Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00667

 

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00667

 

 

ххххын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03871 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххх ТӨААТҮГ-т холбогдох,

 

2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа хххххд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус төвийн хэрэгжүүлж буй НҮБУАӨСК-ийн хэрэгжилтийн Үндэсний 4-р тайлан-илтгэл, хоёр жил тутмын хоёрдугаар тайлан боловсруулах төслийн Хүлэмжийн хийн тооллогын шинжээчээр ажиллахаар болж, мөн өдрөө 22/64 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.

Гэтэл тус төвийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Тушаалын үндэслэлдээ ...байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг олон нийтийн хэрэгслээр тарааж, хуульд заасан хүний нэр төр, байгууллагын бизнесийн ба ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдаж, хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн... гэсэн байдаг.

1.2. Миний бие ямар нэг байдлаар байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан зүйл байхгүй бөгөөд байгууллагын бизнесийн эсхүл ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан зүйл огт байхгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т ... Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй... гэж, 154.2.1-т ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор... маргаан таслах комисст хандах-аар хуульчилжээ.

1.3. хххх нь урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан гомдол гаргасан ба 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гомдлыг хэлэлцэж, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооныхуралдааны 47 дугаартай шийдвэр гарсан.

1.4. Хариуцагч хххххийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар ххххыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хххххд даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ххххтай 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 22/64 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Манай төвөөс Уур амьсгалын өөрчлөлт болон үндэсний тодорхойлсон хувь нэмрийг орон нутгийн түвшний төлөвлөлтөнд тусгах, уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааг санхүүжүүлэх болон хэрэгжүүлэхэд 21 аймгийн төрийн албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд хэрэгцээний үнэлгээний судалгаа хийх зөвлөх үйлчилгээний зарын дагуу доктор ххххх, магистр ххххх болон судлаач хххххнар материалаа ирүүлэн шалгарч, гэрээ байгуулан ажиллахаар болсон.

2.2. Манай төв нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр тус багийн судлаачдын хувийн мэдээллийг хуульд заасны дагуу цуглуулсан.Хүлэмжийн хийн тооллогын шинжээч ажилтай хххх нь 2023 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд өөрийн Tegshjargal Bumtsend гэсэн хаягаар Ийм намтартай хүн уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 21 аймгийн мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх сургалтын хэрэгцээний үнэлгээг хийхээр тэнцээд, сарын 18 сая төгрөгийн гэрээ хийжээ гээд инээсэн, гайхсан, уйлсан эможи тавьжээ. Мөн анкетны /CV/ энэ хүснэгтүүдийнх нь толгойг уншаад ойлгох гэж бас л хөөрхөн юм боллоо гээд инээсэн эможи, Яаж хөгжих вэ таминээ, Энэ жинхэнэ мөнгө угаалт биз дээ гээд урвайсан, бодлогошрсон эможуудийг тавьж судалгааны багийн гишүүний боловсрол, туршлагын талаарх англи хэл дээр бичигдсэн мэдээллийг тавьж пост оруулсан байна.

Мөн сэтгэгдлүүдэд хариулсан хариултандааХарин бүр арай байгаа биз. Гэхдээ ийм хүмүүсийг шахаж оруулдаг дарга нар, ингэж мөнгө угаагаад явж байдаг хүмүүсийг бодохоор үнэхээр аймшигтай бас гунигтай байнаа" гэсэн байна.

2.3. Хүлэмжийн хийн тооллогын шинжээч ххххын энэ үйлдлээс болж гэрээ байгуулсан зөвлөх үйлчилгээний багийн ахлагч, мэдээлэл өгсөн доктор ххххх тус төвийн захирал ххххххийн [email protected] хаяг руу өөрийн хаягнаас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны 12 цаг 54 минутад нэр хүндэд нь халдсан тухай гомдол, санал гарган и-мэйл ирүүлсэн. Тус и-мэйлийг хүлээн авч төвийн захирал ххх санхүүгийн ажилтан хххххх, захиргааны хэлтсийн дарга ххххх нарыг байцуулан шинжээч ххххтай 2023 оны 01 дугээр сарын 27-нд ярилцлага хийж, гомдол гаргасан судлаачдаас албан ёсоор уучлалт гуйхыг зөвлөсөн боловч өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй болно. хххх зөвлөх үйлчилгээний багийн судлаач гишүүний талаарх хувийн мэдээллийг хэнээс, хэзээ, хэрхэн яаж авсан нь тодорхойгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтонд дээрх зөвлөх үйлчилгээний талаар мэдээлэл авах эрх, үүрэг хүлээгээгүй болно.

2.4. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д хүний хувийн мэдээлэлийн талаар тодорхой заасан байдаг. Тус зүйлд зааснаар хүний овог нэр, регистр, оршин байгаа хаяг зэргээс гадна боловсрол, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хувийн мэдээлэлд хамруулахаар заасан байна. Мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэмт хорыг арилгахыг шаардах эрхтэй гэж заасан байна.

Манай байгууллага нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан мэдээлэл хамгаалах үүргээ биелүүлээгүй улмаас мэдээллийн эзэн тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасан гомдлыг хуулийн байгууллагад гаргасан тохиолдолд манай байгууллага хариуцлага хүлээж учирсан хохирлыг барагдуулах, мөн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдах эрсдэлд орж байна гэж үзсэн.

2.5. Ингээд хххх нь холбогдох хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж ажил олгогчийн санаачлагаар шууд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох 10.1.4-ийн 10.1.4.1-д Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу УАӨСХАТ-ын зүгээс хүндэтгэн үзэх боломжгүй гэж үзвэл, 10.1.4.3 -д Ажилтан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 10.1.4.7-д Ажилтан нь тухайн ажил үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан хуулийн зөрчилтэй үйлдэл гаргасан ноцтой зөрчлүүдийг гаргасан. хххх нь хөдөлмөрийн гэрээний 7.2.4-т заасан ₮Ажил үүргийг биелүүлэх явцад олж мэдсэн нууцлалын зэрэглэлтэй мэдээлэл, баримт бичгийг чандлан хамгаалж, зардруулахгүй байх₮, 7.2.9-д ₮...байгууллагын үйл ажиллагааны явцад боловсруулан, бүтээсэн буюу хүлээн авсан мэдээллийг зохих зэрэглэлээр нь нууцална. гэж заасныг ноцтой зөрчсөн тул энэ тухай 2023 оны 02 дугаар сарын 15-ны мэдэгдэж, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б/04 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ххххх ТӨААТҮГ-ын захирлын 2023.02.28-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ххххыг ххххх ТӨААТҮГ-ын Хүлэмжийн хийн тооллогын шинжээчийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч ххххх ТӨААТҮГ-аас 27,279,070 /хорин долоон сая хоёр зуун далан есөн мянга далан/ төгрөгийг гаргуулж ххххд олгож, ххххын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч ххххх ТӨААТҮГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ххххын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар ххххх ТӨААТҮГ-аас 364,545 /гурван зуун жаран дөрвөн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч талтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.4-д заасан Ажил үүргийг биелүүлэх явцад олж мэдсэн нууцлалын зэрэглэлтэй мэдээлэл, баримт бичгийг чандлан хамгаалж, задруулахгүй байх үүргийг ажилтан хүлээхээр заасан бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 10.1.4.3-т хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлд "Ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж заасан нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ажилтан биелүүлээгүй нөхцөлд гэрээг ажил олгогчын санаачлаар шууд цуцлахаар тусгасан. Шүүх тус заалтыг тусгайлан гэрээгээр тохиролцоогүй гэж заасан нь хэт нэг талыг барьсан тайлбар гэж үзэж байгаа бөгөөд талууд тус гэрээг байгуулахдаа гэрээнд заасан үүргүүдийг заавал биелүүлж ажиллах үүрэгтэй болохыг үүрэгжүүлж, зөрчвөл шууд цуцлах зохицуулалтыг оруулж ирсэн. Ямар үүргүүд болох нь гэрээн дээр тодорхой заасан байх тул үүнийг нэг бүрчлэн заагаагүй гэж үзэхэд өрөөсгөл юм.

Шүүхийн шйидвэрийн үндэслэх хэсэгт ...Б/04 тоот тушаалын үндэслэлд "байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг олон нийтийн хэрэгслээр тарааж, хуульд заасан хүний нэр төр, байгууллагын бизнесийн ба ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан" зөрчил гаргасан гэх боловч зөвлөх үйлчилгээний зарын дагуу ирүүлсэн материал, гэрээ байгуулсан талаарх мэдээллийг нууцлаагүй, ажилтнууд үзэх боломжтой байсан нь ажилтны хувьд уг мэдээллийг нууцад хамаарах мэдээлэл гэж мэдэх боломжгүй байсан байна. Мөн постоор оруулсан мэдээлэлд төгссөн сургууль, гадаад хэлсний мэдлэг, ажлын туршлагын англи хэл дээр бичигдсан мэдээллийг хүний хувийн мэдээлэл"-д хамаарах мэдээлэл гэж тайлбарлаж байгаа боловч уг мэдээллийг хичнээн хүн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан багийн хэн гэдгийг тодорхойлон таньсан, мөн постын аль мэдээлл нь байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах ямар байдлаар хариуцагч ххххх ТӨААТҮГ-ын бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзсэн нь тодорхойгүй байна. гэжээ шүүх хувь хүний нууц мэдээлэл мөн эсэх тал дээр тайлбар хийсэн бөгөөд дээрх тайлбар нь дараах хуулийн заалтыг буруу тайлбарласан байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зорилт нь хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд мөн хуулийн 3.1-д Энэ хуулиар хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хүний хувийн мэдээлэл /цаашид "мэдээлэл" гэх/-ийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна." Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11- д "хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг;" мөн хуулийн 4.1.5-д "мэдээллийн эзэн" гэж энэ хуулийн 4.1.11-д заасан мэдээллээр тодорхойлогдож байгаа хүнийг, 5.1.4-д мэдээллийг хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах; үүрэгтэй байхаас гадна хадгалах хамгаалах үүргийг биелүүлдэг.

Гэтэл бодит байдал дээр байгууллагын ажилтан тухайн байгууллагад ажиллаж байхдаа олж авсан мэдээллийг гадагш задруулсан буюу сонгон шалгаруулалтанд орсон иргэний боловсролын мэдээлэл хүний хувийн нууц мэдээллийг өөрийн facebook хаягт байршуулж өөрийн үзэл бодлоо бататгах, хэлэлцүүлэх зорилгоор ашигласан байна. Гэтэл шүүх хэний мэдээлэл болох нь тодорхойгүй нэр бичигдээгүй гэж тайлбарлаж байгаа нь өрөөсгөл бөгөөд CV-ны мэдээллийн эзэн өөрөө миний мэдээллийг танай ажилтан өөрсийн facebook хаягт постлон хэлэлцүүлэг хийж, үзэл бодлоо илэрхийлж бичсэн тухай мэдээллийг ажил олгогчид анх өгсөн байна. Мөн дээрх шүүхийн дүгнэлтээс хархад нэрийг нь бичээгүй л бол ямар хүний мэдээллийг бичиж болох юм шиг тайлбарласан нь өрөөсгөл юм. Нөгөөтэйгүүр мэдээллийн эзэн сонгон шалгаруулалтанд зориулж байгууллагад өөрийн хувийн мэдээллийг явуулсан бөгөөд үүнийг өөр зорилгоор буюу ажилтнууд нь өөрсдийн facebook хаягт байршуулахыг зөвшөөрсөн байдлаар тус мэдээллийг хариуцагч талд өгөөгүй болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ххххаас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тайлбар авсан тэмдэглэл нь сахилгын зөрчлийг шалган тогтоосон баримт биш бөгөөд гаргасан үйлдлийнхээ талаар өөрийн суурийг илэрхийлсэн баримт гэж үзэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй байна." Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан" гэж заасны дагуу ажилтанаас тайлбар авсан тэмдэглэл бөгөөд энэ нь тус хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг гаргахаас өмнө ажилтантай ажил олгогч уулзаж яагаад ийм үйлдэл гаргасан эсэхийг тодруулах, нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор тодруулж асууж баримтжуулсан байдаг. Тус тэмдэглэлд дурьдсанаас нэхэмжлэгч тал сонгон шалгаруулалтанд ирсэн материалыг хэнээс ч асуулгүйгээр өөрөө дур мэдэн, хувийн үзэмж, хардлагаас үүдэн өөрийн facebook хаягт постолсон болох нь тодорхой харагддаг.

4.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хөдөлмөрийн гэрээний хугацааг харгалзаж үзээгүй.

Нэхэмжлэгч тал ажил олгогчтой 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 22/64 дугаартай хөдөлмөрийн гэрээг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал байгуулсан бөгөөд тус гэрээнд заасан ажилд эгүүлэн томилогдох нэхэмжлэл гаргасан гэж хариуцагч тал ойлгосон. Гэтэл шүүх нэхэмжлэгч талыг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны 9 сар 02 хоногоор тооцон 27,279,070 төгрөгийн ажилгүй байсан хугацааны олговор олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээг анх харилцан тохиролцож хугацаатай байгуулсан байгааг шүүх харгалзаж үзэлгүйгээр хөдөлмөрийн гэрээний хугацаа хамаагүй гэдэг тайлбар өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гараагүй байсан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг сунгах эсэхийг хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу 2023 оны 6 дугаар сард шийдвэрлэх боломжтой байсныг харгалзаж үзэлгүйгээр хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхгүйгээр, хариуцагч талын эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Тайлбар байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч ххххх ТӨААТҮГ-т холбогдуулан тус газрын захирлын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд нь эрхэлж байсан ажлын байранд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Ажил олгогч байгууллагын захирлын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг олон нийтийн хэрэгслээр тарааж, хуульд заасан хүний нэр, төр, байгууллагын бизнесийн ба ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдаж, хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн үндэслэлээр ххххтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-52/

 

4. Ажилтан хххх дээрх тушаалыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-8-10/

 

5. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5.1. Хариуцагч хххххх ТӨААТҮГ-ын захирал нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1. Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, хөдөлмөрийн гэрээний 6.1.4, 6.1.6, 6.1.8, 7.2.4, 7.2.9, 8.1, 10.1.2, 10.1.4, 10.1.4.1, 10.1.4.3,10.1.4.7-д заасныг тус тус үндэслэсэн байна.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан.... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд сахилгын зөрчил тогтоогдсон байхыг шаардана.

5.3. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 7.2.4-т ажил үүргийг биелүүлэх явцад олж мэдсэн нууцлалын зэрэглэлтэй мэдээлэл, баримт бичгийг чандлан хамгаалж, задруулахгүй байх, 7.2.9-д Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны батлан гаргасан нууцад хамаарах мэдээлэл болон байгууллагын үйл ажиллагааны явцад боловсруулсан, бүтээсэн буюу хүлээн авсан мэдээллийг зохих зэрэглэлээр нууцлах үүрэг хүлээсэн байна.

Уг мэдээлэл нь тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон, мөн мэдээлэлд хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг нэрлэн зааж, шууд тодорхойлж, хүний хувийн мэдээллийг тараасан гэх үйл баримтыг нотолсон баримт авагдаагүй байна.

5.4. Түүнчлэн ажилтан гэрээгээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй, тухайн ажил үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан хуулийн зөрчилтэй ямар үйлдэл гаргасан болох, хххх хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх тушаалын үндэслэлээ хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

5.5. Анхан шатны шүүх зөвлөх үйлчилгээний зарын дагуу ирүүлсэн материал, гэрээ байгуулсан талаарх мэдээллийг нууцлаагүй, ажилтнууд үзэх боломжтой байсан нь ажилтны хувьд уг мэдээллийг нууцад хамаарах мэдээлэл гэж мэдэх боломжгүй байсан гэж дүгнэснийг буруутгахгүй.

Иймээс шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

5.6. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж шүүх дүгнэн, ххххх ТӨААТҮГ-ын захирлын 2023 оны Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгч ххххыг урьд нь эрхэлж байсан ажлын байранд нь эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг зөв хэрэглэсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговор тооцохдоо нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий багууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэсэн заасантай нийцэж байна. Энэ талаарх хариуцагчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03871 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас урьдчилан 294,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД