаг хүртэл үзэж байгаад, унтраагаад унтаад өгсөн шдээ гэж хэлсэн. Би тэгээд цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-н 37-38/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад   насанд хүрээгүй гэрч У.Пүрэвбаатарын:.. Би ээж Уранбилэгийг хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Жалгын 6 тоотод амьдардаг. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр миний төрсөн өдөр болоод манай ээж найз Тунгалаг гэх эмэгтэй болон хоёр эрэгтэй хүний хамт миний төрсөн өдрийг тэмдэглэж гол гарах болсон. Тухайн үед манай ээж тэр гурван хүний хамт дэлгүүрээс архи ундаа, талх хиам зэрэг аваад ээж тооцоог нь хийгээд байсан. Тэр үед нөгөө хүмүүст нь мөнга байхгүй байна гэж ярьж байсан. Ээж өөрөө мөнгө гаргаад тооцоо хийж байгаа харагдсан. Тухайн үед ээж нь чиний төрсөн өдрийг тэмдэглэж гол гаръя гээд байсан болохоор тэр хүмүүсийг дааж байгаа байх гэж бодсон чинь өөрсдөө архи уух шалтаг гаргаж  байсан юм шиг байна лээ.Тэгээд бид нар гол орж авсан юм аа идээд мөн ээж, Тунгалаг болон хоёр эрэгтэй хүнтэй архи хуваад ууж байгаад удаагүй нэг залуу машинтай залуу яваад Бөттөгөлдөр, Тунгалаг гэх хоёр хүн үлдсэн. Удаагүй байж байсан чинь манай ээж тэнд байсан хоёр зулуутай нийлээд архи ууж байгаад яваад өгсөн. Явах үедээ манай ээж надад энэ хоёр хүнийг битгий явуулаарай ээж нь ээж нь мөнгө авах ёстой гэртээ очоод байж байгаарай гэж хэлсэн. Тэр үед би ээжийг тэр хоёр хүнийг битгий явуулаарай гэхээр нь хамт гэртээ авч очсон. Тунгалаг, Баттөгөлдөр хоёр манай гэрт орж ирээд үлдсэн байсан л архийг хувааж уугаад байсан. Тухайн үед бид нар унтах болоод Тунгалаг эгчийг хойд талын орон дээр унтуулаад Баттөгөлдөр гэх хүнийг газарт унтуулсан.  Би шөнө ээжийг ирэх байх гэж бодоод хараад байсан чинь ирэхгүй байсан. Тунгалаг, Баттөгөлдөр хоёрын унтсан хойгуур гэрийн зурагтаа авч гараад  амбаарт нуусан. Би яагаад зурагтаа нуусан бэ? гэвэл ээж архи уусан үедээ гэрийн эд зүйлээ ломбарданд тавиад архи уугаад байдаг. Тэгээд гэртээ ороод унтаж байсан чинь өглөө ээж гаднаас орж ирээд зурагт хаана байна гэхээр миний уур хүрээд мэдэхгүй шөнө унтраагаад унтсан гэж хэлсэн. Тэгээд ээж цагдаа дуудаж зурагт алдсан гэж дуудлага өгсөн. Ээжийг айлгаж байгаад зурагтаа гаргах гэж бодож байсан чинь удаагүй цагдаа нар яваад өгсөн. Ээж нөгөө Баттөгөлдөр гэх хүнтэй нийлээд архи уугаад  1 хоногийн гэртээ ирээгүй. Би нэлээд хэд хоног ээжээс зурагтаа нууж байгаад ээжийг архи уухгүй болсон үед нь гаргаж өгсөн. Манай ээж Баттөгөлдөр гэх хүнтэй нийлж буудалд архи уугаад мөнгө төгрөгөө алдсан гэж ярьж байсан. Тухайн үед нь бол миний уур хүрээд юм яриагүй гэх мэдүүлэг. /хх-н 40-41/,

             Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 3.1.Хавтас хэргээс Улсын яллагч: Хавтаст хэргээс 26-31 дүгээр хуудас хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 25 дугаар хуудас Хаан банкны 5017108513 тоот харилцах дансны 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны өдрийн лавлагаа, 33-34 дүгээр хуудас, 35-36 дугаар хуудас хохирогч Б.Уранбилэгийн мэдүүлэг, 54-56 дугаар хуудас яллагдагч М.Баттөгөлдөрийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс 35-36 дугаар хуудас хохирогч Б.Уранбилэгийн мэдүүлэг, 40-41 дүгээр хуудас насанд хүрээгүй гэрч У.Пүрэвбаатарын мэдүүлэг, 46-47 дугаар хуудас М.Баттөгөлдөрийн мэдүүлэг, 115-117 дугаар М.Баттөгөлдөрийн оршин суугаа газрын тодорхойлолт, М.Баттөгөлдөрийн дансны хуулга зэрэг хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч М.Баттөгөлдөр нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны шөнийн цагаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвд байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас хохирогч Б.Уранбилэгийн Хаан банкны 5017105813 дугаарын харилцах дансны цахим картыг ашилан 2 удаагийн үйлдлээр 374.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь хяналтын камерын бичлэг, Хаан банкны 5017105813 тоот харилцах данс хуулга, хохирогч Б.Уранбилэгийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн   хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг  хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журалман мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Баттөгөлдөрийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

 Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Бтүүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иймд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Баттөгөлдөрт 300 цаг нийтэд тустай ажил хийлгээх ялаар шийдвэрлэж,

 

 мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгээд 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баттөгөлдөрийн шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хоригдсон 2 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын нэг хоногийг 8 цагтай тэнцүү байхаар тооцож эдлэх ялаас 16 цагийн ялыг эдэлсэнд тооцон үлдэх 584 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн элдүүлэхээр тогтоож нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Баттөгөлдөрөөс хохирогч Б.Уранчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх, зүйлгүй, санал, гомдолгүй  гэх мэдүүлэг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жалайр овогт Мундагийн Баттөгөлдөрийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Баттөгөлдөрийг  300 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баттөгөлдөрт энэ тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай аил хийлгэх ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгээд нийт 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баттөгрөлдөрийн энэ хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын нэг хоногийг 8 цагтай тэнцүү байхаар тооцож эдлэх ялаас 16 цагийн ялыг эдэлсэнд тооцон үлдэх 584 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн элдүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч М.Баттөгөлдөрт оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 4 цагаар тооцож  хийлгэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баттөгөлдөр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийг ажлын  нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СД-ийг  хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  болохыг  тус тус дурдсугай.

          9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

        10.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Баттөгөлдөрт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.РЕНЧЕНХОРОЛ