Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 544

 

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2016/00544

Төв аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, 5 гудамж, 18 тоотод оршин суух, эрэгтэй, Харчин овогт Гомбожавын Батсуурь /РД:НЭ57110913/-ийн нэхэмжлэлтэй,

нас тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Батсуурь, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Батсуурь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1955 онд Төв аймгийн Өнжүүл сумын Улаан худаг гэдэг газар С.Гомбожавын отгон хүү болон төрсөн. Ээж Шаравын Буянт,ах Цэрэнжамц, эгч Цэрмаа, Хандсүрэн, Маналжав, Цэрэндолгор. Тухайн үедээ ээж, аав маань хөдөөгийн малчин хөдөө төрсөн учир гэрчилгээ аваагүй бие багатай хүүхэд байсан учир 10 настай сургуульд суусан тэр үед бичиг баримттай болсон. Тэр бичиг баримтаар иргэний үнэмлэх авсан юм. Иргэний шинэчилсэн бүртгэлээр 1955 онд төрснөөр гарахгүй учир улсын төв архиваас 1956 оны хүн амаын тооллогоос харахад 1956 онд 1 настай хүүхэд тоологдсон байна. Тухайн үед аав маань гэртээ байхгүй агт хариулаад явсан байсан учир хүн амын тооллого ээжтэйгээ хамт амьдардаг гэж гарсан байна. Иймд миний 1955 онд төрснийг цуглуулсан нотлох баримтууд гэрчилж байна. Намайг 1955 онд төрсөн 61 настай болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Батсуурь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах, шаардах эрхтэй бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу өөрийн насыг тогтоолгохыг хүссэн байна.

Нэхэмжлэгч Б.Батсуурь нь 1955 онд төрсөн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03-2/49 тоот Архивын ерөнхий газрын 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 21 дүгээр хуудсанд Буянтын Цэрэнжамц эрэгтэй, 20 настай, эх Шаравын Буянт 42 настай, дүү Буянтын Жанилав эмэгтэй, 5 настай, дүү Буянтын Цэрэндолгор эмэгтэй, 3 настай, Буянтын Батсуурь эрэгтэй, 1 настай гэж бүртгэгдсэн гэсэн албан бичгээр нотлогдон тогтоогдож байна. /хх-4/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-тзаасныг баримтлан Харчин овогт Гомбожавын Батсуурийг 1955 онд төрсөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АЛТАНТУУЛ