Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00697

 

 

 

 

2024 04 08 210/МА2024/00697

 

 

 

Х.Б...ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2024/00686 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Б...ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б..., Л.Ж... нарт холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Х.Б... нь 2022 оны 12 дугаар сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оролцож Б... дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол ... байрны ... тоот 3 өрөө орон сууцыг худалдан авч дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх орон сууцыг 2023 оны 3 дугаар сард надад хүлээлгэж өгсөн бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөр олгосон. 

1.3. Дээрх орон сууцыг хуулийн дагуу худалдан авч, төлбөрийг зохих журмын дагуу төлсөн боловч хуучин өмчлөгч нь гарахгүй байх тул хариуцагч Л.Ж..., Б.Б... нараас орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3078 дугаар шийдвэрээр Л.Ж..., Б.Б... нараас 57,521,787 төгрөгийг гаргуулж Х... ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Тус шүүхэд Л.Ж..., Б.Б... шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон хөндлөнгийн хоёр гэрчийг дуудан ирүүлж, тэмдэглэл хөтөлж, хувийн мэдээлэл болох нийгмийн даатгал бусад мэдээллийг нягтлан судалж, гэрчүүдийн хувийн мэдээллүүдийг холбогдох байгууллагуудаас гаргуулан авч шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 20260134/02 дугаар хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа.

Хэрэв шат шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарвал сайн дураар маргаан бүхий байрыг бүрэн чөлөөлж өгнө.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б...ийн өмчлөлийн Б... дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар хороолол, ... байрны ... тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Б..., Л.Ж... нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч Х.Б...эд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр М.П...ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Баянчандмань сумын засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа уг хэргийн шүүх хуралдаан 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10 цагт товлогдсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

Өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаантай, түүнийг нотлох баримт, хүсэлтийг хүргүүлсээр байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчин талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүйд гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2024/00686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаан хойшилж, 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсгээ зурсан. Анхан шатны шүүх хуралдааны товыг 21 хоногийн өмнө талуудад мэдэгдсэн.

5.2. Шүүх хуралдаантай гэж байсан боловч Төв аймгийн шүүхэд үзлэгт оролцож байгаа талаар мэдэгдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр удаа дараа шүүх хуралдаан хойшилсон учраас гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Х.Б... нь хариуцагч Б.Б..., Л.Ж... нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 дугаар хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай, эдгээр нөхцөл хангагдсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэнэ.

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/11 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолоор төлбөр төлөгч Л.Ж..., Б.Б... нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Л.Ж...ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204... дугаарт бүртгэгдсэн, Б... дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол ... байрны ... тоот хаягт байршилтай 40.м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 52 дугаар тал/

Тухайн дуудлага худалдаагаар маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Х.Б... нь 150,000,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болж, уг төлбөрийг төлсөн үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 13/08 дугаартай тогтоолоор орон сууцны өмчлөх эрхийг Х.Б...д шилжүүлэхээр шийдвэрлэж, 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор орон сууцыг чөлөөлөхийг төлбөр төлөгч Л.Ж..., Б.Б... нарт мэдэгдсэн байна. /хх-ийн 67 дугаар тал/

3.3. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 02-164/5344 дугаар албан бичгээр дээрх орон сууцны өмчлөх эрхийг Х.Б...д шилжүүлж, гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэж, уг орон сууцны өмчлөх эрх Х.Б...ийн нэр дээр бүртгэгдэн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гэрчилгээ олгожээ. /хх-ийн 4, 82 дугаар тал/

3.4. Түүнчлэн, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 164-01 дугаартай Байр, орон сууцнаас албадан гаргасан тухай тогтоолоор маргаж буй орон сууцыг төлбөр төлөгч нараас албадан чөлөөлж, Х.Б...д хүлээлгэн өгсөн талаарх баримтууд хэрэгт авагдсан байна. /хх-ийн 70-80 дугаар тал/

3.5. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/04479 дугаар шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20260134/02 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай Б.Б..., Л.Ж... нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд мөн болох, хариуцагч нар тухайн орон сууцны хувьд өмчлөх эрхээ алдаж, эзэмшил дуусгавар болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн.

5. Шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт болон холбогдох нотлох баримтыг хүргүүлсэн байхад эзгүйд шийдвэрлэж, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхино.

Учир нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлийг шүүгч захирамждаа тодорхой заасан байх ба уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2024/00686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА